Арванхоёрдугаар ангийн сурагч соронзон мотор бүтээжээ


Исаак Ньютон гэдэг хүн таталцлын хуулийг тодорхойлсон бөгөөд орчин үеийн инженерчлэлийг эхлүүлсэн механикийн салбарыг эхлүүлжээ. Харин Оросын алдарт эрдэмтэн Констатин Циолковский татах хүчийг ялсан. Тэгвэл татах хүчийг ялах өндөр өртгийг үгүй болгож, хүмүүс шувуу шиг дураар нисэж явах ирээдүйг мөрөөддөг,  “Байгаль эх” лицей сургуулийн 12 дугаар ангийн сурагч Ц.Эрдэнэбаяртай ярилцлаа.

-Сургуулийн сурагч, зохион бүтээгч хүүгийн тухай сураг сонсоод ярилцаж үзмээр санагдаад дүүг зорьж ирлээ. Хэзээнээс ийм сонирхолтой болсон бэ. Одоо юу хийж байна?
-Би их багаасаа л механик технологи сонирхож эхэлсэн. Сонирхолдоо хөтлөгдөөд элдэв янзын л юм хийдэг байлаа. Тэр дундаа механик роботыг сонирхож, хийх гэж оролддог байсан юм. Тэгэхэд шийдэж чадахгүй нэг том асуудал гардаг байсан нь үений хөдөлгөөнийг эргэлддэг мотороор шийдэх гэхээр зардал өндөр гардаг байлаа. Үенүүдийг хөдөлгөхөд эргэлддэг мотор тавьсан гэж бодоход араа тавина. Нөгөө араанууд нь эвдрэл гэмтэл их гараад болохгүй байхаар нь шууд хөдөлгөөнтэй мотор тавья гэж шийдээд таван жил ноцолдож хөгжүүлж байгаа юм. 


-Хөдөлгөгч моторынхоо ажил­лах зарчмыг бидэнд тайл­бар­лаад өгөөч?
-Энэ мотор маань шууд хөдөлгөөнтэй, ямар ч араа шүд хэрэггүй. Зардал нь эргэлдэгч мотороос даруй гурав дахин хямд тусдаг ч хүч нь хавьгүй илүү. Нэг үгээр хэлбэл соронзон галт тэрэгний зарчмаар ажилладаг мотор гэвэл танай уншигчдад илүү ойлгомжтой байх болов уу. Миний мотор шугаман хэлбэртэй цахилгаан соронзон мотор юм.


-Сонирхолтой юм байна. Үүнийгээ ганцхан робот хүний үеийг хөдөлгөхөд зориулж байна уу, эсвэл өөр давхар зорилгоор хөгжүүлж байгаа юм уу?
-Энэ моторыг төрөл бүрийн зүйлд ашиглаж болно. Жишээ нь Монголд зохиогддог “Робокон” тэмцээний роботуудад шугаман  моторыг ашиглах гэхээр үнэтэй  болно. Гадаадынхан бол ийм төрлийн моторыг хийчихсэн. Гэхдээ нэг асуудал одоо ч байсаар байгаа нь бас л үнэ. Жишээ нь ойролцоогоор 10 кг=100Н гаргадаг мотор ойролцоогоор гурван мянга орчим доллар болдог. Харин миний хийж буй мотор 100кг=1000Н чадалтай, хямд өртөгтэй байх юм. Ийм цахилгаан соронзон мотор их хүч гаргалгүйгээр хүндийг ялж чаддаг. Миний барьж байгаа (Уртаашаа 20 сантиметр орчим өргөн, өндөр нь таван сантиметр орчим) моторын хувьд хөдөлгөөн үүсгэх хэсэг. Хүч гаргах нь өөр деталь бий. Цахилгаан моторын нэг давуу тал нь хурд, нарийвчлал хоёрыг маш сайн гаргадаг талтай. Миллиметрийг 1000 хуваасны нарийвчлалтайгаар хөдөлж чадна. Тэгэхээр миний энэ моторын хөгжүүлэлт хямд төсөр аргаар хэрхэн яаж бүтээх вэ гэдэг рүү чиглэж байгаа гэхэд болно. 


-Чамайг зайгаар ажилладаг дугуй өөрөө хийж унасан гэж ээж нь ярьж байсан. Яаж хийв, зардал мөнгө нь хэд хавьцаа болж байв?
-Би “SURON” дугуйтай болохыг хүссэн юм л даа. Яг үйлдвэрийн хийцийг нь худалдаж авахад маш үнэтэй байсан. Тэгээд ямар аргаар ийм дугуйтай болох вэ гэж бодож байгаад “Чадахгүй юм биш, өөрөө хийгээд уначихъя” гэдэг шийдэлд хүрсэн. Тэгээд л ноцолдож эхэлсэн дээ. Захаас жирийн дугуй худалдаж аваад өөрчилсөн. Моторыг арын дугуйнд хүч дамжуулах зарчмаар суурилуулдсан. Суудлын урдах босоо бэхэлгээ буюу үндсэн раманд хоёр кВт-ын тэжээлийн батарейгаа суулгаж өгсөн. Цагт 80 километр хурдлах чадалтай. Хаазаар хурдаа тохируулах ба мотороо салгаж хөлөөр жийн унаж болно.

 
-Өгсүүр газар хүч шаардах уу, нэг үгээр хэлбэл хааз их өгч тэжээлийн батерей хурдан дуусна гэдэг ч юм уу асуудал үүсэх үү?
-Өгсүүр газар асуудал үүсэхгүй. Хүнд хөнгөнөөр солигдох араануудаар хүчээ хуваарилаад явчихна. Өөрийнх нь их биеийн жин хөнгөхөн. 


-Хоёулаа эргээд цахилгаан соронзон мотор луугаа оръё. За роботод бол үений хөдөлгөөнийг үүгээр хөдөлгөдөг юм байж. Эргэлддэг мотороос хямд өртөгтэй гээд байгаа?
-Эргэлддэг мотороос гурав дахин хямд өртгөөр босдог гэж би түрүүн хэлсэн. Эргэлддэг моторын ороомог гадна талдаа. Хоёр биетийг зөрүүлж байрлуулсан байгаа. Соронзон орон үүсэхэд нэг биет нь нөгөөгөө чигээр нь татахгүй далий татаад байдаг. Хүчийг нь зурж үзүүлье гэвэл дээшээ ба хажуу тийш гэсэн зураас тэмдэглэгдэнэ. Эндээс гарч буй хүчний нэлээд их хувийг дээшээ алдаад байгаа нь зургаас харагдана. Тэгэхээр ашигт үйл нь бага. Энэ шугаман моторын хувьд бүх хүчээ нэг цэт төвлөрүүлээд соронзоор цохидог гэсэн үг. Энэ мотороо хэдэн жилийн өмнө хийж байхдаа болох үгүйг нь мэдэх гээд байсан. Мэдсэнийхээ дараа томьёо, тооцоон дээр ажилласан. Үр дүнг нь гаргахын тулд комьютероор “Simulation” хийж үзсэн. Гаднаас үүсгэсэн бүх энергээ нэг цэгт төвлөрүүлдэг учраас энгийн мотороос цахилгаан идэлт бага хүч хамаагүй илүү харагдаж байгаа юм. Иймэрхүү мотор хийгдсэн байгаа нь асар үнэтэй л дээ. Гэхдээ ашиглалтын хугацаа маш урт. Биетүүд хоорондоо үрэлцэхгүй учраас элэгдэл хорогдол байхгүй, тос тосолгоо, бензин түлш гэхгүй. Япончуудын хийсэн соронзон галт тэрэгнүүд байна. 


-Гадаадынхан хөгжүүлэлтийг нь хийгээд соронзон галт тэрэг хүртэл хийчихсэн юм биш үү. Чи юуг нь сайжруулж байгаа юм бэ?
-Гаднынхан хийчихсэн байгаа ч хямд өртөг, их хүч хоёрыг хослуулж чадахгүй байгаа юм. Эргэлддэг моторын хувьд л хямд гээд байгаа боловч шугаман моторуудын удирдлагын систем нь үнэ өртөг өндөр, бас хэмжээ том болгодог учир би удирдлагын системийн хэмжээг багасгаж, үнэ өртгийг нь бууруулах дээр ажиллаж байгаа юм.


