Монгол Улс анх удаа боловсролын чанараа үнэлүүлэв


Манай улс анх удаа сурлагын амжилтын олон улсын үнэлгээнд хамрагдаж, үр дүнгээ сонслоо. Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага /OECD/ 2000 оноос хойш PISA үнэлгээг гурван жил тутамд зохион байгуулж ирсэн бөгөөд улс орнууд сайн дурын үндсэн дээр хамрагддаг байна. Үүний дагуу боловсролын түвшингээ тодорхойлуулж, дэлхийтэй харьцуулахад бид хаана явна вэ гэдгийг бодитоор үнэлүүлэх зорилгоор БШУЯ-наас санаачлан дээрх үнэлгээнд хамрагдах хүсэлтээ илэрхийлсэн байдаг. Үүний дагуу манай улсын 196 сургуулийн VII-XII ангийн 7300 орчим суралцагчийг түүврийн аргаар сонгон, судалгаанд хамруулсан байна. Ингээд 1.5 жилийн туршид боловсруулалт хийснээр эцсийн үзүүлэлтийг гаргажээ. PISA-гийн энэ жилийн үнэлгээнд нийт 81 улс орны 690 мянган сурагч оролцож, өөр өөрс­дийн орны боловсролын чанарыг тодорхойлоход хувь нэмрээ оруул­сан бөгөөд нэгэн зэрэг дүнгээ сонссон юм. Түүнчлэн дэлхийн хэмжээнд зохион байгуулдаг энэхүү сурлагын амжилтын олон улсын үнэлгээнд 15 настай хүүхдүүдийг хамруулдгаараа онцлогтой. PISA-гийн үнэлгээний үр дүнг сонсох арга хэмжээнд БШУ-ны сайд Л.Энх-Амгалан, дэд сайд Г.Ганбаяр, УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Г.Баярсайхан, БШУЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн болон Юнисепийн Монгол дахь суурин төлөөлөгч болон иргэний нийгэм, ТББ-ын төлөөлөл, судлаачид хүрэлцэн ирсэн юм.

Мөн PISA олон улсын үнэлгээг зохион байгуулагч OECD байгууллагын төлөөлөгч, тэргүүлэх шинжээч Лүшия Трамунтэ Монгол Улсын үр дүнг танилцуулав.

PISA-гийн үнэлгээ нь  боловсролын чанарын түвшинг  маш нарийвчлалтай гаргаж ирдэг буюу бодит байдлыг гаргаж тавьдаг учраас  улс орнуудад эерэг болон сөрөг шок болсоор иржээ. Тийм ч учраас энэхүү судалгаанд хамрагдах улс орны тоо жилээс жилд нэмэгдэж байгаа бөгөөд  PISA 2022 үнэлгээнд манай улсаас гадна зургаан  орон анх удаа хамрагдсан байна. Хүүхдүүд суурь боловсрол эзэмшээд дараагийн шат руу шилждэг учраас 15 настай сурагчдыг хамруулдаг бөгөөд сурагчдын мэдлэг чадварыг математик, унших чадвар, байгалийн ухаан  гэсэн гурван агуулгаар үнэлдэг байна.  Мөн сурлагын амжилтад нөлөөлдөг хүчин  зүйлийг тодорхойлох зорилгоор сургуулийн захирал болон сурагчдаас асуулга, судалгаа авдаг ажээ.   PISA үнэлгээг гурван жил тутамд зохион байгуулдаг бөгөөд тухайн улсын боловсролын тогтолцоонд гарч буй өөрчлөлтийг тодорхойлоход тохиромжтой хугацаа гэж үздэгтэй холбоотой. Энэ  үнэлгээг комьпютерт болон цаасанд суурилсан хэлбэрээр явуулдаг бөгөөд манай улс комьпютерт суурилсан хэлбэрээр үнэлгээнд хамрагдсан байна. Түүврийн аргаар сонгогдсон сурагчид    математик, байгалийн ухаан, унших, бүтээлч сэтгэлгээний даалгаврыг хоёр цаг, сурлагын амжилтад нөлөөлөх хүчин зүйлийг тодорхойлох асуулгыг 40 минутын хугацаанд хийж гүйцэтгэжээ. Уг шалгалтыг 2022 оны дөрөвдүгээр сарын 11-нээс тавдугаар сарын 14-ний хооронд авсан бөгөөд  7276  сурагч хамрагдсан байна. 

Орон нутгийн сурагчид нийслэлийнхнээс 2.5 жилийн хоцрогдолтой байна

Ингэж манай улс PISA үнэлгээнд хамрагдсанаар 15 настай сурагчид эзэмшсэн мэдлэг чадвараа амьдрал, практикт хэрхэн хэрэглэж байгааг бодитоор тодорхойлж авахын зэрэгцээ  үндэсний хэмжээний мэдээллийн сан бүрдүүлж авах давуу талтай. Түүнчлэн өөрийн орны боловсролын чанарыг дэлхийн бусад оронтой харьцуулж мэдэх, харилцан туршлага судлах, үнэлгээний үр дүнд тулгуурлан боловсролын бодлого,  шинэчлэлийн чиглэл, төлөвлөлтийг тодорхойлно.  Мэргэжлийн байгууллагын чадавхыг  бэхжүүлэхэд  дэмжлэг үзүүлнэ.Мөн хүн ам зүй, нийгэм, эдийн засаг, боловсролын салбарын өөрчлөлт шинэчлэлт нь суралцагчийн сурлагын амжилтад хэрхэн нөлөөлж буйг илрүүлэх зэрэг олон талын давуу талтай юм.   PISA-гийн зүгээс үнэлгээ гаргахдаа жил бүр нэмэлт даалгаврыг оруулж ирэх болсон бөгөөд 2022 онд  XXI зууны ур чадваруудыг  бүтээлч  сэтгэлгээгээр дамжуулан шалгасан байна. 2018 онд гэхэд асуудал шийдвэрлэх чадварыг нэмэлт даалгавраар оруулж ирж байжээ. Мөн жил бүр  үндсэн гурван хичээлээс аль нэгийг нь голлон, түлхүү анхаарал хандуулан анализ хийдэг байна.  Үүний дагуу 2022 оны үнэлгээний голлох хичээл нь математик байжээ. Сурагчид суурь боловсрол эзэмших хүртэлх хугацаанд  буюу 15 хүртэлх насандаа  боловсролын байгууллагаар дамжуулан олж авсан мэдлэгээ амьдралд хэрхэн ашиглаж байгааг үнэлдэг  PISA  үнэлгээнд оролцсон   81 орноос Монгол Улс математикаар 47, унших чадвараар 65,  байгалийн ухаанаар  53 дугаар байрт эрэмбэлэгджээ.  Энэ нь анх удаа PISA үнэлгээнд хамрагдсан зургаан орноо тэргүүлсэн үзүүлэлт болсон байна.   
Дээрх гурван хичээлийн үнэлгээг задалж үзвэл математикийн хичээлийн тухайд манай улс үнэлгээнд хамрагдсан нийт улсын дунджаас 2.3 жил, Азийн дунджаас 1.2 жилээр хоцорч байна. Энэ нь математикийн сорилуудад хамрагдсан монгол сурагчид тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд математикийн мэдлэгээ хэрэглэх, учир шалтгааныг илрүүлэх чадвараар сул үнэлэгджээ.  Харин унших чадварын тухайд 81 орноос 65 дугаарт эрэмбэлэгдсэн нь уншиж ойлгох, өөрийгөө илэрхийлэх, эргэцүүлж бичих, дүгнэлт хийх ур чадвар тааруу гэж дүгнэхэд хүргэсэн байна.  Oлон улсын дундаж хэмжээнээс тав орчим жил, Азийн дундаж хүүхдүүдээс 2.5 жилээр хоцорч байна.  Байгалийн ухааны үнэлгээгээр манай сурагчдыг байгаль, технологийн аливаа үзэгдлийг тайлбарлах, асуудлыг шийдэхэд шинжлэх ухаанч эрэл хайгуул хийх, өгөгдөл мэдээллийг тайлбарлах ур чадвар сул гэж дүгнэсэн байна. Монгол сурагчид олон улсын дунджаас гурав орчим жилээр, Азийн хүүхдүүдээс 1.8 жилээр хоцорчээ. Товчхондоо, энэ үнэлгээнээс Монгол Улсын 15 настай хоёр хүүхэд тутмын нэг нь суурь түвшиндээ хүрэхгүй буюу судалгаанд оролцсон 7300 орчим хүүхдийн 51 хувь нь доод  түвшний үнэлгээ авсан байна.  

Манай улсын  160  сурагч сурлагын амжилтаар дэлхийд топ түвшинд үнэлэгджээ

Хэдийгээр манай улс дэлхийн дэлхийн дунджаас доогуур түвшинд үнэлэгдсэн ч  шалгалтад хамрагдсан 7300 орчим сурагчдаас олон  улсын дунджаас дээгүүр буюу  топ гүйцэтгэлтэй цөөнгүй сурагч байсныг БШУ-ны сайд онцолсон. Тодруулбал,  PISA 2022 олон улсын сурлагын амжилтын    судалгаанд  манай улсаас оролцсон 7300  хүүхдийн 2.3 хувь буюу  160 хүүхэд дэлхийн дээд хэмжээнд буюу топ гүйцэтгэлтэй гарчээ. Тодруулбал, математикийн гүйцэтгэлээр 30, унших чадварын гүйцэтгэлээр дөрөв, байгалийн ухааны гүйцэтгэлээр есөн сургууль топ амжилт үзүүлсэн байна.  Түүнчлэн олон улсын сурлагын  амжилтын үнэлгээнээс сонсогдсон дараагийн сайн мэдээ нь манай улсад боловсролын чанарын ялгаа  төдийлөн тасарчихаагүй буюу дундаж түвшинд гарчээ. Түүнчлэн өндөр төлбөртэй хувийн сургуулиудын олгож буй боловсролын чанар  улсынхаас төдийлөн илүү гарч чадаагүй байна. Харин энэ удаагийн үнэлгээний дүнг харахад манай улсын боловсролын чанар орон нутагт маш их хоцрогдолтой байгаа нь тодорхой болов. Тодруулбал,  хөдөө орон нутгийн хүүхдүүд хотын хүүхдүүдээс 2.5 жилийн хоцрогдолтой байна. Мөн  хүүхдүүдийн гэр бүлийн эдийн засгийн чадамж нь сурлагад илүү нөлөөлдгийг ч судалгааны дүнгээс харж болохоор байв. Манай улсад үе тэнгийнхний дээрэлхэлт OECD-ийн дунджаас дээгүүр, Азийн дунджаас арай бага түвшинд  буюу  судалгаанд хамрагдсан 7300 орчим хүүхдийн 21.3 хувь нь  сургуулийн орчинд ил болон далд хэлбэрийн үе тэнгийхний дээрэлхэлтэд өртдөг гэх дүн гарчээ. 

Хүүхдүүдийн сурлагын амжилт амьдралын чанараас шууд хамаарч байна

 PISA-гийн үнэлгээ нь амжилтад нөлөөлдөг хүчин зүйлсийг нарийвчлан гаргадгаараа онцлогтой.  Тухайлбал, PISA-гийн судалгааны дүнгээс харахад хүүхдийн сурлагын амжилт гэр бүлийн орлогын байдлаас шууд хамаардаг нь харагдана. Өөрөөр хэлбэл, сурагчдыг илүү амжилттай, дэлхийн түвшинд хүртэл бэлтгэхийн тулд боловсролын салбарт анхаарал хандуулахын зэрэгцээ амьдралын чанарт түлхүү анхаарах шаардлагатайг  зөвлөж байна. Өөрөөр хэлбэл,  сурлагын амжилтад нийгэм, эдийн засгийн үзүүлэлт суурь нөлөө үзүүлдэг гэж OECD тайлбарлаж байгаа юм. Хүүхдүүдийн сурлагын амжилтад сургууль, багш, хүүхэд өөрөө тодорхой нөлөө үзүүлдэг ч үүнээс илүү нөлөөг эцэг эх нь үзүүлдэг байна. Хүүхдүүд ямар сурах нь  эцэг эхийн боловсрол, хөдөлмөр эрхлэлт, орлогоос хамаарч байна.   Сайн боловсролтой эцэг эхийн  хөдөлмөр эрхлэх боломж нэмэгддэг. Хөдөлмөр эрхлэлт нэмэгдэхээр тухайн өрхийн орлого дагаад өснө. Хангалттай орлоготой айл хүүхдийнхээ боловсролд илүү анхаарна. Өөрөө сайн боловсрол эзэмшсэн аав ээж хүүхдийнхээ боловсролд өөрийнхөөсөө ч илүү анхаарч, ач холбогдол өгдөг байна. Ийнхүү  харилцан хамаарал нь өндөр учраас айл өрх бүрийн амьдралын түвшин ч хүүхдийн сурлагын амжилтад том нөлөө үзүүлдэг учраас ажилгүйдэл, ядууралтай тэмцэх, дундаж ба түүнээс дээш орлоготой өрхийн тоог нэмэгдүүлэх нь боловсролын чанарт асар чухал  болохыг энэ  удаагийн PISA үнэлгээнээс харж болохоор байлаа. Түүнчлэн  бас нэг сонирхолтой үр дүн нь  хүүхдүүдийн цэцэрлэгт хамрагдсан хугацаа ч сурлагын амжилтад нөлөөлдөг байна. Тухайлбал, үнэлгээнд хамрагдсан 15 настай сурагчдыг цэцэрлэгт хамрагдсан хугацаагаар нь ангилж амжилтыг нь харьцуулжээ.  Эндээс үзэхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдах хугацаа нэг жилээр нэмэгдэхэд математикийн оноо 40.4, унших чадварын оноо 10.5, байгалийн ухааны оноо 9.6 хувиар нэмэгдсэн байна.  Суурь боловсролд тэгш хамрагдах нь ямар чухал болохыг энэ үнэлгээнээс харж болохоор байгаа юм. Ийнхүү сурлагын амжилтын үнэлгээнд анх удаа хамрагдсан манай улсад  PISA тэргүүлэх шинжээч зарим зөвлөгөөг өгсөн. Тэрбээр  “Бага наснаас нь суурийг нь сайн тавих, тэгш хүртээмжгүй байдлыг бууруулах, дата ашиглалтыг сайжруулах” шаардлагатай гэсэн бол цахим хэрэглэгдэхүүнийг сургалтад ашиглахдаа бусад улс орныг бодвол маш эрүүл хэрэглээтэй байна. Технологийн хэрэгслүүдээсээ холдож байгаа үед түүнийгээ үгүйлэх, унтууцах ийм харилцаа ажиглагдсангүй. Монгол сурагчдын хувьд математикийн хичээл дээр цахим хэрэглэгдэхүүн ашиглахад анхаарал сарнидаг ч эрүүл хэрэглээтэй учир багшийн хяналтыг нэмэгдүүлэхэд сайн үр дүн гарах боломжтой. Сурагчдын хүнсний хомстол байгаа эсэх дээр анхаарсан судалгааг хийсэн. Энэ тухайд сурагчдын хувьд олон улсын дунджаас харахад сургуулийн орчинд аюулгүй байдлыг мэдэрч чадахгүй байгааг мэдэрсэн нь анхаарал татаж байна” гэдгийг онцоллоо. Харин сурлагын амжилтын үнэлгээний дүнг сонссоны дараа БШУ-ны сайд Л.Энх-Амгалан Монгол Улсын цаашдын хувь заяанд  PISA-гийн үнэлгээ, үр дүн маш чухал нөлөөтэй гэдгийг онцолсон. Түүнчлэн тэрбээр  “Сургалтын систем маш эмзэг бөгөөд бид анхаарлаа хандуулах шаардлагатай хэд хэдэн асуудал байгааг энэхүү үнэлгээнээс харлаа. Нэн түрүүнд шинэ залуу багш нарт анхаарал хандуулах шаардлагатай бөгөөд багшийн мэргэжлээр суралцах хүүхдүүдэд өндөр шалгуур тавьж, сайн багш бэлтгэх явдал юм” гээд энэ жил баталсан Боловсролын ерөнхий хуулийн хүрээнд зургаан том шинэчлэлийг зарлаж байгаа. Энэ хүрээд хүүхдийг шалгалтад бус амьдралд бэлддэг байя гэж байгаа юм. Мөн цаашид хот, хөдөөгийн сургуулийн хүүхдүүдийн ялгааг арилгахын тулд үр дүнд суурилсан санхүүжилтийг хийхээр төлөвлөөд байна. Мөн цаашдаа боловсролд зарцуулж буй хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэх, хүүхэд бүрийг өөрийнх нь түвшинд хөгжүүлэх, боловсролын салбарыг цахим хэлбэрт шилжүүлэх зэргээр эрх зүйн шинэчлэл хийхээр  тусгасан. Ингээд эцсийн дүнд нь хамгийн сайн сургууль бол гэр ойрхон сургууль байх зорилтыг дэвшүүлэн ажилласнаар  боловс­ролын чанарт ахиц гарна гэж харж байна. Бидний энэ шинэчлэл ч PISA-гийн үнэлгээтэй таарч байна” гэдгийг онцоллоо. 


 М.Өнөржаргал

Эх сурвалж: Монголын үнэн сонин №046/24577/


0
angry
0
care
0
haha
0
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Орчин үеийн хот төлөвлөгч 1 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Засгийн газар малчдынхаа амьжиргааг дээшлүүлж, үнийн … 1 цагийн өмнө
​ Улаанбаатар хотын тодорхой байршилд олон түвшинт гүүр байгуулахад “… 1 цагийн өмнө
1085 автобусыг утасгүй интернэтээр тоноглоно 1 цагийн өмнө
ОХУ, БНХАУ-ын иж бүрэн түншлэл шинэ шатанд хүрлээ 1 цагийн өмнө
Японд стрептококкийн тархалт нэмэгджээ 1 цагийн өмнө
Бүтээн байгуулалт өрнөөн Баянзүрх 1 цагийн өмнө
Э.Бат-Амгалан: Баянзүрх дүүргийн МАН-ын хороо “Хошой шилдэг”-ээр шалга… 2 цагийн өмнө
Э.Халиун: Бяр чадлын хувьд эн тэнцүүхэн тамирчидтай тивийн дэвжээн дээ… 2 цагийн өмнө
Ш.Батбаяр: Үхрийн баас цэвэрлэж байхдаа “Би юу хийчих вэ” гэж бодож ба… 2 цагийн өмнө
Горилогчдын гороо дуусаж, Ерөнхийлөгч модоо тоолов 2 цагийн өмнө
Ж.Тана: Шинэчлэл, өөрчлөлтөд залуучуудын идэвхтэй оролцоо чухал үүрэгт… 2 цагийн өмнө
Улаанбаатарт 17 хэм дулаан байна 4 цагийн өмнө
Р.Булгамаа: Үр хүүхдээ үл хайхарч байгаа эцэг, эхчүүдэд хариуцлага яри… 18 цагийн өмнө
Морин хуурын увдислаг шинжийг судлан докторын зэрэг хамгаалжээ 21 цагийн өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн т… 21 цагийн өмнө
Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдлийн талаар мэдэ… Өчигдөр
“Азийн тэсвэртэй хотууд” төсөл Улаанбаатар хотод хэрэгжинэ Өчигдөр
Соёлын өвийг хамгаалах тухай хуулийг баталлаа Өчигдөр
Улаанбаатарт 29 хэм дулаан байна Өчигдөр