Менежментийн “өгөөд авах” зарчмыг ойлгосноор л сайхан амьдарч ирлээ


Хатгин овгийн Лувсанчүлтэмийн Батгэрэл 1964 онд Дорнод аймгийн Чойбалсан хотод төрсөн. Дээд боловсролтой, 1988 онд ЗХУ-д Нэхмэлийн дээд сургуулийг ээрмэлийн технологич инженер мэргэжлээр онцлох дипломтой  суралцаж төгсжээ.

Л.Батгэрэл байгууллагын бүтээмж, инновацын судалгааг 1996 оноос эхлэн эрхэлсэн бөгөөд 1997 онд магистр, 2007 онд “Инновацыг идэвхжүүлэх замаар бүтээмжийг дээшлүүлэх нь” сэдвээр бизнесийн удирдлагын докторын зэрэг хамгаалсан.

-Таны намтар, зарим ном бүтээлтэй танилцлаа. Байгууллагын бүтээмж, үр ашгийг дээшлүүлэх чиглэлээр ажилласан түүх байна. Инженер хүн яагаад менежментийнх болчихов? 
-Би 1988 оноос, Дорнод аймгийн Хивсний үйлдвэрт ээрмэлийн технологич инженер, Чанар технологийн албаны дарга, Ерөнхий инженерийн албыг 1997 он хүртэл хашсан. Манай үйлдвэр ЗХУ болон социалист бусад орноор зогсохгүй Австри, Шведэд хүртэл хивсээ экспортолдог, дотооддоо "Чингис" 2:3 харьцаатай хивсээрээ алдартай байлаа. Харамсалтай нь 1990 оноос хойш хивсний гол түүхий эд болох ноос бэлтгэлийн нэгдэл, сангийн аж ахуй тарж, мал хувьд очиж, өрхийн аж ахуйн хэлбэрт шилжсэн. Ингээд ч зогсохгүй ноос угаах үйлдвэрээ хувьчилж, импортоор орж ирдэг будаг, капрон, машин тоног төхөөрөмжийн сэлбэг нийлүүлдэг улс орнуудтай харилцаа түншлэл тасарсан. Өөрөөр хэлбэл, үйлдвэрлэлийн тогтолцоо байхгүй болсон. Мөн бид чинь нийгмээ дагаж хийрхээд орос мэргэжилтнүүдээ хөөгөөд явуулчихсан. Тэгээд л эхнээсээ Улаанбаатар, Эрдэнэтээс ирсэн залуучууд үйлдвэрээсээ гарч яваад, хаалгаа барьсан даа.  Үйлдвэрээ хэрхэн яаж авч үлдэх аргаа олж чадаагүй тул би шилжин орж буй нийгмээ ойлгож, суралцахаар шийдээд Улаанбаатар хотноо Удирдлагын хөгжлийн академид нэг жилийн өдрийн “Бизнесийн удирдлага” хөтөлбөрт суралцаад үргэлжлүүлэн магистр, докторантурт гээд 10-аад жил тасралтгүй сургууль соёлын мөр хөөлөө. Тэгээд л 2000 онд уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн жишээн дээр докторын судалгаагаа хийх гэж очоод 23 жил бүтээмжийн менежер, сайжруулалтын мэргэжилтнээр тасралтгүй ажиллан тэтгэвэртээ гарлаа. 
-Та хөнгөн үйлдвэрийн инженерээр бараг 10 жил, уул уурхайн мэргэжилтэн болоод 23 жил нийтдээ 33 жил улсад ажилласан туршлагатай боловсон хүчин юм. Эндээс харахад хөнгөн үйлдвэрээс уул уурхайн хүнд үйлдвэрийн салбар руу “урвасан” байна. Хэцүү зүйл тохиолдож байв уу?
 -Уул уурхайн үйлдвэрийн үйл ажиллагааны онцлогоор диссертац бичих явцдаа 1978-2006 онд архивт сууж мөн тус үйлдвэрийн мэдлэгтэй инженер, эдийн засагчдын бүтээлүүдийг судалж, ойлгохгүй зүйлээ лавлаж асууж тайлбарлуулж ажилласан. Үр дүнд нь Эрдэнэт үйлдвэрийн бүтээмж, үр ашигт нөлөөлж буй хүчин зүйлсийн судалгааг гурван үе шаттай гүйцэтгэж, загварчилсан. 
Ташрамд дурдахад наад захын уул уурхайн эдийн засгийн үр ашгийн тооцоолол, үйлдвэрлэлийн балансын мөн чанарыг ойлгоход сэтгэлээсээ тусалж байсан тухайн үеийн Геологи маркшейдерийн хэлтсийн дарга Даваасамбуу, Маркетинг мэдээллийн хэлтсийн дарга Д.Галбаатар, Ерөнхий захирлын туслах байсан Д.Өнөбат нарт гүн талархал илэрхийлж байна. 1982-1988 онд ОХУ-д Нэхмэлийн дээд сургуульд суралцах явцдаа үйлдвэрийн газрын ерөнхий технологийг мэддэг болсон. Мөн 10-аад жил шинэхэн хивсний үйлдвэрийн инженерээр ажиллахдаа орос мэргэжилтнүүдээс ихийг сурсан нь уул уурхайн үйлдвэрийн үйл ажиллагааг богино хугацаанд ойлгож мэдэхэд нэмэр болсон. Уулын үйлдвэрийн үйл ажиллагааг ойлгоно гэдэг нь уурхайчин хүнийг танина гэсэн үг юм. 
-Үйлдвэрлэл, уул уурхайн салбарт ажилласан тэдгээр жилд олон судалгаа хийсэн байх гэж бодогдож байна?
-“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын үр ашигт нөлөөлөх хүчин зүйлсийн судалгаа, бүтээмжийн хэмжилт шинжилгээ, 2030 он хүртэлх бүтээмжийн хэтийн төлөвийн таамаглал, инновацын чадавхын, идэвхжилийн түвшний судалгаа, бүтээмж, инновацын уялдааны судалгаа, байгууллагын соёлын хэв шинжийн судалгаа, ажилтны сэтгэл ханамжийн судалгаа, дэлхийн ижил төстэй уул уурхайн 10 компанитай харьцуулсан судалгаа, дэлхийн тэргүүний үйлдвэрийн газруудын инновацын тогтолцооны туршлагуудад хийсэн анализ, Дэлхийн тэргүүний үйлдвэрийн газруудын ХАБЭА-н тэргүүн туршлагуудын харьцуулсан судалгаа, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй (ХАБЭА)-н удирдлагын манлайлал, бодит үлгэр дуурайлын судалгаа, ХАБЭА-н үйл ажиллагаанд  ажилтны бүтээлч оролцоо зэрэг олон судалгаа хийсэн байна. 
 -Уулын үйлдвэрийн бүтээмж, инновац, сайжруулалтын мэргэжилтнээр ажилласан үеийн онцлог, томоохон үр дүнгээс дурдвал?
-Би Эрдэнэт үйлдвэрт бүтээмжийн төсөл хэрэгжүүлэхэд л анхны мэргэжлийн бүтээмжийн  менежер нь байсан.  Бидний ажил ажилтнуудын бүтээлч идэвх санаачилгыг дэмжих үйл ажиллагааг Эрдэнэт үйлдвэрийн менежментийн тогтолцооны бүрэлдэхүүн болгоход чиглэсэн.  Энэ нь  нэг талаас идэвхжүүлдэг, дэмждэг анхан дунд шатны удирдлагуудын чиг үүргийг хөгжүүлэх замаар тэдний эрхэлсэн ажилтай бүтээмжийн үйл ажиллагааг  уялдуулах, нөгөө талаас бүх ажилтны санал санаачилгыг өрнүүлэх явдал юм. Өөрөөр хэлбэл, бид чинь хүний тогтсон сэтгэлгээ хандлага, арга барилыг өөрчилснөөрөө  “Ширэнгэн ойд зам гаргагч нар” байлаа. Энэ нарийн төвөгтэй ажлыг “Өгөөд авах” зарчмыг баримталж амжилттай давсан болов уу. 
-“Өгөөд авах” зарчим гэхээр сонирхолтой сонсогдож байна. Энэ зарчмынхаа талаар тодруулна уу?
-Эхлээд уул уурхайн сал­бар, бүтээмж, инновацын менеж­ментдээ чин сэтгэл, хичээнгүй зүтгэлээ өгч судалсан. Үр дүнд нь уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрт ажилд орсон. Монгол Улсын анхны инновацын доктор болсон. Ажлаа хийхдээ, “Санал солилцож санаа үйлдвэрлэх, үр өгөөжтэй санаа хөгжүүлэлт буюу цаасан дээр сайн боловсруулах, цааснаас сайныг сонгож турших, үе шаттайгаар нутагшуулан хэрэгжүүлэх” гэсэн инновацын  мөн чанарыг ашигласан. Энэ бол ажилдаа инновацын мэдлэгээ өгсөн хэрэг юм. Ингэснээр 2004-2006 онд “Орчин үеийн хүний нөөцийн менежмент”, “Технологийн менежмент”, “Ажиллах хүчинд тулгуурлан бүтээмж дээшлүүлэх” гэсэн гурван төслийг ШУТИС-тай хамтран хэрэгжүүлснээс миний бүтээмжийн менежерээр ажилласан төсөл нь үйлдвэрт нутагшиж үлдсэн. Хүний нөөцийн төслийг 2021-2023 онд бусад байгууллагатай хамтран дахин нэвтрүүлж хэрэгжүүлсэн юм. Энэ мэтчилэн амжилт “Өгч чадсан” үед олдог байлаа. Үүнээс л өгнө гэдэг нь аливаад хандах чин сэтгэл гэж ойлгодог болсон. 
-Сэтгэлээ өгөөгүй ямар зүйлс таныг эмзэглүүлдэг вэ. Залруулах талаар бодож санаж яваа зүйлс байна уу? 
-Байна аа. Эрдэнэт үйлдвэрийн ХАБЭА-н үйл ажиллагаанд 2007 оноос OHSAS18001 стандартыг манай ХАБЭА-н инженерүүд өөрсдийн дотоод нөөц бололцоог дайчлан орчуулж анх хэрэгжүүлсэн. Энэ стандартын 4.4.3.2 дугаар заалт нь “ХАБЭА-н үйл ажиллагаанд ажилчдыг заавал оролцуулах” тухай байсан. Гэтэл Эрдэнэт үйлдвэрийг төвлөрсөн төлөвлөгөөт нийгмийн үед байгуулсан учраас, хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалах үйл ажиллагааг,  “Дээрээс захиргаадах” арга барилаар хэрэгжүүлж дадсан нь хатуу соёл болж төлөвшсөн. Тэгээд 2014 онд мэргэжлийн хүн учраас гээд л ХАБЭА-н хэлтсийн сайжруулалтын мэргэжилтнээр томилсон. Ажилчдын оролцоог идэвхжүүлэхийн тулд анхан дунд шатны удирдах ажилтнуудын ХАБЭА-н манлайллын оролцооны арга механизмыг бий болгоход анхаарсан. Гэтэл дэлхийд ISO45001 стандарт 2018 онд баталж Монгол Улс стандартчилан хүлээн авснаар бидний хийж байсан ХАБЭА-н манлайллын үйл ажиллагаа уг стандартын тавдугаар бүлэг заалтаар баталгаажсан. ХАБЭА-н тогтолцоонд уялдуулж чадсан.  Ташрамд дурдахад бүтээмжийн менежер, сайжруулалтын мэргэжилтэн зэрэг нь урьд өмнө үйлдвэрт байгаагүй цоо шинэ албан тушаал. Хамгийн их хүч шавхсан ажил, насанд хүрсэн хүмүүсийн бодол санаа, дадал зуршилд нөлөөлөх байлаа. Энэ ажлыг сэтгэлийн тэнхээгээр давсан гэхэд болно. 
-Таны намтрыг уншиж байхдаа гурван өөр салбарт амжилттай ажиллаж, хүч үзжээ гэж бодлоо. Эндээс гурав дахь салбартаа шилжсэн эхлэл тавигдаж байх шиг байна?
-Ажиллаж байхдаа олны хандлагыг ажиглаад “Тэтгэвэрт гараад монгол хүний бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх ажлыг хүүхдээс эхэлнэ” гэж бодох болсон.  Энэ бодлоо ажил болгоход боловсролын салбарт мэр сэр үзэгдээд байгаа “Авахаа урьтал болгож  өгөхдөө хулхиддаг” сөрөг тал түлхэц болсон. Тодруулбал, зарим хувийн сургууль нь эцэг, эх, хүүхдүүдийн гадаадад сурах хүслийг хүлээн авчихаад “Өгөхдөө”дараах үндсэн хортой үр дагавар үүсгээд байгаагаа анхаарахгүй байна. Үүнд, хүүхдүүдийн сургалтын үйл ажиллагааны чанарыг орхигдуулж, урсгалаар нь явуулдаг. Гэнэт л арванхоёрдугаар ангиас нь гадаадын улс  орны сулхан шаардлага тавьдаг сургуулиуд руу элсэлтийн материал бүрдүүлэхэд хэт их анхаардаг. Үр дүнд нь 20-50 хувийн тэтгэлэгтэй сургуульд хүүхдүүдийг хамруулж байна.  Баярласан эцэг эхчүүд нь дөчөөс дээш саяын өндөр төлбөрийн үлдэгдлийг хийхэд бүхнээ зориулдаг. Гадаад явах болсондоо хөөрсөн хүүхдүүдэд ажил хийж байр, хоол сурах бичиг гээд л амьжиргааны зардлаа төлөх үүрэг нуруун дээр нь ачаа болж ирнэ. Зарим эцэг эх дараа жилээс  “Өөрөө төлбөрөө олж хий” гэсэн шаардлага тавина. Ингэсээр олон оюутан сургуулиа хаяж, эцэг эхийн сургалтын төлбөр нь хүүхдээ сургах бус хүүхдээ ажил хийж тэнд амьдрах виз авах нөхцөл нь болдог. Зарим оюутан нь ерөнхий боловсролын суурь мэдлэг тааруугаас болж дээд математик, хими,  физик, мэдээллийн техноло­гийн гүнзгийрүүлсэн салбар шинжлэх ухаануудын хичээлүүдээс хоцорч улмаар сургуульдаа дургүй болж завсардаж байна.
Гадаадад 100 хувь тэтгэлэгтэй сургах амлалт өгч буй зарим хувийн сургуулиуд Монгол Улсад нэн хэрэгцээтэй байгаа эмч, багш, инженер гэх мэт нарийн мэргэжлээр бус харин илүүдэлтэй байгаа нийгмийн чиглэлийн мэргэжлээр элсүүлж байгаа нь төгсөөд мэргэжлээрээ ажиллаж амьдрахад нь сөргөөр нөлөөлөхүйц хүндрэл үүсгэдэг. 

-Та боловсролын салбарт байгаа “Түрүүлж аваад өгөхдөө хулхиддаг” зарим асуудлыг олж харсан байна. “Өгөөд авдаг” зарчмыг бүгд хэрэгжүүлэх боломж юу байна? 
-Юуны өмнө Монгол Улсын боловсролын салбарыг хөг­жүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулсан багш сурган хүмүүжүүлэгч, удирдагч, мэргэжилтнүүдээрээ бахархаж, тэднийхээ үр шимээр бид өдий зэрэгтэй яваагаа илэрхийлж байна.  Мэргэжлийн үүднээс шийдэх боломж арга замыг, “Шинэ санаа, иннова” сургуульдаа нэвтрүүлж хэрэгжүүлж “Өгөөд авдаг” үр дүн гаргахаар зорьж байгаа. Манай сургууль Нүхтийн аманд байрладаг. Олон жил ерөнхий боловсролын сургуульд ажилласан чадварлаг багш ажилтнуудтай. Ер нь тэдний сургууль байгуулах санаачилгыг дэмжиж үүсгэн байгуулалцсан. 
-“Шинэ санаа, иннова” гээд нэрэндээ сургуулийнхаа онц­­­логийг шингээжээ. Сур­гуулийнхаа талаар товчхон манай уншигчдад танилцуулна уу?
- Манай сургууль хүүхдүүдийг “Монгол өв соёлоо дээдэлсэн эх оронч үзэлтэй, Дэлхийн болон Монголын түвшний Ерөнхий боловсролын стандартын шаардлагыг биелүүлсэн суурь мэдлэгтэй, Мэдлэг хөгжүүлэх робот, кодчилол хийдэг, эрүүл бие, амьдралын зөв хэвшилтэй” гэсэн харилцан уялдаат гурван хөтөлбөрөөр сурган хүмүүжүүлж байна. Гурван жилийн дараа анхны төгсөгчид амьдралд хөл тавина. Тэр үед бидний зорилго, зорилтын хэрэгжилтийн үр дүн гарна. Гол нь хүүхдүүд маань асуудал тулгарахад шантарч бууж өгдөггүй сэтгэлийн тэнхээтэй, шинэ санаа гаргаж, боловсруулж хөгжүүлж аливаа зөв арга замаа олж хэрэгжүүлж чаддаг болно. Ийм хүүхдүүд монгол чанартай дэлхийн хүн болж чадна. 
-Их дээд сургуулиудад он­лайн, цагийн багшаар ажил­лах, магистр удирдах, байгуул­лагуудад зөвлөгөө өгөх, төсөл дээр ажиллах, ном бүтээл туур­­вих зэргээр хөдөлмөрийн  замнал чинь 40 дэх жилтэйгээ золгож байна. Төр засаг таны энэ хөдөлмөрийг тодорхой хэм­­­жээгээр үнэлсэн байх гэж бодогдож байна?
-Монгол Улсын төрийн дээд шагнал Алтан гадас одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын тэргүүний ажилтан, "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ийн Баяжуулах үйлдвэрийн оюунлаг эмэгтэй, шилдэг эмэгтэй ажилтан, Орхон аймгийн хүндэт тэмдэг зэргээр шагнуулж явсан байна.
-Бидний урилгыг хүлээн авч сонирхолтой ярилцлага өгсөн доктор Л.Батгэрэл танд баярлалаа. Монгол чанартай дэлхийн хүн төлөвшүүлэх буянтай ажил үйлсэд тань амжилт хүсэн ерөөе. 
-Намайг урьсан сонины редакцын хамт олон болон хүндэт уншигчдад ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсье. 
-Баярлалаа. 

 Трамп Төмөрөө

Эх сурвалж: Монголын үнэн сонин №045/24576/


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Орчин үеийн хот төлөвлөгч 2 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Засгийн газар малчдынхаа амьжиргааг дээшлүүлж, үнийн … 2 цагийн өмнө
​ Улаанбаатар хотын тодорхой байршилд олон түвшинт гүүр байгуулахад “… 2 цагийн өмнө
1085 автобусыг утасгүй интернэтээр тоноглоно 2 цагийн өмнө
ОХУ, БНХАУ-ын иж бүрэн түншлэл шинэ шатанд хүрлээ 2 цагийн өмнө
Японд стрептококкийн тархалт нэмэгджээ 2 цагийн өмнө
Бүтээн байгуулалт өрнөөн Баянзүрх 2 цагийн өмнө
Э.Бат-Амгалан: Баянзүрх дүүргийн МАН-ын хороо “Хошой шилдэг”-ээр шалга… 3 цагийн өмнө
Э.Халиун: Бяр чадлын хувьд эн тэнцүүхэн тамирчидтай тивийн дэвжээн дээ… 3 цагийн өмнө
Ш.Батбаяр: Үхрийн баас цэвэрлэж байхдаа “Би юу хийчих вэ” гэж бодож ба… 3 цагийн өмнө
Горилогчдын гороо дуусаж, Ерөнхийлөгч модоо тоолов 3 цагийн өмнө
Ж.Тана: Шинэчлэл, өөрчлөлтөд залуучуудын идэвхтэй оролцоо чухал үүрэгт… 3 цагийн өмнө
Улаанбаатарт 17 хэм дулаан байна 5 цагийн өмнө
Р.Булгамаа: Үр хүүхдээ үл хайхарч байгаа эцэг, эхчүүдэд хариуцлага яри… 19 цагийн өмнө
Морин хуурын увдислаг шинжийг судлан докторын зэрэг хамгаалжээ 22 цагийн өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн т… 22 цагийн өмнө
Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдлийн талаар мэдэ… Өчигдөр
“Азийн тэсвэртэй хотууд” төсөл Улаанбаатар хотод хэрэгжинэ Өчигдөр
Соёлын өвийг хамгаалах тухай хуулийг баталлаа Өчигдөр
Улаанбаатарт 29 хэм дулаан байна Өчигдөр