Орчлонт ертөнцийн насыг тоолбол хүмүүний амьдрах хугацаа секундыг хэдэн сая хуваасантай тэнцэх тийм өчүүхэн мөч. Энэ өчүүхэн цаг хугацааг дуурсах алдар, үлдэх мөртэй өөр өөрийн бахархлыг бүтээж амьдрах хэчнээн сайхан билээ. Хүн бүрийн амьдралыг туульс гэвээс ахин хэзээ ч, хэн ч давтаж бичиж үл чадах онцгой. Хэдийгээр хүн бүрийн амьдрал онцгой, гэвч үнэ цэнтэй амьдарна гэдэг өөр хэрэг буюу.
Мал аж ахуй, нүүдлийн амьдралын хэв маягаас салж орчин цагийн нийгмийг цогцлоох нөр их үйлсэд бидний эцэг өвгөд тус тусын шанг татаж, үйлс нэрээ цуурайтуулсаар ирсэн. Анхны шан татагчдын араас амжилт бүтээлийг нь буухиалагчдын ачаар тал дүүрэн мал сүрэг багширч, тариа буудай найгуулж, үйлдвэр заводын түчигнээн хөг орон, өндөр өндөр барилгууд шил даран сүндэрлэсээр байгаа билээ. Энэ бүгд эгэл жирийн малчин, газар тариаланч, барилгачин, ажилчдын хүч. Ийм хөдөлмөрчид үй түм бий. Тэдний нэг бол Завхан аймгийн Отгон сумын уугуул Халзангийн Намхай буюу Могоо. Нутгийнхан нь түүнийг “Могоо” гэж авгайлна. Монголчууд хүндтэй нэгнээ л ийн авгайлан дууддаг гэдгийг хэн эс андах вэ. Могоо өөрийгөө “Би чинь дөрөвдүгээр ангийн л боловсролтой” хэмээн голонгуй өгүүлэх хэдий ч харцанд нь амьдрал бүхлээрээ цалгилан давлагаалах ажээ.
Амьдрал хэмээх атар газар татсан анхны “шан”
Могоо буюу Х.Намхай гуайн төрж, өссөн суманд дөрөвдүгээр ангиас дээш сургууль байхгүй тул аймгийн төв рүү анги дэвшихээр явав. Жил завсардсан түүнд сургуульд сурна гэдэг нэг л хүнд оргиод байж. Түүхийн хичээлийн текстийг түргэн хуулах, дөрвөн аргын тоо бодохоос өөр эрдэм хэрэггүй мэт санагдаад байхаар нь халагдсан цэргүүдийн харих унаанд дайгдаад нутагтаа давхиад ирж. Энэ өдрөөс эхлэн тэрбээр ажил, амьдралын анхны шан татаж эхэлжээ. Нэгдлийн дэргэд байгуулсан “Социалист хөдөлмөрийн төлөө” бригадад жинхэнэ гишүүнээр элсэн орж үхрийн хашаа барих чулуу кублэж, гэдрэг ууланд мод бэлтгэх зэрэг эрийн бяр, сэтгэлийн тэнхээ шаардсан ажилд нухлагдан явсаар 17 нас хүрэв. Онц сайн ажилласны баталгаа болгож өгсөн гурван медаль үзүүлэн“Төлөө бригадын дарга надад гавшгайчийн нэг, хоёр, гурав гэсэн медалийг жил бүр өгсөн дөө” гэж хөөрөлхөн суух Могоо гуайн нүүрэнд хөнгөхөн инээмсэглэл тодрох ажээ. Тэрбээр Халзангийнх гэдэг зургаан хүүхэдтэй өнөр өтгөн айлын хүү. Ганцхан насны зөрүүтэй ахынхаа гаранд нь ганзагалаатай л өсжээ. Сургуульд орсон ч нэг анги, ажилд явсан ч нэг баг, тоглож наадсан ч цугтаа л явна. Тэр жил 18 нас хүрсэн ахыг нь эх орон дуудахад дагаад л туучихсан гэж байгаа. Багаасаа хүнд хүчир ажилд чийрэгжиж өссөн тэрсхэн залуусыг эх орон нас бага гэж голсонгүй. Эх орон ахыг нь танкийн ангид, дүүг нь арын албаны ангид хуваарилав. Гурван жилийн цэргийн алба гэдэг эрчүүдийг ган мэт ширээж, гал мэт ноцоодог байсан гэдэг. Жагсаалын цэргээс салаан даргын туслах хүртлээ дэвшин ахлах түрүүч цолоор мөрдсөө гоёсон он жилүүд Х.Намхай гуайг мөрөөдөл хүслээр жигүүрлүүлж орхисныг хожмоо л ухаарсан гэдэг. “Төлөө бригад”-ын гишүүн байхдаа харсан трактор хэмээх хүчит техникээр чулуу ачиж, мод зөөж явсан дурсамж жолооч болох сон гэдэг хүслийг сэтгэлд нь нууж орхисон байж. Танкчдын ангид алба хаасан ах нь трактор барих эрхтэй төгсөх нь ойлгомжтой. Төрсөн дүү нь Омскийн Хөдөө аж ахуйн ТМС-д явах хуваарь авчихсан байдаг. Бүгд л мэргэжилтэй, мэдлэгтэй болох нь. Ямар нэгэн мэргэжил эзэмших бодол зүрхнээс нь уяатай.
Арын албаны ангийн, салаан даргын туслах ангийн агуулахыг хардаг албыг давхар эрхлэж байсан тэрбээр социалист нийгмийн өмчөөс зувчуулах гэсэн офицертой ана мана үзэж хүчтэйн өмнө хүчгүйдэж үзэв. Жолооны сургуультай цэргийн ангид явах санал авсан ч бага боловсролтой гэдэг шалтгаанаар хасагдав. Ёстой давхар цохилт гэдэг л энэ байх. Ингээд хүчтэний өмнө буруудсан ахлах түрүүч, цол бууран өөр ангид албаа үргэлжлүүлэн алба хаасаар хугацаа дуусав. Амьдрал түүнд өөр ямар, ямар бэлэг зэхсэнийг хэн мэдлээ.
Хүүхэд насны дурсамж хийгээд хүслээ нуусан зүрх
Цэрэгт хатуужиж, зэрэгт цэгцэрсэн тэвхгэр залуу нутагтаа шуугин буулаа. Хэний охин өсөж, хэний айраг исээ бол. “Төлөө бригад”-ын төгрөг нүдэн бүсгүй. Түүнийг Дүгэрсүрэнгийн Сосорбарам гэдэг. Цэргийн гурван жил сэрүүнд ч, зүүдэнд ч үзэгдэж, сэтгэлийн тэнгэрт эрхэлж байв. Цэргээс халагдсан тэр жилийн наадам, бяртай эрчүүд зодоглож, иртэй хүлгүүд уралдаж, дэнжийн цэцэгсээс олон бүсгүй наадмын тойромд ургаж, дээлийн торгоноос ч гоёмсог өнгөөр наадамчдын нүдийг хужирлаж байсан даа. “Төлөө бригад”-ын нөхөд нь түүний нэрийг барилдах бөхийн нэрсэд бүртгүүлчихжээ. Ийнхүү Могоо Х.Намхайн нэр аманд дуулдаж эхлэв. Гурвын даваанаас хойш наадамчин олон түүнийг дэмжин уухайлж, олны итгэлийг алдалгүй уухиалан барилдсаар сумын начин гэдэг эрхэм цолонд хүрлээ. Амьдралд анзаараагүй, төсөөлөөгүй олон гайхалтай агшин мөчүүд бий. Тийм гайхалтай агшнуудыг анзаарч барьж атгаж чадсан хүн том хонжвор хожсон мэт л амьдрах ажгуу. Түүний ажил, амьдралын гараа эхэлсэн “Төлөө бригад” таржээ. Намар нь Х.Намхай гуай нэгдлээс 200 гаруй сарлаг авч оторлуулахаар хангай тийш нүүж одов. Д.Сосорбарам Ховд аймагт сургуульд явлаа. Оторт малаа онд мэнд, тарган оруулж хавар нутагтаа ирвэл түүнийг сумын дарга хариуцлагатай ажилд тохоон томилохоор зэхээд хүлээж суув. “За чи чинь цэрэгт аж ахуйн алба хариуцаж байсан туршлагтай, 16 цэрэг захирч явсан хүн юм байна. Сумын худалдаа бэлтгэлийн ангийг хариуцаж ажилла” гэдэг үүрэг өглөө. Тракторын жолооч болох хүсэл мөрөөдөл нийслэл тийш дуудна. Учир байдлаа сумын даргад хэлж ойлгуулаад мах бэлтгэлийн 1200 хонь хүлээж аваад тууврын замд гарав.
