Ердөө хоёрхон сарын дараа сонгуулийн жил гарах гэж байна. Манай улс дөрвөн жилийн сонгуулийн циклтэй. УИХ-ын сонгуулийг зургадугаар сард, орон нутгийнхыг аравдугаар сард зохион байгуулж ирсэн. Үүний дунд нөхөн болон дахин гэх мэтээр сонгуулиас сонгуулийн хооронд дөрвөн жилийг өнгөрүүлдэг гэхэд хилсдэхгүй. Үүнийг дагаад улстөржилт хэрээс хэтэрсэн, тэр дундаа орон нутагт маш их улстөрждөг болсон зэрэг нь хуульд өөрчлөлт оруулах нэг үндэслэл болчихоод байгаа юм. Ямартаа ч УИХ-ын нэр бүхий гишүүдийн зүгээс өргөн барьсан тус хуульд нэг заалтыг хөндөхөөр оруулж ирээд байна. Тодруулбал, УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан, Г.Амартүвшин, Т.Энхтүвшин нарын зүгээс энэ сарын 11-нд Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүлэв. Тус хуулийн 9.1-д “Орон нутгийн хурлын ээлжит сонгуулийг сонгуулийн жилийн тавдугаар сарын 1-ний өдрөөс өмнө товлон зарлаж, санал авах өдрийг тогтооно” гэж заасан байдаг. Үүний дагуу УИХ-ын 2020 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдрийн 23 дугаар тогтоолоор аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны ээлжит сонгуулийн санал авах өдрийг 2020 оны аравдугаар сарын 15-ны өдөр байхаар тогтоож, мөн хугацаанд ээлжит сонгууль зохион байгуулсан байдаг. Түүнчлэн хуулийн 82.1-д “Орон нутгийн хурлын ээлжит сонгуулийн санал авах өдрөөс өмнөх нэг жилийн хугацаанд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглоно” гэж хуульчилсан байдаг учраас аравдугаар сарын 15-ны өдрөөс өмнө уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хугацааг тодорхой зааж өгсөн. Хуульд оруулах үндсэн агуулгын талаар хууль санаачлагч гишүүн Э.Бат-Амгалан “Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, тухайн нутгийн өөрөө удирдах байгууллагыг өөрсдийн төлөөллөөр бүрдүүлэх, сонгуулийг нээлттэй, хяналттай зохион байгуулж явуулах удирдлага, зохион байгуулалтын эрх зүйн орчныг сайжруулахад чиглэсэн нэмэлт, өөрчлөлт оруулах байдлаар боловсронгуй болгох зайлшгүй хэрэгцээ шаардлагатай байна. Тухайлбал, сонгуульд оролцож буй нам, эвсэл нэр дэвшигчдээс зарцуулах зардлын хэмжээг бууруулах чиглэлээр сонгуулийн сурталчилгааны хуулиар зөвшөөрсөн арга хэлбэр түүний тоо, хэмжээг 50 хүртэл хувиар бууруулах, зардлын дээд хэмжээг тогтоохдоо сонгуулийн зардлыг бууруулах чиглэлийг баримтлах, сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, давхардлыг арилгах, нягтлан шалгах үйл ажиллагааны ил тод, хяналттай байдлыг нэмэгдүүлэх чиглэлээр сонгуульд оролцож буй нам, эвсэл, нэр дэвшигч, сонгууль зохион байгуулах үйл ажиллагаанд хөндлөнгийн хяналт, мониторинг хийх төрийн бус байгууллагуудын оролцоог хуульчлах. Сонгогч нэрийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ шалгах, буруу бүртгэгдсэн тохиолдолд гомдол гаргах хэлбэрүүдийг нэмэгдүүлэх, санал тоолох төхөөрөмжөөс гарсан санал хураалтын үр дүнг 100 хувь гар аргаар давхар тоолж, хяналтын тооллого хийх зэрэг сонгууль зохион байгуулалтын үйл ажиллагааны ил тод байдал, хяналтыг нэмэгдүүлэх чиглэлийн нарийвчилсан зохицуулалтуудыг нэмж тусгах шаардлагатай юм. Тиймээс аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгууль зохион байгуулах үйл ажиллагааг болон эрх зүйн орчныг сайжруулах талаарх дээрх шаардлагатай нэмэлт, өөрчлөлтийг оруулахад уг хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт хуульчилсан дээрх хугацаанд өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзсэн тул хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан гэв. Ингэснээр орон нутгийн сонгуулийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт хуульчилсан нэг жилийн хугацааг зургаан сар болгон өөрчлөх зохицуулалтыг тусгасан байна. Нэр бүхий гишүүдийн өргөн барьсан дээрх хуулийн төслийг энэ сарын 11-ний Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх эсэхийг нь хэлэлцэн дэмжсэн юм. Мөн энэ үеэр УИХ-ын сонгуулийн тухай болон Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд хийж буй бэлтгэл ажлын талаарх СЕХ-ны даргын мэдээллийг сонсов. УИХ-ын сонгуулийг хосолсон тогтолцоогоор зохион байгуулах, гадаад улсад байгаа иргэдээс санал авах, сонгууль зохион байгуулах үйл ажиллагааны ил тод, хяналттай байдлыг нэмэгдүүлэх, сонгуулийн зардлыг бууруулах зэрэг чиглэлээр 2023 оны зургадугаар сарын 16-ны өдрийн хуулиар УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Энэхүү нэмэлт, өөрчлөлтийг 2024 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчилсан байдаг. Мөн 2023 оны долдугаар сарын 7-ны өдөр Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан. Энэхүү хуулийн дагуу нам улсын хэмжээний бодлого дэвшүүлж ажиллах, намын дотоод зохион байгуулалт, үйл ажиллагаа нь ардчилсан зарчимд нийцсэн, хөрөнгө орлогын эх үүсвэр, зарцуулалт нь нийтэд ил тод байх, бодлогын нам болж хөгжихөд нь төрөөс шууд болон шууд бус байдлаар дэмжлэг үзүүлэх зэрэг зарчмын олон өөрчлөлтийг хуульчилсан. Энэхүү нэмэлт, өөрчлөлтийг мөн л ирэх оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн, төрөөс үзүүлэх шууд болон шууд бус дэмжлэг үзүүлэх, намын дотоод зохион байгуулалт бүтэцтэй холбоотой зохион байгуулалтыг 2024 оны УИХ-ын ээлжит сонгуулийн дараа дагаж мөрдөхөөр хуульчилсан. Дээрх хоёр хууль нь үзэл баримтлал, зохицуулалтын хувьд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд шинэ тутам хуульчлагдсан тул хуулийн хэрэгжилтийг хангах бэлтгэлийг бүрэн хангах, сонгогч, иргэд, олон нийтэд хууль тогтоомжид оруулсан өөрчлөлтийн талаарх мэдээлэл, ойлголт өгөх уулзалт сургалтыг өргөн хэмжээнд зохион байгуулах, шаардлагатай хүний болон бусад нөөцийг бүрдүүлэх, бэхжүүлэх нь нэн тэргүүнд зохион байгуулах шаардлагатай үйл ажиллагаа юм. Дээрх хоёр хуулийн хэрэгжилтийг хангах бэлтгэл ажлын төлөвлөгөө”-г баталсан байна. Уг төлөвлөгөөнд үндсэн таван чиглэлийн нийт 27 арга хэмжээ авч ажиллахаар тусгажээ. СЕХ-ны дарга П.Дэлгэрнарангийн мэдээлснээр сонгуулийн тэгш өрсөлдөх боломжийг бүрдүүлэх, сонгогчдод ойлгомжтой, хүртээмжтэй сонгуулийн сурталчилгааны эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулан нэгдсэн самбар ашиглахаар хуульчилсан. Нэгдсэн самбар нь суманд хоёр, аймгийн төвийн суманд тав, нийслэлийн хороонд дөрөв хүртэл хэмжээтэй байх бөгөөд уг самбарыг сум, дүүргийн Засаг дарга бэлтгэж, байршуулах ажлыг зохион байгуулах юм байна. Мөн сонгуулийн тогтолцоо болон УИХ-ын гишүүдийн тооны өөрчлөлттэй холбоотойгоор сонгуульд нэр дэвшигчдийн тоо нэмэгдэнэ. Сонгуулийн тухай хуульд зааснаар нэр дэвшигч 9-11 төрлийн баримт, лавлагааг бүрдүүлдэг. Иймд нэр дэвшигчдийн бүртгэлийн үйл ажиллагааг цахимжуулах, холбогдох лавлагаа, тодорхойлолтыг цахимаар авах боломжийг бүрдүүлэх зорилгоор “Сонгуулийн мэдээллийн нэгдсэн сан” цахим системийг Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд нийцүүлэн хөгжүүлж байна. Энэхүү системээр дамжуулан олон төрлийн бүртгэлийн үйл ажиллагааг цахимаар авах, бүрдүүлэх боломжтой болно. Төрийн үйлчилгээний нэгдсэн систем “И-монголиа”-ийн үйлчилгээний төрөлд нэмэгдсэн бөгөөд 2023 оны орон нутгийн нөхөн болон дахин сонгуулиар системийн туршилтыг амжилттай зохион байгуулсан. Мөн бие даан нэр дэвшигчдийн гарын үсэг зуруулах үйл ажиллагааг “И-монголиа” системээр дамжуулан цахимаар зохион байгуулах техникийн шийдлийг боловсруулан ажиллаж байгааг мэдээллээ.
М.Өнөржаргал
Эх сурвалж: Монголын үнэн сонин №038/24569/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна