ТОМИЛОЛТ
“Монголын үнэн” сонин “Синьхуа” агентлагтай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
БНХАУ-д болсон “Бүс ба зам” дээд хэмжээний уулзалтын үеэр “Монголын үнэн” сонин Бүгд Найрамдах Хятад Ард Улсын “Синьхуа” агентлагтай Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. БНХАУ болон Монгол Улс хоорондын найрсаг харилцааг бэхжүүлэх, хоёр орны ард түмний харилцан ойлголцол, найрамдалт харилцааг хөгжүүлэх, мэдээ, мэдээлэл харилцан солилцох зорилгоор байгуулсан энэ гэрээнд “Монголын үнэн” сонины Ерөнхий эрхлэгч Б.Цоожчулуунцэцэг, “Синьхуа” агентлагийн дарга Фү Хуа нар гарын үсэг зурсан юм. “Синьхуа” агентлаг 1931 онд байгуулагдсан бөгөөд өнөөдөр 180 гаруй оронд өөрийн салбартай, 11 хэлээр өдөрт 7000 гаруй мэдээ, мэдээлэл бэлтгэн түгээдэг дэлхийн хэмжээний том агентлаг. “Монголын үнэн” сонин “Синьхуа” агентлагтай хамтран мэдээ, мэдээлэл бэлтгэх, аялал жуулчлалын салбарыг сурталчлах, сэтгүүлчид солилцох, соёлын арга хэмжээнүүдийг хамтран зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.
Хятадын Хан улсын нийслэл Чанань (Иань) хотоос гараагаа эхэлж, Ганьсу муж, Синь цзя хотуудаар өртөөлөн Дундад Азийн улс орныг дамжин Энэтхэг, Перс, Араб, Газрын дундад тэнгис, Ром, Франц хүрдэг байсан торгоны замыг сэргээж орчин үед Ази, Европ, Африкийг таван чиглэлээр холбох томоохон зорилго тавиад байгаагаа Бүгд Найрамдах Хятад Ард Улсын дарга Ши Жиньпин одоогоос 10 жилийн өмнө зарласан. Магадгүй зарим хүнд хэтэрхий нүсэр, бас бүтэхгүй мэт санагдаж байсан түүний санаачилга “Бүс ба зам” нэртэйгээр өргөжиж 10 жилийн хугацаанд дэлхийн 151 улс орон, олон улсын 32 байгууллага нэгдэж, 3000 гаруй хамтын ажиллагааны төсөлд нэг их наяд орчим ам долларын хөрөнгө оруулалт хийжээ. Өнгөрөгч долоо хоногт Бээжин хотноо “Бүс ба зам” санаачилгын 10 жилийн ойг тэмдэглэлээ. Дэлхийн 100 гаруй улсын төлөөлөл, 30 гаруй улсын Төрийн тэргүүн, өндөр албан тушаалтан нийтдээ 1000 гаруй хүн оролцсон энэ арга хэмжээг “Бүс ба зам” дээд хэмжээний гурав дахь уулзалт хэмээн хэвлэлүүд онцолж байна.
Хятад үндэстэн залуужихыг хүсэж байна
Энэ бол “Бүс ба зам” дээд хэмжээний уулзалтын үеэр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Дарга Ши Жиньпиний хэлсэн үг. Тэрбээр “Хятад улс өөрийгөө хүчирхэгжүүлж, шинэчлэлийг хэрэгжүүлэх замаар үндэстнийг бүх талаар нь залуужуулахыг хичээж байна. Бидний хийж буй шинэчлэл зөвхөн Хятадад зориулагдаагүй. Харин хамтын хүчин чармайлтаар хөгжиж буй бүх оронд зориулагдсан юм. Үзэл суртлын сөргөлдөөн, геополитикийн өрсөлдөөн, эвслийн улс төр бол бидний сонголт биш. Бусдын хөгжлийг аюул гэж үзэх, эдийн засгийн харилцан хамаарлыг эрсдэл гэж үзэх нь амьдралын чанарыг сайжруулж, хөгжлийг хурдасгахгүй. Хятад улс "Бүс ба зам"-ын хамтын ажиллагааны түншлэлийн харилцааг гүнзгийрүүлж, хамтын ажиллагаагаа өндөр чанартай хөгжлийн шинэ шатанд гаргаж, орчин үеийн хөгжилд хүрэхийн төлөө цуцашгүй хүчин чармайлт гаргана” хэмээн мэдэгдэж найман төлөвлөгөөгөө танилцууллаа.
Мөнгө ба болгоомжлол
Ши Жиньпин “Европ, Азийг дамнасан логистикийн коридор байгуулах, чөлөөт худалдааны гэрээ, хөрөнгө оруулалтын гэрээнүүдээс бүрдэх “Торгоны зам” цахим худалдааны бүсийг бий болгох, Хятадын хөгжлийн банкуудаас санхүүжилт олгох, ногоон хөгжлийн төслүүдэд түлхэц үзүүлэх, шинжлэх ухааны хөгжил, хиймэл оюун ухааны хөгжлийг дэмжих, аялал жуулчлал, соёлын солилцоог идэвхжүүлэх, цэвэр хамтын ажиллагааг хөгжүүлнэ” гэдгээ мэдэгдсэн. Түүний энэ төлөвлөгөөг “Бээжингийн найман төлөвлөгөө” хэмээн гаднын хэвлэлүүд онцолж эхэллээ. Ши Жиньпиний гарын үсэг зурсан энэ төлөвлөгөөнд Хятадын Хөгжлийн банкууд 47.8 тэрбум ам.долларын санхүүжилт гаргахаа зарлалаа. Мөн том төслүүдээс гадна "жижиг хэрнээ ухаалаг" амьжиргааны хөтөлбөрүүдийг дэмжинэ гэж мэдэгдэв. Хятадын Хөгжлийн банк болон Хятадын Экспорт-Импортын банк тус бүр 350 тэрбум юанийн санхүүжилтийн цонх бий болгоно, торгоны замын санд 80 тэрбум юань нэмж төвлөрүүлнэ, улс орнуудын амьжиргааг дэмжих 1000 төслийг санхүүжүүлнэ гэдгээ зарлалаа. Эдийн засаг нь эрчимтэй сэргэж, дэлхийн эдийн засагт голлох нөлөө үзүүлж эхэлсэн Хятадтай харилцаагаа сайжруулах, “Бүс ба зам” санаачилгаас ашиг хүртэхийг олон улс хүсэж байгаагаа илэрхийлж байхад зарим улсын төрийн тэргүүнүүд “Өрийн том сүлжээ үүсэх”-ээс болгоомжилж байгаагаа мэдэгдэж байсан юм.
Ши Жиньпин Монгол-Оросын эдийн засгийн коридорыг хөгжүүлэхийг уриаллаа
Украины асуудлаас болж 2022 оноос хойш гадаад айлчлал хийгээгүй ОХУ-ын төрийн тэргүүн В.Путин “Бүс ба зам” форумд оролцсон нь олны анхаарлыг тун их татаж байлаа. Тэрбээр уулзалтын үеэр “Орос бол дэлхийн хамгийн том орон. Тийм ч учраас хөрш зэргэлдээ улс орнуудынхаа харилцаанд бид чухал үүрэг гүйцэтгэх болно. Бид Төв Сибирийн өмнөд хэсгээс Хятад, Монгол болон Энэтхэг, Номхон далайн бусад боомт руу чиглэсэн төмөр замын сүлжээг барьж байгуулахаар ажиллаж байна” хэмээн мэдэгдсэн юм. Хятад, Оросын төрийн тэргүүнүүд энэ үеэр тусгайлан уулзсан бөгөөд гурван цаг гаруй үргэлжилсэн уулзалтын үеэр Ши Жиньпин Хятад-Монгол-Оросын байгалийн хийн хоолойн ажлыг ахиулж, "Их цайны зам"-ын хил дамнасан аялал жуулчлалыг хөгжүүлэх, Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридорыг байгуулахад анхаарлаа хандуулж ажиллахыг В.Путинд уриалсан талаар гаднын хэвлэлүүд онцолж байна.
Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих санхүүжилтийг шийдвэрлэлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний чуулга уулзалтад оролцож “Ногоон торгоны замыг хамтдаа бүтээж, хүн ба байгалийн эв зохистой оршихуйг урагшлуулъя” хэлэлцүүлэгт оролцож, үг хэлсэн юм. Монгол Улсын Ерөнхийлөгч сэргээгдэх эрчим хүчний асар их нөөцтэй Монгол Улс ногоон хөгжлийн бизнесийн орчныг сайжруулж, хөрөнгө оруулагчид болон олон улсын хамтын нийгэмлэгтэй идэвхтэй хамтран ажиллахыг зорьж байгаагаа илэрхийлсэн. Мөн эдийн засаг, нийгмийн хөгжлийг байгаль, экологийн хамгаалалттай нягт уялдуулж, байгальд ээлтэй стандарт болон сайн туршлагыг дэлгэрүүлж, цэвэр, шинэ эрчим хүчний хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх замаар “Ногоон торгоны замыг хамтдаа бүтээж, хүн, байгалийн эв зохистой оршихуйг урагшлуулах”-ын төлөө хамтран ажиллахад бэлэн байгаагаа мэдэгдлээ. Энэ үеэр Шивээхүрэн-Сэхээ боомтын хил дамнасан төмөр замын ажлын хэсэг байгуулах тухай харилцан ойлголцлын санамж бичиг”, “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих төслийн Тусгайлсан зээлийн хэлэлцээр” зэрэг томоохон гэрээнд гарын үсэг зурлаа. Монгол Улсын хувьд сүүлийн 30 жил том чадлын цахилгаан эх үүсгүүртэй болохоор хичээж байгаа. Олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн ч амжилт олж чадаагүй. Харин баруун таван аймгийг эрчим хүчээр хангаж, төвийн бүсийн эрчим хүчний сүлжээнд ч дэмжлэг үзүүлж чадах Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг байгуулах тусгайлсан зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурснаар тус төслийн санхүүжилт үндсэндээ шийдэгдэж байна. Эрдэнэбүрэнгийн цахилгаан станцыг 2023-2028 онд барьж дуусгана. Төслийн 95 хувийг БНХАУ-аас олгох хөнгөлөлттэй зээл, таван хувийг Монголын Засгийн газар санхүүжүүлэх юм.
Улс орны хамтын ажиллагааг сайжруулахад сэтгүүлчдийн оролцоо чухал байгааг онцлов
“Бүс ба зам” дээд хэмжээний уулзалтын үеэр "Бүс ба зам-2023" хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааны форумыг Бээжин хотноо зохион байгууллаа. “Ардын өдрийн сонин”-оос зохион байгуулсан энэ форумд дэлхийн 70 гаруй улс орон, бүс нутгийн 110 хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчид оролцсон юм. “Гэрэлт ирээдүйн төлөө хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бэхжүүлэх сэдвийн дор зохион байгуулсан энэ форумын үеэр “Ардын өдрийн сонин”-ы Ерөнхийлөгч Туо Жэнь "Бүс ба зам"-ын орнуудын хэвлэл мэдээллийн байгууллагууд хамтын ажиллагааг идэвхжүүлж, энэ санаачилгын мөн чанарыг олон нийтэд зөв ойлгуулахыг сэтгүүлч нарт уриалж байсан юм. Тэрбээр сэтгүүлчид улс орнуудын хамтын хөгжил, харилцан ашигтай байдлыг дэмжих, бүс нутгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, дэлхийн засаглалыг сайжруулах, соёл иргэншил, ард түмний харилцааг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой гэдгийг онцолж байлаа. Дэлхий нийтэд хэвлэл мэдээллийн хэрэгсэл хурдацтай өөрчлөгдөж томоохон сорилтуудтай тулгарч байгаа энэ үед сэтгүүлчдээс техникийн болон танин мэдэхүйн ур чадвараа өргөжүүлэхийг шаардаж байна.Тиймээс хэвлэл мэдээллийн байгууллагууд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх шаардлагатай байгааг форумд оролцогчид онцолж байсан.
Шилдэг сэтгүүлчдэд шагнал гардууллаа
“Бүс ба зам” хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааны форумыг БНХАУ-ын “Ардын өдрийн сонин” 2014 оноос эхлэн зохион байгуулж байгаа юм. Энэ жил тус сонины редакцын зүгээс “Торгоны зам” дэлхийн мэдээний шагнал гардуулах ёслол хүндэтгэлийн ажиллагааг анх удаа зохион байгууллаа. "Бүс ба зам" олон талт хамтын ажиллагааг сурталчлах, олон нийтэд таниулах зорилгоор зохион байгуулсан энэхүү уралдаанд 80 гаруй улсын сэтгүүлч сурвалжилга, ярилцлага, “COVID-19”-ийн эсрэг видео контент, гэрэл зургийн бүтээл ирүүлснээс шилдгийн шилдгээр 14 бүтээл шалгарч, оролцогчид шагналаа гардан авлаа. Мөн Пакистаны "Торгоны замын андууд" клубийн тэргүүн, Мушахид Хуссейн Сайед тусгай шагнал хүртсэн юм. Мушахид Хуссейн Сайед Хятадад 100 гаруй удаа айлчилж, Хятад, Пакистаны найрамдлыг дэмжих байгууллага байгуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн юм байна.
Их мөнгөний чимээ ба Бээжингийн төлөвлөгөө
Хятад улс айлаар бол олон хүүхэдтэй, олон амныхаа хэрээр их асуудалтай, гэрт гадаах нь холилдсон замбараа муутай өрхийн дүр төрхийг илтгэдэг байсан цаг саяхан. Харин өнөөдөр хүүхдүүд нь өсөж томорч, байшин барилга шинээр барьж, хашаа саравчаа засаж тохижуулан, охид нь цэмбийтэл гэр орноо цэвэрлэн өнгө нэмж, үр хүүхдийнхээ буянаар налайж суугаа хөгшчүүлийн дүр төрх энэ айлаас анзаарагддаг болж. Тэд удаан хугацаанд бодож боловсруулсан нарийн төлөвлөгөөний дагуу “Бүс ба зам” санаачилгынхаа хоёрдугаар хэсгийг дэлхий нийтэд танилцууллаа. Уламжлалт сэтгэлгээ, их мөнгө шаардсан бүтээн байгуулалт, нүсэр барилга байгууламжаас энэ удаад татгалзаж ногоон эдийн засгаа хөгжүүлэх, техник технологийн дэвшлийг “Бүс ба зам” санаачилгад илүү гүн гүнзгий шингээж өгөхийг хүсэж байна. Тэд энэ төсөлдөө гар татахгүй гэдгээ ч амлав. “Бүс ба зам” санаачилгыг хэрэгжүүлж эхэлсэн эхний арван жил амар байгаагүй. Бээжингийн нөлөөллөөс болгоомжлох хандлага, эдийн засгийн болон элдэв хориг саад, ковид цар тахал гээд олон саад бэрхшээл учирсан. Гэхдээ тэд өөрсдийн санаачилгыг хэрэгжүүлэхийн тулд дэмжигч орнуудын тоог нэмж, санхүү, мөнгө ч хайр гамгүй зарцуулсаар ирсэн. Ирэх 10 жилд ч хөрөнгө оруулалтаа нэмнэ гэдгээ мэдэгдэв. Их мөнгөний чимээ олон улсын анхаарлыг татаж байна. Одоо дэлхийн олон улс орон Бээжингийн найман төлөвлөгөө рүү татагдан орж, аль болох их хөрөнгө оруулалт татан авч, харилцаа холбоо, дэд бүтцийн асуудлаа шийдэх, тэндээс ямар нэгэн ашиг хүртэхээр уралдаж эхэллээ. “Бүс ба зам” санаачилгын хоёр дахь арван жил улс гүрнүүдийн харилцаа холбоо, эдийн засагт олон шинэ өөрчлөлт авчрах нь дамжиггүй.
Б.Нүүдэл
Эх сурвалж: Монголын үнэн сонин №040/24571/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна