Фридрих Эбертийн сангийн ерөнхийлөгч Мартин Шүлц Монгол Улсад айлчиллаа


-30 жилийн ойн хүрээнд “Парламентын ардчиллын тулгамдсан асуудлууд” сэдэвт хэлэлцүүлэг өрнүүлэв-

 Фридрих Эбертийн сан Монгол Улсад үйл ажиллагаа явуулж эхэлсний 30 жилийн ой энэ онд тохиож байна. Энэхүү ойн хүрээнд тус сангийн ерөнхийлөгч Мартин Шүлц манай улсад энэ сарын 22-26-ны хооронд албан ёсны айлчлал хийлээ. Монгол Улсад ардчиллыг бэхжүүлэх, Монгол-Германы харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд тус сангийн оруулсан хувь нэмэр их. Түүнчлэн улс төрийн боловсрол олгох, энэ чиглэлийн судалгаа явуулахад Фридрих Эбертийн сангаас тууштай дэмжсээр ирсэн юм. Тус сангийн ерөнхийлөгч ноён Мартин Шүлц айлчлалын хүрээнд хэд хэдэн газраар зочиллоо. Боловсролын байгууллагуудаас МУИС-ийн үйл ажиллагаатай танилцаж, багш нартай уулзан ярилцсан байна.

Фридрих Эбертийн сангийн ойг энэ үеэр тэмдэглэн өнгөрүүлэв. Энэ өдөр өнгөрсөн 30 жилийн хугацаанд хамтран ажилласан болон үйл ажиллагаа явуулахад гар бие оролцсон хүмүүсийн баярын өдөр байсан юм. Фридрих Эбертийн сан нь нийгмийн ардчиллын үндсэн гурван үнэт зүйл болох эрх чөлөө, шударга ёс, эв санааны нэгдлийн төлөө 1925 онд байгуулагдсан бөгөөд Монгол Улсад 1993 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн юм. Фридрих Эбертийн сангийн үйл ажиллагаа нь улс төрийн үзэл баримтлал үл хамааран зөвлөгөө, дэмжлэгийг Монгол Улсын эрх ашгийн төлөө өгсөөр ирсэн. Энэ ч утгаар ойн баярын арга хэмжээнд АН, ХҮН, МАН болон улс төрийн бусад хүчний төлөөлөл уригдан оролцжээ.

Ойн арга хэмжээний чухал үйл явдлын нэг нь уулзалт, хэлэлцүүлэг байлаа. “Парламентын ардчиллын тулгамдсан асуудлууд” сэдвийн хүрээнд өрнөсөн хэлэлцүүлэг Төрийн ордонд энэ сарын 25-нд болсон юм. Монгол Улсын Их хурал, Фридрих Эбертийн сан хамтран энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулсан бөгөөд УИХ-д суудалтай намууд болон улс төрийн бусад хүчний төлөөлөл уг хэлэлцүүлэгт оролцлоо. Түүнээс гадна төрийн бус байгууллага, иргэд энэхүү хэлэлцүүлэгт оролцож парламентын ардчиллаа хэрхэн хамгаалах, хэрхэн илүү сайжруулах талаар санал бодлоо солилцлоо.  Хэлэлцүүлгийн үеэр талууд Монгол Улс авлига хээл хахуулийн асуудалд чанга, хатуу байх хэрэгтэй. Хэрвээ чадахгүй бол өнгөрсөн 30 жилийн хугацаанд хийж гүйцэтгэсэн бүх ажил үр дүнгүй болно гэдгийг онцолж байв. Түүнчлэн авлигын асуудалд хууль тийм ч чухал биш. Анхаарах ёстой хамгийн гол зүйл бол хувь хүний ёс зүй, хариуцлага. Улс төрийн намууд авлигын асуудалд холбогдсон болон эрх ашиг нь хөнддөг хүнийг нэр дэвшүүлэх тохиолдол байдаг. Энэ нь тухайн улс төрийн хүчний нэр хүнд, өрсөлдөх чадварт том сөрөг нөлөө үзүүлдгийг хэлэлцүүлгийн үеэр тодотгож байлаа. Фридрих Эбертийн сангийн дэмжлэгтэйгээр Монгол Улс Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулсан. Үүний үр дүнд парламент, шийдвэр гаргах удирдах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдэх хууль эрх зүйн орчин бүрдсэнийг хэлэлцүүлэгт оролцогчид онцлон тэмдэглэлээ.

 

Фридрих Эбертийн сантай олон жил хамтран ажиллаж байна

 /МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Эрдэнэбат/

 -Фридрих Эбертийн сан 1993 онд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж эхлээд хамгийн түрүүнд Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоотой хамтран ажилласан байдаг. Хөдөлмөрийн гурван талт хэлэлцээр хэрхэн хийх ёстой, хөдөлмөр эрхэлж буй иргэдийн эрх ашгийн төлөө цалингийн хэмжээг жил болгон хөндөн ярих. Хөдөлмөрийн тухай хууль болон Нийгмийн даатгалын тухай хуулиудад манай байгууллага Фридрих Эбертийн сантай хамтран ажиллаж ирсэн. Дэлхий нийтээрээ хүн төвтэй нийгэм байгуулъя гэж ярьж байна. Үүнтэй Фридрих Эбертийн сангийн үйл ажиллагаа яв цав нийцдэг юм.

 

Засаглалаа бэхжүүлэхэд Фридрих Эбертийн сан чухал үүрэг гүйцэтгэсэн

 /УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн/

 -1990 оны ардчилсан хувьсгалаар Монгол Улс хоёр том зүйлийг олж авсан. Тэдгээрийн нэг нь ардчилал. Хоёр дахь нь парламентын засаглал. Энэ хоёр зүйлийг бид үргэлж хамгаалж байх учиртай. 2019 болон 2023 оны Үндсэн хуулийн өөрчлөлтөөр бид парламентын засаглалаа илүү боловсронгуй болгож чадсан. Энэ бүхэнд Фридрих Эбертийн сан чухал үүрэг гүйцэтгэсэн.

 

Монгол Улсад ардчилал хөгжихөд энэ сангийн оруулсан хувь нэмэр их

 /ХҮН намын Удирдах зөвлөлийн гишүүн Д.Үүрцайх/

 -Монгол Улсад ардчилал хөгжихөд Фридрих Эбертийн сан том хувь нэмэр оруулсан. Зөвлөлдөх ардчилал бий болгох, улс төрийн намуудын төлөвшилд энэ сангийн үйл ажиллагаа томоохон дэмжлэг болсон. Энэ сан Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулж эхэлсний 30 жилийн ой энэ онд болно. Өнгөрсөн хугацааны хамтын ажиллагаагаа цаашид үргэлжлүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

 

Энэ сан Монгол Улсад бүх талын дэмжлэг үзүүлсэн

 /АН-ын тэргүүн дэд дарга С.Баярцогт/

 -Фридрих Эбертийн сан нь 30 жилийн хугацаанд Монгол Улсад бүх талын дэмжлэг үзүүлсэн. Энэ сангийн оролцоогүй салбар гэж үгүй. Монгол Улсын Татварын хууль, Төрийн албаны шинэчлэл, Улс төрийн намын шинэчлэл, хамтарсан Засгийн газрын үйл ажиллагаа болон манай улсын хөгжлийн том хөтөлбөрүүдийн хүрээнд хамтран ажиллаж ирсэн. Жендэрийн тэгш эрхийн асуудал Фридрих Эбертийн сангийн тулгуур бодлого нь болдог.

 

Жендэр судлалын хөтөлбөрийг дэмжин ажиллахаар боллоо

 /МУИС-ийн Улс төр судлал, Олон улсын харилцаа, Нийтийн удирдлагын сургуулийн захирал С.Мөнхбат/

 -Германд Фридрих Эберт, Конрад Аденауэр гэсэн том сан байдаг. Үүний нэг Фридрих Эбертийн сан Монголд улс төрийн намуудыг төлөвшүүлэх, ардчиллыг хөгжүүлж бэхжүүлэхэд 1993 оноос хойш дэмжин ажиллаж ирсэн. Энэ сангийн 30 жилийн ой болж байгаа бөгөөд тус сангийн ерөнхийлөгч Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна. Энэ хүн сангаас гадна Германы Бундестагийн гишүүн байхдаа Монголын улс төрийн намуудын эрх зүйн орчны шинэчлэл, сонгуулийн реформ хийх чиглэлд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа зүүн төвийн намуудтай нягт харилцаатай хамтран ажиллаж бодит хувь нэмрээ оруулж ирсэн. МУИС-д жендэр судлалын хөтөлбөрийг шинээр эхлүүлж байна. Эл хөтөлбөрийг эхлүүлэхэд энэ эрхэм бодлогын болон санхүүгийн томоохон дэмжлэг үзүүлэхээр болсон. Цаашид манай Улс төр судлал, Олон улсын харилцаа, Нийтийн удирдлагын сургуулийн улс төрийн нам, ардчиллыг бэхжүүлэх чиглэлтэй холбоотой судалгаануудад дэмжлэг үзүүлэн ажиллахаар болоод байна.

  

Фридрих Эбертийн сангийн ерөнхийлөгч Мартин Шүлц “Хүндэт доктор” боллоо

Фридрих Эбертийн сан нь Германы хамгийн ууган уламжлалт, улс төрийн сан юм. Монголд 1993 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд олон салбарын сургалт судалгаанд ихээхэн дэмжлэг үзүүлж ирсэн билээ. Тус сангийн 30 жилийн ойн хүрээнд Фридрих Эбертийн сангийн ерөнхийлөгч Мартин Шүлц өнгөрсөн өдрүүдэд манай улсад албан ёсны айлчлал хийлээ. Түүнийг ирэхэд МУИС-ийн төлөөлөл хүлээж авч “Хүндэт доктор”-оор өргөмжиллөө. Энэ үеэр ноён Мартин Шүлц “МУИС-ийн хүндэт доктор болсондоо маш их баяртай байна. Их сургуулийн багш нартай уулзаж ярилцахдаа энэ сургууль 25 мянган оюутантайг сонслоо. Ийм хүн амтай оронд суралцагчдын тоо өндөр байгааг сонсоод үнэхээр бахархах сэтгэл төрж байна” гэсэн юм. 

Фридрих Эбертийн сангийн Монгол дахь үйл ажиллагааны гол чиглэл нь нийгмийн хамгааллын тогтолцоог илүү тогтвортой болгох, хөдөлмөр эрхлэлтийн байдлаас үл хамааран хүн бүрийн нийгмийн суурь баталгааг дэмжих зорилготой. Түүнчлэн засаг захиргаа, улс төрийн түншүүдтэй хамтран ажиллах, жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог хангах нь энэ сангийн зорилгуудын нэг юм.


Б.Сийлэн

Эх сурвалж: Монголын үнэн сонин №040/24571/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2024/11/22
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 2024/11/22
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 2024/11/22
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 2024/11/22
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 2024/11/22
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 2024/11/22
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 2024/11/22
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 2024/11/22
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 2024/11/22
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 2024/11/22
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 2024/11/22