-Ерөнхийлөгчийн зарласан тэмцээнд нарны зайгаар цэнэглэгддэг шоо бүтээж түрүүлүүлсэн гэсэн. Ингээд ч зогсохгүй цахилгаан дугуй, шугаман мотор, гар утас хадгалах төхөөрөмж бүтээсэн байна. Өөр санаж сэдэж яваа ямар бүтээл байна вэ?
-Би нэг зүйл дээрээ төвлөрч ажиллах дуртай. Олон юм эхлүүлээд байхаар нэг зүйлээ төгс болгох цаг зав хомстоод байх шиг санагдаад байдаг. Ер нь уралдаан, тэмцээнд ч оръё гэж бодоод байдаггүй. Хийсэн зүйлийн маань үр дүн гарч л байвал шагнал нь тэр. Гэхдээ туршилтын маягийн хэд хэдэн загвар бий. Би танд нэг юм үзүүлье. (Эйфелийн цамхаг маягийн төмөр цамхгийн жижиг хувилбар гаргаж ирэв) 


-Энэ чинь нөгөө Теслагийн цамхаг биш үү. Газрыг хасах цэнэг гэж үзээд нэмэх цэнэгээ цамхгаас цацна. Хэрвээ энэ төсөл нь амжилттай болсон бол цахилгаан эрчим хүч үнэгүй болох байсан гэж уншиж байсан?
-Эрчим хүч яг үнэгүй болно ч биш, эрчим хүчийг утасгүй дамжуулна. Байгаль дээрх бүх бодис өөрийн оршин тогтнох хамгийн амархан төлөвөө хайж байдаг. Биетийг халаалаа гэхэд эргээд л хөрдөг нь бусадтайгаа тэнцүү болох гээд л байгаа хэрэг. Ямар нэгэн биетийг өндөрт гаргалаа гэхэд эргээд доош л тэмүүлдэг. Түүнтэй цахилгаан ч мөн ижил. Бид энд байгаа электронуудаас авлаа гэхэд их электронтойгоос бага электронтой хэсэг рүү явдаг байхгүй юу. Дундаас нь бид хожно гэсэн юм байхгүй. Ер нь энергийг устгаж алга болгоно гэж байдаггүй зүгээр л алддаг. Өөр энерги болгож цацдаг л гэсэн үг. Энэ нь тэдгээрийн нэг төрөл. Энд байгаа энергиэ цуглуулж байгаад нэг үгээр хэлбэл энергиэр бууддаг л гэсэн үг. Гэхдээ зөвхөн өөртөө ойр байгаа хэсэгт л түгээж чадна. Цааш дамжууллаа гэхэд энергийн хэмжээ холдох тусам л багасна. Тийм ч учраас Теслагийн санаа яваагүй. 


-Гадаадад гарах санаа байна уу. Гаднын компаниуд санал тавих ч юм уу боломж олдвол?
-Миний бодол бол энэ шугаман мотор дээр гадаадын эрдэмтдийн шийдэж чадахгүй байгаа нэг асуудал байгаа биз. Шийдэл нь байгаа ч хөрөнгө мөнгө, бусад компанийн дарамт, шахалтаас болоод үйлдвэрлэлд оруулж чадахгүй байж ч мэдэх. Би энэ шугаман мотороо улам боловсронгуй болгож зохиогчийн эрх авчихъя. Тэгээд энэ хөдөлгүүрээ хийж олон улсын зах зээлд худалдаанд гаргая гэж бодоод байгаа юм. Ийм хөдөлгүүртэй болчихвол роботын компаниуд ажлаа хийхэд амархан болно. Хөгжил нь түргэснэ. Өөрийн хөгжүүлсэн шугаман мотороо Монголдоо үйлдвэрлэлээ гэхэд улс орны маань хөгжил нүдэн дээр тэс өөр болно гэж мөрөөдөж байна. Хамгийн анхны оёдлын машин хийсэн компани ямар түргэн томорч, хөрөнгөжиж чадлаа даа. Бүр үндэстэн дамнасан компани болсон. Одоо дэлхий дээр технологийн компаниуд бусдын хийснийг л дагаж хөгжөөд байна. 


-Бид хоёрын ярилцлагыг уншаад Ерөнхийлөгч ч юм уу, Ерөнхий сайд, эсвэл хэн нэг эрх мэдэл бүхий хүн 100 хувийн тэтгэлэгтэйгээр гадаадад сургуульд явуулъя гэвэл ямар сургуульд явмаар байна. Магадгүй тэндээ үлдээд дэлхийд хувь нэмрээ оруулна гэх үү, Монголдоо эргэж ирэх үү? 
-Магадгүй тийм боломж олдвол би маш их баярлана. Хэрвээ тийм боломж олдвол Massachusetts Institute of Technology-ийг зорино. Бусад их сургууль, техникийн коллежуудын талаар уншиж байхад оюутнуудынхаа шинэ санаа, бүтээлийг хөгжүүлээд сургуулийнхаа нэр дээр эрхийг нь аваад үлдчихдэг юм билээ. Харин Massachusetts Institute of Technology нь тэгдэггүй цорын ганц сургууль. Оюутныхаа санаа, шинэ бүтээлийг хөгжүүлж, олон улсад эрхийг нь авч өгөөд явуулдаг сайн талтай. Би тэнд техник, технологи өндөртэй сургуулийн лабораторид өөрийнхөө санааг хөгжүүлчихээд эх орондоо ирж бүтээлээ гаргамаар байна шүү дээ. Ерөнхийлөгчийн тэтгэлэг миний энэ мөрөөдлийг биелүүлж чадна.
-Ярилцсанд баярлалаа.


 Трамп Төмөрөө

Эх сурвалж: Монголын үнэн сонин №046/24577/


0
angry
0
care
0
haha
1
liked
9
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Олимпын мөнгөн медальт, гавьяат тамирчин Б.Баасанхүүгийн нэрэмжит жүдо… 1 цагийн өмнө
Намын үйл хэрэгт ахмадуудын оролцоо, үүрэг асар их 7 цагийн өмнө
Б.Пүрэвдагва: SDY залуучуудын хөгжил, оролцооны тэргүүлэгч байгууллаг… 7 цагийн өмнө
Я.Содбаатар: МАН эмэгтэйчүүдийн улс төрийн манлайллыг үргэлж дэмжиж ир… 7 цагийн өмнө
Залуучууд, эмэгтэйчүүд чуулж, ахмадууд асуудлаа хэлэлцлээ 7 цагийн өмнө
Ерөөл, буян бялхсан номтой өдрүүд 7 цагийн өмнө
Биржийн борлуулалт нэмэгдэж, бодлогын хүү буурсныг зарласан долоо хоно… 7 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан 8 цагийн өмнө
20 минутын хот бодлогын жишиг болох “Сэлбэ дэд төв”-ийн барилгажилт эх… Өчигдөр
Хамтын ажиллагааны талаар санал солилцож, ажлын амжилт хүслээ Өчигдөр
Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах чиглэлээр “Google” к… Өчигдөр
Улаанбаатарт 8 хэм дулаан байна Өчигдөр
“Цахим засаглалын хөгжлийн индекс”-ээр Монгол Улс 28 байраар урагшилжэ… 2024/09/18
Баянхошуу, Шархад дэд төвийн нийт 220 айлын орон сууц энэ онд ашиглалт… 2024/09/18
Д.Сарандулам: Бид таныг дэлхийн боловсрол эзэмшихэд гүүр болж чадна 2024/09/18
Автомашингүй өдөр 20 зах, худалдааны төв ажиллахгүй 2024/09/17
Монголбанк инфляцыг таван хувь болгох зорилт дэвшүүлжээ 2024/09/17
Амьдралын тойрог буюу “Хорооллын нас” 2024/09/17
Энэ жил 429 мянган тонн улаанбуудай хураан авахаар тооцоолжээ 2024/09/17
Л.Баяр: Дэлхийн II дайн Халхын голд эхэлсэн юм 2024/09/17