Хааны гэр бүлийн Тоска


Калифорни мужийн Монтекито эдлэнд Номхон далайн эрэг рүү харсан уулын энгэрт ханхүү Гаррийн гэр бүл төвхнөжээ. Энд чинээлэг америкчуудын харш олон. Английн язгууртнуудын бараан сүүдрийг илчилсэн Меган Марклтай нэг өдрийг өнгөрүүллээ. Тэр бол хааны гэр бүлийн Тоска. Дуурьт гардаг шиг мөнхийн хайрынхаа төлөө тэмцсэн, үзэсгэлэнтэй бүсгүй. Тоска, түүний эрэлхэг Кварадосси нарын хайр шударга бус нийгмийн дуу хоолой болсон. Үүнтэй адил Гарри, Меган нар орчин үеийн хэллэгээр инфлюенсер. Меган Опрад өгсөн дуулиант ярилцлагаасаа хойш хэвлэлд ам нээгээгүй байсан юм. Энэ удаа “Variety”сэтгүүлийн арваннэгдүгээр сарын дугаарт зориулж Их Британид амьдрахдаа уулзсан олон мянган хүний халуун дулаан сэтгэл, дэмжлэг, ханхүү Гарри, “Нетфликс” болон “Spotify” стримингийн компанитай байгуулсан контентын хэлэлцээр, гэр бүлийн амьдрал, мөрөөдлийнхөө тухай ярилаа. Тэр бол жирийн л америк ээж. "Jeopardy!" шоуг алгасалгүй үздэг, хүүгийнхээ дуртай "Ask the StoryBots" хүүхэлдэйн киноны Тиранозаурус батаарын дууг дуулж, Бейонсегийн тухай урам зоригтойгоор хуучилсан юм. Меган орчин үеийн поп дуучдаас илүүтэй “1970-аад оны хитүүд”-ийг сонсдог. Түүнийг амьдралаас юу хүсдэгийг асуухад “Баяр баясгалан” гэж хариулсан. Тэрбээр эмэгтэйчүүдийн эрх, арьс өнгөөр ялгаварлан гадуурхахын эсрэг дуу хоолой болж, буяны бүтээлч ажилд идэвхтэй оролцдог билээ. Бидний ярилцлагаас гурван долоо хоногийн өмнө хатан хаан II Элизабета Шотландын Балморал шилтгээндээ таалал төгссөн. Их Британийн түүхэнд хамгийн олон жил хаан ширээнд суусан II Элизабетын тухай дурсахдаа Меган “Эмэгтэйчүүдийн манлайллын гэрэлт жишээ” хэмээсэн юм.

-Хатан хааныг таалал төгссөнд дэлхий нийтээрээ гашуудаж байна. Энэ эмгэнэлт өдрүүдийг танай гэр бүл хэрхэн даван туулав?

-Миний нөхөр эмээгээрээ бахарх­даг. Эмэгтэй манлайллын хамгийн тод жишээ болсон хатан хаантай танилцаж, цагийг хамт өнгөрөөсөн би азтай хүн. Гарри өөдрөг үзэлтэй. Тэр гашуудаж байхдаа “Эмээ минь өвөөтэй уулзаад аз жаргалтай байгаа” гэж сэтгэ­лээ тайвшируулж байсан. Амьдралд тохиосон гэнэтийн үйл явдлууд хэтийн төлөвийг өөрчилдөг. Яг одоо манай гэр бүл сайн дурын, буяны үйлст төвлөрөн ажиллаж байна.

-Та Англиас эргэн ирснээсээ хойш Опра Уинфрид, “Нью-Йорк” сэт­гүүлд ярилцлага өгсөн. Опрагийн ярилцлагыг 18 сая хүн үзсэн. Олон нийтэд цац­саны дараа хэн нэгнээс ямар нэгэн дарамт ирсэн үү?

-“Нью-Йорк” сэтгүүлд “Архетип” подкастынхаа тухай ярьсан. Под­кастаараа дамжуулан эмэгтэйчүүдийн эргэн тойронд өрнөдөг олон асуудлыг гаргахыг хичээдэг. Өөрийн гэсэн ертөнцтэй, түүх бүтээсэн, эрч хүчтэй эмэгтэйчүүдтэй ярилцаж байна. Сэтгүүлч биш ч оролцогчидтойгоо илэн далангүй, бодитой ярилцахыг хүсдэг юм. Опрад ярилцлага өгөхдөө жирэмсэн байсан. Ярилцлагаас долоо хоногийн дараа Глория Стейнемийн төрсөн өдрийн үдэшлэг боллоо. Үдэшлэгт ганцаараа очих хэцүү, эвгүй санагдаж байв. Эргэлзэнгүй байдалтай хаалгаар ортол Памела Адлон халуун дотно, сайхан сэтгэлээр угтлаа. Тэнд цугласан зочид өгөөмөр хандаж, хайр мэдрээд тайвширсан даа. Шууд хэлээгүй ч тэдний дэмжлэг намайг аварсан. Эмэгтэйчүүдийн хүчийг хэзээ ч дутуу үнэлж болохгүй.

-Таны подкастад оролцсон хамгийн сонирхолтой зочин хэн байв?

-Би өнгөрсөн долоо хоногт Парис Хилтонтой ярилцсан. Ярилцахдаа сандарч байлаа. Би түүнийг өөртөө шинээр нээсэн. Парисыг тайван, аятай амьдраасай гэж хүсэж байна. Би 17 настайдаа тэргүүн хатагтай асан Элеонор Рузвельтын хэлсэн “Эмэгтэйчүүд яг л хандалдаг цай шиг. Нимгэхэн атлаа халуун усанд дүрэхэд ямар хүчтэй болохыг хэн ч мэдэхгүй” гэх алдартай үгийг сонссон юм. Энэ үг надад гүнзгий сэтгэгдэл үлдээсэн. Тиймээс ахлах сургуулийн охидтой зорьж ярилцсан. Тэд үзэл бодолтой, үнэхээр гайхалтай, бахархмаар санагдсан.

-Холливуд гэдэг ойлголт таны хувьд ямар утгатай вэ. Таныг салбараа орхихоос өмнө #MeToo болон #OscarsSoWhite хөдөлгөөн өрнөсөн. Эдгээр хөдөлгөөн танд ямар нэгэн байдлаар нөлөөлсөн үү? 

-Миний амьдралын нэг хэсэг болсноос хойш кино урлаг нэлээд өөрчлөгдсөн. Би “Suits” цувралыг 2018 онд орхисон. Энтертайнмент салбарт дахин ажиллана гэж бодсонгүй. Өнгөрсөн хугацаанд Холливуд бүхэлдээ өөрчлөгджээ. Эмэгтэйчүүдийг чимээгүй амьдарч, таагүй байдал үүсгэх дуулианд оролцохгүй байхыг нийгэм шаарддаг байв. Тэр үед би “NBCUniversal” болон “USA Network”-д ажиллаж байлаа. Бонни Хаммер миний зөвлөгч байсан юм. Бонни надад эерэг нөлөө үзүүлсэн. “Жүжигчин болохоор шийд­сэн Лос-Анжелесын тэнэг охин” гэх хэвшмэл ойлголтыг үзэн яддаг. Холливудаас илүүг хүссэн учраас олон улсын харил­цааны чиглэлээр давхар мэргэжил эзэмшсэн. Буэнос-Айрес дахь АНУ-ын Элчин сайдын яаманд хэдэн сар ажилласан.

-Үзэх дуртай кино, биширдэг жүжигчнээ нэрлэнэ үү?

-“Харри Саллитай уулзах­даа” киног бараг сая удаа үзсэн ч уйддаггүй. Жулиа Робертсын бүх киног үзсэн. Түүний тоглолтод дуртай.

-10, 15 жилийн дараа танай хүүхдүүдийн нэг нь "Энтер­тайнмент салбарт ажилламаар байна" гэвэл зөвшөөрөх үү?

-“Гайхалтай, амжилт хүсье” л гэж хэлнэ дээ. Хүн баяр баясгалан мэдэрдэг ажилдаа өөрийгөө зориулах хэрэгтэй. Мэдээж, бидний хүүхдүүд удмынхаа уламжлал, нэг хэсэг байх нь гарцаагүй. Гэхдээ тэднийг өөрийн ертөнцөө бүтээж чаддаг байгаасай гэж хүсдэг. Энтертайнмент бол авьяас чадвар, хүч шаарддаг салбар. Олон талт, сонирхолтой, эелдэг, бүтээлч хүмүүс л амжилтад хүрдэг. 

-Гарри та хоёрын амьдралын нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ. Нөхөртэйгөө хамтран төсөл хэрэгжүүлэхийн давуу талаас дурдана уу?

-Миний нөхөр армид 10 жил алба хаасан. Их Британид өнгөрүүлсэн түүний амьдрал америкчуудаас тэс ондоо. Тэр “Бид бол энэ хорвоогийн зорчигчид” гэж хэлдэг. Бидний хайр гэр бүлээс өргөн хүрээг хамардаг. Найз нөхөд, хамтрагчид бас түнш. Бид харилцаагаа шоу, баримтат киноныхоо суурь болгосон. Хөл хорионы үе бидэнд хүүх­дүүд­тэйгээ хамт цагийг өнгөрөөх боломж олгосон. Би өглөөний цайгаа бэлтгэж, хүүтэйгээ дуулж, тоглож цагийг сайхан өнгөрүүлсэн. 

-100 жилийн дараа Меганы дүрд тоглох жүжигчинд та ямар зөвлөгөө өгөх вэ?

-Миний зөөлөн, хөгжилтэй занг гаргаасай гэж хүсэж байна. Сайн жүжигчин дүрийнхээ хэмжээсийг олж чаддаг. “Suits” цувралд бүтээсэн Рэйчел Зэйний дүр надтай тун төстэй. Амбицтай, эрч хүчтэй эмэгтэй. Би тэр дүртэйгээ адилхан хоол хийх дуртай. Ноттингемын зуслангийн байшинд оройн хоолонд шарсан тахиа бэлтгэж байхад Гарри гэрлэх санал тавьсан юм. 

  Х.Эрдэнэзаяа

Эх сурвалж: Монголын үнэн сонин №042/24523/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 6 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 9 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 10 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 10 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 10 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 11 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 11 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 11 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 11 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 11 цагийн өмнө
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 11 цагийн өмнө
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 11 цагийн өмнө
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 11 цагийн өмнө
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 11 цагийн өмнө
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 12 цагийн өмнө
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 12 цагийн өмнө
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 12 цагийн өмнө
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 12 цагийн өмнө
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 12 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 12 цагийн өмнө