С.Энхтайван: Камерыг байнгын ажиллагаатай байлгах нь хамгийн чухал


Чингэлтэй дүүргийн “Нийтлэг үйлчилгээний газар”-ын дарга С.Энхтайвантай ярилцлаа.

 

-Чингэлтэй дүүрэг нийслэлийн төдийгүй улсын хэмжээнд жишиг болохуйц “Камерын хяналтын төв”-тэй болоод жил гаруйн хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд үйл ажиллагаагаа хэрхэн өргөжүүлэв. Жилийн хугацаан дахь үр дүнгээсээ хуваалцана уу?

-Чингэлтэй дүүргийн “Нийтлэг үйлчил­гээний газар” 2022 оны нэгдүгээр сард байгуулагдсан байдаг. Манайх үндсэндээ дүүргийн аж ахуйн чиглэлийн бүх ажлыг хариуцдаг буюу нийтлэг үйлчилгээний арван салбар хамрагддаг. Үүний дээр нэмээд өнгөрсөн оны зургадугаар сард “Камерын хяналтын төв”-ийг хариуцах болсон. Тухайн үед дүүргийн Засаг дарга, ИТХ-ын санаачилгаар “Нийтлэг үйлчилгээний газар”-т “Камерын хяналтын төв”-ийг нэгтгэн байгуулах нь зүйтэй юм байна гэж шийдвэрлэсэн. Үүнээс өмнө дүүргийн камерын хяналт цагдаагийн хэлтсүүдэд байрладаг байсан л даа. Тухайн үед ашиглагч цагдаа талынхан засвар үйлчилгээ зэргээ хариуцдаг байлаа.

Төгсгөл нь VI нүүрт

Одоо цагдаа ашиглагч, “Нийтлэг үйлчилгээний газар” бол засвар, үйлчилгээ, бүрэн бүтэн байдлыг хариуцаж ажилладаг болсон. Камер­жуулалтын ажлыг манайхтай нэгтгэх ажлыг хийх явцад ЦЕГ-т “Ногоон бүс” төсөл орж ирснээр манай дүүргийн удирдлагуудад хам­тарч ажиллах хүсэлт тавьсан. Учир нь манай дүүргийн I хороо буюу Их дэлгүүр орчимд хулгайн гэмт хэрэг маш их гардаг учраас камержуулахад хамгийн тохиромжтой бүс гэж үзсэн. Нэгэнт бид камерын төвийг бие даан байгуулахаар шийдвэрлэсэн учраас хамтрах нь зүйтэй гэж үзээд эхний ээлжид зорилтот хэсэг буюу I хороогоо бүрэн камержуулснаар “Ногоон бүс” болгосон. Ингээд арван­хоёрдугаар сар хүртэл “Ногоон бүс”-ээ бусад хороотой харьцуулж үзэхэд гэмт хэргийн гаралт буурч, илрүүлэлт нэмэгдэх зэргээр эерэг үзүүлэлт гарч эхэлсэн учраас төслийг цаашид дүүргийн хэмжээнд үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр шийдсэн. Байшин хороололд туршилт амжилттай болсон учраас дүүргийн хамгийн том хороо болох гэр хорооллын бүсийн XII, XXI хороог камержуулсан. Гэр хорооллын тухайд газар нутгийн хэмжээ томоос гадна шугам, дэд бүтэц хүрэлцээгүй байдаг. Камер 80 градусын өнцгөөр 60-80 метр урт талбайг хардаг л даа. Багагүй хэмжээний төсөв хөрөнгө шаадлагатай болсон учраас бид тухайн хорооны хоёр оны Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар дээрх хоёр хороог ч мөн камерын хяналтад 70-110 камертайгаар оруулсан. Үүнээс гурван сарын дараа буюу энэ оны гуравдугаар сар гэхэд хотын төвийн зургаан хороог бүрэн камержуулж, “Ногоон бүс” болгосон. Одоогийн байдлаар дүүргийн 24 хорооны 19-д буюу таван хорооноос бусдыг бүхэлд нь камержуулахаар төслүүд” эхлээд 90 хувьтай хэрэгжиж байна. Хороодын газар нутгийн хэмжээнээс хамаараад камерын тоо харилцан адилгүй байдаг. Ямартаа ч одоогоор хороо тус бүрд 30-125 камер суурилуулсан. Жишээлбэл, бид гэр хорооллын бүсийн IX хороонд 110 ширхэг камер суулгахад хангалттай болчихож байгаа юм. Тухайн хорооны бүх газрыг харах боломжтой болсон гэсэн үг. Гэтэл газар нутаг томтой зарим хороонд 125-аас илүүг тавих шаардлага үүсэх жишээтэй. Бид энэ ондоо багтааж дүүргийн хэмжээнд 2000 орчим камертай төв болгохоос гадна программ хангамжийн хувьд ухаалаг смарт болгохоор зорин ажиллаж байна.

-Камер суурилуулахдаа шаард­лагатай цэгүүдийг хэрхэн тодор­хойлдог вэ. Мэргэжлийн хүмүүсийн оролцоо байж таарах болов уу?

-ЦЕГ-аас тодорхойлж өгнө. Гэмт хэрэг ихээр гардаг буюу “хар цэг”-ийг тодорхойлдог программ бий. Түүний тусламжтайгаар цагдаагаас өгсөн мэдээллийг үндэслэж, цэгээ тогтоолгоно. Үүний зэрэгцээ хороодын хэсгийн ахлагч нараас мөн камер суурилуулах шаардлагатай цэгийг заалгаж авдаг. Цагдаа, хэсгийн ахлагч нараас өгсөн цэгийг эхэнд эрэмбэлж, камер суулгана. Камерын хяналтад оруулах шаардлагатай цэгийг ер нь тухайн ойр орчимд амь­дардаг иргэдийн саналд үндэслэх нь илүү үр дүнтэй байдаг.

Камерын хяналтын тусламжтайгаар гэмт хэргийн гаралтыг бууруулж, урьдчилан сэргийлэх үндсэн зорилготойгоос гадна нийтийн хэв журам сахиулахад хүртэл чухал үүрэгтэй байдаг. Гэр хорооллын иргэд зуны цагт угаадас, өвлийн цагт үнсээ гудманд гаргаад асгачихдаг. Хаа сайгүй камер суурилуулчихаар иргэд ч ухамсартай болж байна. Энэ төрлийн гомдол, санал тасардаггүй байсан бол илтэд буурч эхэлсэн.

-Камер суурилуулах нь нэг хэрэг. Нөгөө талд камерын арчилгаа тордлогоо, бүрэн бүтэн байдал гэдэг ямар чухал болохыг бид өнгөрсөн өдрүүдэд хангалттай харлаа, ярилаа. Камерын хэвийн ажиллагаанд ямар байдлаар анхаардаг вэ?

-Тэгэлгүй яах вэ, хамгийн чухал зүйл бол суурилуулсан камерынхаа бүрэн бүтэн байдалд хяналт тавих. Тийм ч учраас бид байнгын хяналттай байлгадаг. Тендерт шалгарсан компаниуд бидний гаргасан ТЭЗҮ, зураг төслийн дагуу камераа байрлуулна. Дараа нь ашиглалтыг ч мөн хариуцдаг. Үүний тулд манай “Нийтлэг үйлчилгээний газар”-т тендерт шалгарсан компаниудын төлөөлөл болон цагдаагийн ажилтнууд тогтмол сууж ажилладаг. Мэдээллийг хурдан шуурхай авахаас гадна эвдрэл гэмтэл гарсан тохиолдолд цаг алдалгүй засварладаг гэсэн үг. Техник л болсон хойно эвдэрч гэмтэх, унтрах тохиолдол гарна. Камерын тоног төхөөрөмжийн тухайд эдэлгээ нь үнэ өртгөөсөө шууд хамаардаг. Тиймээс зардал өндөртэй ажил л даа. Манайхан камержуулаад орхичихдог. Энэ бол маш буруу. Дараагийн арчлалт, засвар­лалт бүгдийг тогтмол хийж явах ёстой. Ингэж байж цогц ажил болно.

-Нэг дүүрэг бүрэн камерын хяналтад оруулж, цаашид хэвийн ажиллагааг хангаж явахад олон талын оролцооноос гадна өртөг өндөртэй юм байна. Энэ бүхнийг хэрхэн зохицуулж байна вэ?

-Камерын зардал өндөр байна гэж шүүмжлээд байдаг. Гэтэл нэг цэгт камер зоогоод орхичихдог юм биш шүү дээ. Жишээлбэл, манай дүүргийн I хороонд суурилуулсан камерыг “Нийтлэг үйлчилгээний газар”-аас хянахын тулд 20-40 свич /switch/ дамжин ирдэг. Эдгээрийг холбосон хатуу дэд бүтэц болох шилэн кабель, цахилгааны утаснууд гэх мэт олон тоног төхөөрөмж маш чухал. Камерын төрлийн хувьд жил бүр л шинэчлэгдэж байгаа. Үүнийг хөрөнгө санхүүгийн боломжтойгоо уялдуулаад жил бүр сайжруулж, шинэчлээд л явах хэрэгтэй. Урсгал зардалдаа шингээгээд апдейт /update/ хийгээд явчихна. Нэг камерын насжилт олон жил байж болно. Гэхдээ элэгдэл хорогдлыг таван жилээр тооцохгүй бол технологийн хоцрогдолд ордог. Тиймээс энэ хугацааг тооцоод дүүргийн төсвөөс дэд бүтэц, сүлжээг байнга сайжруулж явдаг. Өнөөдөр 1G хурдаар дамжуулж байгаа урсгалыг 5 G, 10G болгоод хурдаа нэмэгдүүлээд, мэдээлэл хадгалах багтаамжаа нэмээд улам ухаалаг болгоод явах нь программ хангамжийн асуудал байдаг. Одоогоор камер суурилуулалт үргэлжилж байна. Энэ оны төгсгөл буюу арванхоёрдугаар сар гэхэд дүүргийн хэмжээнд 2000 орчим камерыг суурилуулж дуусахаар төлөвлөсөн. Ингэж суурилуулсны дараа бүх камераа программ хангамжтай болгож ухаалаг болгох ажлыг хийнэ. Ер нь программ хангамж маш чухал. Үйлдлийн системгүй утас, windows-гүй компьютертой адилхан. Үүний адил камерт зориулсан программ хангамж гэж байдаг. Энэ бүхнийг цогцоор хийж байж сая камерын хяналт бүрэн утгаараа хэрэгждэг. Дэлхий нийтэд камерын систем маш өндөр хөгжсөн. Машин техникийн дугаар, царай таньдаг систем ч гэж бий. Тэр бүү хэл, эвдэрсэн камеруудаа алсаас шалгадаг байрлал зүйтэй байх зэргээр программ хангамж маш дэвшилттэй болчихсон. Камеруудаа алсын зайнаас асааж унтраах хүртэл боломжтой болж байна. Хөдөлгөөн мэдрэх ёсгүй байршилд хөдөлгөөн илрээд дохио өгөөд байвал тэнд аливаа хууль бус зүйл болж байхыг үгүйсгэхгүй. Энэ мэтээр программ хангамж маш нарийвчлалтайгаар хөгжиж байгаа энэ үед бид ч бас үүнийг дагаж хөгжих учиртай. Камерын технологийг улам ухаалаг болгохоор зорьж ажиллаж байна. Манайхаас суурилуулж буй камерууд Монголд зарагдаж байгаагаас хамгийн боломжийн өртөгтэй, чанартай, MNS 6423:2019 стандартын шаардлага хангасан, хамгийн сүүлийн үеийнх. Жишээлбэл, одоо суурилуулж буй камеруудыг бид сая БНХАУ-д үйлдвэрт нь очиж танилцахдаа хамгийн сүүлийн үеийнхийг нь үзсэн, улам боловсронгуй болж байгаа юм билээ. Хөрөнгө санхүүг янз бүрээр, олон эх үүсвэрээр л зохицуулж байна. Дүүргийн төсвөөс бүгдийг авах боломжгүй. Тиймээс үндсэн камерууд болон сервер, дэлгэцүүдээ дүүргийн төсвөөс, дэд бүтцийн ажлын санхүүжилтийг гэхэд Орон нутгийн хөгжлийн сангаас шийдвэрлэж байна. “Нийтлэг үйлчилгээний газар”-ын төсвөөс гэхэд шугам татах, төв магистраль шугам дагуу дараагийн ажилдаа бэлтгэх зэргээр төсвөө зарцуулдаг. Ингэж бид камержуулалтын ажлаа дүүргийн хэмжээнд бага зардлаар, их ажлыг цогцоор хийхээр зорьж байна.

-Чингэлтэй дүүрэг бие даасан “Камерын хяналтын нэгдсэн төв”-тэй болсны давуу талыг та ажил хариуцаж байгаа хүний хувьд хэрхэн дүгнэх вэ. Өмнөх шигээ цагдаагийн хэсгүүдэд хэдэн камераар хянах, одоо нэгдсэн төвдөө цогцоор ажиллах хоёрын ялгааг та хэрхэн тодорхойлох вэ?

-Орон нутгийн хөгжлийн сангийн өмнөх жилийн тендерүүдийг харахаар тухайн хороонд 80 сая төгрөг төсөвлөлөө гэхэд тэнд найман камер л суурилуулсан. Эргээд эдгээр камерынхаа хяналтыг буцаагаад цагдаагийн хэсэг рүү татах дэд бүтцэд хамаг төсвөө зарцуулчихсан байх жишээний. Наймхан камерыг 80 сая төгрөгөөр суурилуулдаг байсан бол тухайн хороог нэг бүс болгоод 40 цэг тодорхойлуулж аваад орон нутгийн төсвийн хөрөнгөөр тэндээ суурилуулаад явчихаар бага зардлаар, олон камер суурилуулах буюу олон ажлыг цогцоор нь хийх боломжтой болчихож байгаа юм. Тоон дүнгээр илэрхийлбэл 10 төгрөгөөр хийх ажлыг бид нэг төгрөгөөр хийдэг болсон. Ингэж хөрөнгө мөнгөний хувьд зөв зохион байгуулалтад оруулсан. Хоёрдугаарт, хүмүүсийн байнгын шаардаж байдаг асуудал болох камерын гаралт чанарын шаардлага хангахгүй, зарим нь ажиллахгүй байна гэх мэт гомдол бараг байхгүй болсон. Манай дүүргийн хэмжээний камерууд 90-95 хувийн гаралттай байна. Гэхдээ мэдээж тог тасрах, гэмтэл гарах тохиолдол гарна. Тухай бүрд засаж янзлаад явчихдаг. Гуравдугаарт, серверийн системээр шийдсэн учраас программ хангажаа ойр ойрхон шинэчлээд сүүлийн үеийн программаар илүү дэвшилтэт болгоод явчихаж байна. Энэ бол нэг том давуу тал. Нөгөөтэйгүүр дэд бүтцийн хувьд бэхэжсэн гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл, камераа шинэчлэх шаардлагатай болоход дэд бүтэц гэхгүйгээр зөвхөн камераа шинэчлээд солиод явах нь байна шүү дээ. Нэг хороонд суурилуулсан 125 камераа 145 болгоё гэхэд нэмэлтээр маш бага зардал гаргах хэмжээнд хүргэсэн буюу найдвартай дэд бүтэцтэй болсноороо давуу талтай. Энэ мэтээр камерын төвийг нэгдсэн байдлаар байгуулсны ач холбогдол маш олон.

-Камержуулалтын төвийн ажил үндсэндээ жигдэрчээ. Гэхдээ та бүхнээс хамаарахгүйгээр ажилд саад учрах, хүндрэл үүсгэх асуудал бий юү?

-Ажил үндсэндээ жигдэрсэн, бид цаашид дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхах дараагийн алхмаа хийхээр төлөвлөөд байна. Энэ ажил саадгүй үргэлжлэхэд ганц асуудал үүсээд байгаа нь тендер. Маш их хугацаа алддаг. Тендерийг худалдан авах ажиллагаа зохион байгуулдаг. Гэтэл тухайн тендерийн ТЭЗҮ-г боловсруулдаг хүн нь нэг төрийн албан хаагч байдаг. Камераар мэргэшсэн хүн биш учраас энгийн системээр тендер зарлачихаар дараа дараачийн шат дамжлага нь хүндрэлтэй болчихоод байдаг. Тендерийн тухай хуулиар үнийн дүн нь 100-гаас дээш болчихоор нээлттэй тендер болчихдог. Ингэж зарлаад сар, үнэлгээ хийгээд арав гаруй хоног гэж явсаар 40 гаруй хоночихдог. Болоогүй, ялагдсан нь ялсандаа гомдол гаргачихдаг. Өнөөх гомдлыг шийдвэрлэх гэсээр 60 хоног, сүүлдээ алийг нь ч хэрэгсэхгүй болгоод дахин тендер зарлаад 40 гаруй хоног. Ингээд 365 хоногийн талаас илүүг үр дүнгүй өнгөрүүлчих жишээний. Түүнээс бага зардлаар, цогц ажил хийе гэвэл хаа газар боломж бүрэн бий.

-Тэгэхээр үүнийг хэрхэн шийд­вэрлэх ёстой юм бэ?

-Гаднын орнуудад төсөл шалга­руулаад ажлаа хийгээд явчихдаг. Ямар ажлыг, хэдий хугацаанд, хэчнээн төгрөгийн төсөв хөрөнгөөр хийж гүйцэтгэх вэ гэдгийг тодорхой бичээд ороод ирдэг. Тэдгээрээс харж байгаад хамгийн боломжит төслийг сонгодог. Ийм жишигт шилжихгүй бол хамаг цаг хугацаагаа бид үр ашиггүй өнгөрүүлсэн байдалтай байсаар байна. Гэхдээ яахав бидний хувьд багагүй туршлага хуримтлуулчихсан учраас тендерийг жижиглэж зарладаг. Том дүнгээр биш хороо тус бүрээр зарлаж байж арай бага хугацаа зарцуулж байна. Ингээд явчихаар тендерт оролцогчдод бүх зүйл ойлгомжтой болдог. Хэдэн метр шилэн кабель татах, хэдэн цэгт камер суурилуулах, ямар конвертер, свич /switch/ байх, тэдгээрийг яаж холбох, хайрцаг нь ямар байх вэ гэдгийг хүртэл нарийн заагаад өгчихдөг. Тиймээс орж ирэх компаниуд бүх талаа харж байгаад манай тендерт оролцдог. Бид ингэж нарийвчилсан байдлаар тендерээ зарлаж явдаг учраас арай нэг уначихгүй яваад байгаа юм. Ер нь цаашдаа энэ тухайд оновчтой шийдэл шаардлагатай.

-Чингэлтэй дүүргийг “Ногоон бүс” болгох зорилгоор камер­жуу­лалтын ажлыг эхлүүлсэн. Анх зорьсныхоо дагуу ажлаа үргэлж­лүүлж чадаж байна уу?

-Энэ ажлыг бид зургаан сарын хугацаа­тайгаар, дөрвөн үе шат­тайгаар нийт хоёр жилийн хугацаанд хийж хэрэгжүүллээ. Эхний ээлжид цагдаагийн хэлтэст байрлаж байсан хяналтын төвийг нүүлгэж, “Нийтлэг үйлчилгээний газар”-т байршуулснаар, “Камерын хяналтын нэгдсэн төв”-ийг бай­гуулсан. Дараа нь I, II, XII хороог “Ногоон бүс” болгоё гэсэн, түүн­дээ хүрсэн. Дараа нь программ хангамжаа сайжруулъя гэсэн, түүндээ хүрсэн. Одоо бид дүүргийн хэмжээний 19 хороогоо 2000 камертай болгохоор ажиллаж байна. Дөрөвдүгээр шатанд бид программ хангамжаа сайжруулахын зэрэгцээ автомашины дугаар болон царай таних камерынхаа тоог олшруулна. Улмаар ухаалаг систем нэвтрүүлэх буюу хүнээс хамааралгүйгээр зөрчил гэмтэл бүртгэж, илрүүлдэг камеруудтай болохоор зорин ажиллаж байна. Одоогийн бид аав ээжийнхээ байгуулсан нийгмийн үр шимийг хүртэж яваа улс. Харин өнөөдрийн бидний бүтээсэн нийгэмд бидний үр хүүхдүүд амьдарна. Манай “Нийтлэг үйлчилгээний газар”-ынхан, тэр дундаа “Камерын хяналтын төв”-д ажилладаг бүх залуус ийм л сэтгэлээр ажилдаа ханддаг. Чингэлтэй дүүргийг бүрэн камержуулахын төлөө оролцогч бүх байгууллага нэг сэтгэлээр ажилладаг. Бид бол “Зөв хүний үйлдэл нүднээс далд ч зөв байдаг” гэдэг ганц үгнээс болж бүтэхгүй, хууль бус бүхнээс сэргийлдэг гэхэд хилсдэхгүй. Гэтэл гаднын улсууд тухайн иргэнийг зөв байхаас аргагүй нөхцөлийг бүрдүүлдэг буюу бүрэн камержуулчихаж байна. Таныг нийгэм харж байгаа шүү, та болон таны хийж буй үйлдэл зөв байх ёстой шүү, үүний тулд таны үйлдэл бүхэн бичигдэж байгаа шүү гэдгийг илтгээд камерын бүрэн хяналттай болчихсон. Ингэж иргэдээ гэмт хэрэг, зөрчил гаргах сэдэлгүй болгож, ухамсарт нь суулгаж өгч байна. Тиймээс камержуулалтын тоог улсын хэмжээнд нэмэгдүүлэх шаардлагатай. Нөгөө талаас камержуулалтыг иргэдээ хянаж мөрдөж байна гэж хардах хандлага бас байдаг. Ингэж хүлээж авахаас илүү миний үйлдэл зөв байх нь чухал гэх сэдлийг суулгаж өгөх хэрэгтэй. Сайн бол сайнаараа, муу бол муугаараа мөр тань үлдэх нь байна шүү дээ.

М.Өнөржаргал

Эх сурвалж: Монголын үнэн сонин №038/24569/ 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2024/11/22
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 2024/11/22
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 2024/11/22
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 2024/11/22
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 2024/11/22
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 2024/11/22
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 2024/11/22
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 2024/11/22
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 2024/11/22
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 2024/11/22
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 2024/11/22