Б.Жавхлан: 60 сая тонн нүүрс экспортолж, гурван том эмнэлэг барихаар төсөвт тусгалаа


Засгийн газраас ирэх оны төсвийн төслийг УИХ-д өргөн барьсантай холбогдуулан Сангийн сайд Б.Жавхлантай ярилцлаа.

 -Монгол Улсын 2024 оны төс­вийн төсөл өмнөх жилүү­дийнхээс ямар онцлогтой болсон бэ?

-Засгийн газрын Шинэ сэргэл­тийн бодлогыг бүрэн утгаар нь хэрэгжүүлэх боломж бүхий онцлог төсөв болсон. Эдийн зас­гийн үндсэн үзүүлэлтүүдэд эерэг өөрчлөлт гарч эхэлсэн. Энэ оны эцэст бодит орлого нэмэгдэж, төлбөрийн тэнцэл ашигтай гарч, гадаад валютын албан нөөц дөрвөн тэрбум ам.долларыг давж, эдийн засаг зургаан хувиар өсөх төлөвтэй байна. Энэ бол дэлхий нийтийг хамарсан цар тахал, геополитик зэрэг асуудалтай нүүр тулсан ч Засгийн газраас нийгэм, эдийн засгийг тогтворжуулах, өсөлт бий болгоход шат дараатай арга хэмжээ авч, эдгээр асуудлыг даван туулж чадсаны үр дүн. Мөн гадаад өр зээлийн тухайд сүүлийн 30 жилийн хугацаанд хамгийн их төлөлтийг энэ дөрвөн жилд хийж чадсан учраас дефольт зарлах эрсдэлээс бүрэн гарсан. Ирэх онд эдийн засгаа улам тогтворжуулах, цаашлаад 2030 он гэхэд нэг хүнд ногдох ДНБ-ийг 10 мянган ам.долларт хүргэх зорилтыг баталгаажуулах жил болгоно гэж зорьж байна. Ирэх оны төсвийн төсөлд тусгаснаар хөрөнгө оруулалтын дийлэнх нь дэд бүтэц буюу зам тээвэр, эрчим хүч, эрүүл мэнд, боловсролын салбарт хэрэгжүүлэхээр байгаа юм.

-Улсын хэмжээнд ирэх жил 1000 гаруй төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төсвийн төсөлд тусгасан байна. Тухайлбал, то­моохон ямар төсөл, арга хэмжээ байна вэ?

-2024 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтыг хөгжлийг дэмжих төслүүдэд чиглүүлж байна. Энэ хүрээнд нийт 3.2 их наяд төгрөгийн 1050 төсөл, арга хэмжээг улсын хэмжээнд үе шаттай хэрэгжүүлэхээр тусгасан. Эдгээр төслийн 60 гаруй хувийг ирэх жил хэрэгжүүлж дуусгана. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэх онцлох төслүүдээс дурдвал, арван аймагт барьж буй дулааны цахилгаан станцыг дуусгах, аймгуудын төв болон хилийн боомтуудыг цагариг хэлбэрээр авто замаар, алслагдсан 200 орчим багийг харилцаа, холбооны дэд бүтцэд холбох ажил бий. Энэ бол Шинэ сэргэлтийн бодлогыг орон нутагт хэрэгжүүлэх хүрээнд хот, хөдөөгийн тэнцвэрийг хадгалах, экспортыг нэмэгдүүлэхэд чиглэсэн бүтээн байгуулалт. Түүнчлэн эрүүл мэнд болон боловсролын салбарт томоохон хөрөнгө оруулалт хийж, хэд хэдэн бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлнэ. Тухайлбал, Монгол Улсад эмчлэх боломжгүй өвчлөл болон эрүүл мэндийн салбарын гадагшаа урсах мөнгөн урсгалыг бууруулах зорилгоор Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн барилгыг ирэх онд эхлүүлж, 2026 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Энэ төвийг ашиглалтад оруулахад 140 тэрбум төгрөг шаардлагатай.  Мөн Зүрх судасны үндэсний төв болон Халдварт өвчин судлалын үндэсний хоёрдугаар төвийг барьж байгуулахаар төлөвлөсөн. Түүнчлэн төвлөрлийг сааруулж, хот хөдөөгийн сэргэлтийг дэм­жиж, “Шинэ Хархорум” хот бай­гуулах судалгаа, ТЭЗҮ, зураг төсвийг боловсруулна. Өнгөрсөн жилээс эхлэн нэг ч зураг төсөвгүй хөрөнгө оруулалт хийхгүй байгаа. Энэ жилийн хөрөнгө оруулалтад Төсвийн хуулийнхаа дагуу 2-3 хуваах байдлаар төсөвт суулгаад явж байна.

-Боловсролын салбарт өрнүү­лэхээр төлөвлөсөн бүтээн бай­гуулалтын тухайд?

-Засгийн газраас ерөнхий боловсролын сургууль, цэцэр­лэгийн чанар, хүртээмжийг нэ­мэгдүүлж сайжруулахад нэлээд анхааран ажиллаж байна. Энэхүү зорилгын хүрээнд ирэх жил улсын хэмжээнд 140 сургууль, 128 цэцэрлэг, 36 дотуур байр, 52 соёлын барилга, 54 спорт заал, спортын цогцолборын төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Ирэх жил болох "Парис-2024" олимпод оролцох баг, тамирчны  зардалд 22.6 тэрбум төгрөг зарцуулахаар тусгасан. Түүнчлэн хүүхдийн мөнгийг хэвээр нь буюу 100 мянган төгрөг олгохоор тооцож, төсөвт тусгасан байгаа.

-“Төсвийн зарлагыг орлогоос нь давууллаа, алдагдалтай төсөв боллоо” гэх мэтээр шүүмжлэх тохиолдол бий. Ирэх оны төсвийн орлого, зарлагын хэмжээ хэр зөрүүтэй байна вэ?

-Ирэх оны орлого 25.3 их наяд төгрөг, зарлага 27.4 их наяд төгрөг байхаар төлөвлөсөн. 2020 онд төсвийн алдагдал ДНБ-ий 12.5 хувьтай тэнцүү байхаар баталсан. Засгийн газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнд төсвийн алдагдлыг үе шаттай бууруулахаар төсвийн тогтвортой байдлын тухай хуульд тусгасан. Ингээд 2021 онд төсвийн алдагдал ДНБ-ий 5.1, 2022 онд 3.6, энэ онд 2.6 хувьтай байхаар хуульд тусгасан. Харин ирэх оны Монгол Улсын төсвийн төсөлд алдагдлыг ДНБ-ий 2.8 хувь буюу хоёр тэрбум төгрөг байхаар төлөвлөж, УИХ-д танилцуулаад байна. Цаашид 2025, 2026 онд хуульд заасан тусгай шаардлагыг хангаж, төсвийн алдагдлыг хоёр хувиас хэтрүүлэхгүй байх, цаашлаад алдагдалгүй төсөв батлах боломжтой.

Энэ жил төлбөрийн тэнцэл одоогийн байдлаар 500 сая ам.долларын нэмэхтэй явж байна. Бид валютын нөөцийг ирэх жил таван тэрбум ам.долларт хүргэхээр төлөвлөсөн. Өнгөрсөн хугацаанд манай улсын валютын нөөц багасаж 2.7 тэрбум ам.долларт хүрсэн. Тиймээс Засгийн газраас валютын нөөцийг нэмэгдүүлэх арга хэмжээ авч, үүний үр дүнд энэ сард дөрвөн тэрбум ам.долларт хүрээд байна.

-Улсын төсвийн орлогын дийлэнхийг уул уурхайн бүтээг­дэхүүнээс бүрдүүлдэг. Ирэх онд хэр хэмжээний нүүрс экс­портолж, улсын төсөвт хэ­дий хэмжээний орлого төв­лөрүүлэхээр тооцоолсон бэ?

-Бид ирэх жил 60 сая тонн нүүрс, зэсийн баяжмал 1.5 сая тонн, төмрийн хүдэр 8.4 сая тонн, газрын тос 4.8 сая тонныг экспортлох зорилго тавьж, төсөвт тусгасан. Нүүрсний хэмжээний тухайд дарж тавьсан төлөвлөгөө учраас түүнээс илүүг ч экспортлох боломжтой гэж үзэж байгаа. Энэ оны эхний есөн сарын байдлаар 50 орчим сая тонн нүүрс борлуулсан байна. Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 28 сая тонноор нэмэгдсэн үзүүлэлт. Цаашид  оны эцэс гэхэд борлуулахаар төлөвлөсөн нүүрсээ дуусгах бүрэн боломжтой гэж харж байна. Ирэх 2024 онд уул уурхайн бүтээгдэхүүнийг ил тод биржээр арилжаалах, хилийн боомтын дэд бүтцийг хөгжүүлэх, экспортыг нэмэгдүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлснээр төсвийн нийт орлогыг 27.2 их наяд төгрөгт хүргэнэ гэж тооцоолсон. 

-Ипотекийн зээлийн хүр­тээмжийг нэмэгдүүлэх чиглэлд ямар төсөл арга хэмжээ хэрэг­жүүлэхээр тусгасан бэ?

-Үндсэндээ төсөвт 100 тэрбум төгрөгийн багц тавьсан. Орон нутагт орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор ипотекийн зээлийн нийт санхүүжилтийн 50 хувийг орон нутагт олгоно. Мөн орон нутагт орон сууц барьж, борлуулсны орлогыг орлогын албан татвараас 50-90 хүртэл хувиар бууруулна.

Ер нь ипотекийн зээлийг тултал дэмжиж явуулна. Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаал гарч, орон нутагт орон сууц худалдан авахад олгох ипотекийн зээлийн дээд хэмжээг 100 сая төгрөгөөс 150 сая, Улаанбаатар хотод 150 сая төгрөгөөс 200 сая төгрөг болгож нэмэгдүүлэхээр болсон. Түүнчлэн орон нутаг болон Багануур, Багахангай дүүрэгт шилжин суурьшиж, анх удаа орон сууц худалдан авах хүсэлт гаргасан иргэдэд ипотекийн зээлийн хүүгийн гурван хувийг эхний гурван жилд төсвөөс санхүүжүүлж, орон сууцны зээлийн урьдчилгаа төлбөрийн 60 хүртэл хувьд баталгаа гаргах арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ. 

-Орон нутагт тогтвор суурь­шилтай ажиллаж буй албан хаагчдын урамшуулал, нэмэгд­лийг үргэлжлүүлэн олгоход ямар нэгэн өөрчлөлт оруулж байгаа юу?

-Хөдөөгийн сэргэлтийг дэмжиж, төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд орон нутагт тогтвор суурьшилтай ажиллаж буй төрийн албан хаагчдад олгож буй  нэмэгдлийг үргэлжлүүлэн олгохоор ирэх оны төсвийн төсөлд тусгасан. Ингэхдээ орон нутгийн нэмэгдлийг аймгийн төвд 20, суманд 40 ху­виар тооцож олгохоор байгаа. Энэхүү нэмэгдэлд төрийн нийтлэг үйлчилгээний албан хаагчид шинээр хамрагдана.

-Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг яагаад заавал ирэх оны дө­рөв­дүгээр сарын 1-нээс нэ­мэгдүүлэхээр төсөлд тусгасан бэ?

-Цалин, тэтгэвэр, тэтгэмж, халамжийг инфляцтай уялдуулж, ирэх оны дөрөвдүгээр сарын 1-нээс арван хувиар нэмэгдүүлнэ. Энэхүү нэмэгдэлд 881.4 мянган хүн хамрагдах тооцоо бий. Үүнд 881 тэрбум төгрөг шаардлагатай. Бид өнгөрсөн оноос эхлэн далд байсан эдийн засгийг ил болгосон. Ялангуяа нүүрс, уул уурхай дагасан олон боломжийг төсөв рүү оруулж ирсэн. Тийм учраас өнгөрсөн жилийн төсөв нэлээд амжилттай гарсан. Цар тахалтай жилүүдэд цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмж чадаагүй ч хэдхэн сарын өмнө буюу өнгөрсөн долдугаар сарын 1-ний төсвийн тодотголоор үүнийг хийж чадсан. Тиймээс цаашид хамгийн багадаа зургаан сарын дараа инфляцтай уялдуулж цалин, тэтгэврийг нэмэх нь эрсдэл багатай. Хэрэв одоо нэмбэл инфляцаа шингээх биш хөөргөх эрсдэлтэй учраас ийм шийдэлд хүрсэн.

-Засгийн газар ирэх оны төсвийг сонгуулийн жилд зориулсан төсөв болгохгүй байх зарчмаа баримталж чадсан уу?

-Хөрөнгө оруулалтаар дамжиж төрийн үйлчилгээ иргэдэд хүрдэг учраас сонгуулийн жил байх эсэхээс үл хамаарч шаардлагатай хөрөнгө оруулалтуудаа тусгаад явах ёстой. Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд өсөн нэмэгдэж байгаа бизнесийн орчныг хангах, хүн амаа орон нутагт амьдрах таатай орчныг бүрдүүлэхийн тулд хамгийн чухал нь эрчим хүч шаардлагатай. Тиймээс дэд бүтцийн салбарын хөрөнгө оруулалтуудыг хийхээс өөр арга байхгүй. Цаашдаа ч хийсээр ч байх болно. Ирэх жилийн хөрөнгө оруулалтууд дунд замын бүтээн байгуулалт нэлээд бий. Бид өнгөрсөн жил Завхан аймгийн Загастайн давааны замыг бүрэн ашиглалтад оруулж, 20 жил үргэлжилсэн “Мянганы зам”-ын эхний үе шатыг дуусгасан. Одоо дараагийн шат буюу  “Шинэ сэргэлтийн зам” эдийн засаг, хөгжлийг дэмжсэн, орон нутагт амьдарч байгаа иргэдийн амьдралын чанарыг сайжруулах, хил хүрэх аялал жуулчлалын зам гээд таван цагариг бүхий дараагийн замыг эхлүүлэх гэж байна. 

-Төсвийн тухай хуулийн төсөлд анх удаа иргэд, олон нийтийн саналыг авч буйгаараа онцлогтой болсон. Иргэдийн хэлсэн саналыг ямар байдлаар төсөлд тусгасан бэ?

-Монгол Улсын Ерөнхий сайдаар ахлуулсан ажлын хэсгийнхэн нийт 18 аймагт ажиллаж, Засгийн газраас барьж буй бодлого чиглэл, хэрэгжүүлж буй төсөл, арга хэмжээ мөн 2024 оны төсвийн төслөө танилцуулж ажилласан. Анх удаа зохион байгуулж буй энэхүү арга хэмжээнд 6500 гаруй иргэн оролцож, санал бодлоо илэрхийлсэн.

Тэдгээр иргэний хэлсэн саналыг төсвийн төсөлд эрэмбэлэн тусгасан. Эрэмбэлсэн нийт төслийн 59 хувийг зам тээвэр, 17 хувийг боловсрол, 11 хувийг  эрчим хүчин, дөрөв орчим хувийг барилга, хот байгуулалт, үлдсэн нь бусад салбарт хэрэгжүүлэхээр байна. Иргэд маань улсын төсвийнхөө орлого, зарлагад хяналт тавьдаг байх ёстой тул бид нээлттэй, шилэн байдлыг чухалчилж ажилласан. Ингэснээр иргэдэд илүү ойр, ил тод төсөв болж чадсан. 

С.Юмсүрэн

Эх сурвалж: Монголын үнэн сонин №037/24568/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2024/11/22
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 2024/11/22
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 2024/11/22
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 2024/11/22
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 2024/11/22
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 2024/11/22
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 2024/11/22
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 2024/11/22
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 2024/11/22
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 2024/11/22
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 2024/11/22