Д.Нацагдорж: Сонгодог урлаг залуу насных, хоромхон зуур асаад л унтардаг


Монголын балетын тэргүүн гоцлооч Д.Нацагдорж Киргизийн Дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа гарлаа. “Жизель” балетын гүн Альбертын дүрийг бүтээсэн тэрбээр Москвагийн олон улсын балетын уралдаанд Монгол Улсаа төлөөлөн оролцсон найман бүжигчний нэг юм.

 -Аравдугаар сар таны хувьд онцлог үйл явдлаар дүүрэн өнгөрч байна. Ууган театрынхаа улирлын нээлтийн үеэр тайзнаа гарснаас гадна хамтын харилцаатай театртаа урилгаар бүжиглээд ирлээ. 

-Киргизийн уран бүтээлчидтэй хамтран ажиллахад таатай байлаа. Театрын уур амьсгал ч зөөлөн, сэтгэлд дулаахан санагдсан. Хөгжлийн хувьд манайх шиг сонгодог урлаг нь хөгжиж байгаа театр юм билээ. Би тайзнаа гарахаас өмнө хоёр, гурав хоног бэлтгэл хийж “Жизель” балетын гол дүрийг бүтээлээ. 

-“Жизель” балетыг Монголд шинэчлэн тавихад та бүжиглэж байсан. Харин энэ удаа Киргизийн театр сонгодог хэлбэрээр үзэгчдэдээ толилуулав уу?

-Тэгсэн. “Жизель” балетын шинэчилсэн тавилт сонгодог хэлбэрээсээ их ялгаатай. Балетын шинэчилсэн хувилбар маш гоё болсон. Тайзнаа гол дүрүүдийн харилцаж байгаа байдал илүү өрнүүн, хүмүүст ойлгомжтой утга найруулгатай болсон гэж хардаг. Хүмүүст хайрыг илүү мэдрүүлэх үйл явдал нь өрнөлттэй болж чадсан. Гэхдээ би “Жизель”-ийн сонгодог хэлбэрийг үгүйсгэсэнгүй. Цаг хугацаа урсан өнгөрч, нийгэм хүмүүсийн сэтгэлгээ өөрчлөгдөж байгаатай уялдуулан балетыг шинэчилсэн нь оновчтой болсон байх. 

-Сонгодог урлаг яг гал шиг. Агшин зуур дүрсхийн асаад өнгөрдөг. Цаг хугацаатай уралддаг урлаг ч гэж хэлж болохоор...? 

-Сонгодог урлаг залуу насных, хоромхон зуур асаад л унтардаг. Тиймээс залуу насандаа ихийг хийж, амжуулах хэрэгтэй. Үүнийг балетмейстер маань ойлгодог учраас бидэнд илүү тайлбарлаж ойлгуулахыг хичээдэг. Залуучуудыг ид ур чадвараа гаргах үед нь дэмжиж, онцолж байгаа хүн гэж ойлгож болно. 

-Та карьерынхаа оргил үедээ явж байгаа. Хийж, бүтээх хүсэл эрмэлзэл цээжинд чинь багтахгүй цалгиж явна уу? 

-Гадаадын театруудад очиж үзэхийг, ажиллахыг хүсэж байна. Олон дүр бүтээж, илүү хөгжихийг мөрөөдөж байна. Хүмүүс нь яаж ажилладаг, биднээс илүү ямар мэдрэмж гаргаж байгааг, урлагаа хэрхэн хөгжүүлснийг харахыг хүсдэг. Мэдээж олон улсад ямар шинэ бүтээл тоглож, хэн дүр дээр нь ажилласныг интернэтээс үзэж болно. Гэхдээ нүдээр үзэх тэс ондоо. Гадаадын театрууд цаг үеэ дагаад бүх уран бүтээл нь шинэчлэгдэж, орчин үеийн чиглэлээр ч тавигдаж байна. Сонгодог хэлбэрээр ч маш гоё өрнөлтэй, хараа булаам бүтээл хийсээр байна. Тэдэн шиг манай театр ч гэсэн уран бүтээлүүдээ шинэчлэн тавих боломжтой. 


-Шүүмжлэлээс айхгүй байна уу?

-Шинэ зүйлийг шүүмжилдэг, үгүйсгэдэг. Энэ нь амьд харилцааг бий болгоно. “Жизель” балет үүний нотолгоо болсон шүү дээ. Үзэгчдийн сэтгэл хөдлөл, мэдрэмжээс илт мэдэгдэж байлаа. “Жизель”-д дүр бүтээх үед миний сэтгэл догдолж байсан. Бид хамтын хичээл зүтгэлийнхээ үр дүнд шинэчлэн тавьсан “Жизель”-ээ үзэгчдэдээ хүргэж чаджээ гэж бодсон. Тэгээд хамгийн гол нь үзэгчдэд таалагдсан л бол бол оо. 

-Ер нь та тайзнаас ямар мэдрэмж авдаг вэ?

-Тайзан дээр гарах мэдрэмж бүр шинэ, дахин давтагдахгүй. Сонгодог бүтээл болгон өөрийн гэсэн дүрүүдтэй. Гаргаж байгаа хэлбэр ондоо болохоос угтаа бол нэг л зүйл юм. Бүтээлээрээ үзэгчийн сэтгэлд хүрч чадаж байвал ямар нэгэн байдлаар хариу үйлчлэл нь мэд­рэгддэг. Магадгүй тийм учраас сонгодог бүтээл шимтэн үздэг хүмүүс жилээс жилд нэмэгдэж байна. Энэ бол үр дүн юм. 

-Таныг дүрдээ автуулж байсан бүтээлийг нэрлээч?

-Шинэчлэн тавьсан “Жизель”, “Хунт нуур” балет байна. Сонгодог урлаг их гоё. Үүнийг эд эс нь болж байж илүү их мэдэрч байна. Яагаад гэвэл, сонгодог урлаг хүний дотоод хөгжлийг харуулдаг. 

-Дотоод хөгжил гэж та юуг хэлээд байна вэ?

-Миний бодлоор хүмүүст өгч байгаа торгон мэдрэмж юм даа. Хайрыг илэрхийлэхдээ бүжиг, хөгжим, жүжгээр сэтгэлд хоногштол нь харуулж байгаа тэр л зүйл юм. 

-Түгээмэл асуулт шиг боловч хүмүүсийн мэргэжлээ сонгосон түүх их сонирхолтой. Та өөрийн түүхээсээ хуваалцаж болох уу?

-Миний ээж бүжигчин хүн, сонгодог урлагт дуртай. Намайг багад урлагт сонирхолтой байгааг мэдээд балетын жүжигчин болгохоор шийдсэн юм билээ. 

-Гэхдээ та өөрөө сонирхолгүй байсан бол ээжийнхээ зөвлөгөөг сонсохгүй байсан биз?

-Би урлагийн бүтээлд дуртай хүүхэд байсан. Түүнийг ээж маань ажиглаж мэдээд намайг чиглүүлсэн гэж боддог. Тэр нь ч зөв болсон. Хамгийн анх авсан мэдрэмж үнэхээр гайхалтай. Монгол Улсын консерваторийн бүжгийн заалны хаалга нээгдэхэд шууд автсан, төсөөлөл өөрийн эрхгүй орж ирсэн. 

-Тухайн үед үлгэр дуурайл авдаг балетчин байв уу?

-Олон л байсан. Гадаадын шилдэг бүжигчдийн тоглолтыг интернэтээр үзэж тэднээс үлгэр дуурайл авдаг. Яаж бүжиглэж байна, хөдөлгөөнөө хэрхэн хийж байгааг нь хараад бэлтгэлийнхээ үеэр дуурайх гэж оролддог байсан. 

-Сэтгэлээр унасан үед дэм өгөх, шийдвэр гаргах үед үнэнийг хэлчихдэг чиглүүлэгч, луужин шиг хүнтэй таарч байв уу?

-Хүн бүхэнд уналтын үе гэж байдаг байх. Тэр үед Д.Дашлхагва багш надад тусалсан. Энэ хүн намайг, миний сэтгэл зүйг хурцлан гаргаж ирж байгаа. Багш хэлэхдээ “Муур л өөрийнхөө сүүлийг өргөж чаддагаас өөр хэн нэгэн түүний сүүлийг өргөж чадахгүй” гэж хэлдэг юм. Хүн өөрийгөө л дайчлахгүй бол хэн ч түүний өмнөөс хийх боломжгүй. Бас өнөөдрийн чиний байгаа байдал чинь өчигдрийн хүсэл мөрөөдлийн чинь үр дүн гэж хэлдэг. Тэгэхээр өнөөдөр сайн байж маргаашийн үр дүн ч сайн байна гэсэн утга. Өнөөдөр би хичээж, зүтгэх ёстой гэдэг зарчимтай. 

-Урлагийн хүний хувьд ганцаардал заримдаа ташуур шиг санагддаг. Харин та юу гэж боддог вэ?

-Санал нэг байна. Ганцаар­даж, гуниг зов­лонг мэдэрч байж улам хурцлагддаг хүний нэг нь би. 

-Та олон улсын тэмцээ­нүүдэд оролцсон туршла­га­тай. Бэлтгэлээ ч хангалттай хийдэг байх. Харин тайзнаа гарахын өмнөх сэтгэл хөдлөлөө хэрхэн барьж, хянадаг вэ?

-Аль болох сандрахгүй байхыг хичээдэг. Гэхдээ л сандрал надтай хамт байсаар байна. Одоо ч гэсэн сандралаа дарж сурах гэж хичээж байна. Хүн алдаа оноонуудаас сургамж авдаг. Энэ хэрээр туршлага хуримтлуулдаг. Цааш алхахдаа хаагуур явахаа мэдэж сурдаг юм байна. Хамгийн гол нь хүн хөгжих ёстой. Би бүр цаашаа явах ёстой гэсэн эрмэлзэлтэй байх хэрэгтэй. 

-АНУ-ын “Бостон балет” компани танд ажиллах санал тавьсан гэсэн. Хэн бүхэнд олддоггүй боломж. Авьяас чадвараа сориод үзэх бодол байна уу?

-Санал ирсэн. Юуны түрүүнд өөрийнхөө танилцуулга, бичлэгийг явуулна. Боломжийг алдахгүй гэсэн бодолтой байгаа.

 Б.Сэлэнгэ

Эх сурвалж: Монголын үнэн №042/24523/

 


0
angry
0
care
0
haha
0
liked
1
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 4 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 7 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 8 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 8 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 8 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 9 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 9 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 9 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 9 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 9 цагийн өмнө
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 9 цагийн өмнө
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 9 цагийн өмнө
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 9 цагийн өмнө
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 9 цагийн өмнө
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 9 цагийн өмнө
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 10 цагийн өмнө
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 10 цагийн өмнө
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 10 цагийн өмнө
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 10 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 10 цагийн өмнө