Д.Цогтбаатар: Эрүүгийн хуулийг өөрчилснөөр бага насны хүүхдийн эсрэг гэмт хэргийн тоо буурна



Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-аар хэлэлцүүлж эхэлсэнтэй холбогдуулан УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатартай ярилцлаа.

 

-Яаралтай горимоор хэлэл­цүүлэхээр өргөн мэдүүлээд буй Эрүүгийн хуульд оруулах энэ удаагийн өөрчлөлтийн гол концепц нь юу байх вэ?

-Энэ удаагийн төслөөр бага насны хүүхдийн эсрэг гэмт хэрэгт ногдуулах ялын бодлогыг чангатгах үндсэн зорилготой. Дээрх гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг нэмэгдүүлэх, хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоох журмыг өөрчлөх, бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэрэгт өршөөл уучлал үзүүлэхгүй. Бага насны хүүхдийг алах болон хүчиндэх гэмт хэргийн ялын бодлогыг чангатсан тухай. Авто тээврийн хэрэгслийг согтуурсан, мансуурсан үедээ жолоодох үйлдэлд ногдуулах хууль зүйн хариуцлагыг чангатгах, бага насны хүүхдийн насны дээд хязгаарыг нэмэгдүүлэх зэрэг асуудлыг хөндөх юм. Энэ хуулийн төсөл нийт 10-аад зүйл, 20 гаруй хэсэг буюу дээр дурдсан асуудлуудыг хөндсөн бөгөөд хуулийн төслийг дагаж Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай нийт дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг дагалдуулан хэлэлцэнэ. 

-Хуулийг ингэж өөрчлөх үндэслэл, шаардлагыг та хэрхэн тодорхойлох вэ?

-Сүүлийн дөрвөн жилд хүнийг алах гэмт хэргийн халдлагад 782 хүн өртөж, хохирогчдын 92 хувь нь нас барсан байна. Хүнийг алах гэмт хэрэг болон энэ төрлийн гэмт хэргийн хохирогчдын тоо сүүлийн гурван жил тогтвортой өсөж, хохирогчдын олонх энэ төрлийн гэмт хэргийн улмаас нас барж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учирсан гэсэн мэдээллийг авсан. Сүүлийн жилүүдэд хүнийг алах гэмт хэргийн улмаас хүүхэд, тэр дундаа бага насны хүүхэд хохирох явдал буурахгүй байна. Тухайлбал, 2019 онд 197 гэмт хэрэгт дөрвөн хүүхэд, 2020 онд 192 гэмт хэрэгт найм, 2021 онд 194 гэмт хэрэгт хоёр хүүхэд, 2022 онд 199 гэмт хэрэгт долоон хүүхэд тус тус хохирч, нас барсан байна. Гэмт этгээдүүдийн дийлэнх нь хохирогчтой гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн байгаа бөгөөд удаан хугацаанд гэр бүлийн хүчирхийлэлд байлган, тарчлаасны эцэст амь насыг нь хөнөөдөг. Мөн гэмт этгээд үйлдсэн гэмт хэргээ нуун далдлах, ул мөрөө баллах зорилгоор хохирогч бага насны хүүхдийг алсан тохиолдол цөөнгүй бүртгэгдсэн байна. Иймд бага насны хүүхдийг алах гэмт хэрэгт ногдуулах ял хариуцлагыг чангатгах бодлого шаардлагатай байгаа юм. Хүчиндэх гэмт хэрэг нь хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдалд халдаж, улмаар хүний амьд явах эрх, эрүүл амьдрахын халдашгүй байдалд ихээхэн хохи­рол, хор уршиг учруулдаг нийгэмд аюултай гэмт хэрэг юм. 2022 онд энэ гэмт хэргийн улмаас 552 хүн хохирч, 59 хүн гэмтсэн нь өмнөх оны мөн үеэс хохирсон хүн 94 буюу 20.5 хувиар, гэмтсэн хүн найм буюу 15.7 хувиар тус тус өссөн байна.

Сүүлийн дөрвөн жилд хүчиндэх гэмт хэргийн гаралт нэмэгдэж, энэ төрлийн гэмт хэргийн улмаас 1975 хүн хохирсон дүн мэдээтэй байна. Ялангуяа хохирогчдын тоо сүүлийн гурван жилд огцом өсжээ. Үүний дотор энэ төрлийн гэмт хэргийн улмаас хүүхэд, тэр дундаа бага насны хүүхэд хохирох явдал буурахгүй байна. Тухайлбал, 2019 онд 481 гэмт хэрэгт 169, 2020 онд 505 гэмт хэрэгт 248, 2021 онд 439 гэмт хэрэгт 278, 2022 онд 550 гэмт хэрэгт 362 хүүхэд тус тус хохирчээ. 

Бага насны хүүхдийг хүчиндсэний улмаас хохирогч жирэмсэлсэн тохиолдолд бүгд (100 хувь) үр хөндүүлсэн нь хохирогчийн цаашдын эрүүл мэнд, бие бялдар, оюун санааны хөгжилд асар хортойг мэргэжлийн эмч нар хэлдэг. Мөн хохирогчийг хүчиндэж, бэлгийн замын халдварт өвчин халдаасан тохиолдолд бага насны хүүхдийн эрүүл мэндэд ихээхэн хохиролтой бөгөөд хохирогч хүчиндүүлсний улмаас сэтгэцийн өвчтэй болсон, амиа хорлосон, амиа хорлохоор завдсан. Түүнчлэн гэмт этгээдүүд ихэвчлэн гэр бүл, төрөл садны хамаарал бүхий харилцаатай болон өмнө нь танилын харилцаатай байх тохиолдол 76.5 хувь буюу дийлэнх хувийг эзэлж байна. “Эцэг, эхдээ болон бусдад хэлбэл ална, эрүүл мэндэд нь хохирол учруулна” хэмээн заналхийлж, бага насны хүүхдийг хүчиндсэн байх бөгөөд хохирогч айж эмээсний улмаас гэмт этгээдийн үйлдлийг нууж өнгөрдөг нь дахин хүчиндүүлэх, цаашид удаан хугацаанд энэ гэмт хэргийн халдлагад өртөх нөхцөлийг бүрдүүлж байна. Тиймээс энэ төрлийн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг уртасгаж, тусгайлан зохи­цуулах шаардлагатай. Ингэснээр хүүхдийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, хүүхдийн эсрэг хүчирхийллийн ноцтой гэмт хэрэг үйлдсэн этгээдийн гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, ял завшуулах явдлаас сэргийлэх ач холбогдолтой.

-Бага насны хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр ялын бодлогыг чангатгаснаар гарах үр дүнг хэрхэн тооцож байгаа вэ?

-Хуулийн төсөл батлагдсанаар Эрүүгийн хуулийн холбогдох бүлэг, зүйлд заасан гэмт хэргийн гаралт буурах, бага насны хүүхдийг хүчиндэх болон алах гэмт хэргийн ялын бодлогыг чангатгах, гэмт хэрэгтнийг өршөөлд хамруулахгүй байх. Хорих ялаас хугацаанаас өмнө суллахгүй байх зохицуулалтыг тусгаснаар бага насны хүүхдийн эсрэг үйлдэгдэж байгаа гэмт хэргийн тоо буурна гэж үзэж байна. Тухайлбал, бага насны хүүхдийг алах болон хүчиндэх гэмт хэрэгт ногдуулах хугацаатай хорих ялын дээд хэмжээ 20 жил байсныг 25 болгон нэмэгдүүлж, ялын бодлогыг чангаруулахаар хуулийн төсөлд тусгасан. Хугацаатай хорих ялын дээд хэмжээг дээр дурдсан хоёр гэмт хэрэгт таван жилээр нэмэгдүүлж, 25 жил болгосонтой холбоотойгоор одоо бүх насаар хорих ял шийтгүүлсэн хүн 25 жил хоригдсоны дараа шүүх хуульд заасан нөхцөл, шаардлагыг харгалзан суллах эсэхийг шийдвэрлэхээр заасан байгааг 30 жил болгон нэмэгдүүлэхээр хуулийн төсөлд тусгасан. Мөн Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн тайлбарын “арван дөрвөн” гэснийг “арван зургаан” болгон өөрчилж, бага насны хүүхдийн насны дээд хязгаарыг хоёроор нэмэгдүүлсэн. Ингэснээр Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан зарим төрлийн гэмт хэргийн ялын бодлого чангарсан. Одоогийн Эрүүгийн хуулиар 14 насанд хүрсэн 16 насанд хүрээгүй хүнийг алсан, эсхүл хүчиндсэн тохиолдолд 8-15 жилийн хугацаагаар хорих ял ногдуулахаар заасан бол бага насны хүүхдийн насны дээд хязгаарыг нэмэгдүүлснээр 12-25 жил хүртэл хугацаагаар хорих, эсхүл бүх насаар хорих ял ногдуулах нь зүйтэй гэж үзсэн. 

-Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдолд зөрчил бус гэмт хэрэгт тооцож, ялын бодлогыг чангатгахаар оруулж ирээд байна. Энэ нь зөрчлийн гаралтыг бууруулах хөшүүрэг болж чадах болов уу? 

-Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдолд ногдуулах ял хариуцлагыг чангатгаснаар зам тээврийн ослын гаралт буурах, ослын улмаас амь нас, эд хөрөнгө хохирохоос урьдчилан сэргийлэх ач холбогдолтой юм. Энэ тухайд зарим тоон мэдээллийг дурдахад, улсын хэмжээнд 2023 оны эхний найман сарын байдлаар 15094 зам тээврийн осол, хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 0.6 хувиар өсөж, нийт ослын 12569 буюу 83.2 хувь нийслэлд, 2525 буюу 16.8 хувь нь орон нутагт бүртгэгдэж, зам тээврийн осол хэргийн улмаас 347 хүний амь нас хохирч, 2026 хүн гэмтсэн нь өмнөх оны мөн үеэс хүний амь нас хохирсон тохиолдол 5.7 хувиар буурч, гэмтсэн хүн 9.3 хувиар өссөн байна. Дээрх осол, хэргийн 615 тохиолдол нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас үйлдэгджээ. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил, зам тээврийн ослыг сүүлийн долоон жилийн байдлаар авч үзэхэд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлөөс шалтгаалж жил бүр дунджаар 110 орчим хүний амь нас хохирсон гэсэн мэдээллийг би авсан. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох үйлдэл нь нийгэм болон эдийн засгийн олон хүчин зүйлээс шалтгаалж байгаа боловч энэ төрлийн зөрчил, гэмт хэрэгт хүлээлгэх хариуцлага хангалтгүй зэргээс шалтгаалан тоон үзүүлэлт буурахгүй байна. Иймд согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн этгээд тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн болон согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож хүний эрүүл мэндэд хохирол учруулсан, амь насыг нь хохироосон үйлдэлд хүлээлгэх хариуцлагыг чангатгах зайлшгүй шаардлагатай байгаа юм. Дээр дурдсан хэрэгцээ, шаардлагыг үндэслэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулан, хэлэлцэж эхлээд байна. 

-Ер нь энэ удаагийн өөрчлөлтийг та хуульч хүний хувьд хэрхэн тодорхойлох вэ. Хүний эрхийг хангах чиглэлд ямар дэвшил гарна гэж харж байна вэ?

-Мэдээж ганц энэ өөрчлөлтийг хийж янзлаад хүний эрхийн асуудал цогцоор шийдэгдэхгүй. Засгийн газраас нэн яаралтай горимоор оруулж ирсэн энэ төслийг миний хувьд үзэл баримтлалынх нь хувьд дэмжиж байна. Харин дотор нь ганц нэг ялгаж салгаж ойлгох, бид нэгэнт глобалчлагдаж буй энэ нийгэмд амьдарч байгаа иргэдийн хувьд бусад орны хууль, эрх зүйн зохицуулалт ямар байна, тэдгээртэй хэр ялгаатай байна гэдгийг зарим нэг асуудал дээр харгалзан үзэх шаардлагатай гэж харж байгаа. Жишээлбэл, бага насны ангиллыг 16 хүртэл тодорхойлж байгаа нь гэмт хэргийн улмаас хохирч байгаа хүүхдүүдийн хувьд маш сайн зохицуулалт мөн боловч нөгөө талаараа 14-16 насны хүүхдийн ямар эрх хумигдаж, эрх зүйн чадамжийн хувьд хэрхэн өөрчлөгдөж, бусад орны хүүхдүүдээс ямар ялгаатай болж байгааг анхаарах ёстой. Мөн бид өнөөдөр нийгмээрээ хүүхдийн дээд эрх ашгийг нэн тэргүүнд ухамсарлаж, анхаарах ёстойгоо мартсан, хайхрамжгүй хандсан. Магадгүй маш эрт эдгээр чухал хуулийн зохицуулалтууд орж ирээд батлагдах ёстой байсан байх. Жишээлбэл, ахуйн орчны архидалт болж, бусдын амар амгалан байдал алдагдсан тухай зөрчлийн асуудалд зөвхөн тухайн архидан согтуурч, танхайрсан этгээдэд анхаарал хандуулж, арга хэмжээ аваад өнгөрдгөөс биш, тэр орчинд хүүхэд байсан уу, хүүхдийн эрх зөрчигдсөн үү, бага насны хүүхдийн дэргэд архидан согтуурч танхайрсан эсэх асуудлыг орхигдуулдаг. Мөн зам тээврийн осол гарах үед бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан зэргийг тодорхойлох, дүгнэлт гаргах зэрэг асуудалд анхаарч арга хэмжээ аваад ажиллаад явдаг бөгөөд тухайн авто тээврийн хэрэгсэл дотор хүүхэд зорчиж явсан эсэх асуудлыг орхигдуулдаг. Зүй нь хүүхэд тээвэрлэж явах үедээ зам тээврийн осол гаргах нь хүндрүүлэх бүрэлдэхүүн болох, жолооч илүү хариуцлагатай байх зэрэг хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх зэрэг асуудал чухал юм.

М.Өнөржаргал

Эх сурвалж: Монголын үнэн сонин №039/24570/


0
angry
1
care
0
haha
5
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2024/11/22
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 2024/11/22
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 2024/11/22
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 2024/11/22
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 2024/11/22
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 2024/11/22
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 2024/11/22
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 2024/11/22
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 2024/11/22
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 2024/11/22
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 2024/11/22