Монгол Ардын Намын Хяналтын Ерөнхий Хорооноос аймаг, нийслэлийн намын хорооны хяналтын байгууллагын удирдах ажилтын ёс зүйн чадавхыг нэмэгдүүлэх сургалтыг зохион байгуулав.
Энэ удаагийн сургалтыг Хяналтын Ерөнхий Хороо, Удирдлагын академийн багш нар болон МУИС-ийн доктор, профессоруудтай хамтран зохион байгуулж байгаа бөгөөд “Ёс зүйн үндсэн ойлголт”, “Ёс зүйн менежмент ба манлайлал”, “Ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх, урьдчилан сэргийлэх арга зам” гэсэн үндсэн сэдвүүдийн хүрээнд зохион байгуулж байна.
Аймаг нийслэлийн намын хорооны хяналтын байгууллагын удирдах ажилтны ёс зүйн чадавхыг нэмэгдүүлэх сургалтад Монгол Ардын Намын дарга Л.Оюун-Эрдэнэ, Ерөнхий Нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, Хяналтын Ерөнхий Хорооны дарга Б.Баярбаатар, МАН-ын Нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагд, Б.Тулга тэргүүтэй 21 аймгийн хяналтын байгууллагын удирдлага гишүүд оролцов.
МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ сургалтад хамрагдаж буй гишүүдэд хандан “Шинэ зуун жил эхэлж байна. 30 дугаар Их хурлаараа бид түүхэн том зорилтуудыг дэвшүүлсэн. Эдгээрийг хэрэгжүүлэхэд МАН-ын гишүүн бүхэн манлайлах үүрэгтэй оролцох ёстой. Тэр дундаа Намын Их хурлын субъект болсон хяналтын байгууллагын удирдлага, эрхэм орон нутгийн төлөөлөгчид та бүхэн хамгийн чухал үүрэгтэй шүү гэдгийг би намын даргын хувьд тэмдэглэн хэлье. Бүх хүн оролцогч, бүх хүн түгээгч байх ёстой. Урсгал ус цэвэрхэн байдгийн адилаар намын гишүүд та бүхэн нэг өдрийг ч зүгээр өнгөрөөж болохгүй. Бид мэдээллээ хэлэх, дамжуулах урсгал ус байх үүргээ гүйцэтгэх ёстой. Ингэж байж бид Шинэ сэргэлтийн бодлого, цаашид шинэ зуунд эрх баригч байх том хөдөлгөгч хүч байх учиртай.
Эрх барьж байгаа үед маш жижиг зүйл дээр хоорондоо үл ойлголцох, ан цав суух тохиолдол гардаг. Хяналтын байгууллагын хувьд ялангуяа ийм зүйл их гардаг. Учир нь та бүхэн хүний хувь заяаг шийддэг. Хэн нэгэн хүний улс төрийн карьерт цэг тавих эсэхийг шийддэг. Маш хяналттай байх ёстой, бас хүнлэг байх учиртай. Үүнийг хослуулах том тэнцвэр та бүхний гарт байдаг. Энэ агуулгаараа хяналтын байгууллага бол туйлын чухал субъект. Нөгөө талаараа жижиг гомдол чөтгөрийн хавх гэдэг үг бий. “Төрийн албанд очоод, төлөөлөгч болоод намайг ч, намаа ч тоохоо больсон” гэх мэт жижиг гомдол нийлээд юунд хүргэх вэ. Ялагдалд хүргэдэг. Ерөөсөө эв нэгдэл эвдэрсэн газруудад ялагдал хүлээдэг. Тийм учраас Хяналтын хороо бол намын гишүүдийн эв нэгдлийн гүүр. Үүнийг та бүхэн дүрмийн дагуу эрх мэдлээрээ хийж болно. Тийм учраас эрхэм журмын нөхөд, Хяналтын хорооны удирдлагууд та бүхэн ёс зүйн талаар хэлэлцэж байгаа нь туйлын чухал.
Хүнд цаг үе хүчирхэг цагийг авчирдаг гэдэг үг бий. Та бүхэн масктай, эдийн засаг хүнд, амаргүй цаг үед ажиллаж байна гэдэг бол та бүхний хамгийн дурсамжтай цаг байж магадгүй. Энэ хүнд үеийг бид хамтдаа даваад гарч чадвал МАН хүнд цаг үе бүхэнд ачаа үүрдэг гэдэг урт удаан хугацааны итгэлийг авчрах давуу талтай. Шинэ зуун эхэлж байна, шинэ хандлагаар ажиллацгаая” гэлээ.
Эх сурвалж: nam.mn