Үл баригдах хөнөөл


Хөхүүрийн ам цаашилж, хүйт­ний ам наашлахтай зэрэгцэн нийслэлчүүд өвөлжилтийн бэлтгэлээс илүү  утаагаа хэрхэн бууруулах, агаарын чанарыг сайжруулах тухай уламжлалт сэдвээ хөнддөг. Хэдэн өдрийн өмнө  орсон анхны цас  Улаанбаатарын агаарыг хэсэг зуур ч атугай цэвэршүүлсэн нь сайхан. Өдөр болгон тийм байдаггүй нь тоогүй.  Бид утаат хотын оршин суугчид болоод хэдэн жилийг үдлээ. Улсын бодлого боловсруулагчдын хувьд агаарын бохирдол бол  санаа зовоосон, яаралтай шийдвэрлэх толгойн өвчин мөнөөс мөн. Улаанбаатарын хүн амын эрүүл мэндийн тулгамдсан сэдэв утаанаас үүдэлтэй агаарын бохирдол. Агаарын бохирдлоос үүдэн үзэгдэх орчин хязгаарлагдмал болох, үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэлэмж буурах, цаг уур өөрчлөгдөхөөс илүүтэй хүн амын эрүүл мэндэд нөлөөлөх байдалд анхаарал хандуулах нь аргагүй. Агаарын бохирдлыг сайжруулсан түлшний чанараар тодорхойлбол өрөөсгөл болно. Удаан хугацааны турш эсвэл хурдан хугацаанд агаарын бохирдлыг бууруулах хувилбарын аль нь илүү үр дүнтэйг бүрэн тодорхойлоогүй байна. Үүний тулд эдийн засгийн чадамж, стратегийн зөв бодлого, чиглэлийг хэрхэн хэрэгжүүлэх зэрэг томоохон өөрчлөлтийг цогцоор нь тооцоолох шаардлагатай.

 
Тээврийн хэрэгсэл бол гэр хорооллын дараа орох утааны хоёр дахь том эх үүсгэвэр 

Аж үйлдвэр хөгжсөн орнуудад агаарын бохирдлын зонхилох хувийг үйлдвэрээс гаралтай утаа эзэлдэг. Харин манайд агаарын бохирдлын гарал үүсэл тун өвөрмөц. Утааг зөвхөн гэр хорооллын айлууд  ялгаруулдаггүй. Агаарын бохирдлыг үүсгэж байгаа нийт утаанд ногдох эх үүсвэрийг хувиар нь илэрхийлсэн мэргэжилтнүүдийн тооцооллыг авч үзвэл 80 хувь нь гэр хорооллын яндангаас, 10 хувь нь тээврийн хэрэгслээс ялгарч байна. Мөн хог хаягдал шатаах, хөрсний бохирдол, цахилгаан станцууд зэрэг өөр эх үүсгэвэрт ч анхаарал хандуулах шаардлагатай. Шаталтаас үүссэн агаар бохирдуулагч нарийн ширхэгт  тоосонцор РМ2.5 нь уушгинд гүн нэвтэрч, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг үндсэн бохирдуулагч юм. Сүүлийн жилүүдэд агаар дахь утааны нягтаршил, түүнд агуулах хорт бодисын хэмжээ ДЭМБ-ын зөвшөөрсөн хэмжээнээс давж, бид хорт хийгээр амьсгалж байгааг судлаачид олон судалгаагаар тогтоосон.

  

Тээврийн хэрэгсэл бол гэр хорооллын дараа орох, утааны хоёр дахь том эх үүсгэвэр юм. Нийслэлд авто замын хөдөлгөөнд оролцож байгаа олон мянган тээврийн хэрэгслээс ялгарч буй утаа, угаарын хий нь агаарын бохирдлын 10 хувийг эзэлдэг ч хор хөнөөлийн хэмжээгээр дээгүүрт бичигддэг. Автомашинаас ялгарах утааны найрлагыг задалбал  азотын давхар исэл, нүүрстөрөгчийн дутуу исэл, тоос, тоосонцор, үнэрт органик нэгдэл гээд 200 гаруй хорт бодис агуулдаг. 

Энэ нь агаар бохирдуулагч бодисын 20-30 хувийг бүрдүүлдэг.  Анагаахын салбарын мэргэжилтнүүдийн тооцооллоор Улаанбаатар хотод нийтийн тээврийн үйлчилгээнд ашиглаж буй 1000 гаруй автобус жилд 64 тонн хөө тортог агаарт цацдаг гэнэ. Тэр агаараар бид амьсгалдаг. НҮБ-аас хүн амын эрүүл мэндэд хамгийн хортой гэж тогтоосон 10 бодисын тоонд нүүрстөрөгчийн исэл хүнд үзүүлэх хор хөнөөлөөрөө цацраг идэвхт бодисын дараа хоёрт, азотын исэл дөрөвт ордог аж. Нүүрстөрөгчийн исэл нь бензин хөдөлгүүрт автомашинаас, харин азотын исэл  дизель хөдөлгүүрт автомашинаас ялгардаг ба тоос, тоосонцор, үнэрт органик нэгдлийг агуулдаг. Энэ үнэргүй хий нь агаар мандалд бор шаргал өнгөтэй тархдаг бөгөөд уушгины эдийг цочроох ба амьсгалын замын халдварт өвчинд өртөмтгий болгодог. Техасын их сургуулийн судлаачид азотын давхар исэл өндөр хэмжээтэй байдаг хот суурин газарт дутуу төрөлт, нярайн амьсгалын замын өвчлөл болон бусад сөрөг үр дагаврууд тохиолддогийг тогтоожээ. Автомашины утаагаар ялгарах хорт бодис  газраас дээш 20-30 см буюу хүний амьсгалах түвшинд дэгддэг. Хүйтний улиралд агаар нягтардаг учир хөөрч замхралгүй орчиндоо бөөгнөрдөг аж. Улмаар гадна орчинд ажилладаг хүмүүс, бага насны хүүхдэд аюултай. Нүүрсээ түлэхгүй байсан ч нийслэлийн тээврийн хэрэгслийн түлшний шаталтаас үүдэлтэй агаарын бохирдол аль ч улиралд өндөр байгааг судлаачид тодорхойлсон. Тиймээс “Утааны улирал дуусч, урин цаг ирлээ” гэх нь андуу ташаа ойлголт юм. Тээврийн хэрэгслийн насжилт нэмэгдэх тусам агаар, орчны бохирдол үүсгэнэ. Манай улсын хувьд автомашины насыг олон улсын жишгийн дагуу улсын бүртгэлд бүртгэгдсэнээс хойш ашигласан хугацаагаар нь тогтооход учир дутагдалтай байдаг бөгөөд энэ нь хуучин буюу ашиглагдаж байсан автомашиныг импортоор оруулж ирдэгтэй холбоотой юм. Иймээс автомашиныг үйлдвэрлэсэн оноос нь хойш ашигласан хугацаагаар нь тогтоодог аж.  Арваас дээш жилийн насжилттай тээврийн хэрэгслийн тоо сүүлийн жилүүдэд хоёр дахин нэмэгджээ. Улсын хэмжээнд 2021 оны байдлаар: нийт автобусны 78, нийт ачааны автомашины 95, нийт суудлын автомашины 87 хувь  нь арваас дээш жилийн насжилттай байна.

Хүүхдүүд илүү хордож байна

Ухаалаг утастай хэн ч оршин буй газрынхаа агаарын чанарын индексийг харах боломжтой. Агаарын чанарын индекс нь тоосонцор ( PM2.5 ба PM10 ), азотын давхар исэл ( NO2 ), хүхрийн диоксид ( SO2 ) болон нүүрстөрөгчийн дан исэл (CO) ялгаруулалтыг хэмжинэ. Цаг тутмын хэмжилтэнд үндэслэдэг. Эдгээр өдөрт Улаанбаатарын агаарын чанарын бодит индекс 205 буюу “Эрүүл мэндэд маш муу” гэсэн үзүүлэлттэй байлаа. Агаарын чанарын хэмжилтээр 200-300 байхад дэвхитэй хүүхэд болон насанд хүрэгчид, амьсгалын замын өвчний эрсдэлтэй. Иймд хүүхдүүдээ гэрээс гаргахгүй байх анхааруулга өгдөг. Замын хөдөлгөөний өндөр ачааллаас ялгарч байгаа агаарын бохирдол нь жирэмсэн эхчүүд болон хүүхдийн эрүүл мэндэд ихээхэн аюул учруулж байна.  Автомашины утаанаас ялгарах  бодисоос нүүрстөрөгчийн исэл нь амьсгалаар хүний  биед нэвтрэн цус руу ордог. Цаашлаад цусны улаан эсийн гомоглоблин уурагтай нэгдсэнээр эд, эсэд хүчилтөрөгчийн дутмагшил үүснэ. Энэ нь хүүхдийн сэтгэн бодох тархины хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг. Машины утаанаас ялгардаг хүнд металл болох хар тугалга нь хүүхдийн цус, мэдрэлийн тогтолцоонд мөн хортой нөлөөлөл үзүүлдэг. Хар тугалга нь яс болон бусад эдэд удаан хугацаагаар хуримтлагддаг гэнэ. Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн нэгэн судалгааг эш татъя.  АШУҮИС-ийн судлаач Г.Насантогтох, профессор О.Чимэдсүрэн нарын удирдсан баг Улаанбаатар хотын ерөнхий боловсролын сургуулийн 6-8 насны хүүхдүүдийн цусанд хар тугалганы хэмжээг тодорхойлоход судалгаанд хамрагдсан нийт сурагчдын 60.1 хувьд нь зөвшөөрөгдөх хэмжээнээс өндөр үзүүлэлттэй гарсан байдаг. Мөн гэр хороололд амьдардаг хүүхдүүдийн цусан дахь хар тугалгын хэмжээ нь орон сууцанд амьдардаг хүүхдүүдийнх өндөр байгаа нь амьдрах орчны агаараас хамаарч буйг илэрхийлнэ. Тэр ч байтугай сурлагад нөлөөлдөг аж. Энэ нь хар тугалга мэдрэлийн тогтолцоог хордуулах нөлөө үзүүлснээр анхаарал төвлөрөлт буурч, ой тогтоолт сулрахад нөлөөлдөгтэй холбоотой. Азотын оксидууд хүүхдийн бие махбодийг халдварт өртөмтгий болгодог, ингэснээр гуурсан хоолойн үрэвсэл болон уушгины хатгалгаагаар өвчлөх эрсдэлийг ихэсгэсдэг. Альдегидууд нүд, амьсгалын замын салст бүрхүүлийг цочроох, төв мэдрэлийн тогтолцоонд сөрөг нөлөө үзүүлдэг. 

Нас баралтын шалтгаан-Агаар

Монголд агаарын чанарын стандартын дагуу азотын давхар ислийн 24 цагийн хүлцэх хэм хэмжээ 50 мкг/м3 бол ДЭМБ-ын стандартаар 25 мкг/м3 байдаг. АШУҮИС-ийн судлаач эрдэмтэн, доктор, профессор О.Чимэдсүрэн багшийн судалгааны баг АНУ-ын Беркелей дэх Калифорнийн их сургуулийн багтай хамтран сүүлийн таван жилд агаарын  бохирдлын чиглэлээр томоохон судалгаа хийсэн. 

Энэхүү судалгааны үр дүнгээс үзвэл Улаанбаатар хотын 0-5 хүртэлх насны хүүхдийн нийт нас баралтын 33 хувийг амьсгалын доод замын цочмог халдвар, насанд хүрэгчдийн нийт нас баралтын 19 хувь нь уушгины архаг бөглөрөл, 24 хувь нь уушгины хавдар, 27 хувь нь зүрхний шигдээс, нийт нас баралтын 42 хувийг эзэлсэн харвалт зэрэг нь агаарын бохирдлоос шалтгаалж байна” гэсэн дүгнэлтэд хүргэжээ. 

Судалгааны үр дүнгээс тооцож гаргасан эдгээр тоо баримт бол 0.3 эсвэл дөрвөн хувь биш бүхэл бүтэн аравтын оронгоор хэмжигдэн гарсан нь улсын нийслэл утаан дундах Улаанбаатарт үхлийн харанга дэлдсэнийг харуулж байна. Агаарын бохирдол гарт баригдахгүй ч үхэлд хүргэх аюултайг Энэтхэгийн  Эрүүл мэндийн хүрээлэнгийн 2018 оны судалгаагаар нотолсон байдаг. Тухайлбал,  Энэтхэгт уушгины хорт хавдраар нас барсан хүмүүсийн 36 хувь, тархины харвалтын улмаас нас барсан хүмүүсийн 34 хувь,  зүрхний өвчний улмаас нас барсан хүмүүсийн 27 хувьд агаарын бохирдол нөлөөлжээ. Энэ тоо баримт тухайн үед Дэлхийн эрүүл мэндийн байгууллагыг цочроож байсан. Тэгвэл  Улаанбаатарт хийсэн судалгаа Энэтхэгийн судалгааны хэмжээнд дөхөж очсоныг харууллаа. Иймд эмч нар хүүхдүүд, жирэмсэн эхчүүдийг замын хөдөлгөөний өндөр ачаалалтай орчноос хол явах, тээврийн хэрэгслэ,,эр зорчихдоо цонхоо хаах, автомашиныхаа утааг бууруулахыг зөвлөж байна. Автомашины утааг бууруулах нь агаарын бохирдолтой тэмцэх хамгийн үр дүнтэй аргуудын нэг юм. Хариуцлагатай иргэн бүр хайртай хүмүүсээ хамгаалж, орчноо бохирдуулахгүйн тулд автомашиныхаа утааг бууруулах арга хэмжээ авцгаая. 


  Х.Эрдэнэзаяа

Эх сурвалж: Монголын үнэн сонин №042/24573/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2024/11/22
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 2024/11/22
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 2024/11/22
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 2024/11/22
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 2024/11/22
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 2024/11/22
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 2024/11/22
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 2024/11/22
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 2024/11/22
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 2024/11/22
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 2024/11/22