Ч.Батбаяр: Үндэсний компаниуд чанартай бүтээн байгуулалт хийж чаддагийг бид харууллаа


Зам дагаж хөгжил ирнэ гэдэг. Дэд бүтцийн хөгжлийг түүчээлдэг авто замын салбар Монгол Улсад үүсэж хөгжсөний 93 жилийн ой тохиож байна. Өнгөрсөн хугацаанд монгол компани зуугаас дээш километр замыг богино хугацаанд чанарын өндөр түвшинд бие даан барьж гүйцэтгэсэн нь өдрийн од шиг ховор. Баянхонгор-Говь-Алтай чиглэлийн 126.7 километр хатуу хучилттай замыг 11 сарын хугацаанд ашиглалтад оруулсан “Макс рөүд” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Батбаяртай ярилцлаа. Тэрбээр түүх бүтээсэн авто замчдаараа, чанартай бүтээн байгуулалт хийсэн хамт олноороо бахархдаг аж.

 

-Иргэдийн “Толгойны өвчин” болоод байсан Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг нээхээр зэхэж байна. Гүйцэт­гэгчээр ажилласан компанийн хувьд “Дархан” төслийнхөө тухай дэлгэрүүлж ярина уу?

-Улаанбаатар-Дархан чиглэлийн 204 километр авто замын барилгын ажил иргэдийн төдийгүй Засгийн газрын “Толгойны өвчин” байсан. “Арж капитал” ХХК Европын Сэргээн бос­голтын банкнаас зарласан баруун аймгууд руу салдаг хэсгээс Хар модотын даваа хүртэлх 37.2 километр замын өргөтгөлийн ажлын тендерт шалгарч, 2020 оны арванхоёрдугаар сард гэрээ байгуулсан. Одоогоор суурь хучил­таа бүрэн тавьж, салсан хэсгүүдийн өнгө асфальтыг дуусгалаа. Захиа­лагч болон санхүүжүүлэгч байгуул­лагуудаас шалтгаалаад хоёр төслийн нийлсэн хэсэгт 20 км орчим өнгө асфальтобетон хучилтын ажил үлдээд байна.

Мөн Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй Хар модотын даваанаас Урьхан хүртэлх 45.5 километр хатуу хучилттай замын өргөтгөл шинэчлэлийн төслийн ажлын тендерт оролцож дахин шалгарч 2021 оны есдүгээр сард гэрээ байгуулан 2023 оны есдүгээр сард хүлээлгэн өгөх хуваарьтай байсан. Манай замчид тус төслийн хучилтын ажлыг гэрээт хугацаанаас нэг жилийн өмнө бүрэн дуусгалаа. Одоо тоноглол, бэхэлгээ, заслын ажил үлдсэн. 

Нийт 82.7 километр замын эдгээр төсөлд 900 гаруй хүн, 300 гаруй машин техник, 10 гаруй үйлдвэр ажиллалаа. Цар тахлын үед өрнөсөн бүтээн байгуулалт учир сэлбэг, бараа материалын нийлүүлэлт тасарч, хил гаалийн хүлээлт их байлаа. Мөн түүхий эд, бараа материал, түлш шатахууны үнийн өсөлт, хомстол болсон хүнд жил байсан хэдий ч бид энэ хүнд байдлыг даван туулж төслүүдийг амжилттай гүйцэтгэж ирлээ. Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг бүрэн ашиглалтад оруулаагүй байна. Удахгүй нэг урсгал хоёр чиглэлийн замын хөдөлгөөнийг нээх гэж байна. 


-Дарханы замын төсөл танай компанид шинэ имиж болсон уу?

-Үндэсний компани олон улсын зарласан авто замын тендерт анх удаа шалгарч бүтээж чаддагийн жишээг харууллаа. Төр засаг ч монгол компаниудаараа зам бариулах цаг ирсэн. Европын Сэргээн босголтын банкны тендерт манайхаас гадна Хятадын дөрвөн компани шалгарсан юм. Мөн Азийн хөгжлийн банкны тендерт дахин зарласантайгаа нийлээд Хятадын таван гүйцэтгэгч компани шалгаран хэрхэн ажилласныг Дарханы зам илтгэж байна. Монгол компаниуд үндэсний бүтээн байгуулалт гэсэн сэтгэлээр ажилласныг “Макс рөүд”, “Арж капитал”-ын гүйцэтгэлээс харж болно. Бид өнөө­дөр салбарынхаа түүчээ болон манлайлан ажиллаж байна. Авто замын компаниудын хийсэн ажил түмний нүдэнд ил байдаг. Иргэд үнэлж дүгнэдэгт би олзуурхдаг. Түүх бүтээснээ эргээд харах сайхан шүү дээ. Чадварлаг хамт олноороо бахархаж явдаг даа. 

-Улсад хүлээлгэж өгсөн ч барьсан замынхаа арчилгаанд анхаарах уу?

-Гэрээний дагуу гүйцэтгэгч компани гурван жилийн баталгаат хугацаанд хөдөлгөөний аюулгүй байдал, ямарваа нэгэн технологийн эвдрэлийг бүрэн хариуцна. Манай компани барьсан замдаа гурваас олон жилийн баталгаа өгнө. Замын арчлалт Улсын комисс хүлээн авсан өдрөөс эхэлдэг. Гэтэл манайд зам тавилаа, хүлээж авлаа маргааш нь мартдаг. Улс зам засвар, арчлалтын ажилд улсын төсвөөс хангалттай хөрөнгө зарцуулж, анхаарвал нэг зам тавьж байхад нөгөө зам эвдэрдэг асуудал арилна. Үүнтэй зэрэгцээд зам засвар, арчлалтын компаниудын чадавхыг сайжруулж, орон нутагт мэргэжлийн боловсон хүчний тоог нэмэгдүүлэх хэрэгтэй. 

-Зам барилгын ажил үйлдвэр шиг өрнөдөггүй байх. Тооцооллоос гадна байгаль цаг уураас шалт­гаалах байдал нөлөөлдөг үү?

-Тэгэлгүй яах вэ. Зарим хүн зам барилгын ажлыг “шороо буулгаж, асгадаг” мэтээр өрөөсгөл ойлголт­той байдаг. Замын ажил олон үе шат дамжлага, цаг хугацаа, хүн хүч, машин механизм,үйлдвэр ,хөрөнгө мөнгө шаардсан ажил л даа. Мөн зам барих хугацаа, гүйцэтгэл тухайн төслийг хариуцан ажиллаж буй компанийн нөөц бололцоо, техник, машин механизмын хүчин чадал, зөв менежмент, удирдлага зохион байгуулалтаас хамаарна. Цаг агаараас шалтгаалсан хөнд­лөнгийн нөлөөлөл барилгын ажлыг удаашруулдаг. “Дархан” төслийг гүйцэтгэх явцад өнгөрсөн зун үргэлжилсэн бороо орж далан, хучилтын ажил саатсан. Гэхдээ бид төслийн ажлыг төлөвлөсөн хугацаанаасаа өмнө дуусгахыг зорьсон. Гүйцэтгэгч компаниуд захиалагчаас зарласан зураг төслийн дагуу ажилладаг. 

-Компанийн хэтийн зорилгоос болон хэрэгжүүлэхээр зэхэж буй то­моохон төслүүдээ танилцуулна уу?

-Бид зуугаас дээш километр авто зам барихыг зорьж байна. Ирэх жил эхлэх баруун аймгуудад гадаадын хөрөнгө оруулалттай Улиастай-Алтай чиглэлийн 180 километр, Улаангом-Ховд чиглэлийн 160 километр авто замын төсөлд оролцох бодолтой байна.

-“Макс рөүд” компани зуугаас дээш километр зам барьсан туршлагатай байх аа?

-Баянхонгор-Говь-Алтай чиг­лэлийн 126.7 километр хатуу хучилт­тай замын концесс эзэмшигч буюу ерөнхийлөн гүйцэтгэгчээр манай компани ажилласан юм. Баянхонгор аймгийн Байдрагийн гүүрнээс Алтай хүрсэн авто замын төсөл Дарханы замтай зэрэг эхэлсэн. Хоёр жилийн хугацаанд гүйцэтгэх байсан ч 11 сарын хугацаанд барьсан. Баруун бүсийн хөгжлийг ойртуулах уг төслийг 600 гаруй хүн хүч, 17 үйлдвэр, 300 гаруй техникийн хүчээр гүйцэтгэлээ. Энэ бол Монгол Улсын авто замын салбарын 93 жилийн түүхэнд тэмдэглэх амжилт. Монгол компани зуугаас дээш километр замыг богино хугацаанд чанартай барьж чаддагийг бид харууллаа.Мөн Дарханы төсөл дээр батлан харууллаа.

-Технологи, шинжлэх ухааны хөгжлийг авто замын компаниуд хэр соргоор хүлээн авч, ашиглаж байна вэ?

-Сүүлийн үеийн машин механизм, техник, дэвшилтэт техноло­гиос хоцрохгүй салбартаа тэргүү­лэ­хийг эрмэлздэг. Манайх машин механизмдаа GPS буюу байр­шил тогтоох, хэмжилтийн багаж суури­луулсан авто замын салбартаа анхны компани. Авто замын компанийн хувьд зорчигчдын амар тайван, аюулгүй зорчих таатай боломж, нөх­цөлийг хангасан зам барьж нийг­мийн хариуцлагаа биелүүлэхийг хичээдэг. 

-Байгаль орчныг орхигдуулж болохгүй. Танайх элс, хайрганы ордын нөхөн сэргээлт хийдэг үү?

-Хатуу хучилттай авто зам барьс­наар газрыг талхалж, хэн дуртай нь зам гаргахаа больдог. Манай компани зам барилгын ажилдаа ашигласан шороон ордуудад хийсэн нөхөн сэргээлтээрээ үлгэр жишээ болж явдаг. Авто зам бол улс орны хөгжлийн гол судас. Хатуу хучилттай авто замтай болсноор орон нутгийн иргэдийн амьжиргаа дээшлэхийн зэрэгцээ тухайн орон нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжилд бодит хувь нэмэр болдог. 

-Хүн ажиллаж буй салбараа бусдаас илүү мэддэг. Танд авто замын салбараа шинэчлэх, зарим талаар шүүмжилмээр үе гардаг уу?

-Зам барилгын болон засвар арчлалтын төсвийн норм, үнэлгээг шинэчлэх цаг болсон. Машин меха­низм, ажиллах хүчний цалин, мөн ачаа тээврийн үнэ тарифыг нэмэх шаардлагатай. Замчид хавар гарч намар буудаг жишгийг хал­маар байна. Ажилчдын нийгмийн асуудлыг орхигдуулж болохгүй. Цог­цоор шийдэх хэрэгтэй. Уул уурхайн салбартай адил ростер хэрэг­­жүүлэх шаардлагатай байна. Рос­тертой болохын тулд норм, үнэлгээг шинэчилж, замын төсөв, өртөг нэмэгдүүлэх хэрэгтэй. Энэ асуудлыг шийдвэл замчид тогтвор суурь­шил­тай ажиллах нөхцөл бүрдэх болно.

Эцэст нь одоо ажиллаж байгаа болон үе үеийн авто замчдадаа Авто замын салбар үүсэж хөгжсөний 93 жилийн ойн мэндийг дэвшүүлье.

Алтан шар зам нь өлзийтэй байх болтугай.

Х.Эрдэнэзаяа

Монголын үнэн сонин №042/24523/

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 4 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 7 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 8 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 8 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 8 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 9 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 9 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 9 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 9 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 9 цагийн өмнө
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 9 цагийн өмнө
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 9 цагийн өмнө
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 9 цагийн өмнө
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 10 цагийн өмнө
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 10 цагийн өмнө
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 10 цагийн өмнө
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 10 цагийн өмнө
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 10 цагийн өмнө
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 10 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 11 цагийн өмнө