Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны аравдугаар сарын 11-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэрэгт оногдуулах ялын бодлогыг чангатгана
Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Тус төсөлд бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэрэгт оногдуулах ялыг чангатгах талаар хөөн хэлэлцэх хугацааг нэмэгдүүлэх, өршөөл үзүүлэхгүй байх, хорих ялаас хугацаанаас өмнө суллахгүй байх (магадлан), хугацаатай хорих ялын дээд хэмжээг нэмэгдүүлэхээр тусгалаа.
Тухайлбал, бүх насаар хорих ял оногдуулахаар (хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй) зааснаас бусад бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа 20 байгааг 30 жил болгож, хүнийг, бага насны хүүхдийг алах, бага насны хүүхдийг хүчиндэх, бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн бэлгийн мөлжлөг, хүн худалдаалах гэмт хэрэгт өршөөл үзүүлэхгүй, хугацаанаас нь өмнө суллахгүй, хорих ялын дээд хэмжээ 20 жил байгааг 25 жил болгохоор тусгажээ. Эрүүгийн хуульд бага насны хүүхдийн насны хязгаар 14 байгааг төсөлд 16 болгож нэмэгдүүлсэн байна.
Мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулах гэмт хэрэг
Албан үүргийн дагуу олж мэдсэн алба хаагч, ажилтан мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулсан үйлдэлд оногдуулах торгох ялыг хасаж, 6 сар-3 жил хорих ял оноож байгааг 1-5 жил болгон нэмэгдүүлнэ.
Мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулсан алба хаагч, ажилтанд нийтийн албанд ажиллах эрхийг 3-5 жил хасах нэмэгдэл ялыг оногдуулна гэжээ.
Мөн Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн тухай хуулийн төсөлд автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэгт оногдуулах шийтгэлийг чангатгахаар тусгасан байна.
Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын тухай хуулийн төслийг өргөн барина
Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Төслийн шинэчлэлээр,
-Төрийн байгууллагын бүтэц, чиг үүрэг бүх түвшинд тодорхой болж, хүүхэд хамгааллын тогтолцоо бэхэжнэ.
- Хүүхэд хамгаалалд зориулсан төсвийн зөв хуваарилалт хийж, хүүхэд бүрд үзүүлэх үйлчилгээг санхүүжүүлэх боломж бүрдэж, хүүхэд хамгаалалд зориулсан төсвийн үр ашиг, өгөөж сайжирна.
- Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны үйл ажиллагаа тогтмолжино.
- Сум, хороонд хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтантай болсноор хууль тогтоомжийн хэрэгжилт анхан шатанд сайжирч, хүүхэд хамгааллын үйлчилгээний хүртээмж нэмэгдэнэ.
-Салбар бүр хүүхдийн хөгжил, хамгааллын бодлого хэрэгжүүлэх төсвийг төлөвлөн батлуулж, хэрэгжүүлнэ.
-Сургалтын орчин, дотуур байранд үе тэнгийн дээрэлхэлт гарахаас урьдчилан сэргийлэх, гарсан тохиолдолд түүнийг таслан зогсоох, шийдвэрлэх эрх зүйн орчин бүрдэнэ.
- Цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах салбар дундын зохицуулалт бүхий бүтэц ажиллаж, интернэт үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн үүрэг хариуцлага сайжирна.
- Гамшиг, онцгой нөхцөл байдлын үе дэх хүүхэд хамгааллын зохицуулалт тодорхой болно.
- Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүүхдийн эрх, оролцоог хангах эрх зүйн орчин бүрдэнэ.
- Хүүхдэд хүргэх хүүхэд хамгааллын үйлчилгээ нэр, төрөл тодорхой болж, тэдгээрийг хүргэх зохицуулалт тодорхой болж хүүхэд хамгааллын үйлчилгээний чанар, хүртээмж дээшилнэ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна