МАН-ын Хяналтын Ерөнхий Хорооноос ёс зүйн сургалт зохион байгууллаа
Монгол Ардын Намын Хяналтын Ерөнхий Хорооноос Аймаг нийслэлийн намын хорооны хяналтын байгууллагын удирдах ажилтны ёс зүйн чадавхыг нэмэгдүүлэх сургалт зохион байгууллаа.
Энэхүү сургалтад Хяналтын Ерөнхий Хорооны гишүүд, аймаг нийслэлийн Хяналтын Хорооны дарга, дэд дарга, гишүүдийн төлөөлөл, намын дэргэдэх төрийн бус байгууллагуудын хяналтын зөвлөлийн гишүүд зэрэг 200 гаруй төлөөлөл хамрагдав.
Монгол Ардын Намын 30-р Их хурлын дараа Хяналтын Ерөнхий Хороо хуралдаж 2022 оныг “Ёс зүй, сахилга хариуцлагын жил" болгон зарласан. Энэ хүрээнд Хяналтын Ерөнхий Хороо намын гишүүдийг зөрчил гарсны дараа хянаж хариуцлага тооцох байдлаар үйл ажиллагаагаа хязгаарлахгүйгээр сургалт, зөвлөмж, мэдээлэл хүргэж ажиллаж байна. Аймаг, нийслэлийн хяналтын байгууллагуудын Удирдах ажилтны ёс зүйн сургалтыг нээж Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан үг хэллээ.
Тэрээр “МАН 30 дахь Их хурлаараа намын дүрэмд өөрчлөлт оруулж, ёс зүй, сахилга хариуцлагатай холбоотой чухал заалтыг шинэчлэн оруулсан. Намын дүрмийн шинэчилсэн заалтыг бүх гишүүддээ таниулан сурталчлах, ажил хэрэг болгох зорилгоор Хяналтын Ерөнхий Хорооны зүгээс 2022 оныг "Ёс зүй, хариуцлагын жил" болгон бодит шийдвэр гарган ажиллаж, тодорхой үр дүнд хүрч байна. Энэ нь МАН ард иргэд, гишүүд, дэмжигчдийнхээ итгэлийг алдахгүй, урт хугацаанд тогтвортой байх, хэсэг бүлгийн ашиг сонирхолд автахгүй байх үндэс болох юм. Тиймээс өнөөдрийн энэ сургалт нь цаг үеэ олсон арга хэмжээ гэж хувьдаа үзэж байна. Намын шинэчилсэн дүрэм хэрэгжээд жил орчмын хугацаа болж байна. Та бүхэн дүрмийн өөрчлөлтэй холбоотой ололт амжилт, сургамжаа хэлэлцэн, цаашид хэрхэн ажиллах, намын үйл ажиллагааг ямар арга замаар, хэрхэн сайжруулж болох талаар харилцан туршлага солилцож байгаа нь онцгой ач холбогдолтой байна.
Монголын улс төрийн ууган хүчин, хамгийн олон гишүүд, дэмжигчидтэй намын хувьд ёс зүй, сахилга хариуцлагын асуудлыг шийдвэртэйгээр ил гарган, цаашид алдаа, зөрчилтэй этгээдэд аливаа хэлбэрээр улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй, хариуцлагатай албан тушаалд ажиллах боломжийг нь хязгаарласан. Олон нийт МАН-ын гишүүд, та биднээс ёс зүй, хувь хүний ёс суртахууныг нэхдэг болсон нь дүрмийн өөрчлөлт үр дүнгээ өгч байгаагийн тод илрэл юм. МАН-ын зүгээс болон Засгийн газраас Шинэ сэргэлтийн бодлогыг гол чиглэл болгож барьж байна. Улс орны эдийн засаг, санхүү хүндрэлтэй байгаа энэ цагт нөөцийг зөв хуваарилах, урт хугацааны, ирээдүйг харсан төсөл хөтөлбөрүүдийг сонгон авч, хэцүү ч гэсэн заавал үр дүнд хүргэхээр ажиллаж байгаа.Улс төрийн ууган хүчин, социал демократ үзэл баримтлалтай намын хувьд ажлын байр бий болгож, нийгэм, эдийн засагт хувь нэмрээ оруулдаг, төрд татвараа төлдөг иргэн, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг бүх талаар дэмжинэ. Тэр дундаа төр бизнестэй өрсөлдөхгүй байх зарчмыг баримталж байна. Татварын хөрөнгийг үр ашиггүй зарцуулдаг, хэсэг бүлэг хүрээнд үйлчилдэг, төрөөс шимэгчилдэг явдлыг зогсоох чиглэлийг барьж ажиллаж байна. МХЕГ-ыг өөрчлөн байгуулж, төрийн зүгээс бий болгодог давхардсан хяналт, шалгалтыг арилгахаар ажиллаж байгаа нь дээрх асуудлаар шат дараатай арга хэмжээ авч байгаагийн нэг жишээ юм.
МАН 280 мянган гишүүдээс гадна улс орныхоо өмнө хүлээсэн том үүрэгтэй улс төрийн байгууллага. Бид өнгөрсөн онд болсон 30 дахь Их хурлаараа МАН-ын үйл ажиллагааг олон талаар хөгжүүлэх зургаан бодлогыг дэвшүүлсэн. Тэр дундаа намаас сонгогдож, томилогдсон албан тушаалтны сахилга хариуцлагыг дээшлүүлэх шийдвэр, тогтоол гаргасан. Эдгээр нь Монгол Улсын олон намын тогтолцоо, парламентын засаглалыг бэхжүүлэх, бусад намыг манлайлах том дэвшил юм. Дэвшилтэт, гишүүн төвтэй, нээлттэй, цахим, бодлогын нам зэрэг гол зорилтууд бол XXI зуунд зөвхөн манай намыг тодорхойлоод зогсохгүй Монгол Улсыг тодорхойлно гэж итгэж, үнэмшиж ажиллах нь зүйтэй. Бидний дэвшүүлж буй зорилтууд дундаж болон түүнээс дээш амьдралтай иргэн бүхий улс орныг хөгжүүлэх үндэс суурь нь болно” хэмээв.
Энэ удаагийн сургалтыг Хяналтын Ерөнхий Хороо, Удирдлагын академийн багш нар болон МУИС-ийн доктор, профессоруудтай хамтран зохион байгуулж байгаа бөгөөд “Ёс зүйн үндсэн ойлголт”, “Ёс зүйн менежмент ба манлайлал”, “Ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх, урьдчилан сэргийлэх арга зам” гэсэн үндсэн сэдвүүдийн хүрээнд зохион байгууллаа.
Эх сурвалж: nam.mn