Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй орчныг бүрдүүлнэ


Уран зураг, бэлэг дурсгал, гар урлал, оёдол, хатгамал, монгол дээл гээд хөгжлийн бэрхшээлтэй иргэд өөрсдийн бүтээлээ дэлгэж, худалдан авалт ч сайн байлаа.

Толгойн бариа 15 мянган төгрөг. Харааны бэрхшээлтэй иргэд ийм үйлчилгээг үзүүлж байна.

Ажил олголт, хөдөлмөр зуучлалын үйлчилгээн дээр иргэд олон. Тухайлбал, Oneday/job хөдөлмөр зуучлалын үйлчилгээнээс  хөгжлийн бэрхшээлтэй иргэд  сав баглаа боодол, бараа өрөгч, угаагч, үйлчилгээний ажилтны ажлын байр сонирхож байлаа. “Өдрийн 12:00 цагийн байдлаар 40-өөд иргэн хандаж, цахимаар анкет бөглөсөн” гэж менежер нь хэллээ.

Энэ бол  тогтвортой хөгжил, эрх тэгш оролцоо, олон талт байдлыг дэмжих “Ability expo 2023” хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн экспо.  Монгол Улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй 115 мянган иргэн байна. Тэдний 96 мянга орчим нь хөдөлмөрийн насныхан. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 1/3 нь ажил хөдөлмөр эрхэлдэг гэсэн статистик тоо байдаг.

Энэхүү экспо арга хэмжээгээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгэмд эергээр сурталчлан таниулах, тэдгээр иргэдийн эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хөгжлийн бэрхшээлтэй иргэд рүү чиглэсэн технологийн шийдлүүдийг танилцуулав. УИХ-ын гишүүн, ЦХХХ-ны сайд Н.Учрал хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн урласан бүтээл, монгол дээл,гар урлалыг сонирхож, тэдний үйл ажиллагааг дэмжиж ажиллахаа илэрхийлэв.

Энэ арга хэмжээг ЦХХХЯ, ХНХЯ, БСШУЯ, Нийслэлийн ЗДТГ, МАН-ын дэргэдэх СДМЗХ зэрэг төрийн болон төрийн бус байгууллага хамтран зохион байгууллаа.

Н.Учрал: Хөгжлийн боломжуудаас хэн ч хоцрох ёсгүй

“Ability expo 2023” арга хэмжээг нээж, УИХ-ын гишүүн, ЦХХХ-ны сайд Н.Учрал “УИХ-ын гишүүний хувьд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх,  Боловсрол, Багшийн хөгжлийг дэмжих тухай гээд олон хуулийн төслийн Ажлын хэсэгт ажилласан. Олон жил та бүхнийхээ санал бодлыг сонсож, дуу хоолой болохоор хичээж байна. Тийм учраас тусгай хэрэгцээт иргэд маань надад тусгайлан санал хэлдэг. Би “Өвчин зовлон хүнд хэлж ирдэггүй, хийсэж ирдэг”-ийг мэдэрсэн хүн. Тухайн хүн өвдөхөөс илүүтэй гэр бүлийн хүмүүс нь сэтгэл зовж, хамтдаа өвдөж, шаналдаг. Өвчөө даван туулахын төлөө гэр бүлээрээ хамтдаа тэмцдэг гэдгийг мэддэг хүний хувьд энэ олон айл гэрт бага ч гэсэн гэрэл тусгахыг зорьж ирлээ. 2016 онд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн тогтоол дээр сэтгэл гаргаж ажилласан ч би өнгөцхөн харжээ. Одоо бол илүү гүнзгий ойлгож байна. Тэгш боломжийг бий болгохын төлөө монголчууд хамтдаа нэгдсэн ажил болчоосой гэж хүссэн. Монголын төр тусгай хэрэгцээт иргэдийнхээ төлөө сэтгэл гаргадаг байх ёстой. Хөгжлийн боломжуудаас хэн ч хоцрох ёсгүй” гэдгийг онцоллоо.


УИХ-ын гишүүн Н.Учрал “Сайн Учрал” санг ажиллуулдаг. Энэ сангийн хүрээнд өнгөрсөн зургаан жилийн хугацаанд БНСУ-ын эмч нарыг авчирч нийт 2000 иргэнийг үзлэг, оношилгоо, эрт илрүүлэгт хамруулжээ. Тэгвэл  Сонгинохайрхан дүүрэгт  “Тэмүүжингийн андууд” тусгай хэрэгцээт цэцэрлэгийг байгуулж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг бусадтай адил сургуулийн өмнөх боловсролыг эзэмшүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг байна. 

ЦХХХЯ-наас   “Е-mongolia” апплейкшнд стандартын дагуу хөгжүүлэлт хийснээр дурын дэлгэц уншигч программ ашиглан саадгүй ашиглах боломжтой болсон байна. Тодруулбал, “Чимэгэ”-гийн тусламжтайгаар текстийг уншиж өгөх юм.   Мөн  сул хараатай хүмүүст зориулсан дэлгэцийн тохиргоог шинээр хийсэн байна. Үүний үр дүнд өнгөний контракт өөрчлөх, шөнийн горимд шилжих, үсгийн фонт өөрчлөх, хэмжээг ихэсгэж, багасгах гэх мэт тохиргоонуудыг иргэн өөрийн нөхцөл байдалд тохируулан хийж болох юм. 

Тус экспо арга хэмжээний үеэр “Бэрхшээл бүхэн боломж” уриан дор хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэнд, технологи, боловсрол гэсэн үндсэн дөрвөн зорилтын хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэгш оролцоог хангахад чиглэсэн, нээлттэй илтгэл, хэлэлцүүлгүүд өрнөсөн юм.


Хөгжлийн  бэрхшээлтэй иргэдийн саналыг технологийн шийдэл ашиглан хэрэгжүүлж байна

“Ability expo 2023” экспог санаачлан, зохион байгуулагч Г.Оргилболд “Бид энэ арга хэмжээг 2022 оноос санаачлан зохион байгуулж байна. Төр, хувийн хэвшил, иргэн гурвын уялдаа холбоог сайжруулах замаар нийгэмд хүртээмжийг бий болгох, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, хүртээмжгүй байдалд  технологид суурилсан шийдэл, гаргалгаа хайхаар зорьж ажилладаг. Энэ жилийн арга хэмжээ өргөн хүрээнд болж байна. Өнгөрсөн жил хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс гаргасан саналуудад үндэслэн бид технологийн шийдэл ашиглан хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Тухайлбал, сонсголын бэрхшээлтэй иргэд түргэн тусламж авч чаддаггүй байсныг бид шийдэж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн асуудал, хуулиар олгогдсон эрхийг технологийн шийдэл гарган хэрэгжүүлэхэд анхаарч байгаа” гэлээ.

Тэгвэл Хүний эрхийн идэвхтэн, ХНХЯ-ны Хүн амын хөгжлийн газрын мэргэжилтэн Б.Болороо   “Иргэн бүр үгээ хэлэх, сонголтоо хийх, хүртээмжтэй орчноор хангагдах эрхтэй. Энэ нь хөгжлийн бэрхшээлтэй хүнд ч хамаатай. Хөдөлмөрийн хуулиараа хөгжлийн бэрхшээлтэй хүн ажиллах эрхтэй. Гэтэл тухайн байгууллага “Тэргэнцэртэй хүн орох налуу зам  байхгүй учир та ажиллах боломжгүй “ гээд  ажилд авдаггүй. Хууль нь байгаа ч бодит байдал дээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Тиймээс хүн бүрд ижил боломж олгохын төлөө бүх шатандаа хуулиа хэрэгжүүлмээр байна” гэсэн саналыг хэлэв. 

Харин энэ удаагийн экспоны талаар  Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл Б.Оргодол “Би 30 гаруй жил хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн асуудлаар ярьж, хөөцөлдөж байгаа хүн.  Манай улсын хувьд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгамддаг олон асуудал бий. Хамгийн наад зах нь гэхэд дэд бүтэц.  Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, тэгш боломжийг хангах талаар хурал цуглаан хийхэд өмнө нь иргэдийн оролцоо бага, хурлын танхим дүүрдэггүй байлаа. Төрийн болон төрийн бус байгууллагууд тодорхой түвшинд бодлого шийдвэр гаргаж, арга хэмжээ зохион байгуулж байна. Зарим албан байгууллагууд тэргэнцэртэй хүмүүст зориулсан  тусгай зориулалтын шат тавьж байна. Тиймээс нийгмийн сэтгэлгээ өөрчлөгдсөнд баяртай байна.” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.


Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд төрөөс  баримтлах бодлогын хэрэгжилтийг хангана

Дараагаар нь Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд төрөөс баримтлах бодлого, салбар дундын уялдаа холбооны талаар салбарын төлөөллүүд оролцсон  “Хүртээмж-2024” хэлэлцүүлэг  боллоо. Хэлэлцүүлгийг СДМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Галсан чиглүүлэн явуулсан юм.  Монгол Улсад иргэдийн хүртээмжийн асуудал их хөндөгддөг. “ХНХЯ-наас Саадгүй байдал, хүртээмжийн тухай анхдагч хуулийг санаачлан боловсруулж байгаа. Энэ хуулийг УИХ баталбал ямар үр дүн хүлээж байна вэ?”, Бодлогын хэрэгжилтийг хангахад хэрхэн ажиллах вэ, боловсролын салбарт тэгш хүртээмжийг хэрхэн бий болгох вэ”  гэсэн СДМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Галсангийн асуултад холбогдох салбарын төлөөлөл дараах байр суурийг илэрхийлэв. 

Ц.Нямсүрэн: Саадгүй байдал, хүртээмжийн тухай хуулийг  боловсруулж байна

/ХБХХЕГ-ын дарга/

-Чөлөөт нийгэмд шилжсэнээс хойш 30 гаруй жил болоход бид хүртээмжийн асуудлыг ярьсаар байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүн саадгүй зорчиход дэд бүтцийн асуудал хөндөгддөг.Сүүлийн үеийн барилгууд тэргэнцэртэй хүнд зориулсан тусгай замтайгаар барьж эхэлсэн. Дараагаар нь нийтийн тээврийн хүртээмж ярьж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд автобусаар зорчиход хүртээмжтэй байх зохицуулалтыг нийслэл хийнэ гэж найдаж байгаа. Дараагаар нь мэдээллийн хүртээмж байна. 

Сонсголын бэрхшээлтэй хүн сонсохгүй учир дохионы хэлмэрч хэрэгтэй. Гэтэл дохионы орчуулагчийн боловсон хүчин дутмаг учир манай агентлагийн дэргэд Дохионы хэлний орчуулагчийн анги нээсэн.  Ирэх хавар 22 хүн төгсөнө. Ингэснээр сонсголын болон мэдээллийн хүртээмжийг сайжруулж байна. Вэб сайтын хүртээмжийг сайжруулахад “Е-mongolia” апплейкшн сайн ажиллаж байна. Гэсэн хэдий ч хүртээмжийн асуудал учир дутагдалтай байгаа учир Саадгүй байдал, хүртээмжийн тухай хууль боловсруулж байна. Энэ хууль батлагдвал бүх байгууллага үүрэг хүлээж, гарц, ариун цэврийн өрөөгөө, мэдээллээ хүртээмжтэй болгоно.

Ч.Ундрахбаяр:  Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн үндэсний зөвлөлийн үйл ажиллагааг

идэвхжүүлнэ

/Ерөнхий сайдын зөвлөх/

-Саадгүй байдал, хүртээмжийн хууль батлагдсанаар цаасан дээр бус амьдралд хэрэгжих хэрэгтэй. Энэ хуульд барилга, байгууламжийн зураг, төсөл боловсруулахаас эхлээд хүртээмжийн хууль хэрэгжинэ. Үүнийг хянах хяналтын байцаагч байна. Өнөөдөр аль нэг байгууллагын өмнө хөгжлийн бэрхшээлтэй хүний машин  зогсох тэмдэглэгээтэй тусгай авто зогсоол байдаг. Гэвч тэр зогсоолд хэн дуртай нь машинаа тавьдаг, хариуцлага хүлээх хүн байдаггүй. Тиймээс стандарт нь амьдралд хэрэгжихгүй байна. Харин хууль батлагдсанаар энэ нь бодит амьдралд хэрэгжинэ.

Хяналтыг төлөөллийн байгууллагууд төртэй гэрээлэн хийнэ. Ингэснээр хариуцлагыг дээшлүүлнэ. Үүнээс гадна  Засгийн газрын бодлогод Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн үндэсний зөвлөлийн үйл ажиллагааг идэвхжүүлэхээр тусгаад байна.

Т.Ням-Очир: Тэгш хамран сургах чиглэлийн бүхий л хувилбарыг хүлээн зөвшөөрнө

/Боловсролын ерөнхий газрын дарга/

-УИХ 2023 оны долдугаар сард Боловсролын багц хуулийг баталсан. Боловсролын ерөнхий хуулийн зорилго, зарчим, санхүүжилт, эрх үүрэг, суралцагчийн орчин гээд бүрэлдэхүүн хэсэг дээр тэгш боломж, тэгш хүртээмж, тэгш нөхцөл байдал, тэгш хамрагдалтыг тусгасан. Ялангуяа Сургуулийн өмнөх ерөнхий боловсролын тухай хуульд “Тэгш хамран сургах” гэсэн тусгайлсан зүйл заалт орсон. Үүнд “Цэцэрлэг, ЕБС нь ялгаатай, хэрэгцээтэй хүүхдийг сургах бүхий л орчин нөхцөл, хэрэглэгдэхүүнээр хангах, энэ чиглэлийн шаардлагатай сургалтын төлөвлөгөө зэрэг бүхий л зүйл дээр үүрэг хүлээнэ” гэж заасан. 2018 оноос ЕБС-ийн тэгш хамрагдалт, 2019 оноос Сургуулийн өмнөх боловсролын тэгш хамрагдалт гээд дүрэм, журмаар зохицуулж байсан зүйлүүд эрх зүйн хувьд хуульчлагдсан. Цаашдаа сургууль, бүлэг, ганцаарчилсан сургалт гээд боловсролын бүхий л төрлийг хүлээн зөвшөөрнө.

Ийнхүү  энэ удаагийн “Ability expo 2023” хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн экспо салбар бүрд хүртээмжтэй орчныг бүрдүүлэхэд  тулгамдсан асуудал, хууль эрх зүйн орчны шинэчлэлд шийдэл, гарц хайж, бодит ажил хэрэг болгон хэрэгжүүлэхэд чиглэж байлаа.


Н.Энхбат

Эх сурвалж: Монголын үнэн сонин №045/24576/


0
angry
0
care
0
haha
1
liked
4
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Орчин үеийн хот төлөвлөгч 3 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Засгийн газар малчдынхаа амьжиргааг дээшлүүлж, үнийн … 3 цагийн өмнө
​ Улаанбаатар хотын тодорхой байршилд олон түвшинт гүүр байгуулахад “… 3 цагийн өмнө
1085 автобусыг утасгүй интернэтээр тоноглоно 4 цагийн өмнө
ОХУ, БНХАУ-ын иж бүрэн түншлэл шинэ шатанд хүрлээ 4 цагийн өмнө
Японд стрептококкийн тархалт нэмэгджээ 4 цагийн өмнө
Бүтээн байгуулалт өрнөөн Баянзүрх 4 цагийн өмнө
Э.Бат-Амгалан: Баянзүрх дүүргийн МАН-ын хороо “Хошой шилдэг”-ээр шалга… 4 цагийн өмнө
Э.Халиун: Бяр чадлын хувьд эн тэнцүүхэн тамирчидтай тивийн дэвжээн дээ… 4 цагийн өмнө
Ш.Батбаяр: Үхрийн баас цэвэрлэж байхдаа “Би юу хийчих вэ” гэж бодож ба… 4 цагийн өмнө
Горилогчдын гороо дуусаж, Ерөнхийлөгч модоо тоолов 4 цагийн өмнө
Ж.Тана: Шинэчлэл, өөрчлөлтөд залуучуудын идэвхтэй оролцоо чухал үүрэгт… 4 цагийн өмнө
Улаанбаатарт 17 хэм дулаан байна 6 цагийн өмнө
Р.Булгамаа: Үр хүүхдээ үл хайхарч байгаа эцэг, эхчүүдэд хариуцлага яри… 20 цагийн өмнө
Морин хуурын увдислаг шинжийг судлан докторын зэрэг хамгаалжээ 23 цагийн өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн т… 23 цагийн өмнө
Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдлийн талаар мэдэ… Өчигдөр
“Азийн тэсвэртэй хотууд” төсөл Улаанбаатар хотод хэрэгжинэ Өчигдөр
Соёлын өвийг хамгаалах тухай хуулийг баталлаа Өчигдөр
Улаанбаатарт 29 хэм дулаан байна Өчигдөр