Ажил хэрэгч хүмүүст зар сурталчилгааны бодит дэмжлэг үзүүлдэг Монголын маркетинг менежментийн хүрээлэн нэрийн хуудас болсон арга хэмжээнүүдтэй.Тэдгээрээс “Grand Awards”, “Next Generation” нь бизнесийн байгууллагууд хэрхэн амжилттай, дэвшилттэйажилласныг олон нийтэд оны эцэст тайлагнадаг уламжлалтай. Монголын маркетинг менежментийн хүрээлэнгийнГүйцэтгэх захирал Н.Энхцэцэгтэй ярилцсанаа хүргэе.
-Монголын маркетинг менежментийн хүрээлэн байгуулагдсан үеэс эхлэн ярилцъя?
-“Эрхэт монгол” группийн захирал Х.Мандахбаяр Монголын маркетинг менежментийн хүрээлэн байгуулах
санаачилгыг гарган, үүсгэн байгуулсан. 2002 оноос түүнтэй хамтран ажилласан мэргэжил нэгт, салбарын менежеранд нөхөд нь тус хүрээлэнг ээлжлэн удирддаг болсон. 2008 онд Монголын маркетинг менежментийн хүрээлэн байгуулагдсан. 2008 он бол дэлхий дахины эдийн засгийн хямралын жил байлаа. Бизнес эрхлэгч бүр зар сурталчилгааны зардлаа танаж эхэлсэн үе л дээ. Үүнийг мань хүн олж харсан хэрэг. Бизнес эрхлэгчдийг нэгтгэж, олон хэвлэлээр зар сурталчилгаа хийх нь зүйтэй гэж үзээд “Grand Expo” нэртэйгээр, анх “Мишээл экспо”-д зохион байгуулж байлаа. Энэ нь салбар салбарын манлайлагчдыг анх удаа нэгтгэсэн хэвлэл мэдээллийн кампанит ажил болсон.
Анх хоёр жилд нэг удаа зохион байгуулахаар төлөвлөсөн ч бизнес эрхлэгчдийн саналаар шинэ оны өмнө жил бүр зохиогддог арга хэмжээ болсон. Үүний дараа маркетингийн төрөл бүрийн сургалтууд зохион байгуулж эхэлсэн. Мэдээж, маркетинг зөвхөн зар сурталчилгаа биш шүү дээ. Үүнийг одоо хүн бүхэн мэддэг болсон. Манайхан зах зээлд старт апп компаниудыг бэлтгэх, таниулахад бага ч болов хувь нэмэр оруулсан байх. Гэрээт маркетинг, зөвлөх үйлчилгээг 2008 оноос үзүүлж ирсэн. “Хямралыг хамтдаа даван туулъя”, “Үндэсний үйлдвэрлэлээ дэмжье”, “Бизнесийн тогтвортой хөгжлийн төлөө хамтдаа” зэрэг кампанит ажлууд, нөлөөллийн аянаар компаниудыг нэгтгэсэн.
-Танай хүрээлэнгийн боловсон хүчний давуу тал юу вэ?
-Зар сурталчилгаанд тодорхой жин дардаг салбар буюу хэвлэл мэдээллийнхэн МММ-ийн хүрээлэнгийн удирдах зөвлөлийн гишүүд. “Өдрийн сонин”-ы Тамгын газрын дарга Б.Нямдорж, Хариуцлагатай нарийн бичгийн дарга Д.Оюунтуяа, Санхүү, маркетингийн албаны ерөнхий менежер П.Энхжаргал, Монголын сайтын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга П.Энхжаргал, хөтлөгч, сэтгүүлч Г.Алтантүрүү, сэтгүүлч Б.Түвшинтөгс, Khaan.mn сайтын захирал Б.Ганбат, “Монголын үнэн” сонины орлогч эрхлэгч Г.Сонинбаяр,
nuuts.mn сайтын захирал С.Хоролгарав, bestnews.mn сайтын захирал Ц.Насанжаргал нар төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд тус тусын үүрэгтэй оролцдог.
-“Next Generation 100” төслийн онцлогийг тайлбарлаач. Улс тунхагласан баяраар 100 компанид шагнал гардуулна гэж ойлголоо?
-“Next Generation” төслийг МММ-ийн хүрээлэн байгуулагдсан цагаас хойш гурав дахь удаагаа хэрэгжүүлж байна. 100 компани гэж үзвэл өрөөсгөл ойлголт. Хувь хүмүүс энэ судалгаанд багтана. Тамирчид, урлаг соёл, шинжлэх ухаан, технологийн салбарынхан гуравны нэг хувийг эзлэх болов уу. Энэ оны “Next Generation 100” ёслол “Манлайлагч залуус-Монголын ирээдүй” уриан дор зохион байгуулагдаж байна. 2014 онд бид “Grand Awards” наадмын өмнө “контент маркетинг” чухал байр суурьтайн тухайд мэдэгдэж байсан.
Хэдийгээр энэ маркетингийг хэрэгжүүлсэн нь онцгойрч байсан ч нийтээрээ ойлгодоггүй байсан цаг үе. Аливаа үйл ажиллагаа нөлөөллийн ач холбогдолтой байх ёстой гэдэг үзлийг санаачилсан төсөл бүхэндээ шингээдэг.
-Зар сурталчилгааны ямар хэлбэрийг албан байгууллага, хувь хүмүүс сүүлийн үед чухалчилж байна вэ. Танай үйлажиллагааны зонхилох хэсэг нь зар сурталчилгаа гэж анзаарагдлаа.
-Зар сурталчилгааны бизнесийг ч олон жилийн уйгагүй, тогтвортой үйл ажиллагаагаар тогтворжуулна шүү дээ. 2000 оны эхэн үед зар сурталчилгааны бизнесийг өөрсдөдөө бий болгохын тулд ний нийгүй хэлэхэд бид хүмүүсийг гуйх нь холгүй юм болно. Уг нь тухайн компанийн ажлыг л хийх гээд байгаа юм. Одоо тийм инээдтэй цаг ард хоцорсон. Олон жил оршин тогтносон компаниудтай төвөггүй ойлголцдог гэх үү дээ. Зар сурталчилгааны ойлголт муутай анхдагч компаниудын үйл ажиллагаа ганхаад, ихэнх нь дампуурчихсан. 90-ээд онд ямар компани, ямар хүмүүс бизнес, хувь хүнээрээ танигдсан билээ дээ. Хэн нь тэсэж үлдсэн бэ гэдгийг бүгд харж байгаа. Албан байгууллага, хувь хүмүүсийн хувьд онлайн зар сурталчилгаанд ач холбогдол өгч байна. Зөв цагт, зөв газарт, зөв хүмүүст мэдээлэл хүргэнэ гэвэл энэ бас тийм ч оновчтой бус. Нэг л их лайвдсан хүмүүс. Буруу хүнтэйгээ \нүүр царай\ лайвдаад, овоо сайхан явж байсан компани дампуурах хэмжээнд сүүлдээ нөгөө хүнтэйгээ сошиалаар хэрүүл хийгээд ч байх шиг. Харамч хүн хоёр дахин ихийг төлдөг бол 200 дахин их төлснөөс ч дор эрсдэлд орчихсон явж байх жишээтэй. Албан ёсны зар сурталчилгааг басаж болохгүй.
-МММ-ийн хүрээлэн “50 чухал хүн”, “Монголыг өөрчлөх хүмүүс” номыг эрхлэн гаргасан. Хоёр дахь боть худалдаанд гарах болов уу?
-“50 чухал хүн” ном зах зээлд шилжсэн үеэс эхлээд, салбар салбарын анхдагчдыг онцолсон. Анхны ботид уригдаж оролцсон зочдоос дөрвөн хүн Монгол улсын Хөдөлмөрийн баатар цол хүртсэн. Үүнээс үнэ цэнтэй зочид оролцсон гэдгийг бэлхнээ харж болох биз ээ. “Монголыг өөрчлөх хүмүүс” бол ирээдүйг илүү өөдрөгөөр харж, зочдод итгэл хүлээлгэсэн хэрэг. Монголын нөхцөлд ер нь эерэг тархи угаалт ховор. Дурын пэйж хуудасны гарчиг дээр хэрэлддэг ард түмэн болчихсон. Энэ хоёр ном 25 менежер, 30
сэтгүүлчийн оролцоотой бүтсэн. Хоёр дахь боть 2023 онд багтаж худалдаанд гарна.
-“Ярууслын чуулган” цахим наадмыг танай хамт олон зохион байгуулаад уламжлал болчихлоо. 50 саяын шагналын сантай гэдгээр Монголдоо анхдагч гэж харсан. Энэ жилийн “Ярууслын чуулган” наадмын онцлог юу вэ?
-“Channel11” телевиз “Ярууслын чуулган” монгол туургатны цахим наадмын ерөнхий зохион байгуулагч, МММ-ийн хүрээлэн, shilen.mn сайт, “Ярууслын чуулган” ТББ хамтрагчаар оролцдог юм. Шагналын сан, зохион байгуулалттайгаа нийлээд 100-аад сая төгрөгийн зардалтай. Дэлхийд тархан суурьшсан монгол туургатнууд оролцдог. Дэвшилтэт технологийг ашиглаж, гар утсан дээрээ бичээд хаанаас ч шүлгээ илгээх боломжтой гэдгээр давуу талтай. Эхний жил Т.Галсан гуай “Шүлэг найргаар давлагаалсан ер бусын
сайхан зун. Амьдралдаа үзээгүй сайхан зун” гэж хэлсэн. Яруу найрагт дуртай, үүнд зүрх сэтгэлээ өгсөн хүн бүр “Оюуны үнэлэмжийг дээшлүүллээ” гэж бахадсан. “Ярууслын чуулган-2021” наадамд Д.Урианхай гуай шүүгчдийн саналаар түрүүлж 30 сая төгрөгийн шагнал хүртсэн. Энэхүү бай шагналыг яруу найрагчдад хүртээсэн “Мандар” группийн захирал Б.Батмагнайд яруу найрагч нар баярлах ёстой болов уу. Энэ хүн Монголын яруу найргийн түүхэнд үнэт хувь нэмэр оруулсан. “100 жилийн түүхэнд байгаагүй үйл явдал. Яруу найргийг ингэж үнэлнэ гэж байх аа” гэж Т.Галсан гуай дуу алдсан л юм даа. Эхний жил 221 найрагч оролцсон.
-Энэ жилийн “Ярууслын чуулган” наадам “Эх хэлээ дээдэлье” уриатай юм билээ. Соёлын яам, Боловсрол, шинжлэх ухааны яам танай үйл ажиллагааг дэмждэг үү?
-Соён гэгээрүүлэх үйл ажиллагаа хэрэв оновчтой бол төрийн байгууллага дэмжих ёстой. Зүгээр л чалчаад сууж байдаг форумуудад мөнгө төсөвлөчихсөн харагддаг. Тэнд ажиллаж буй судлаач, мэргэжилтнүүд хаана, ямар үйл ажиллагаа зохион байгуулж байна вэ гэдгийг өөрсдөө судалбал зүйд нийцнэ. Энэ жилийн “Ярууслын чуулган” буюу хоёр дахь удаагийн наадамд хилийн чанадаас оролцогчид эрс нэмэгдсэн. Халимаг, буриад, тува, өвөрмонголоос гадна франц герман, япон найрагчид шүлгээ ирүүлсэн. Энэ утгаараа дэлхийд анх удаа зохиогдож буй цахим наадам гэж хэлж болно. Олон улсад суугаа элчин сайдууд хүртэл шүлэг дуудаж ирүүлсэн. Эндээ бид эх нутаг, эх хэлнийхээ үнэ цэнийг мэдрэхгүй байх шиг. Хүний нутагт суугаа хүмүүсийн шүлэг, найраг гүн утгатай, илүү эмзэг, мэдрэг санагддаг. Эхний шатны шалгаруулалт дуусаж, шүүгчид ажилдаа орсон. Ирэх сарын эхээр эхний шатанд тэнцсэн хүмүүсийг зарлана гэсэн төлөвлөгөөтэй байгаа.
Э.Зулцэцэг
Эх сурвалж: Монголын үнэн сонин №042/20523/