Гишүүд төсөв дээр, иргэд НӨАТ дээр “зодолдов”


Намрын налгар, дулаахан өд­рүүд үргэлжилж арваннэгдүгээр сар хаяанд ирчихээд байхад   Улаан­баатарын гудамжны хэдэн таримал мод ногоон, шараар тунарч, навчсаа бүрэн гөвөөгүй байна. Гэхдээ тайв­ширч, назгайрах цаг биш гэдгийг цаг уурчид анхааруулж ирэх долоо хоногоос хүйтрэн, ихэнх нутгаар цас орохыг сануулж эхэллээ.

Төрийн ордон хөл хөдөлгөөн ихтэй, эрхэм гишүүд төсөв мөнгө тойрон маргалдаж сууна. Засгийн газрын тэргүүн 2024 оны төс­вийг өргөн барихдаа “УИХ-ын гишүү­дийн тойрогт хандсан хөрөнгө оруу­лалтыг хязгаарлаж, Шинэ сэр­гэлтийн бодлогын Хөдөөгийн сэр­гэлтийн “Таван цагариг зам” төслийг эхлүүлэхэд хамаг хүчээ зар­­цуулна” гэдгээ мэдэгдсэн. Түүний энэ үг үнэн бололтой. Учир нь, эрхэм гишүүд ууртай, сур­гууль, цэцэрлэг, эмнэлэг барих мөнгө нэхэж салбарын сайд нарыг бага­гүй сандаргаж байна. Тэднийг ч  бас буруутгах аргагүй. Сонгууль хаяанд дөхсөн үед тойргийнхоо нэг ч гэсэн тулгамдсан асуудлыг шийдэх хөрөнгө мөнгөний асуудлыг төсөвт суулгахаар чармайж буй үе. Ялангуяа  энэ жил түүхэнд байгаагүй хамгийн өндөр дүнтэй төсөв хэлэлцэж байгаа учраас гишүүд бүгд л төсөвт анхаарал хандуулж байна. Тэгвэл  төрийн тэргүүн төсвийн хэрүүл маргаанаас  холхон явна. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт БНХАУ-д албан ёсны айлчлал хийж, “Бүс ба зам” дээд хэмжээний уулзалтад оролцоод ирлээ. Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Киргиз Улсад албан ёсны айлчлал хийхээр эх орноосоо мордлоо. Төрийн ордонд төсөв хэлэлцэж байгаа энэ үед иргэдийн дунд  НӨАТ-ын буцаан олголтын хоёр хувийг таван хувьд хүргэх эсэх тухай асуудал багагүй маргаан өрнүүллээ. Парламентын ардчиллыг бэхжүүлэх зорилгоор УИХ иргэдийн саналыг цахимаар авч эхэлсэн. Энэ удаад Их Хурлын “D-Өргөдөл” /petition.parliament.mn / цахим системд байршуулсан НӨАТ-ын буцаан олголтын хоёр хувийг таван  хувь болгож нэмэгдүүлэх эсэх санал асуулга байршуулсан зургаан хоногийн хугацаанд 101 328 хүн саналаа өгч, энэ асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэх боломжтой болж байна.  Ташрамд сануулахад Монгол Улсын Их Хурлын тухай хуульд зааснаар, “D-Өргөдөл” цахим системд байршуулсан өргөдөл, санал 33.000 иргэний гарын үсэг буюу дэмжлэгийг авсан тохиолдолд тодорхой асуудлаар ажлын хэсэг байгуулах, 70.000 иргэний гарын үсэг буюу дэмжлэгийг авсан тохиолдолд Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хяналт шалгалт явуулах, 100,000 иргэний гарын үсэг буюу дэмжлэгийг авсан тохиолдолд УИХ-аар шийдвэрлүүлэх боломжтой юм байна.

Өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай болон дагалдах хуулийн төслүүдийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Хэрвээ энэ хууль батлагдвал шинэ дэд төвүүд бий болж, агаарын бохирдол 22 хувиар буурч 9.500 орон сууц шинээр баригдаж, 68.250 хүн ая тухтай амьдрах орчин нөхцөл бүрдэн, авто замын түгжрэл 36.3 хувиар багасах тооцоог хотын удирдлагууд гаргажээ. Гэхдээ энэ хуулийн төсөлтэй холбогдуулан 10 гаруй хуульд нэмэлт өөрчлөлт оруулна, иргэдийн дунд ч багагүй маргаан өрнөх нь тодорхой байна. 

Шинэ Хархорум хотыг бүтээн байгуулах үндэсний хорооныхон өнгөрч буй долоо хоногт сонирхолтой мэдээлэл өглөө. Шинэ хотыг байгуулахын тулд  Өвөрхангай, Архангай аймгийн нутаг дахь Орхоны хөндийд 189 мянган га газрыг улсын тусгай хэрэгцээнд авчээ. “Шинэ хотод Ерөнхийлөгчийн ордныг 60 га талбайд байгуулах бөгөөд эзэнт гүрнийг төлөөлсөн дөрвөн хүндэтгэлийн танхим бүхий гурван давхар барилга барина. Ордныг Өндөр толгой хэмээх газарт байгуулахаар товлосон учир “Өндөр ордон” гэж нэрлэсэн” хэмээн ерөнхий архитектор Н.Нацагдорж мэдэгдлээ. Түүний мэдээллээс  харахад Улаанбаатарын төвд чихэлдэн оршдог яам тамгын газар, элчин сайдын яам бүгд шинэ Хархорум хот руу нүүх юм байна. 

Нүргээн дуулиан, шуугиантай эхэлсэн нүүрсний хэрэг шийдэгдэхгүй,  хэрүүл маргаан одоо ч дуусаагүй байна. УИХ-аас “Нүүрсний сонсгол”-ыг намрын чуулганы хугацаанд багтааж явуулах тогтоол гаргасан. Гэвч энэ сонсгол дээр ажиллах хянан шалгагч нар ажлаа хийхээс татгалзаж, Хууль зүйн сайд тэд нартай хариуцлага ярих хэмжээнд тулж очжээ. Үүнээс гадна  шүүх дээр очсон “нүүрсчдийн” хэрэг бас л бүрэн гүйцэд шийдэгдээгүй байна. “Шувуу” ажиллагааны хүрээнд гадаадаас сүр дуулиантайгаар баривчилж ирсэн Т.Бадамжунайд холбогдох хэргийг өнгөрсөн долоо хоногт шүүхээр хэлэлцэх байсан ч биеийн байдал нь муу байгаа гэсэн шалтгаанаар шүүх хурал хойшилжээ. Мөн УИХ-ын дарга асан З.Энхболдод холбогдох хэргийг АТГ шалгаж дуусаад прокурорт шилжүүлсэн байна. Түүнийг эрх мэдэл албан тушаалын байдлаа ашиглан хамаарал бүхий компанидаа давуу байдал олгуулсан гэх хэрэгт буруутган яллагдагчаар татан шалгаж байгаа юм.

АТГ-аас Боловсролын зээлийн сантай холбоотой хэргийг шалгаж байгаа. Дарга нарын хүүхдэд давуу байдал олгож, гадаадад өндөр үнэтэй сургадаг, тэд зээлийн гэрээгээ биелүүлдэггүй, төлбөрөө төлдөггүй гэсэн ард иргэдийн гомдлын мөрөөр энэ хэргийг АТГ шалгаад багагүй хугацаа өнгөрч байна. Шалгалтын явцад  2012 оноос хойш долоон сайд  941 хүнийг зээлээс үндэслэлгүйгээр чөлөөлсөн нь тогтоогджээ.

 Б.Нүүдэл

Эх сурвалж: Монголын үнэн сонин №040/24571/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Гашуунсухайт-Ганцмодны төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд … 1 цагийн өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Гашуунсухайт-Ганц модны хил холболтын төм… 4 цагийн өмнө
Дэлхийн шатрын анхны аваргууд нь европчууд байв 5 цагийн өмнө
​Нүд бүрэлзэж чих шуугих нь хий арвидсаны шинж 22 цагийн өмнө
УИХ-ын гишүүн, Удирдах зөвлөлийн ажлын албаныхан иргэдтэй уулзлаа 22 цагийн өмнө
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонс… 22 цагийн өмнө
Улаанбаатар хотын 100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөм… 22 цагийн өмнө
Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто зам, гүүрэн бай… Өчигдөр
Туулын хурдны зам барих олон улсын нээлттэй тендерийг дахин зарлана Өчигдөр
Монгол Улсын хүн амыг нэмэгдүүлэх хөгжлийн бодлогыг дэмжиж, оролцож аж… Өчигдөр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн х… Өчигдөр
Нийслэлийн 23 дугаар сургуулийн гадаад хэлний өдөрлөгийн нээлт боллоо Өчигдөр
Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг эргүүлэн татна Өчигдөр
ВАТИКАН: Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө Өчигдөр
“Хүүхэлдэй”, “Болзоо” моно драмын жүжиг нэгэн тайзнаа үзэгчдийн хүртээ… 2025/04/21
Х.Нямбаатар: ТЭЦ-5 дулааны цахилгаан станцын олон улсын нээлттэй тенде… 2025/04/21
Монгол Улсад хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн б… 2025/04/21
Туркийн Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа 2025/04/21
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна 2025/04/21
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна 2025/04/21