Хүн хувь заяаныхаа замыг олох гэж л хувь заяаныхаа замаас гардаг
Улаанбаатарын намар 1973 он. Будаа ачсан автомашинууд хүнгэнэн зогсоо зайгүй цувж, тэндээс бензин тосны эхүүн үнэр, нөр их ажлын амт мэдрэгдэх шиг. Будаа ачсан машин гэхээр ямар нэгэн шар, эсвэл цагаан будаа л төсөөлөгдөөд байх. Ургац, тариа, трактор, комбайны талаарх бүдэгхэн төсөөлөл дээр нь нэмээд тракторчин болох хүслээс өөр юм өвөрт нь алга. Тууж ирсэн малаа тушаачихаад бүтэн хонины мах ганзагалан аавынхаа хүргэн дүү Агваанжамба гэж хүндэт төмөр замчныд очив. Ажил албатай болох гэж яваагаа хэлбэл Агваанжамба ах нь “Чи цэргийн албыг нэр төртэй сайхан хаасан. Танайд улс төрийн орлогч байсан Өлзийбат дээр яваад оч. Нэг юмны үзүүрээс атгаж мэдэх юм” хэмээв. Ингээд ганц хонины мах ганзагалаад Өлзийбат даргын эрэлд гарлаа. Цэрэгт нөмөр нөөлөг нь болж байсан улс төрийн орлогч, сайн хүн юм сан. Алба хааж байгаад халагдсан ангидаа ирвэл улс төрийн орлогч нь шилжжээ. Шилжихдээ түүний ахлах түрүүч цолтой алба хааж байсан анги руу явсан гэнэ. Туул гол өгсөн морьтой шогшуулсаар дарга дээрээ ирж хуучин танилуудын ёсоор уулзлаа. Хэрэг зоригоо хэлж, аяны дөрөө мултлав. Хуучин даргатайгаа хөөрөлдөн хоноод өглөө морио эмээллэж, даргынхаа дүүдээ дайсан захиасыг давтан шивнэж, эжийд нь хүргэх захидлыг өвөрт нь байгааг лавтган шалгаад мордов. Улаанбаатар хотоос баруун тийш баримжаалан намрын салхи сөрөн хатируулахад даргынх нь урьд шөнийн аминчлан хэлсэн “Миний төрсөн дүү Жанцангийн Мөнхтогоо Угтаалын САА-д намын хороон даргаар очсон. Тэнд трактор, комбайнчны курс ч бий гэнэ билээ. Чи тэнд очиж тракторчин бол. Ээж маань ч тэнд байгаа. Ажил, амьдралтай залгатлаа ээжид туслаад тэнд амьдарна биз” гэсэн яриа хүч өгөн түрэх ажээ. Зорьсон газраа саадгүй хүрэв. Угтаалын САА-н намын хороон дарга Мөнхтогоо зорьж ирсэн хэргийг нь дуулаад “Өө ахын маань цэрэг байх нь, тракторчин болгож өгнөө” гэж амласандаа хүрч арваннэгдүгээр сард курст оруулж өгөв. Увсын Равдангийн Гомбо гэж механикжуулагч багштай курст 16 залуу сурч байв. Хорь гаруй настай, цэргийн алба хаасан Могоо хамгийн ахмад нь. Зургаан сарын курсийг аавынхаа тракторыг унаж, засалцаж явсаар аль хэдийнэ тракторчин болчихсон залуусын ахлагчаар томилогдон ана мана үзэн суралцсаар онц үнэлгээтэй төгсөв. Тухайн үед САА-н дарга Хөдөлмөрийн баатар Батчулуун гэж Баянхонгорын Хүрээмаралын хүн байлаа. Х.Намхайг онц үнэлгээтэй төгссөнийг сонсоод бригадын дарга бол гэдэг санал тавьжээ. Ерөөсөө малнаас өөр юм мэдэхгүй хүн жаахан сандарч “Би чадахгүй ээ, тракторчин болох гэж л ирсэн” гэвэл өөдөөс нь“Мэргэжил олох, үнэмлэхтэй байх яах вэ. Түүндээ мэргэших гэж юм байдаг. Надад сайн тракторын жолооч олон байна. Харин сайн бригадын дарга л алга. Чи л чадна” гэж зүтгүүлээд дарга болгоод авав. Үр тарианы хоёрдугаар тасгийн тавдугаар бригад өмнө нь гурван ч удаа Улсын аварга болсон, ажил үйлсээрээ мандсан Хөдөлмөрийн баатар Алтанхүүгийн бригад байв. Бригад 18 трактор, комбайны жолоочтойгоос 11 нь Улсын аварга гэхээр сүрдмээр хүндтэй хамт олон. Ийм л нэр төртэй олныг хариуцаж алдар замналыг нь үргэлжлүүлсэн түүхтэй. 1974 онд бригад нь дөрөв дэх удаагаа Улсын аварга болж Могоо даргын хувиар Сайд нарын зөвлөл, Намын Төв хороо, Үйлдвэрчний зөвлөл, МХЗЭ-ийн төв хороо гэсэн дөрвөн байгууллагын алтан пайлууртай шагналын мотоциклийг унаж явлаа.
Эзэмшсэн боловсрол амьдралд элбэг хүрэлцээтэй байсан
“Тэр үед дан гинжтэй трактортой, дугуйтай трактор гэж байсангүй. Хаврын салхи шуургыг ч хэлэх үү, шороо гэдэг чинь харанхуй манан. Тэртээх уулын бараа харагдахгүй. Энэ л шороон манан дунд би амьдралаа босгосон” хэмээн хүүрнэх Х.Намхай гуай тракторын жолооч гэж ямар хүн байдаг, яаж ажилладаг, ямар хүн нь баатар болдог тэр бүгдийн талаар ойлголттой бололгүй яав гэж. 1975 онд бригад өндөр ургац авлаа. Намар нь САА-г хоёр хувааж хойд талд байгуулагдсан Залуучуудын САА-г Батчулуун дарга авч, урд талын САА-д өөр дарга тавихаар болов. Тэр намар Оросоос 40 шинэ комбайн, орос жолоочтой ирж тариа хураалтад оролцлоо. Тариа хурааж дуусаад 40 шинэ комбайн Угтаалын САА-д үлдэв. Яг тэр үед Х.Намхай, САА-н дарга Батчулуунд “Тракторын жолооч болъё” гэдэг чин хүслээ шивнэж орхив. Ингээд л өөрийнх нь ёжлон нэрлэснээр “гүйдэг нярав” буюу даргын ажлаа больж Угтаалын САА-г тартал трактор комбайны жолоочоор ажиллах, алдар нэр, арвин үйлсийнхээ замынхаа эхэнд ирж зогслоо. Эхлэх дохио өгсөн улаан дарцагны дохио түүнийг найман удаагийн улсын аваргын болзол хангуулжээ. Ургац хураалтын эхний 15 хоногт жилийнхээ нормыг биелүүлсэн хүнд улсын аварга өгдөг жишиг 1974 оноос хойш мөрдөгдөхөө больсон байж л дээ. Үр тарианы тавдугаар бригадын 18 жолоочоос 11 аварга төрсөн нь хуучин болзлын дагуу дүгнэсэн аваргууд байсан гэдэг. 1974-1989 он хүртэлх 15 жилийн найман жилд нь улсын аваргын болзлыг хангасан гэж хэлсэн бас л ийм учиртай. Х.Намхай гуайд идэр залуугийнх нь цог заль, хөлс хүч, улс орны хөгжлийн түүхийг хадгалсан Угтаалын шорооны үнэртэй, гавшгайчийн найман тэмдэг бий. Х.Намхай ид бяр нь тэгширсэн аархуу залуу насандаа “Гурван жилийн гавшгайч болчихоод дараа нь 10 жилийн гавшгайч болно” гэж хэлсэн удаатай. Хэлсэндээ хүрч хийдгээ хийснийг нь гэрчлэх баримтууд телевиз, радиогийн алтан фондод нэлээд байх бололтой юм билээ.
Бөөр алаг орчлонд бөхийж явсан нь үгүй
Х.Намхай алдрын замналдаа тийм ч дуртай нэгэн биш ажээ. Харин цэл залуухнаараа хорвоог орхисон дүүгийнхээ Монголын газар тариаланд оруулсан гавьяаг ярих тун дуртай ажээ. Халзангийн Жамъяндорж Угтаалын САА-н нэрийн хуудас болсон трактор, комбайнч нэгэн байв. Социализмын бүтээн байгуулалтын оргил үед сангийн аж ахуйнууд бүх л хүчээрээ ажиллаж, атрыг эзэмших аян улс орон даяар ид өрнөж байх цаг. Одоогоос 40 гаруй жилийн өмнө ах дүү хоёрын халуун залуу нас Угтаалын тариан талбайн хаврын тариалалт, намрын ургацын шуугиан дунд өнгөрчээ. Ажил хөдөлмөр, амжилтаараа бусдыгаа манлайлан, хойно урдаа орж ёстой л нэг дийлж, мандаж явсан гэдгийг мэдэх хүмүүс нь мэднэ, гэрчилнэ. Х.Жамъяндорж мөн л Улсын аваргын болзлыг хэдэнтээ хангасан аймгийн хошой аварга. Омскт хөдөө аж ахуйн чиглэлээр төгсөж ирсэн жинхэнэ мэргэжилтэн. 1999 онд Атар газар эзэмшсэний 40 жилийн ойгоор гавьяат механикжуулагчид нэр дэвшин намар ургацын баяраар гавьяатаа авна гэж байсан идэрхэн насандаа бурхны оронд буудай тариалахаар залагджээ. Энэ түүхийг сонсох надад ч хэцүү байв. Дүүг нь бурхны оронд залсны дараахан актлагдаж ирсэн шар алаг трактортоо хоёр чиргүүл залгаж зүүгээд Улаанбаатар хот руу гэрээ ачаалаад нүүв. САА-н өндөр цалинтай, хамт олонтой, найз нөхөдтэй даргиж явсан хүн их хотод хөлөө олох гэж, байр сууцаа олох гэж хэрдээ л зүдэрлээ. “Манайх усны хорин төгрөггүй хүртэл болж үзсэн” гэж хүүрнэх Х.Намхай гуайг амьдрал сөхрүүлж авах гэж нэлээд оролдсон бололтой. Түүнд амьдрал гуайн заасан хичээлийг онц сайн сурснаа батлах үлдэв.“Трактор минь асаалттай байхад хоосон хонох учиргүй, өчүүхнээс өргөн хорвоо бүрддэггүй гэж үү. Нэгээс тоолж, тэгээс эхэлнэ гэж шийдээд сандлын тавцангаар хүрз хийж аваад модны захаас хоёр хүүгээрээ үртэс ачуулж айлуудад тарааж эхлэв. Налайх руу давхин нүүрс авчирч хүүхдүүдээрээ шуудайлуулж зарсаар амьдралын хань, алаг үрсийнх нь эх болсон “Төлөө бригадын төгрөг нүдэн” бүсгүйгээ Бөмбөгөр худалдааны төвд лангуутай болгож орхив. Амьдрал хөдөлж, зүтгэж буй хүнд хайртай ажээ. Амьдрал минь уруудлаа, одоо би яах билээ гэж гаслан суух хүмүүжил ийм хүмүүст байдаггүй юм. Хөдөлж зүтгэснийх нь шимээр хүүхдүүд нь их, дээд сургууль төгсгөж боловсрол, мэргэжилтэй боллоо. Хүүхдүүдээ сургууль соёлтой, гэр бараатай болгов. Одоо хоёр биеэ бодон дуртай ажлаа хийх минь гэтэл ажлын ачаалал хэтэрснээс тал цус харвачих нь тэр.
