МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, Нарийн бичгийн дарга О.Батнайрамдал нар саяхан Испанийн Хаант улс, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант улсад албан ёсны айлчлал хийсэн. Айлчлалын хүрээнд Монгол ардын намын удирдлагууд ИБУИНХУ-ын Хөдөлмөрийн намтай Харилцан ойлголцлын санамж бичиг , Испанийн Хаант улсын Хөдөлмөрчдийн намтай хамтран ажиллах санамж бичиг тус тус байгуулжээ. Өнгөрсөн зургадугаар сард МАН Германы Социал Демократ намтай Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан Ази тивийн анхны улс төрийн хүчин болж байсан билээ. Ингээд МАН-ын Нарийн бичгийн дарга О.Батнайрамдалтай гадаад харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцлаа.
-МАН Европын орнуудын үзэл баримтлал нэг улс төрийн намуудтай хамтын ажиллагаагаа тэлж байна. Өнгөрсөн жилүүдэд хамтын ажиллагаа хэр үргэлжилж байсан бэ?
-МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан тэргүүтэй төлөөлөгчид Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант улсад айлчлал хийлээ. Энэ айлчлалаар ИБУИНХУ-ын Хөдөлмөрийн намын Ерөнхий нарийн бичгийн дарга Давид Эванстай биечлэн уулзсан. Уулзалтаар МАН тус улсын Хөдөлмөрийн намтай албан ёсны Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж, гарын үсэг зурлаа.
МАН нь ИБУИНХУ-ын Хөдөлмөрийн нам сүүлийн хорь гаруй жилийн хугацаанд нийтлэг үнэт зүйл, зарчимд суурилсан харилцан итгэлцэл, нягт хамтын ажиллагааны суурийг бий болгосон. Энэхүү санамж бичиг нь нийгмийн ардчиллын нийтлэг үзэл санааг ахиулахад түлхэц өгөх үүрэг гүйцэтгэх юм.
Испанийн Хаант улсад айлчлахдаа Хөдөлмөрчдийн намын Олон улсын бодлого, хамтын ажиллагааны нарийн бичгийн дарга Хана Жаллоул, дэд Ерөнхий нарийн бичгийн дарга Хуан Франциско Серрано нартай уулзалт хийсэн. Ингээд Испанийн Хаант улсын Хөдөлмөрчдийн намтай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Санамж бичигт МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, Испанийн Хөдөлмөрчдийн намын Олон улсын бодлого, хамтын ажиллагааны нарийн бичгийн дарга Хана Жаллоул нар гарын үсэг зурлаа.
-Санамж бичиг байгуулснаар хамтын ажиллагааны хүрээнд ямар ажлыг хийх бол?
-Санамж бичиг байгуулснаар хоёр нам харилцаагаа улам өргөжүүлэх, хүний нөөцөө чадавхжуулна. Намуудын хөгжлийн түвшинд стратеги туршлагаа солилцоно. Цаашдаа Засгийн газар хооронд эдийн засгийн харилцаа тогтоох юм.
ИБУИНХУ-ын Хөдөлмөрийн намын Ерөнхий нарийн бичгийн дарга Давид Эванс “Энэхүү санамж бичигт гарын үсэг зурсан явдал нь бидний хамтын харилцааг бэхжүүлж, дэвшилтэт социал демократ бодлогыг түгээн дэлгэрүүлэхэд чухал алхам боллоо” гэдгийг онцолж хэлсэн.
Өнөөдрийн байдлаар Их Британид өрсөлдөгч Консерватив нам төрийн эрх барьж байгаа юм. 2024 онд тус улсын парламентын сонгууль болно. Одоогийн байдлаар тус улсын Хөдөлмөрийн намын рейтэнг өндөр байгаа гэсэн судалгааны дүн гарсан байна. Тиймээс тус намынхан ирэх сонгуулиас хүлээлт, итгэл өндөртэй байгаа юм билээ. Хамтын ажиллагааны энэхүү санамж бичиг нь хоёр намын хооронд түүхэн хугацаанд байгуулж холбоос гэж харж байна.
Тэгвэл Испанийн Хөдөлмөрчдийн намтай байгуулсан санамж бичигт гарын үсэг зурснаар талууд Социал демократ үзэл баримтлалыг хэрэгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх талд өргөн хүрээтэй хамтарч ажиллахаас гадна боловсон хүчнийг улам чадавхжуулах чиглэлээр мэдлэг, мэдээлэл солилцох, хоёр намын судалгааны байгууллагын судлаач, эрдэмтэн, зөвлөхүүдийн хоорондын солилцоо, хамтын ажиллагааг дэмжих, намууд хоорондоо туршлага судлах, намуудын хөгжил төлөвшлийн зарим асуудлаар санал солилцож, хамтран ажиллах юм.
-Испанийн Хөдөлмөрчдийн нам бол эрх барьж байгаа улс төрийн хүчин. Эрх баригч хүчнүүдийн тухайд хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд ямар тохиролцоонд хүрсэн бол?
-Эрх баригч улс төрийн хүчнүүдийн хувьд уулзалтын үеэр хоёр улсын хоорондын парламентын бүлэг байгуулах, хоёр улсын эдийн засаг, хөрөнгө оруулалтын чиглэлээр хамтран ажиллах талаар ярилцаж тохиролцлоо.
-Европод социал демократ үзэл баримтлалыг хэрэгжүүлэгч энэ намууд хэр нөлөөтэй вэ?
-Социал демократ үзэл баримтлал нь баруун Европоос үүсэлтэй. Өнөөдрийн баруун Европыг босгож ирсэн томоохон үзэл баримтлалд зүй ёсоор ордог. Энэ социал демократ үзэл баримтлалын гол тоглогчид бол ИБУИНХУ-ын Хөдөлмөрийн нам болон Испанийн Хаант улсын Хөдөлмөрчдийн нам.
Үзэл баримтлал нэг энэ улс төрийн намуудтай харилцаа тогтоож байгаа нь МАН-ын хувьд ч түүхэн шинэ хуудас нээж байна.
Тэр дундаа Испанийн Ерөнхий сайд, Хөдөлмөрчдийн намын Ерөнхий нарийн бичгийн дарга Педро Санчез СоцИнтернийн Ерөнхийлөгч, Европын холбооны зөвлөлийн Ерөнхийлөгч гэсэн сонгуульт албан тушаалыг тус тус давхар хашдаг, Европын лидер улстөрчдийн нэг. СоцИнтернийн хувьд ч, Испанийн Хөдөлмөрчдийн намын тухайд ч МАН нь Ази тивээс анх удаа албан ёсны харилцаа тогтоосон, Ази тивтэй холбогдох гүүр болсон гэж ойлгож байна.
-Европ руу гарах гарцыг Азидаа анх удаа албажуулсан гэхээр олон улсад хүлээх үүрэг, хариуцлага нэмэгдэх үү?
-Тийм ээ. МАН социал демократ үзэл баримтлалтай 102 жилийн түүхтэй, Ази тивийн хамгийн анхны ууган намуудын нэг. Тэгвэл Испанийн эрх баригч Хөдөлмөрчдийн нам нь тус улсын нийгэм, эдийн засгийн хүрээнд олон тулгамдсан асуудлыг шийдвэрлэж, бодлогын түүчээ, улс төрийн намын манлайллыг үзүүлсээр ирсэн социал демократ үзэл баримтлал бүхий 144 жилийн түүхтэй Европын анхны улс төрийн нам юм. Олон улсын хэмжээнд институц болж хүлээн зөвшөөрөгдсөн улс төрийн намуудын хувьд дэлхийн тавцан дээр хамтран тоглох орон зай байна гэж хоёр тал дүгнэж байна. Нөгөөтэйгүүр Испани улсыг бид Европ руу гарах гарц гэж харж байна. Испанийн хөрөнгө оруулалтыг татах, эдийн засгийн харилцаагаа өргөжүүлэх алхам нь намууд хоорондын хамтын ажиллагаагаар эхлэл тавигдаж байна.
-Испанийн Хөдөлмөрчдийн намын Ерөнхий нарийн бичгийн дарга нь СоцИнтернийн Ерөнхийлөгчийн албыг хашиж байна. Энэ нь МАН-д СоцИнтернд үйл ажиллагаа явуулахад давуу боломж олгох уу?
-СоцИнтерн бол дэлхийн зүүний төвийн үзэл баримтлалтай намуудын хамгийн том нэгдэл. СоцИнтернийн Ази, Номхон далайн орны асуудал хариуцсан дэд Ерөнхийлөгчөөр манай УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил ажиллаж байна. Цаашдаа Испанийн Хөдөлмөрчдийн намаар дамжуулаад СоцИнтернд илүү үүрэгтэй оролцох боломж энэ хэрээр нээгдэж байна. СоцИнтерн дэх үйл ажиллагаагаа идэвхжүүлэх, ямар бодлого барьж ажиллахаа бид энэ уулзалтаар ярилцаж, саналаа илэрхийлсэн. Испанийн Хөдөлмөрчдийн нам “МАН Ази тивээс анхны албан ёсны харилцаатай нам болж байна. Энэ утгаараа Ази тив рүү гарах гарц” гэж дүгнэж байна.
-МАН-ын гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан нарийн бичгийн даргын хувьд гадаад харилцаандаа ямар бодлого барьж ажиллаж байна вэ?
-МАН-ын тухайд дэлхийн 50 гаруй улс төрийн хүчинтэй харилцаатай ажилладаг. Үүнийг дараагийн түвшинд гаргах нь бидний үеийн түүхэн үүрэг. Ямартаа ч бид Европын томоохон гурван улс төрийн намтай албан ёсны хамтын ажиллагаатай боллоо. Үүгээрээ дамжуулж бид социал демократ үзлийг түгээн дэлгэрүүлэхэд томоохон намуудтай хамтарч ажиллахаар төлөвлөж байна. Хамтын ажиллагаагаараа дамжуулж хүний нөөцөө чадавхжуулах боломж нээгдэж байгаа юм. Азийн томоохон намуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ. Бид Азийн 50 гаруй орны 350 гаруй улс төрийн намуудыг эгнээндээ нэгтгэсэн "Азийн улс төр намуудын нэгдэл"-ийн Залуучуудын болон Эмэгтэйчүүдийн байгууллагуудын хамтарсан хурлыг Улаанбаатар хотод өнгөрсөн наймдугаар сард амжилттай зохион байгуулсан. Монгол ардын нам 100 гаруй жилийн түүхтэй, Социал демократ үзэл баримтлалтай, төр, засгийн эрх барьж байгаа Ази тивдээ улс төрийн томоохон институцийн нэг мөн. Тиймээс ч МАН-ын хувьд цаашдаа дэлхийд томоохон тоглогч болох хүсэл, эрмэлзэл бий. Энэ зорилгынхоо хүрээнд гадаад харилцаагаа тэлж, өргөжүүлэхэд анхаарч, идэвхтэй ажиллаж байна.
Улс төрийн намууд бол үзэл баримтлалаараа эвлэлдэн нэгдсэн хүмүүсийн нэгдэл. Цаашлаад олон улсын улс төрийн хүчнүүд ихэвчлэн үзэл баримтлалаараа нэгддэг. Энэ үүднээс ч бид СоцИнтерн, Дэвшилтэт намуудын нэгдэл, Азийн улс төрийн намуудын нэгдэл, СоцДем Азиа гээд олон улсын байгууллагуудад өөрийн орон зайгаа бүрдүүлж ажилладаг.
Энэ харилцаа, хамтын ажиллагаагаа цааш тэлж, социал демократ үзэл баримтлалтай намын хувьд зөвхөн Ази, Номхон далайгаар хязгаарлахгүй, олон улсын тавцанд үүрэг хүлээж оролцох амбиц бий. Үүний нэг жишээ нь МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн ИБУИНХУ, Испанийн Хаант улсад албан ёсны айлчлалын үр дүн юм.
Н.Энхлэн
Эх сурвалж: Монголын үнэн сонин №038/24569/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна