Монголын маргаашийг зүрх, тархиндаа тээж яваа залуучуудын байгууллагыг энэ удаагийн дугаарт онцолж байна. Энэ бол нийслэлийн есөн дүүрэг, 21 аймагт салбар зөвлөлтэй, үндэсний хэмжээний залуучуудын хамгийн том байгууллага болох СДМЗХ. Үзэл бодол, хүсэл зорилгоороо нэгдсэн 45 мянган залууг эгнээндээ нэгтгэсэн социал демократ залуучууд шинэ үе, шинэ зууны хөгжлийг хэрхэн тодорхойлж байна вэ. Үүний тулд тэд юуг санаачилж, хэрхэн ажиллаж байна вэ. Энэ тухайд бид багц мэдээллийг бэлтгэлээ.
Тэртээх 1997 он буюу 26 жилийн өмнө Монголын ардчилсан социалист залуучуудын холбоо (НАМЗХ)-г үүсгэн байгуулсан тэр цаг үеэс өнөөдрийн СДМЗХ-ны түүх эхэлнэ. МАН-д шинэ хандлага, шинэ өөрчлөлтийг авчрахаар нэгдэж байсан залуучуудын байгууллага түүхэн хөгжлийнхөө шат бүрд шилжилтийн шинэчлэлийг амжилттай хийж ирсэн байдаг. Тухайлбал, 2010 онд социалист гэх нэр томьёоноос татгалзан нэрээ өөрчилснөөр Нийгмийн ардчилал, Монголын залуучуудын холбоо (НАМЗХ) болж байв. Харин энэ цаг үед социал демократ үзэл баримтлалыг илүү тодорхойлж, нийгмийн тэгш боломжийг бүрдүүлэн, чинээлэг дундаж давхаргыг дэмжих хүн төвтэй үзэл баримтлалыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх нь зүйтэй гэж үзсэн байдаг. Энэ ч утгаараа СДМЗХ-ныхон өнгөрсөн онд Их хурлаа хийснээр цаашид хүн төвтэй хөгжлийн бодлого хэрэгжүүлэхээ тодорхойлон зарласан юм.
Тодруулбал, өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 5-нд ээлжит их хурлаа зохион байгуулснаар Нийгмийн ардчилал, Монголын залуучуудын холбоо /НАМЗХ/ нэрээ өөрчлөн Социал демократ Монголын залуучуудын холбоо /СДМЗХ/ болсон. Тэртээх он жилүүдэд нийгмийн өөрчлөлт, шинэчлэлтэд гар бие оролцох хүсэл зорилго, үзэл санаан дор нэгдсэн залуучуудын зарчмыг өнөө үеийнхэн нь алдалгүй баримталж явна. Өөрсдийн үзэл бодол итгэл үнэмшил, улс орны нийтлэг эрх ашгийн төлөө нэгдэн ажиллах эв санааны нэгдэл юу юунаас чухал буйг эрхэмлэн, бодлогод суурилсан дэвшилтэт холбоо болох зорилт руугаа ийнхүү амжилттай шилжсэн билээ. Нийгэм, цаг үеийн өөрчлөлтийг хамгийн соргогоор мэдэрч, түүчээлж явдаг бүлгийнхэн бол яах аргагүй залуучууд. Ингэж баян, ядуугийн заагийг арилгаж, иргэд тэгш эрхтэй, чанартай, хүртээмжтэй нийгмийн дунд давхаргыг бүрдүүлэх зорилгоор тэд ийнхүү социал демократ үзэл баримтлалыг нэрэндээ шингээн тодотгосон юм. Социал демократ залуучууд нийгэмдээ тэгш боломжийг олгохын төлөө, эрх чөлөө, шударга ёс, эв нэгдлийн суурь зарчмаа хүндэтгэж, энэхүү үзэл баримтлалыг үндэстэн даяар түгээн дэлгэрүүлж, нийтийн өөрчлөлт шинэчлэлтийг хийх салбар бүрийн реформ шинэчлэлийг манлайлж, шинэ үеийн залуучуудын дуу хоолойг төр засгийн бодлого шийдвэрт тусгуулан, чинээлэг дундаж давхаргыг бий болгох үзэл баримтлалын жимээр хамтдаа алхаж буй. 2019 онд НАМЗХ-ны VI Их хурлаар Ерөнхийлөгчөөр сонгогдсон Н.Учралын болон түүний баг хамт олны хувьд манай улсын хүн амын гуравны нэг буюу 32 хувийг бүрдүүлдэг 35 хүртэлх насны залуучуудын нийгэм дэх оролцоог нэмэгдүүлэх, амьдралын чанарыг сайжруулах чиглэлд голлон анхаарах учиртайг үг, үйлдлээрээ бататгадаг юм. Н.Учрал “СДМЗХ бол бодлогын залуучуудын нийгэмлэг байна” хэмээн нэгэнтээ тодорхойлсон. Энэ ч үүднээс тэрбээр “Аливаа асуудалд ул суурьтай хандах, нэгдмэл үнэт зүйл, эе эвээ эрхэмлэх. Залуучуудаа хөгжүүлэх, дэмжих, уламжлал, шинэчлэлийг технологийн хөгжилтэй хослуулж, ондоошлын дархлаатай байх, дэлхий нийттэй хөл нийлүүлэх боломжийг бүрдүүлэхийн төлөөх алсын бодлогыг баримтлан, төр, намын бодлогын хүрээнд үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж ирсэн” гэдгийг өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сард зохион байгуулсан ээлжит бус Их хурлын үеэр тавьсан “Шинэ үе-шинэ сэргэлт” илтгэлдээ тодотгож байв. Түүний хувьд залуучуудын холбоог тэргүүлэх болсноор залуучуудын салбарт үүссэн хүндрэл бэрхшээл, тулгамдсан асуудлыг ярилцаж шийдэл гаргадаг, өөрсдөө төсөл санаачилдаг, төрийн бодлого шийдвэрт саналаа тусгадаг, эрүүл тогтолцоог бий болгох зорилгоор нийт гишүүдээ ажил мэргэжил, эзэмшсэн боловсролын байдлаар нь 13 салбар хороонд хуваасан юм. Үүний дүнд 41 мянган гишүүнийг цахим бүртгэлд хамруулснаар гишүүдээ шударгаар үнэлж эхэлсэн байдаг. Улмаар салбар хороодыг дэд ерөнхийлөгч нар ахалж ажиллах нь зүйтэй гэж үзсэн. Тэд ингэж бодлогоороо өрсөлдөж хөтөлбөрөө дэвшүүлэн, шинжлэх ухаанч гаргалгаараа өрсөлддөг эрүүл нийгмийг хүсэж буй шинэ үеийнхний хүсэл шаардлагад үйл ажиллагаагаа нийцүүлсэн билээ. Тэгвэл социал демократ залуус одоо хэрхэн ажиллаж байна вэ. УИХ-ын гишүүн, ЦХХХ-ны сайд Н.Учралын хувьд СДМЗХ-ны Ерөнхийлөгчөөр ажилладаг бол энэ оны дөрөвдүгээр сарын 10-нд болсон СДМЗХ-ны VI бага хурлаас Б.Галсанг Ерөнхий нарийн бичгийн даргаар томилсон юм. Түүнчлэн СДМЗХ нь 15 дэд ерөнхийлөгч, Удирдах зөвлөлийн 65 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Холбоо дэргэдээ дөрвөн төрийн бус байгууллагатай.
2021 оны наймдугаар сард дэргэдээ SDY academy байгуулснаар 21 аймаг, есөн дүүргийн хэмжээнд сургагч багш нарыг бэлтгэж эхэлсэн байдаг. Тус сургалтад нийслэлээс гадна аймгийн төвийнхөн, тэр бүү хэл алслагдсан сум, баг, хорооны төлөөллийг оролцуулдгаараа онцлогтой. Өнөөдрийн байдлаар НАЗА 35 мянган хүнд хүрч ажилласан байна. Түүнчлэн СДМЗХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн Б.Жавзандоржоор ахлуулсан “SDY Policy Institute” бодлогын хүрээлэнг ажиллуулдаг. Тус хүрээлэнгийн зүгээс эмч, сувилагчдыг дадлагажуулах чиглэлээр япон хэлний “Бүнмэ” сургалтын төв, Японы эмнэлгийн байгууллагатай хамтарч ажилладаг бөгөөд өнөөдрийн байдлаар 16 эмчийг Японд дадлагажуулжээ. Түүнчлэн “SDY Up” СДМЗХ-г сонирхогч гишүүдийн клубтэй болоод буй. Клубийн залуус холбооны үйл ажиллагааг дэмжиж, холбоо болон найз нөхдөдөө гүүр болж ажилладаг байна. Үүний зэрэгцээ холбоо хүрээгээ тэлэх үүднээс хоёр сар тутамд “WHY SD” арга хэмжээг тогтмол зохион байгуулж байгаа аж. Мөн СДМЗХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн Б.Цэлмэгээр ахлуулсан “SDY foundation”-ээс эмнэлгийн анхны тусламжийн цуврал контентыг бэлтгэн олон нийтэд хүргэхийн зэрэгцээ Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлгийг нэн шаардлагатай тоног, төхөөрөмжөөр хангасан зэрэг нийгэмд тустай үйл ажиллагааг хэрэгжүүлсээр байна. Мөн СДМЗХ-ны Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, ЦХХХ-ны сайд, Н.Учралын санаачилгаар “Гэрэлтэх эхлэл” төслийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд одоогоор Эх нялхсын эмнэлэг, Улсын төв хоёрдугаар эмнэлэг болон 14 аймаг, дөрвөн дүүргийн нэгдсэн эмнэлгийн эмч, сувилагчдын амралтын өрөөг тохижуулаад байгаа ажээ. СДМЗХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Галсангийн хувьд бүх ажлын гүүр болж ажилладаг нэгэн. Түүний хувьд дээр дурдсанчлан холбооны зүгээс санаачилсан бүхий л ажил, арга хэмжээний гүйцэтгэлд биечлэн оролцохын зэрэгцээ холбооны бодлого, зорилтыг тодорхойлон чиглүүлэгч юм. Харин цаашдын хийх ажлынхаа тухайд тэрбээр “Ойрын хугацаанд төлөвлөсөн хамгийн том ажил бол Засгийн газраас хэрэгжүүлж буй Шинэ сэргэлтийн бодлогыг олон нийтэд тайлбарлан таниулах, ач холбогдол, агуулгыг залууст ойлгуулахаар ажиллаж байна. Жишээ нь, “Шинэ сэргэлт” үндэсний уран илтгэлийн тэмцээн зохион байгууллаа. Үүгээр дамжуулан Шинэ сэргэлтийн бодлогыг олонд түгээх тал дээр анхаарал хандуулах кампанит ажил өрнүүлэн, СДМЗХ-ны дэргэдэх, НАЗА-ийн Б.Зол-бадрал даргаар ахлуулан Тогтвортой хөгжлийн зөвлөл төлөвлөлтөө гарган хэрэгжүүлж байна. Зөвхөн төв холбоо гэлтгүй салбар холбоод маань багагүй ажил хийж байна. Түүнчлэн “Youth open forum” санаачлан хэрэгжүүлж эхэлсэн. Ингэснээр аялал жуулчлал, эрүүл мэнд, боловсрол, уул уурхай гэх мэт нийгмийн бүхий л салбарын залууст тулгамдаж буй асуудлаар ярилцаж, шийдэлд хүрэх зорилготой. Энэ санаачилгын хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын болон Эрүүл мэндийн сайд нар дэмжиж ажиллахаа илэрхийлсэн. СДМЗХ-ны өдөр тутамд зохион байгуулж буй бүхий л ажилд холбооны Ерөнхийлөгч Н.Учрал дэмжлэг үзүүлэн, оролцож залуустаа урам зориг өгдөг.
Эцэст нь хэлэхэд, манай холбоо намын дэргэдэх бүхий л байгууллагатай хамтарч олон ажил хийхээр төлөвлөсөн. Төлөвлөгөөгөө хэрэгжүүлнэ. Холбооноос зохион байгуулж буй бүх ажилд манай Удирдах зөвлөлийн, бага хурлын гишүүд оролцдог” гэсэн юм. Хэдийгээр улс төрийн намын дэргэдэх залуучуудын байгууллага ч тэдний хийж, хэрэгжүүлдэг ажил, явуулдаг бодлогод ямар нэгэн ялгаа зааг, хүрээ хязгаар үгүй ажээ. Сөрөг хандлагад үгүй гэж хэлж чаддаг, шинжлэх ухаанч гаргалгаатай, шийдлийн төлөө цохилдог зөв дуу хоолойтой хариуцлагатай, санаачилгатай залуу үе хэдийнэ өсөж өндийснийг СДМЗХ-ноос харж болохоор байна.
М.Өнөржаргал
************************
“SDY for SDG” хөгжлийн хөтөлбөрт 7000 залуус хамрагдлаа
Социал демократ залуус тогтвортой хөгжлийн зорилгуудын төлөө чуулсаар байна. СДМЗХ нь 21 аймаг, есөн дүүргийн салбар холбоодын гишүүн, залуучууд, олон нийтийг нийгэмд хандсан эерэг үйлсэд уриалах зорилгоор “SDY for SDG” тогтвортой хөгжлийн зорилгуудын төлөөх чуулга уулзалтыг зохион байгуулсаар байгаа юм.
НҮБ-ын гишүүн орнууд 2015 онд дэлхийн ард түмний энх тайван, хөгжил, цэцэглэлтийн хамтын төлөвлөгөө “ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗОРИЛГУУД”-ыг баталсан байдаг. Ядуурал, ажилгүйдэл, эрүүл мэнд, боловсролыг сайжруулах, тэгш бус байдлыг бууруулах зэрэг тогтвортой хөгжлийг дэмжих юм. Энэ хүрээнд SDY салбар холбооны зүгээс гишүүн, залуучууд, олон нийтийг нийгэмд хандсан эерэг үйлсэд уриалах, тогтвортой хөгжлийн зорилгуудыг таниулах, залуусыг нийгэмд хандсан төслүүд рүү чиглүүлэх, залуучууд хамтдаа суралцах хөгжих, залуучуудад чиглэсэн чөлөөт үйл ажиллагаа зохион байгуулах зорилготой юм. Энэхүү чуулга уулзалтыг өнгөрсөн сард эхлүүлсэн бөгөөд энэ сарыг дуустал үргэлжилнэ.
Эх сурвалж: Монголын үнэн сонин №039/24570/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна