Уламжлалыг шинэчлэх процесс бүх шатанд өрнөж буй. Тэр дундаа төрийн түвшинд ийм шилжилтийг салбар бүрд өрнүүлж эхэлсэн. Дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхах, технологийн дэвшлийг амьдралд нэвтрүүлэх нь олон талын ач холбогдолтой хэмээн УИХ, Засгийн газрын түвшинд үзэх болсон. Тийм ч учраас төрийн эрх барих үйл хэрэгт иргэдийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд бүхий л талын боломжийг бүрдүүлсээр байгаа юм. Үүний хамгийн том жишээ нь “D- parliament” платформын хүрээнд иргэдийн төрийн хэрэгт шууд оролцох боломжийг бүрдүүлснээ зарлалаа. Тодруулбал, дээрх платформд “D- өргөдөл” буюу нийтийн өргөдөл хүлээн авах системийг нэвтрүүлснээр иргэд асуулт асууж, саналаа өгөх боломжтой болж байгаа юм. Үүний дагуу эхний санал асуулгыг энэ сарын 17-нд эхлүүллээ. Өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сард УИХ-аас нээсэн “D-Parliament“ цахим системийг нээсэн бөгөөд улам боловсронгуй болгож, цахим өргөдлийн системийг ийнхүү иргэдэд хүргэж байгаа юм. Ингэснээр иргэд, олон нийт төрийн үйл хэрэгт оролцох, тэнд санал бодлоо илэрхийлэх алхам бодит болж, аливаа санал гаргахаас авахуулаад өргөдөл гаргах боломжтой болж байна. Энэ нь эргээд хууль тогтоогчдод хүрнэ гэсэн үг юм. Үүний тулд иргэд “D-Parliament” цахим системд нэвтэрч, өргөдлөө “D-өргөдөл” системд илгээхэд хангалттай. Энэхүү цэсийг ажиллуулж эхэлснээр иргэд нийгэмд байгаа шүүмжлэлтэй асуудлыг шийдвэрлэхэд өөрийн хувь нэмрийг оруулах, хууль тогтоогчдод хүргэх боломжтой. Гагцхүү өргөдөл, санал бодол тань хууль тогтоомжид заасан тодорхой тооны иргэний дэмжлэгийг авсан байх учиртай. Тодруулбал, иргэдийн зүгээс гаргасан санал, гомдлыг төрийн түвшинд хэлэлцэхийн тулд хуульд заасан босго гэж бий. Жишээлбэл, “D-өргөдөл”-ийн системийг нээснээр эхний санал асуулга нэмэгдсэн өртгийн албан татвар /НӨАТ/ хоёр хувь байсныг тав болгон нэмэгдүүлэх эсэх асуудал. Энэ тохиолдолд дээрх системд хандан таван хувь болгох нь зүйтэй гэх саналыг 33 мянган иргэн өгвөл УИХ-аас энэ асуудлаар Ажлын хэсэг байгуулна. Харин 70 мянган иргэн санал өгвөл Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хяналт, шалгалт явуулах буюу Түр хороо байгуулах юм. Улмаар 100 мянгад хүрвэл УИХ хэлэлцэн шийдвэрлэх буюу хууль тогтоогчдын зүгээс хуулийн төсөл боловсруулах боломж бүрдэх юм. “D-өргөдөл” системд “Нэмэгдсэн өртгийн албан татвар /НӨАТ/-ын буцаан олголтын хувийг нэмэгдүүлэх замаар өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй холбоотойгоор иргэдэд ирж буй үнийн дарамт, ядуурлыг бууруулах, нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн тооны өсөлтийг нэмэгдүүлэх, улмаар далд эдийн засгийг бууруулах боломжтой гэж үзэж байна. Иймд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулж, нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтыг 5 хувиас доошгүй байхаар тогтоох санал гаргаж байна. Дэмжиж өгнө үү” гэсэн санал асуулга 30 хоногийн хугацаатай цахим системд нээлттэй байршина. НӨАТ-ын хувийг нэмэгдүүлэх эсэх саналын тухайд энэ сарын 17-нд эхэлсэн бөгөөд ирэх сарын 17-ныг дуустал нээлттэй байрших учраас хүссэн хүн бүр саналаа өгөх боломжтой юм. Дэлхийн улс орнуудад нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголт нь татварын урамшуулал гэдэг ойлголтод хамаардаг тул ерөнхий утгаараа тухайн орны татварын тогтолцоо, тодорхой төрлийн татвар, эдийн засгийн үр нөлөөг дээшлүүлэх, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээ гэж үздэг.
Ингэснээр иргэний өгсөн өргөдөл, санал бүхэн тоологдож, нэмэгдсээр тодорхой үр дүнд хүрнэ гэсэн үг юм. Ингэж иргэд төрийн үйл хэрэгт буюу хууль санаачлахад өөрийн биеэр оролцож, саналаа нэмэрлэх боломжийг бүрдүүллээ. Энэ бол Үндсэн хуульд заасан “Засгийн бүх эрх мэдэл ард түмний мэдэлд байна” гэсэн заалтыг хэрэгжүүлэх бодит алхам гэдгийг УИХ-ын дарга Г.Занданшатар онцолсон. Түүнчлэн тэрбээр “Дэлхийн хөгжлийн чиг хандлагаас монголчууд бид хоцрох ёсгүй. Ардчилал, шударга ёсны төлөө иргэн бүр засаглах эрхээ технологийн дэвшлийг ашиглан үнэ цэнтэй бас ухаалаг эдлэх учиртай” хэмээн тодотгосон.
УИХ-аас ардчилсан, ил тод, цахим, зөвлөлдөх парламентыг бий болгох зорилгоор “D-Parliament” платформыг 2022 онд нээсэн байдаг. Энэхүү платформыг өргөжүүлэх ажлын хүрээнд УИХ-ын бүрэн эрхэд хамаарах тодорхой асуудлыг шийдвэрлүүлэх иргэний саналыг хүлээн авах “D-Өргөдөл” буюу “Нийтийн цахим өргөдөл, гомдлын систем”-ийг хөгжүүлээд байгаа нь энэ юм. Тус системээр дамжуулан иргэн нийтийн өргөдөл санаачлах болон нийтийн өргөдлийг дэмжиж санал өгөх боломжтой болж байгаа юм. Монгол Улсын Үндсэн хуулийн гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу “Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлах эрхтэй”. Уг эрхээ эдлэхдээ тодорхой асуудлыг шийдвэрлүүлэх талаар асуулт асуух, санал өгөх эрхээ УИХ-ын албан ёсны цахим системээр дамжуулан хэрэгжүүлж болохоор Монгол Улсын Их Хурлын тухай хуульд заасан байдаг. Эдгээр хуульд заасны Монгол Улсын 18 насанд хүрсэн иргэн “D-Өргөдөл” буюу “Нийтийн цахим өргөдөл, гомдлын систем”-д “ДАН” системээр эсвэл цахим гарын үсгээр баталгаажуулан нэвтэрнэ. Иргэн тус системээр дамжуулан тодорхой асуудлаар Ажлын хэсэг байгуулах, Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хяналт шалгалт явуулах, хуулийн төслийн талаар санал гаргаж болно. Ингэхдээ тухайн иргэн тодорхой өргөдөл санал дээр зөвхөн нэг удаа санал өгөх боломжтой. Тус систем дээр иргэний гаргасан санал “Цахим систем ашиглан иргэдийн оролцоог хангах, санал авах журам”-ын 3.4-д заасны дагуу сэдэв бичих, үндэслэл, тайлбар бичих, ёс бус үг хэллэг хэрэглэхгүй байх шаардлагыг хангасан байх ёстой. Санал авах үйл ажиллагааны техник, зохион байгуулалтыг УИХ-ын Тамгын газар хариуцан ажиллах бөгөөд санал авах үйл ажиллагааны үр дүнг ажлын гурав хоногт багтаан УИХ-ын даргад хүргүүлнэ. Шаардлага хангасан саналыг ээлжит чуулганы үеэр 14 хоногийн дотор, ээлжит чуулганы чөлөө цагт ээлжит болон ээлжит бус чуулган эхэлснээс хойш 10 хоногийн дотор харьяалах Байнгын хороо хэлэлцэж, холбогдох шийдвэрийг гаргана. Харин хуулийн төслийн талаарх саналыг 100 мянга ба түүнээс дээш тооны иргэн дэмжсэн бол УИХ-ын дарга уг асуудлаар чуулганы нэгдсэн хуралдаанд мэдээлж, харьяалах Байнгын хороонд шилжүүлэх юм. Улмаар иргэний гаргасан нийтийн өргөдлийг хүлээн авах харилцааг УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны 2023 оны нэгдүгээр тогтоолоор батлагдсан “Цахим систем ашиглан иргэдийн оролцоог хангах, санал авах журам”-аар зохицуулах бөгөөд энэ журмын 2.2-т “Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолд заналхийлсэн, хүний эрх, эрх чөлөөг хязгаарласан, түүнд илтэд халдсан асуудлаар иргэн санал гаргах, иргэдээс санал авахыг хориглоно”, 2.3-т “Нэг саналд өөр хоорондоо хамааралгүй хэд хэдэн асуудал тусгахыг хориглоно” хэмээн заасан байдаг.
М.Өнөржаргал
Эх сурвалж: Монголын үнэн сонин №039/24570/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна