​ Түгшүүрийн харанга дэлдсэн долоо хоног



Өнгөрөгч долоо хоног нийгмийн ч, улс төрийн ч уур амьсгал ширүүн, сайн муу үйл явдал ихтэй, товчхондоо түгшүүрийн харанга дэлдсэн долоо хоног өнгөрч байна. Тиймээс үйл явдлуудыг багцлан хүргэе.

 

1. Дампуурсан компанийг босгож ирэв

Нэг бүр нь 336 сая төгрөгийн үнэтэй нийтдээ 360 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилтээр нийслэл Улаанбаатар хотод автобус худалдан авч, парк шинэчлэл хийх болсон тухай мэдээлэл бараг жилийн өмнөөс цацагдсан. Харамсалтай нь нийслэлчүүдийн хөл дүүжлэх гол унаа, түгжрэлийг бууруулах гол гарц болох ёстой ногоон автобус Монгол Улсын хил гаалиар орж ирээгүй байхаасаа эхлэн дуулиан дэгдээлээ. Хуучин автобусыг капитал засварт оруулсан хэрүүл мандсаны дараа Д.Сүхбаатарын талбайд “Daewoo” загварын 60, “Skywell” брэндийн бүрэн цахилгаан 15 автобусыг байршуулж, иргэдэд нээлттэй танилцуулга хийв. 


Гэвч иргэд цуглаж өнөөх автобуснуудыг нэгбүрчлэн үзэж, засварт орсон, гадаадад олон жил үйлчилгээнд явж байсан хуучин автобус гэдгийг нь илчилж, энэхүү автобусыг нийлүүлсэн гэх хоёр Солонгос иргэн яарч сандран мэдэгдэл хийв. Хамгийн хачирхалтай нь ногоон автобусыг нийлүүлсэн “Daewoo” гэх компани хоёр жилийн өмнө дампуурсан. Тус компанийн эзэд ажилчдынхаа цалин хөлсийг ч өгөлгүйгээр гадаадад дүрвэн гарсан нь тогтоогдов. Тэр ч бүү хэл, ногоон автобусны талаар олон нийтэд мэдээлэл хийсэн нь БНСУ-ын иргэд биш, “Тэнүүн-Огоо” компани, БНСУ-ын “Дэүбас” компанитай хамтран ажиллахад дунд нь зуучлагч компаниар гэрээлэн ажилласан хүмүүс болох нь тогтоогджээ.

2. Засгийг ганхуулж, даргыг огцруулсан автобус

Ногоон автобусны мөнгө бол татвар төлөгчдийн мөнгө. Тиймээс уг автобус худалдаж авах тендер зарласан, шалгаруулсан, худалдан авах үйл ажиллагааг хариуцсан бүхий л хүн хариуцлага хүлээх ёстой гэдэг байр сууриа Засгийн газар илэрхийлж, Ерөнхий сайд ажлын хэсэг байгуулан шалгах үүрэг өгсөн. Хууль хяналтынхан ч шуурхай ажиллаж уг тендерт ялсан “Тэнүүн-Огоо” ХХК-ийн захирлыг, БНСУ-ын “Дэүбас” компанийн төлөөлөгчдийг баривчлан АТГ хавтаст хэрэг нээлээ. Нийгэмд асар их бухимдал, хардлага дагуулсан энэ мэдээллийн дараа МАН-ын бүлэг яаралтай хуралдаж, Түгжрэл хариуцсан сайд Ж.Сүхбаатар, Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар нар өөрсдийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өглөө. Тиймээс Засгийн газар хуралдаж Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарыг нийслэлийн Засаг даргаар томилох шийдвэр гаргав. МАН-ын бүлэг ч мөн яаралтай хуралдаж УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханыг Түгжрэл бууруулах үндэсний хорооны дарга, Монгол Улсын сайдаар, УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилохыг дэмжсэн юм. Ногоон автобус тойрсон энэ хэрэг төсвийн мөнгийг үр өгөөжтэй, чанартай зүйлд зарцуулах ёстойг олон хүнд сануулж өглөө. Ерөнхий сайд Засгийн газрын хуралдаан дээр Нийслэл дэх авлигалтай тэмцэхэд“Засгийн газар бүх талын дэмжлэг үзүүлж ажиллана” гэдгээ мэдэгдсэн. Нийслэл төсөв мөнгө ихтэй том айл. Энэ газарт Х.Нямбаатар ирснээр элдэв шахаа, будилаан хийсэн нөхөдтэй хатуу хариуцлага тооцох байх гэж олон хүн найдаж байна.

 

3. Алга болсон охин аюул ойрхон байгааг сануулав

Сайншандад энэ сарын 3-ны өдөр 12 настай охин алга болж, орон даяар эрэн сурвалжилж байна. Дорноговь болон Сайншандаас орох, гарах автомашины хөдөлгөөнийг түр зогсоож эрэн хайх ажиллагааг 14 сумын хэмжээнд зохион байгуулж шуурхай штаб 24 цагаар ажиллаж байна. Охиныг машиндаа суулгаж авч явсан этгээдийг хил гарах гэж байхад нь баривчилсан бөгөөд тэрбээр амиа хорлохыг завджээ. Сэжигтэн этгээд байн байн мэдүүлгээ өөрчилж, сэтгүүлчид цахим орчинд охиныг олсон гэдэг баталгаагүй мэдээлэл тарааж, 12 настай охины асуудал аюул ойрхон байгааг, Монгол Улс хүүхэд хамгаалалд онцгой анхаарах, бүхий л газартаа камер суулгах, гэмт хэрэгтнүүдээс бага балчир үрсээ хамгаалах цаг болжээ гэдгийг бидэнд санууллаа. УИХ-ын дарга Г.Занданшатар “Хүүхэд хамгааллын хуулийн хэрэгжилт хангалтгүй, маш муу байна. Хүүхдийн үндсэн эрх маш ихээр зөрчигдөж байна. Эрсдэлт нөхцөл байдлын дүн шинжилгээг огт хийж чадахгүй байна. Хүүхдийг төрснөөс нь эхлээд 18 нас хүртэл хамгаалах үүргийг Монгол Улсын төр, төрийн захиргааны төв байгууллага, орон нутгийн байгууллага, гэр бүл хүлээдэг. Хүүхдийн эсрэг гэмт хэргийн ялын бодлогыг сайжруулах шаардлагатай. Энэ гэмт хэрэгт ямар ч өршөөл уучлал байх ёсгүй” гэж мэдэгдлээ. Ямартаа ч УИХ-ын чуулганаар хүүхдийн эсрэг ялын бодлогыг чангатгахаар болж байна.

 

4. Намрын чуулганы нээлт, намуудын сонгуулийн сурталчилгааны эхлэл

УИХ-ын намрын чуулган нээлтээ хийв. Унтаа сэрүүний хооронд зүйрмэглэж байсан улс төрийн намууд нойрноосоо сэрж сонгуулийн жил ойртож байгааг санав бололтой. Нийгэмд болж байгаа үйл явдлуудад дөрөөлөн улс төрийн намууд ээлж дараалан мэдэгдэл хийж, тун ч идэвхтэй байна. Үүнийг ч буруутгах аргагүй. Гэхдээ ард түмэн хэрүүл тэмцэл бус хийсэн ажил, үр дүн хүлээж байгааг сануулах нь илүүц биз ээ.

 Б.Нүүдэл

Эх сурвалж: Монголын үнэн сонин №037/24568/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Гашуунсухайт-Ганцмодны төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд … 11 цагийн өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Гашуунсухайт-Ганц модны хил холболтын төм… 13 цагийн өмнө
Дэлхийн шатрын анхны аваргууд нь европчууд байв 14 цагийн өмнө
​Нүд бүрэлзэж чих шуугих нь хий арвидсаны шинж Өчигдөр
УИХ-ын гишүүн, Удирдах зөвлөлийн ажлын албаныхан иргэдтэй уулзлаа Өчигдөр
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонс… Өчигдөр
Улаанбаатар хотын 100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөм… Өчигдөр
Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто зам, гүүрэн бай… Өчигдөр
Туулын хурдны зам барих олон улсын нээлттэй тендерийг дахин зарлана Өчигдөр
Монгол Улсын хүн амыг нэмэгдүүлэх хөгжлийн бодлогыг дэмжиж, оролцож аж… Өчигдөр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн х… Өчигдөр
Нийслэлийн 23 дугаар сургуулийн гадаад хэлний өдөрлөгийн нээлт боллоо 2025/04/21
Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг эргүүлэн татна 2025/04/21
ВАТИКАН: Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө 2025/04/21
“Хүүхэлдэй”, “Болзоо” моно драмын жүжиг нэгэн тайзнаа үзэгчдийн хүртээ… 2025/04/21
Х.Нямбаатар: ТЭЦ-5 дулааны цахилгаан станцын олон улсын нээлттэй тенде… 2025/04/21
Монгол Улсад хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн б… 2025/04/21
Туркийн Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа 2025/04/21
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна 2025/04/21
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна 2025/04/21