“Хөл доголсноос сэтгэл доголсон биш”
Суга таягтай, нэг тал нь бараг мэдээгүй болов. Биеэ тэнхэртэл гэрт хэсэг суутал ийм амьдралын хэмнэлд дасаагүй хүн уйдаж эхлэв. Гарлаа. Үүдэнд нь нэгэн насных нь хань шар алаг трактор эзнээ хүлээн зогсох. Өрөөлдөж алхсаар кабиндаа орж өнөө муу трактороо асаалаа. Хэчнээн өдөр хоногийн оролдлого байсан юм бүү мэд, нэг л өдөр трактороо хөдөлгөхтэйгөө болов. Мэдээ алдсан өрөөсөн талаа хөдөлгөөнд оруулж дадаж сурсан ажлыг нь хүчлэн хийлгэж эхлэв. Цэл залуу 17 насандаа ирж цэргийн алба хаасан нийслэл хотын баруун хязгаар Улиастайн гол, цэргүүдийн “Зовлонт хайрхан”хэмээн нэрлэсэн уулаа бараадан хөдлөв. Энд л ханаа шийрлэж бууриа тамгалах хувьтай байж. Шар хадны хашаа байшингаа хүүдээ өгөөд Улиастайн голоо бараадав. Улиастайн голын ногоочдын талбайг хагалж, ногоо тарьж эхэлж буй залууст зөвлөгөө өгч, гарыг нь ганзаганд, хөлийг нь дөрөөнд хүртэл зааж , тусалж энэ хооронд чилээрхэж мэдээ алдсан бие нь ч эзэндээ эргэн иржээ. “Манайх энд ирээд 20 жил болжээ” гэж Намхай ахын хөгшин Д.Сосорбурам эгч хэлсэн. Хоёр хөгшин Улиастайн голын хөвөө, уулын аманд сайхан гэгч байшин бариад, шимт хөрстэй газарт нь төрөл бүрийн хүнсний ногоо тариалж, хүлэмжийн аж ахуй эрхлээд ёстой нэг жаргалаа эдэлж сууна. Зовсны эцэст жаргадаг гэдэг үнэн. Ажлыг шүтсэн хүнийг хувь заяа нь хөтөлдөг гэж бас л үнэн. “Намрын намарт ургацаа хурааж хүүхдүүддээ тарааж өгнө, ач буян санаж явдаг хүмүүстээ өгнө. Илүү гарсныг нь зах зээлд гаргана. Хөгшин бид хоёр насаараа л газрынхаа шимээр амьдарч явна” гэж гэрийн эзэгтэй хэлсэн нь чухам чин сэтгэлийн үг мөн байлаа. Х.Намхай гуай “Би Угтаалын САА-д хийдгээ хийж авдгаа авсан” гэж сэтгэл хангалуун хүүрнээд “Би ирэх хавар 50 дахь жилийнхээ тариалалтад гарна” хэмээн омгорхон хэлж билээ.
Төгсгөлд нь өгүүлэх нь ину
Улс орны хөгжил, дэвшилд хувь нэмрээ оруулсан ийм эгэл хөдөлмөрчид хийдгээ л хийсэн гэж ярьж суусаар бурхны оронд залагдан одсоор л байх. Хүн амыг хүнсний найдвартай хэрэглээгээр хангах их үйлсэд оруулсан түүний өгүүлшгүй их хувь нэмрийг төр яаж үнэлсэн бэ. Түүнд төрийн гэх тодотголтой одон медаль алга. Өгч байгаад нь үнэ цэн орших зүйл гэж байдаг. Тэр жил атарчдын баяраар намын Төв хорооны нарийн бичгийн дарга Бугын Дэжид гуай ирж мань хүнд ойн медаль гардуулж байсан түүх бий. Атрын 20, 30, 40 жилийн ойг өөрийн биеэр үзэж үүх түүхийг хөрс шороотой нь, алтран шаргалтах тариан түрүүтэй нь мэдэрч Угтаалын САА-гаар овоглосон эрийг Могоо буюу Халзангийн Намхай гэдэг. Түүний дүр төрх олон сэтгүүлч, яруу найрагчдын атар газрын тухай нийтлэл, шүлгийнх нь эх дүр болж явсан юм билээ. “Хүн байгаль дэлхийтэйгээ хамт оршиж, газар шороогоо шүтэж явбал яагаад ч муу амьдрах ёсгүй” гэдэг түүний үгээр нийтлэлээ жаргаах минь нэр төрийн хэрэг байлаа. Тавь дахь намрын ургац нь "арвин" байх болтугай.
Трамп Төмөрөө
Эх сурвалж: Монголын үнэн сонин №045/24576/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна