Катар улсын Доха хотноо хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн анх удаа болоход 24 хоног үлджээ. Нэр хүнд, цар хүрээгээрээ цэнхэр гаргийн хамгийн алдартай спортын тэмцээн энэ удаа өвөл болж буйгаараа онцлогтой. Монголын хөлбөмбөгийн үнэнч фанатууд задгай асарт, задгай шар айраг сөгнөн үздэг хэв маяг нэг удаа өөрчлөгдөх нь ээ. Катарын зуны аагим халуунаас зугтааж, өвөл эхлэх энэ удаагийн дэлхийн аварга олон зүйлээрээ таван тивийн найман тэрбум хүний анхаарлыг татаж байна. Тэмцээнийг дэлхий даяар таван тэрбум хүн үзнэ гэсэн тооцоо гарчээ. ДАШТ-д сүүлийн үеийн залуу оддоос гадна өнөө цагийн хөлбөмбөгийн чимэг болсон Бензема, Месси, Роналду тэргүүтэн анхаарал татаж буй. Хэдхэн хоногийн өмнө “Алтан бөмбөг”-ийн эзэн болсон Бензема замналынхаа сүүлчийн ДАШТ-д “Алтан дагина” өргөж чадах уу. Месси мөрөөдлийнхөө цомыг өргөх үү. Дэлхий дээр хамгийн олон фанаттай хөлбөмбөгчдийн хувьд шигшээ багийнхаа өмсгөлтэйгөөр сүүлчийн удаа ДАШТ-д өрсөлдөж ч мэдэх юм. Тиймээс дэлхийн аваргад оролцох онцлох тамирчдыг нэрлэе.
Лионель Месси
(Аргентин)
Нэн тэргүүнд анхаарал татах хүн бол Месси. Өдгөө 35 настай түүний хувьд 22 дахь удаагийн ДАШТ хамгийн сүүлчийнх нь байх магадлал өндөр. Жижиг биетэй хэрнээ онцгой авьяастай Мессид хөлбөмбөгийн 22 жилийн замналдаа авч үзээгүй цор ганц цом байгаа нь “Алтан Дагина” юм. Залуучуудын ДАШТ түрүүлж, олимпод хүртэл алтан медаль хүртсэн тэрбээр 2006 онд анх удаа насанд хүрэгчдийн ДАШТ-д өрсөлдөх Аргентины шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаж байлаа. Тэр Залуучуудын ДАШТ-д түрүүлээд зогсохгүй мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлж, шилдэг тоглогчийн шагнал хүртэж байсан юм. 2006 оноос насанд хүрэгчдийн ДАШТ-д өрсөлдсөн Аргентины шигшээгийн өмсгөлтэй талбайд гарсан тэрбээр 2010 онд шөвгийн наймд, 2014 онд харин аз дутсан. ДАШТ-д түрүүлэх магадлал хамгийн өндөр зургаан багийн нэг нь Аргентин гэдгийг мэргэжилтнүүд тодотгож байгаа юм. Мессигийн амжилтуудыг дэлгэрэнгүй хүргэх нь илүүц биз. Түүнийг мэдэхгүй, амжилтыг нь гадарлахгүй хөлбөмбөг сонирхогч байхгүй. Клубийн хэмжээнд аваргуудын лиг, супер цом, Түүнд Испанийн аварга, Испанийн супер цом, Клубүүдийн дэлхийн аварга, шигшээд олимпын аварга, U-20 насны дэлхийн аварга гэх мэтээр өргөж үзээгүй цом ховор. Харин 20 гаруй жилийн замналдаа ДАШТ-д түрүүлж үзэх нь түүний мөрөөдөл.
Криштиан Роналду
(Португал)
Өнөө цагийн хөлбөмбөгийн үнэнч фанатууд Месси, Роналдугийн эрин үед амьдарч буйгаараа азтай. Хөлбөмбөгтэй холбоотой бүхий л шагналыг түүсэн хэрнээ хоёулаа “Алтан Дагина” өргөж үзээгүй гэж бодохоор харамсалтай. Тэд дэлхийн хөлбөмбөгийг шашин шиг талцуулж, эцэс төгсгөлгүй маргаан, мэтгэлцээн үүсгэж чаддагаараа онцлогтой. Тэгвэл Роналду Португалын залуустайгаа хамт замналынхаа сүүлчийн ДАШТ-д оролцох нь. Өдгөө 37 настай тэрбээр таван удаа дэлхийн аваргад оролцсон ч зорилгоо биелүүлж чадаагүй. Роналдуд дэлхийн аваргын алтан цом л дутуу байна. Хэрвээ Катарт түрүүлж чадвал тэр хөлбөмбөгийн нэр хүндтэй бүхий л тэмцээний цомын иж бүрдэлтэй болно гэсэн үг. Гэхдээ нэг асуудал байгаа нь “Манчестер Юнайтед” дахь түүний нөхцөл байдал тааруу байна. Дэлхийн аваргын тэмцээн ойртож байгаа ч тэр формдоо ороогүй хэвээр байгаа нь фанатуудынх нь санааг чилээсэн хэвээр. Месси, Роналду хоёр өөр багт, хоёр өөр улсын иргэн учраас хамтдаа цом өргөх боломжгүй. Харин хэн нь цом өргөх бол гэдэг нь хөлбөмбөгийн фанатуудын анхаарлыг татаж буй. Хоёулаа ч цомгүй гэртээ харьж магадгүй. Гэхдээ л дээрх хоёр тоглогчийн нэг нь л цомтой хариасай.
Б.Мөнхзул
Эх сурвалж: Монголын үнэн сонин №042/24523/