Б.Энхбаяр: Баривчлах, цагдан хорих ажиллагааг бүхэлд нь шүүхийн хяналтад оруулна


Бага насны хүүхдийн эсрэг гэмт хэрэгт ногдуулах ялын бодлогыг чангатгах үүднээс Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-аар хэлэлцэж эхэлсэнтэй холбогдуулан ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяртай ярилцлаа.

 -Эрүүгийн хуулийн энэ удаагийн нэмэлт, өөрчлөлтийн гол концепц юу байх вэ. Хэчнээн зүйл, заалтыг хөндөх талаар та мэдээлэл өгнө үү?

-Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцүүлэхээр миний бие энэ сарын 13-нд УИХ-ын даргад өргөн барьсан. Үүний дагуу УИХ-аас энэ хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ. Үүнээс өмнө мөн холбогдох байнгын хороогоор хэлэлцүүлэг өрнүүлсэн. Хуулийн төсөлд бага насны хүүхдийг хүчиндэх, бага насны хүүхдийн эсрэг бэлгийн мөлжлөг, хүүхдийн эсрэг хүн худалдаалах гэмт хэрэгт ногдуулах ялын бодлогыг чангатгах. Ингэхдээ хөөн хэлэлцэх хугацааг нэмэгдүүлэх, өршөөл үзүүлэхгүй байх, хорих ялаас хугацаанаас өмнө суллахгүй байх (магадлан), хугацаатай хорих ялын дээд хэмжээг нэмэгдүүлэхээр тусгалаа. Тухайлбал, бүх насаар хорих ял ногдуулахаар (хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй) зааснаас бусад бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа 20 байгааг 30 жил болгож, хүнийг, бага насны хүүхдийг алах, бага насны хүүхдийг хүчиндэх, бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн бэлгийн мөлжлөг, хүн худалдаалах гэмт хэрэгт өршөөл үзүүлэхгүй, хугацаанаас нь өмнө суллахгүй, хорих ялын дээд хэмжээ 20 жил байгааг 25 жил болгохоор тусгасан. Мөн Эрүүгийн хуульд бага насны хүүхдийн насны хязгаар 14 байсныг өөрчилж, 16 болгохоор тусгасан. Тодруулбал, Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн тайлбарын “арван дөрвөн” гэснийг “арван зургаа” гэж өөрчилж, бага насны хүүхдийн насны дээд хязгаарыг хоёр насаар нэмэгдүүлснээр Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан зарим төрлийн гэмт хэргийн ялын бодлого чангарах юм. Одоогийн Эрүүгийн хуулиар 14 насанд хүрсэн 16 насанд хүрээгүй хүнийг алсан, эсхүл хүчиндсэн тохиолдолд 8-15 жилийн хугацаагаар хорих ял ногдуулахаар заасан бол бага насны хүүхдийн насны дээд хязгаарыг нэмэгдүүлснээр 12-25 жил хүртэл хугацаагаар хорих, эсхүл бүх насаар хорих ял ногдуулна гэсэн үг. Түүнчлэн дээр дурдсан гэмт хэргүүдэд өршөөл үзүүлэхгүй байхаар төсөлд тусгалаа. 

-Бага насны хүүхдийн эсрэг гэмт хэрэгт ногдуулах ялын бодлогыг чангатгах нь зүйтэй гэж нийтээрээ үзэж буй. Энэ удаагийн Эрүүгийн хуулийн өөрчлөлтийг 12 настай охин харамсалтайгаар амь насаа алдсан хэрэгтэй холбоотой гэж ойлгож болох уу?

-Эрүүгийн хууль дахь бага насны хүүхдийн насны хязгаар болон бага насны хүүхдийн эсрэг бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах, бага насны хүүхдийн эсрэг бэлгийн мөлжлөг, бага насны хүүхдийг аюултай байдалд орхих, тусламж үзүүлэхгүй байх. Бага насны хүүхдийг оролцуулж садар самуун сурталчлах, хүн хулгайлах, хүний эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр, хүнд хохирол санаатай учруулах гэх зэрэг гэмт хэрэгт ногдуулах ялын бодлогыг чангалж байгаа юм. Үүний зэрэгцээ хүчиндэх гэмт хэргийн шинжийг тодорхой болгож, бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл, бэлгийн харьцаанд орсон гэж ялгаатай байхаар төсөлд тусгасан. Одоо хэрэгжиж буй хуульд энэ төрлийн үйлдлийг ялгалгүй, шийдвэрлэхээр хуульчилсан байдаг. Үүнийг өөрчилж, бэлгийн харьцаанд орсон хүчиндэх гэмт хэрэгт 1-5 жилийн хорих ял ногдуулдаг байсныг 2-8 жил болгож, тэнсэхгүй байх, 16 насанд хүрээгүй хүнийг жирэмсэн болгосон, гэр бүлийн хамаарал бүхий 16 насанд хүрээгүй хүнийг хүчиндсэн гэмт хэрэгт ногдуулах хорих ял 8-15 жил байгааг 12-25 жил болгон нэмэгдүүлж, бүх насаар нь хорих ял ногдуулах юм. Сүүлийн таван жилийн байдлаар хүчиндэх гэмт хэргийн хохирогчдын 63 хувь нь хүүхэд байна. Энэ удаад сошиал давлагаа, шуугианаар энэ удаагийн өөрчлөлтийг хийгээгүй. Хуучин эрүүгийн хуулиар ял шийтгэлийн бодлого чанга байсан. Бага насны хүүхдийг хүчирхийлэх, амь насыг нь хохироовол дунджаар 22 жилийн хорих ял оноодог байсан. Харин 2015-2023 оны хооронд манай ялын бодлого буурч, 10-15 жил болсон байна. Бага насны хүүхдийг хүчирхийлэх үйлдлийн 20 гаруй хувь нь дахин давтагддаг гэсэн судалгаа бий. Саяны болж өнгөрсөн асуудлын дараа нийгмээрээ хохирч, шуугихад хүчиндэх гэмт хэрэг 7869 хувиар огцом өссөн. Бага насны хүүхдийн эсрэг гэмт хэргийн үйлдэл бол реалити шоу бол биш. Энэ талаар дуугарахгүй, мэдээлэхгүй байх нь зөв. Бага насны хүүхэд хүчирхийлсэн этгээд ялаа эдлээд гарвал 10 жил цахим гав зүүж, зураг мэдээллийг нь олон нийтэд ил мэдээлдэг болно. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг тэргүүн эгнээнд тавьж ажиллана.

-Мөрдөн шалгах ажиллагааны нууц задруулахтай холбоотой заалтыг чангатгахаар оруулж ирсэн ч буцаан татсан. Анх энэ талаарх ял шийтгэлийг ямар шаардлагын үүднээс чангатгах ёстой гэж үзсэн юм бэ?

-Мөрдөн шалгах ажиллагааны нууц задруулах гэмт хэрэг 1926 онд анх Эрүүгийн хууль тогтоомжид орсон байдаг. Өөрөөр хэлбэл, энэ төрлийн гэмт хэрэг сүүлийн 100 жилийн хугацаанд манай улсын манай Эрүүгийн хуульд хуульчлагдсан гэмт хэрэг байсаар ирсэн, цаашдаа ч байна. 100 жилийн өмнө энэ үйлдэл 100-600 төгрөгийн торгуулийн ялтай байсан. Ингэхдээ энэ төрлийн гэмт хэрэг үйлддэг субьект нь жирийн иргэд биш тусгай албаныхан байж ирсэн. Мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулах гэмт хэрэг нь сүлжээ болсон, улмаар сүрдүүлэх, онц их хэмжээний хахууль авах гэмт хэргийн шалтгаан болж байгаа учир шийдвэрлэх шаардлагатай гэж анх үзсэн. Сүүлийн жилүүдэд мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулах явдал нэмэгдэж, энэ нь хүний эрх, эрх чөлөөнд халдах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд сөргөөр нөлөөлөх нөхцөл байдлыг үүсгэж болсон. Тиймээс мөрдөн шалгах ажиллагааны нууц задруулах гэмт хэргийг үйлдсэн шүүгч, прокурор, хууль сахиулагч, өмгөөлөгч нарт ногдуулах ялын бодлогыг чангатгах шаардлагатай гэж үзсэн. Албан үүргийн дагуу олж мэдсэн алба хаагч, ажилтан мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулсан үйлдэлд ногдуулах торгох ялыг хасаж, зургаан сараас гурван жил хорих ял оноож байгааг 1-5 жил болгон нэмэгдүүлэхээр тусгасан байсан. Мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулсан алба хаагч, ажилтанд нийтийн албанд ажиллах эрхийг 3-5 жил хасах нэмэгдэл ялыг ногдуулахаар оруулсан байсан юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь мөрдөн байцаагч, шүүх, прокурор, өмгөөлөгч гэсэн дөрвөн этгээдийн хүрээнд явагддаггүй. Хэлмэрч, орчуулагч, шинжээч, хөндлөнгийн гэрч, эрүүгийн хэрэг дэх иргэний хариуцагч иргэний нэхэмжлэгч зэрэг этгээд мөрдөн шалгах үйл ажиллагааны хавтаст хэрэгтэй танилцдаг. Энэ бүхнийг хамруулахын тулд зөвхөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон этгээдүүдийг ойлгохоор нэр томьёог хэрэглэх үүднээс хүн гэж оруулж ирсэн байв. Түүнчлэн “Мөрдөн шалгах ажиллагааны нууц” гэх томьёо нь үйл баримт буюу тухайн хавтаст хэрэгт байгаа үйл баримтын тухай мэдээлэгдэхгүй байх асуудал биш. Тухайн хэргийг илрүүлэх зорилгоор гэрч, хохирогчийг хамгаалах зорилгоор нууцалж байгаа арга ажиллагаатай холбоотой мэдээллийг хэлж байгаа учир нууц байх нь зүй ёсны шаардлага л даа. Гэхдээ бүлгийн хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслөөс мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулах гэмт хэрэгт тооцох ялын бодлогыг чангатгах заалтыг хасаж, засахаар шийдвэрлэсэн. Түүнчлэн МСНЭ-ээс Эрүүгийн хуулийн 29.1-д заасан мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулах гэмт хэрэгт албан тушаалтнуудад оноох ялыг нэмэгдүүлснээр сэтгүүлч мэдээлэл олж авах, олон нийтийн мэдэх эрхэд аюул учруулна гэж үзсэн учраас хүлээн авч, хуулийн төслөөс тухайлсан заалтыг хассан. Тодорхой төрлийн гэмт хэргийн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэхэд энэ төрлийн гэмт хэргийн гаралт нэмэгддэг. Өөрөөр хэлбэл, мэдээлэл сэдэлжүүлдэг гэдгийг холбогдох тоо баримт нотолдог. 

-Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд согтуугаар авто машин жолоодсон тохиол­долд ногдуулах ял шийтгэлийг мөн чангатгахаар оруулж ирсэн. Ингэснээр энэ төрлийн гэмт хэргийн гаралт буурах тооцоолол бий юү?

-Жолоо барих эрхээ хасуулсан этгээд дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох нь хавтгайрсан. Тиймээс энэ тухайд шинээр ялын бодлогыг оруулж ирж байна. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохтой холбоотой зөрчил, гэмт хэргийн ялын бодлогыг чангатгахаар төсөлд оруулж ирсэн. Тодруулбал, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэгт ногдуулах шийтгэлийг чангатгахаар тусгасан. Засгийн газрын зүгээс согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох үйлдлийг таслан зогсоох санаачилга дэвшүүлсэн. Энэ хүрээнд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлийг гэмт хэрэгт тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг бүхэлд нь нэмээд, энэ төрлийн эрхийг бүх насаар нь хасна гэж Эрүүгийн хуулийн төсөлд тусгалаа. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдэлд 450 нэгжээс 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох. Эсхүл 240 цагаас 720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас нэг жил хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр тусгаад байна. 

Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах юм бол 3-5 жил, хүнд хохирол учруулсан тохиолдолд 5-8 жил, согтуурсан мансуурсан үедээ хүний амь нас хохироосон бол бүх насаар нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэлт ял ногдуулах нь зүйтэй гэж үзсэн. Ерөөсөө Эрүүгийн хуулийн төслийг боловсруулахдаа нийгмийн шаардлагаар хандаагүй, судалгаанд суурилсан гэдгийг онцолж хэлэхийг хүсэж байна. Ер нь Эрүүгийн хуулийн ял шийт­гэлийн бодлого бол гурван үндсэн зорилготой байдаг. Нэгдүгээрт, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээр­лүүлэх, хоёрдугаарт, хүмүүжүүлэх. Гуравдугаарт, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд чиглэдэг. Согтуугаар жолоо барьсан хүнд ногдуулах ялын бодлогыг чангатгаж байгаа нь дээрх гурван зорилгод чиглэж байгаа. Ганцхан жишээ татахад, согтуугаар жолоо баривал гэмт хэрэгт тооцож, ялын бодлогыг чангатгана гэсэн мэдээллийг миний бие нийтэд өгсний дараах долоо хоногт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил өмнөх долоо хоногтой харьцуулахад 42-47 хувиар буурсан. Эрс багассан гэсэн үг. Хэдийгээр хуулиа бат­лаагүй, дөнгөж хэлэлцэж байгаа ч урьдчилан сэргийлэх зорилгодоо хүрч эхэлж байгаагийн хамгийн тод жишээ нь энэ. Тиймээс ерөөсөө хууль бол хүний зан үйлд зөв дадал болж хэвших ёстой юм. Нэг хуулийг таваас дээш жилтогтвортой үйлчлээд ирэхээр зөв дадал болж хэвшинэ.

 М.Өнөржаргал

Эх сурвалж: Монголын үнэн сонин №040/24571/


0
angry
0
care
0
haha
5
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2024/11/22
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 2024/11/22
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 2024/11/22
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 2024/11/22
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 2024/11/22
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 2024/11/22
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 2024/11/22
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 2024/11/22
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 2024/11/22
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 2024/11/22
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 2024/11/22