Вирусийн гаралтай томууны үед антибиотик хэрэглэж болохгүй


Жил бүрийн намраас хавар хүртэл томуугийн тархалтын оргил үе үргэлжилдэг. Оргил үе нь арванхоёрдугаар сарын сүүлч, нэгдүгээр сарыг хамардаг байна.  Улирлын томуугаар өвдсөн бага насны хүүхдүүд өвчнөө хүндрүүлдэг. Ханиад, томууны шинж тэмдэг ойролцоо учир эцэг, эхчүүд ялгахад бэрх. Тэгвэл энэ жил томуугийн улирал урт хугацаанд үргэлжилж байгаа төдийгүй хүүхдүүдээс гадна 25-40 насныхны өвчлөл нэмэгджээ. Цаашид дэгдэлт улам нэмэгдэх төлөвтэй байна. Хэдийгээр сургууль амарч, цэцэрлэгийн ирц буурсан ч халдварын тархалт буурахгүй байгаа нь эцэг эх, асран хамгаалагчидтай холбоотой.

Улсын хэмжээнд  вакцинжуулалт өрнөсөн ч насанд хүрсэн хүмүүс амны хаалт зүүхгүй, агаар дуслын замаар дамжих өвчнийг зөөвөрлөж, бага насны хүүхдэдээ дамжуулах эрсдэлтэй. Эрүүл мэндийн сайдын 2023 оны аравдугаар сарын 10-ны “Улирлын томуугийн эсрэг вакцинаар дархлаажуулах тухай” А/358 дугаар тушаалын хүрээнд дархлаажуулалтын 10 хоногийг “Томуугаас сэргийлье” уриан дор энэ сарын 10-20-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ удаагийн дархлаажуулалтаар 2023-2024 оны томуугийн улиралд ДЭМБ-ын зөвлөмж болгосон томуугийн вирусийн эсрэг төрөгчийг идэвхгүйжүүлэн, ДЭМБ-аас итгэмжлэл авсан БНСУ-ын GCFLU дөрвөн цэнт вакциныг хийж байна. Мөн вакцины найрлагад орсон томуугийн вирусийн дөрвөн дэд хэв шинжээр үүсгэгдсэн халдвараас сэргийлэх зорилгоор хэрэглэж байна. Томуугийн вакцинд эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрлийг үндэслэн 2-5 насны хүүхэд болон жирэмсэн эмэгтэйчүүд, эрсдэлт бүлгийн хүн ам, эрүүл мэндийн байгууллагын ажилтныг сум, өрхийн эрүүл мэндийн төв, тухайн эрүүл мэндийн байгууллага болон цэцэрлэгт дархлаажуулалтын түр цэг нээн хамруулж байна.

Томуугийн вирусээр насанд хүрэгчид хөнгөн өвдөж байгаа ч хүүхэд, жирэмсэн эх, чихрийн шижинтэй болон архаг хууч өвчтэй хүмүүс өвчнөө хүндрүүлж байна. Гэхдээ томуугийн хүндрэлээс сэргийлэх, эмчилгээг богино хугацаанд үр дүнтэй хийх боломжтой. Ялангуяа бага насны хүүхэд, ахмад настан, жирэмсэн эмэгтэйчүүд, архаг хууч өвчтэй зэрэг дархлаа султай хүмүүс томуугийн халдвар авснаар богино хугацаанд хатгаа болж хүндрэх эрсдэлтэй. Иймд гол анхаарах зүйл бол хүмүүс вирусийн гаралтай томуу биш байхад вирусийн эсрэг эм ууж улам хүндрэх нөхцөл үүсгэдэг. Эцэг эхчүүд фэйсбүүк группүүдэд нийтлэгдсэн нэгнийхээ постын дагуу хүүхдээ эмчлэх гээд байдаг. Нэг нь “Манай хүүхэд ханиад хүрээд энэ эмийг уугаад эдгэлээ” гэж бичихэд бусад нь “Хаанаас наад эмээ авсан бэ, өдөрт хэдэн удаа уулгах вэ” гэх мэтээр асуусан байдаг. Тухайн постны эзний хүүхэд тэр эмийг нь уугаад эдгэсэн байж болно. Гэвч бусдынх нь хүүхэд яг тэр эмчилгээгээр эдгэнэ гэж бодох нь өрөөсгөл. Нэгнийхээ ам дамжсан яриагаар янз бүрийн эм хэрэглэснээс болоод эдгэсэн ч биш, эдгээгүй ч биш явсаар улирал дамнаад хүүхдээ хүндрүүлдэг аж. Энэ бүхэн маш буруу. Ханиалгаж байгаа тохиолдолд амны хаалтаа тогтмол зүүж, ам, хамраа зайлах чухал. Шинж тэмдэг илэрч л байвал өрхийн эмнэлэгтээ үзүүлж, эмчээс зөвлөгөө авах хэрэгтэй. Мөн томуу өвчний үед антибиотик эмчилгээ үр дүнгүйг эмч нар анхааруулж байна. Томууг ялган оношилгоог лабораторын нөхцөлд хамар, залгиураас арчдас авч шинжлэх бөгөөд шинжилгээний хариу томуугийн халдвар мөн эсэх, хэрвээ мөн бол А,Б хүрээний вирусийн алинаар үүсгэгдсэн болохыг заадаг. Томуугийн шинж тэмдэг ханиаднаас илүү хүнд явцтай ч хурдан илэрдэг. Томуугийн халдварын үед хоолой хөндүүрлэж өвдөх, халуурах, толгой өвдөх, булчин зангирч өвдөх, хамар битүүрэх, ханиалгах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. Шинж тэмдэг 2-5 хоногийн хугацаанд аажим намждаг. Гэсэн хэдий ч долоо ба түүнээс дээш хоногоор биеийн байдал сайжрахгүй байх тохиолдол элбэг. Томуугийн түгээмэл тохиолдох хүндрэл нь уушигны хатгаа бөгөөд бага насны хүүхдүүд, ахмад настан, уушиг, зүрхний өвчтэй хүмүүс илүү өртөмтгий байдаг. Амьсгаадах шинж тэмдэг илэрвэл эмчид хандах шаардлагатай. Хатгааны үед халуурах нь түгээмэл бөгөөд халуун буусан ч 1-2 өдрийн дараа дахин халуурна. Ханиадны адилаар томуугийн вирус бидний хамар, нүд, амны салстаар дамжин биед нэвтэрдаг. Иймд гараа тогтмол угааж, халдваргүйжүүлж, нүд, хамар, амандаа гараараа хүргэхгүй байх нь ханиад, томуугаас сэргийлэх үр дүнтэй аж. Ханиад, томууны үед хүүхдийн дархлааг хэрхэн дэмжих, урьдчилан сэргийлэх талаар Хан-Уул Эрүүл мэндийн төвийн Яаралтай түргэн тусламжийн их эмч Б.Халиунаас тодруулсан юм.

Б.Халиун: Томуу, томуу төст халдвар  хоёрдогч бактериар хүндэрч байна

-Энэ жил томуугийн ямар төрөл давамгайлж байна вэ?

-Сүүлийн үед антибиотикт тэсвэртэй бактериар үүсгэгдсэн томуу, томуу төст халдвар нь хоёрдогч бактериар хүндэрч байна. Ийм төрлийн ханиад эмэнд дарагдах нь бага. Ханиалгах, халуурах, толгой өвдөх зэрэг шинж тэмдгээр илэрдэг. Энэ жил хүүхэд, том хүн ялгаагүй шинж тэмдэг намдахгүй, удаан хугацаагаар ханиалгаж байна. Харшилтай хавсраад 14-30 хоног болон түүнээс дээш хугацаагаар ханиалгах тохиолдол бий. Эмчилгээ хийлгээд эдгэдэг ч дахих, сэдрэх  магадлалтай.

-Ханиалгахаас өөр шинж тэмдэг илэрдэг үү?

-Зарим вирусийн гаралтай ханиад  суулгалттай хавсрах болсон. Вирус бүрийн халдварын үед илрэх шинж тэмдэг өөр өөр байдаг. Тиймээс хүн бүрд адилгүй зовиур илэрсэн тухай ярьдаг. Гэхдээ вирусээр үүсгэгдсэн тул яаран антибиотик хэрэглэж болохгүй. Эцэг, эхчүүд  сайн гэсэн эм уулгаад ханиадыг нам дарна гэж боддог. Хурдан эдгээхэд эмийн бус олон сайн арга бий.

-Антибиотикийн бус эмчилгээний аргуудаас зөвлөнө үү?

-Нэгдүгээрт, өрөөний агаарыг сайтар чийгшүүлэх хэрэгтэй. Чийгшүүлэхийн тулд том амсартай саванд ус хийж тавих, чийгтэй алчуур дэлгэх, шалаа өдөрт хоёроос олон удаа халуун усанд базсан даавуугаар арчих агаар чийгшүүлэгч ажиллуулах нь  хурдан эдгэрэхэд тустай. Хоёрт, хүүхдийн хувцсыг тохируулж өмсүүлэх. Халуурч байгаа хүүхдийг хэтэрхий бэгнэж болохгүй. Зарим тохиолдолд халууцсан хүүхдүүд хүйтэн ус уух, хөлрөөд салхинд цохиулж өвчнөө хүндрүүлдэг. Тиймээс орчиндоо тохирсон даарахааргүй хэрнээ халууцахааргүй агаар сайн нэвтрүүлдэг даавуун материалтай хувцас өмсүүлэхийг зөвлөдөг. Гуравт,  агаар сэлгэлт. Хүүхдээ өвдөхөөр эцэг эхчүүд цонхоо хаагаад агаарын солилцоогүй битүү орчинд байлгадаг. Тэгэхээр хүүхдэд хүчилтөрөгч дутагддаг. Өрөөний бохир агаараар амьсгалснаар дахин вирусийн халдвар авах, хүндрэх эрсдэлтэй тул агаарын солилцоог цаг агаартай зохицуулан хоёр цаг тутам хийж хэвшвэл ханиадыг хурдан эдгээхэд тустай байдаг. Түүнчлэн  өвчтэй хүүхдэд ус, шингэн хярам, байхуу цай, шингэрүүлсэн жимсний шүүсийг хангалттай сайн уулгавал шаналгааг багасгах, халууныг хурдан буулгах, хордлогод оруулахгүй байх сайн талтай. Ялангуяа шимт бодисоор баялаг, витаминлаг, тэжээллэг хоолоор хооллох нь өвчтэй хүүхэд хурдан эдгэрэхэд тустай байдаг. Эдгээр аргыг эцэг, эхчүүд мэддэг ч төдийлөн хэрэгжүүлдэггүй. Дээрх таван зөвлөгөөг баримтлаад, хүүхдэдээ тохирсон дасгал хөдөлгөөн хийж байвал өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчилсөн үед хурдан эдгэрдэг.

-Ханиад, томуугаар өвдөх дархлаатай шууд холбоотой гэдэг. Хүйтэн сэрүүний улиралд дархлаагаа хэрхэн сэргээх вэ?

-Дархлаагаа сайжруулж, ханиаднаас салъя гэвэл шингэн зүйл сайн уух хэрэгтэй. Өдөрт хүүхэд 1.5 литр, том хүн 2.5-3 литр шингэн заавал уухыг зөвлөдөг. Хүний биед бактери орсон ч шингэнээр хөөгдөж гарах, эмчилгээ хурдан авахад дэмтэй байдаг. Өвлийн цагт шимт бодисоор баялаг, витаминлаг хүнс болох өндөг, мах, дүпү, шар тос, гурвалжин будаа, шар будаа, хөц будаа, бүхэл үрийн гурил, гурилан бүтээгдэхүүн, эх орны хөрсөнд ургасан төмс, лууван зэрэг хүнсний ногоо, аньс, нэрс, чацаргана зэргийг тохируулан хэрэглэх хэрэгтэй.

-Танай эмнэлэг ханиад, томууны дэгдэлтийн үед ачаалалтай ажилладаг байх. Сурагчдын амралтаар ачаалал буурсан уу?

-Ханиад томууны оргил үед Хан-Уул Эрүүл мэндийн төвийн хүлээн авахад өдөрт 200-300 хүүхэд хандаж, ачаалалтай ажилладаг. Сургуулийн амралтын үеэр ханиад томууны дуудлага багассан. Гэхдээ суулгасан, бөөлжсөн, олон хоног ханиалгасан гэсэн дуудлага одоо ч  тасрахгүй байна. Ханиад томууны цагт эцэг, эхчүүд хүүхдийнхээ дархлааг дэмжих хоол хүнс сонгож, ханиалгах шинж тэмдэг илэрмэгц халуун бүлээн шингэн, цагаан гаатай болон зөгийн балтай сүү уулгах хэрэгтэй. Вирусийн гаралтай ханиаданд виферон, анаферон зэрэг вирусийн эсрэг лаануудыг хэрэглэж болно. Үүний дараа хүүхдийн ханиад эдгэхгүй, улам хүндэрсэн тохиолдолд Өрхийн эмнэлэгт хандах хэрэгтэй. Эмчийн зааврын дагуу эмчилгээ хийж, давтан үзлэгээ хийлгэсний дараа тухайн эмч хоёрдугаар шатлалын эмнэлэгт хандах бичиг өгдөг. Гэтэл энэ дарааллыг алгасаж, Өрхийн эмнэлгийг тоохгүй шууд түргэн тусламж дуудах эсвэл хоёрдугаар шатлалын эмнэлэгт хандах нь ачаалал нэмэгдүүлдэг. Ийм шалтгаанаар хэвтэн эмчлүүлэх ор хүрэлцэхгүй байна. Хамраас нь нус гоожсон шинж тэмдэгтэй ирсэн хүүхэд эмнэлэгт хандаад буцахдаа ханиад авдаг гэж ярьдаг. Эцэг, эхчүүдэд зөвлөхөд, эмнэлэгт ирэхдээ хүүхдийнхээ хамарт вирусээс сэргийлэх оксолин түрхэж, амны хаалт зүүлгээрэй. Энэ талаар бүгд мэддэг ч хэрэгжүүлэхгүй байна.

Х.Эрдэнэзаяа

Эх сурвалж: Монголын үнэн сонин №043/24574/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Эмэгтэй нэр дэвшигчдийн квотыг 40 хувьд хүргэнэ 15 минутын өмнө
Ж.Галбадрах: Багшийн хомсдолыг арилгахгүйгээр боловсролын салбарт хийх… 33 минутын өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол Улсын хөгжлийг урт хугацаанд тогт… 36 минутын өмнө
Я.Цэлмэн: Оюун санаа, хүний эрхийн хувьд нийгэм одоо л солигдож байна 1 цагийн өмнө
Оросын оюун санааны дууч 1 цагийн өмнө
Нүд “ичиж”, чих дөжрөх нь 1 цагийн өмнө
М.Даваасүрэн: Монгол хүний оюуны өмчийн бүтээлүүдийг эдийн засгийн эрг… 22 цагийн өмнө
Монгол тэмүүлэл монгол ухаанаар оршихуй 22 цагийн өмнө
Статистикийн салбар хөгжлийн шинэ эрин үетэй хөл нийлүүлэн алхахдаа б… 22 цагийн өмнө
Үндэсний Статистикийн Хорооны 100 жилийн ойн хүрээнд хэрэгжүүлж буй он… 23 цагийн өмнө
Б.Батдаваа: Статистикийн салбар хөгжлийн шинэ эрин үетэй хөл нийлүүлэ… 23 цагийн өмнө
Төсөв тойрсон хэрүүл, уран дагасан улстөржилттэй долоо хоног 23 цагийн өмнө
Хоноцын сэтгэл ба үгүйлэгдсэн хайр 2024/11/08
Т.Баасансүрэн: “Монголын үнэн” сонин өнгөрсөн зууны толгой, өнөө зууны… 2024/11/08
ТУМБААШЛАГ ТӨР 2024/11/08
Эрдмийн эрдэнэ эгэл ардад байдаг 2024/11/08
Мэндчилгээ 2024/11/08
Мэндчилгээ 2024/11/08
Шинэ зууны түүчээ-залуустаа илгээх захидал 2024/11/08
Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Санд… 2024/11/07