Авгай шар наран таатайгаар ээж, аймаг орон нутаг хаа сайгүй дулаахан, урт намар үргэлжилж, тэнгэр хангай ивээж байгаа дээр тариа будаагаа хураах гэсэн хүмүүс тун ч завгүй байна. Намрын чуулган эхлээд хэдхэн хонож байгаа ч улс төрийн уур амьсгал харин ширүүн, том хуулиудад өөрчлөлт оруулах, хүүхдийн эсрэг гэмт хэргийн ялыг чангатгах, гэр бүлийн шүүх байгуулах асуудал өнгөрсөн долоо хоногт яригдаж, төсөв мөнгө төрийн түшээдийн анхаарлыг татсан долоо хоног өнгөрч байна.
Ирэх жилээс эхлэн Монгол Улс УИХ-ын 126 гишүүнтэй болно. Гишүүдийн тоо нэмэгдэж байгаа учраас сандал ширээ, өрөө тасалгааг ч нэмэх ёстой болж, Төрийн ордны засвар үйлчилгээнд зориулан 12 тэрбум төгрөг хуваарилснаа Сангийн сайд мэдэгдэж, УИХ-ын дарга Г.Занданшатар Лаос улс 50 ширээ бэлэглэхээр болсныг баяртайгаар дуулгав. Гэтэл АН-ынхан “УИХ-ын гишүүдэд сандал ширээ гуйж авлаа” гээд бөөн шүүмжлэл өрнүүлэв. Тэдний үзэж байгаагаар Лаосын УИХ-ын даргын бэлэгнээс татгалзаж Монгол Улс төсвөөс мөнгө гаргаж ширээ сандал авах байсан бололтой. Саарал ордонд сандал ширээний хэрүүл босож байх зуур цахим орчинд сархдын маргаан дэгдлээ. Хууль зүйн сайдын ажлыг аваад удаагүй байгаа Б.Энхбаяр “Согтуугаар жолоо барих явдлыг гэмт хэрэгт тооцож оноох шийтгэлийг чангаруулна” хэмээн мэдэгдсэн нь иргэдийг бухимдуулсан хэрэг. Жилээс жилд согтуу жолооч нарын балгаар нас барсан, хохирсон иргэдийн тоо нэмэгдэж байгаа ч согтуугаар жолоо барьдаг хүмүүсийг өмөөрөх улс цөөнгүй байна.
Өнгөрсөн долоо хоногт Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн хугацаанд гүйцэтгэсэн ажлын талаар мэдээлэл сонслоо. “Эрдэнэс-Тавантолгой” ХК-д өнгөрсөн 2022 оны аравдугаар сарын 26-ны өдрөөс эхлэн онцгой дэглэм тогтоосон. Энэ хугацаанд Монгол Улс нийтдээ 48.9 сая тонн нүүрс экспортод гаргаад байгаагийн 42 хувь буюу 20.6 сая тонн нүүрсийг нь тус компани дангаараа экспортолжээ. Монголын хөрөнгийн биржээр нийт 50 удаагийн арилжааг амжилттай зохион байгуулж, 726.9 сая ам.долларын үнэлгээтэй, 5,958.4 мянган тонн нүүрс арилжиж, 278.6 сая ам.долларын нэмэлт орлого олсон байна. Онц байдал тогтоох үед “Эрдэнэс Тавантолгой” ХК 4.3 их наяд төгрөгийн өртэй байсныг хоёр их наядаар бууруулжээ. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны 14 хувийг Монголын иргэд эзэмшдэг. Тус компани 2022 оны жилийн эцсээр 1.2 их наяд төгрөгийн ашигтай ажилласан. Энэ ашгийг 2.5 сая иргэнд хуваарилахад нэг иргэнд 115 мянган төгрөг ногдох тооцоо гарсан байна. Гэхдээ энэ удаагийн ашгийг хувааж авах уу, аль эсвэл баяжуулах үйлдвэр, төмөр замаа барих уу гэсэн асуулт тулгарч байна. Ногдол ашиг тарааснаас илүү төмөр замаа холбоод, баяжуулах үйлдвэр, угаах үйлдвэрээ ашиглалтад оруулаад авах юм бол нэг тонн нүүрснээс нэмэлтээр 70 гаруй ам.доллар нэмэгдэж орно гэдэг тооцоог эдийн засагчид гаргажээ. Өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд найрамдах Франц улсад төрийн айлчлал хийхээр эх орноосоо мордлоо. Франц улсын хувьд Монголын газрын ховор элемент, ураныг сонирхож байгаагаа илэрхийлсэн. Тиймээс Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр нааштай шийд гарах байх гэсэн хүлээлт их байгаа.
Сайдын суудлаа өгч, УИХ-ын гишүүнээсээ татгалзан хотын даргаар томилогдож байгаа Х.Нямбаатар Нүүрсний хянан шалгах түр хорооны даргаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгч, түүний оронд Хуул зүйн сайд Б.Энхбаярыг дэмжиж түр хорооны даргаар томиллоо. Х.Нямбаатарын хувьд маш олон ажлын хэсэг, түр хороог ахалж байсан. Тиймээс өөрийн хариуцаж байсан ажлуудаа шинэ сайдад хүлээлгэж өгөх гээд завгүй байгаа бололтой.
Сар бүр л НӨАТ-ын хоёр хувийг нэмэгдүүлэх тухай яриа гардаг. Тэгвэл энэ удаа нааштай шийдвэр гарах боломжтой байгааг УИХ-ын дарга мэдэгдлээ. НӨАТ-ын буцаан олголтыг таван хувь болгох МУХАҮТ болон CEO клубээс гаргасан саналыг Сангийн яаманд өгч, төсвийн тооцоолол макро эдийн засгийн тооцоололтой уялдуулсан мэтгэлцээн зохион байгуулах гэж байгаа юм байна.
Сайншандаас алга болж нас барсан байдалтай олдсон охины хэрэг нийт монголчуудыг түгшээсэн. Ерөнхий сайд хүүхдийн эсрэг гэмт хэргийн ялыг чангатгах хуулийн төсөл боловсруулахыг Хууль зүйн сайд Б.Энхбаярт үүрэг болгосон. Үүний дагуу бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг 20-30 жил болгож, өршөөл үзүүлэхгүй гэдэг хуулийн заалтыг Эрүүгийн хуулинд оруулахаар болж байна. 1984 онд Эрүүгийн хуулийг шинэчлэн батлахдаа бага насны хүүхэд гэдэгт 14 нас хүртэлх насны хүүхдийг оруулсан байдаг юм байна. Тэгвэл энэ удаа бага насны хүүхдийн насны хязгаарыг 16 болгож нэмэгдүүлсэн байна. Мөн мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулсан Албан үүргийн дагуу олж мэдсэн алба хаагч, ажилтан мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулсан хүнийг нэгээс таван жил хүртэл хорих ялаар шийтгэхээр болж байна. Үүнээс гадна Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрыг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар болгон өөрчиллөө. Засгийн газар авлига, албан тушаалын гэмт хэрэгтнүүдтэй тэмцэх, ял шийтгэлийг хүндрүүлнэ гэж ярьж байгаа ч энэ ажил шүүх төдийлөн хэрэгжүүлэхгүй байгаад иргэд бухимдав. “Улаанбаатар төмөр зам”-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч даргаар ажиллаж байсан С.Батдөлд гэрээс нь олдсон долоон тэрбум төгрөгт үндэслэн яллаж, нийтийн албанд томилогдох эрх хасах ялыг долоон жилийн хугацаагаар мөн 12 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн билээ. Тэрбээр өнгөрсөн наймдугаар сард Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд давж заалдах гомдол гаргасан байдаг. Тэгвэл нийслэлийн Давж заалдах шатны шүүх дээр түүний гомдлыг хэлэлцэж, 12 жилийн хорих ялаас нь хоёр жилийг хасаж шийдвэрлэсэнд бухимдах хүмүүс цөөнгүй байна.
Б.Нүүдэл
Эх сурвалж: Монголын үнэн сонин №038/24569/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна