Эрүүл мэндийн яамны Нийтийн эрүүл мэндийн газрын Урьдчилан сэргийлэлт, хяналт зохицуулалтын хэлтсийн Амны хөндийн тусламж, үйлчилгээ хариуцсан ахлах мэргэжилтэн, анагаах ухааны доктор Б.Дөлгөөнтэй ярилцлаа.
-“Эрүүл шүд” арга хэмжээг хэзээ хэрэгжүүлж эхлэх вэ. Бэлтгэл ажил ямар шатандаа явж байна вэ?
-Монгол Улсын Ерөнхий сайд өнгөрсөн гуравдугаар сард ЭМЯ-нд өглөөний уулзалтаа зохион байгуулж, хүүхдийн амны хөндийн өвчлөлийг бууруулах, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллах үүрэг чиглэл өгсөн. Үүний дагуу ЭМЯ-наас төрийн болон хувийн хэвшлийн эмнэлэг, холбоод, төрийн бус байгууллагуудын төлөөллийг оролцуулсан ажлын хэсгийг байгуулж, авч хэрэгжүүлэх арга хэмжээнийхээ төлөвлөгөөг урьдчилсан байдлаар боловсруулж байна. Үүнийг Эрүүл мэнд болон БШУ-ны сайдын хамтарсан тушаалаар энэ улиралд багтаан батална. Засгийн газраас “Эрүүл шүд” арга хэмжээг үндэсний хэмжээнд 2024-2027 онд хэрэгжүүлэх тогтоолыг өнгөрсөн есдүгээр сард гаргасан.
-Энэхүү арга хэмжээ нь өмнө нь үндэсний хэмжээнд хэрэгжүүлсэн хөтөлбөрүүдээс юугаараа онцлог, давуу талтай байх вэ?
-Амны хөндийн эрүүл ахуйтай холбоотой хөтөлбөрийг 1999 онд Засгийн газраас баталж, хэрэгжүүлсэн. Түүнээс хойш тодорхой хэд хэдэн хөтөлбөр, арга хэмжээг хэрэгжүүллээ. Энэ удаад тав дахь арга хэмжээ болж байна. Өмнөх арга хэмжээ, хөтөлбөрүүдийн зорилго эмчилгээ рүү чиглэж байсан бол одоо өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зан төлөвийг хүүхдэд суулгах, хэвшүүлэхэд чиглэх юм. Хүүхдэд шүд угаах дадал хэвшил суулгаагүй, урьдчилан сэргийлэх тухайд эрүүл мэндийн боловсрол дутуу тохиолдолд эмчилгээ хийлгэсэн ч хэсэг хугацааны дараа дахиад л өвчлөл үүсдэг. Өөрөөр хэлбэл, хүүхдийн зан үйлийг өөрчлөхгүйгээр ямар ч эмчилгээ хийгээд үр дүнд хүрэхгүйг өвчлөлийн судалгаа, тоо баримт харуулж байна. Тиймээс энэ удаад бид “Эрүүл шүд” арга хэмжээний хүрээнд хүүхдүүдэд амны хөндийн эрүүл зан үйлийг төлөвшүүлэх зорилготой байна.
-Энэхүү зорилгодоо ямар арга замаар хүрэх вэ. Хүүхдүүдэд зөв дадал хэвшлийг хэрхэн суулгах вэ?
-Ерөнхий боловсролын сургуулиудад өдрийн хоолны дараа шүд угаах цаг гаргаж хүүхдүүдийг зөв дадал хэвшилтэй болгоно. Ингэхдээ эрүүл ахуйн шаардлага хангасан, хүртээмжтэй өрөө, цэг тохижуулах байдлаар орчин нөхцөлийг нь бүрдүүлнэ. Ерөнхий боловсролын сургууль зөвхөн эрдэм ном заахаас гадна эрүүл зан үйлийг төлөвшүүлдэг газар болох үүрэг хүлээнэ гэсэн үг. Хүүхдүүд шүднээс гадна гарын ариун цэврээ сахиж, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх юм. Ерөнхийдөө ЭМЯ, БШУЯ хамтарч ирээдүйн эрүүл монгол хүүхдийг бий болгох, эрүүл байх зан үйлийг төлөвшүүлэх том зорилготой энэхүү ажлыг эхлүүлж байна.
-Урьдчилан сэргийлэх дадал хэвшлийг суулгахаас гадна өвчилсөн шүдийг нь эмчлэх ажлыг хэрхэн зохион байгуулахаар төлөвлөж байна вэ?
-Хүүхдийн шүдийг эрдэсжүүлэх арга хэмжээ авна. Үүнд зарцуулах санхүүжилтийг Эрүүл мэндийн даатгалаас гаргуулахаар Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн баталсан наймдугаар тогтоолд тусгуулсан. Ингэхдээ нэг жилд нэг хүүхдийн шүдийг эрдэсжүүлэх тусламж үйлчилгээнд 25 мянган төгрөг зарцуулахаар тооцсон. Ингэснээр эрүүл мэндийн даатгалын мөнгийг өвдсөн хойноо бус эрүүл байхдаа урьдчилан сэргийлэх замаар зарцуулах боломж, тогтолцоо бүрдэх юм. Төсөв мөнгө бол хязгаартай. Жишээлбэл, нэг хүнд 100 төгрөг зарцуулахаар тооцож, түүний 80 төгрөгийг эмчилгээнд үлдсэн 20 төгрөгийг зөв зан үйл хэвшүүлэхэд зарцуулбал нэг жилийн дараа эмчилсэн шүд, эсвэл өөр эрүүл шүд нь цоорох эрсдэлтэй. Тиймээс энэхүү арга хэмжээнд зарцуулах мөнгөө бүгдийг нь эмчилгээнд ашиглаж болохгүй гэдэг үүднээс энэ удаад зан үйл төлөвшүүлэх, нийгмийн эрүүл мэндийн боловсролыг нь дээшлүүлэхэд илүү анхаарал хандуулж ажиллана.
-Хүүхдийн шүдийг эрдэсжүүлэх ажлыг ямар газар хариуцан гүйцэтгэх вэ. Улсын шүдний эмнэлгийн хүрэлцээ хангамж тааруу байдаг шүү дээ?
-Шүдний төв болон дүүргийн шүдний тасгийг түшиглэхээс гадна иргэдэд хамгийн ойр байдаг, анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлдэг өрх, сумын эрүүл мэндийн төвөөр дамжлуулж, хүүхдийн шүдийг эрдэсжүүлэх ажлыг зохион байгуулна. Иргэдэд хүндрэл чирэгдэл учруулахгүй, хүртээмжтэй байлгах зорилгоор ийм шийдлийг сонгосон. Гэхдээ эрүүл мэндийн анхан шатны төв шүдний тасаггүй учраас хүний нөөц, тоног төхөөрөмж гэх мэт асуудлыг хамгийн боломжит хувилбараар шийдвэрлэх шаардлагатай. Эхний хувилбар бол анхан шатны эрүүл мэндийн төв өөрт хамгийн ойр байрлах шүдний хувийн эмнэлэгтэй гэрээлэх байдлаар харьяа хүүхдүүдээ хамруулах боломжтой.
-Сум, өрхийн эрүүл мэндийн төвөөр дамжуулан хүүхдүүдэд амны хөндийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд мэргэжлийн эмч, боловсон хүчин, тоног төхөөрөмжийн хүртээмжийн асуудалтай нүүр тулах байх даа. Энэ асуудлыг хэрхэн шийдэх вэ?
-Энэ төрлийн тусламж үйлчилгээг анхан шатны эрүүл мэндийн байгууллагууд үзүүлж байгаагүй учраас эмч, мэргэжилтнүүдийг тодорхой хэмжээний сургалтад хамруулж, чадавхжуулах шаардлага гарч байгаа. Шүдний өвчлөл, үзүүлэх тусламж үйлчилгээний асуудлыг өмчлөх хандлагатай байх нь буруу юм шиг санагдсан. Ялангуяа өвчлөл өндөртэй манай улсын хувьд ганцхан шүдний эмчид хариуцуулж үлдээх бус бүх талаас нь хамжиж, багаар ажиллах нь илүү үр дүнтэй. Тусламж үйлчилгээ гэдэгт зөвхөн эмчилгээ багтахгүй учраас нэг хэсэг нь урьдчилан сэргийлэхэд анхаардаг, эрт илрүүлж оношилдог, мэдлэг боловсрол олгох замаар тал талаас нь хамтарч ажилладаг байх хэрэгтэй.
Олон улсад амны хөндийн үзлэг оношилгоо хийхэд зөөврийн дижитал төхөөрөмжийг ашигладаг сайн жишиг бий. Энэ шийдлийг манай оронд ялангуяа суурин газраас алслагдсан сум, багийн хэмжээнд нэвтрүүлж, ашиглахад тохиромжтой байх болов уу. Тиймээс “Эрүүл шүд” арга хэмжээний хүрээнд нүүр амны тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, мөн үзлэг оношилгоог сайжруулахад ашиглахаар төлөвлөж байгаа.
-Тэгэхээр одоо шүдний цооролт, өвчлөлтэй байгаа хүүхдүүдийг яах вэ. Эмчлэх тухайд ямар гарц шийдэл байна вэ?
-Хүүхдүүдийн нүүр, амны тусламж үйлчилгээний эмчилгээний багцыг шинэчлэн тогтоосон. Ер нь судалгаанаас харахад хүүхдүүдийн дийлэнх нь амны хөндийн өвчлөлтэй, нэг хүүхэд дунджаар 3-5 шүд цоорсон байгаа тул тэднийг толгой дараалан бүх шүдийг нь эмчлэхэд зарцуулах санхүүжилт байхгүй. Мөн хүн хүч ч хүрэлцэхгүй. Тиймээс сөрөг үр дагавартай байх насны ангиллыг сонгож, эмчилгээ үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөж байна. Ийм ажлыг зохион байгуулахад хүртээмжийн асуудал хөндөгддөг. Төрийн хэвшлийн буюу даатгалаар санхүүжиж, энэ төрлийн тусламж үйлчилгээ үзүүлдэг эмнэлгүүдийн тоог нэмэгдүүлэх шаардлагатай. Ялангуяа орон нутагт. Тиймээс бид орон нутагт тусламж үйлчилгээ үзүүлдэг эмнэлгүүдийг шат дараатай нэмэгдүүлэх, тоног төхөөрөмж, хүний нөөцөөр хангахад анхаарахаар төлөвлөж байна.
Шаардлагатай тохиолдолд зарим газарт тусламж үйлчилгээг явуулын хэлбээр үзүүлэх хувилбарыг сонгож байгаа. Шүдний өвчлөлтэй хүүхдүүдийг компанит байдлаар толгой дараалан эмчлэх нь ямар ч үр дүнгүй тул энэ удаад тусламж үйлчилгээнийхээ тогтолцоог сайжруулж, хүртээмжийг нэмэгдүүлэхэд илүү анхаарна.
-Эрүүл мэндийн хичээлийг зааж буй багшийг чадавхжуулах, хичээлийн агуулгад өөрчлөлт оруулах тухай санал гарч байгаа юу?
-Эдгээр асуудалтай холбоотой ажлыг хийхээр төлөвлөж байна. Хичээл ордог багшийн мэдлэг, чадварыг нэмэгдүүлэхээс гадна хүүхдүүдийн насанд тохируулж, өөр өөр арга барил, агуулгаар заах нь илүү үр дүнтэй гэж бодож байна. Бага насны хүүхдэд эрүүл мэндийн боловсролыг ялангуяа амны хөндийн эрүүл ахуйтай холбоотой мэдлэгийг тоглоомын хэлбэрээр олгох хэрэгтэй. Ингэснээр хүүхдүүд тухайн мэдээллийг мартахгүйгээс гадна хурдан хугацаанд хэвшүүлэх боломжтой.
-“Эрүүл шүд” арга хэмжээний хэрэгжилтийг хэрхэн хянах вэ. Өөрөөр хэлбэл, та бүхний голлон анхаарахаар төлөвлөж буй зөв дадал, зан үйлийг хэвшүүлж, урьдчилан сэргийлж чадаж буй эсэхийг яаж мэдэх вэ?
-Тухайн хүүхдийг жилд заавал нэг удаа амны хөндийн эрүүл ахуйн үзлэгт хамруулж, хянадаг тогтолцоог бий болгоно. Анхан шатны өрхийн эрүүл мэндийн төвүүд хүүхдийн амны хөндийн эрүүл мэндэд анхаарч, тусламж үйлчилгээ үзүүлдэггүй. Тиймээс цаашид тус төвөөр дамжуулан тусламж үйлчилгээ үзүүлэх, хянах боломжтой болно. Шүдний өвчлөл зөв зан үйлтэй байхаас гадна хүнсний бүтээгдэхүүний сонголттой холбоотой байдаг. Тиймээс сургуулийн орчинд чихрийн агууламж өндөртэй бүтээгдэхүүн худалдан борлуулахыг хязгаарлах гэх мэт арга хэмжээг авна. Мөн эцэг, эхчүүд рүү хандсан нөлөөллийн ажлуудыг ч хийхээр төлөвлөж байна.
-Ер нь манай улсын хүүхдүүдийн дунд шүдний өвчний тархалт ямар байна вэ. Тухайн үзүүлэлтийг олон улстай харьцуулахад ямар түвшинд байдаг бол?
-Шүдний өвчлөлийн тархалт зөвхөн хүүхдүүд гэлтгүй насанд хүрэгчдийн дунд маш их байна. Амны хөндийн өвчлөлтэй холбоотой судалгааг ихэвчлэн АШУҮИС-ийн эрдэмтэн доктор багш нар манлайлж, олон улсын арга аргачлалын дагуу хийдэг. Энэ төрлийн судалгааг хамгийн анх 1980 онд хийхэд шүдний өвчний тархалт зургаан настнуудын дунд 84 хувьтай байсан бол 2021 онд энэ үзүүлэлт нэмэгдэж 87 хувьд хүрээд байна. Улсын хэмжээнд зохион байгуулж буй эрт илрүүлэгт 0-18 насны 600 орчим мянган хүүхдийг хамруулжээ. Тэдний дунд шүдний өвчний тархалт дунджаар 75 хувьтай байна. Гэхдээ хүүхдийн наснаас хамаарч өвчний тархалт харилцан адилгүй байдаг. Дэлхийн дундаж 40-45 хувьтай байдаг. Гэтэл монгол хүүхдүүдийн шүдний өвчлөлийн тархалт өндөр хувьтай, нэмэгдэж буй нь амны хөндийн эрүүл мэнд нийгмийн нийтлэг тулгамдсан асуудал хэвээр байгааг харуулдаг.
С.Юмсүрэн
Эх сурвалж: Монголын үнэн сонин №039/24570/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна