Ц.Содхүү: Дүүрэгт төсөв төвлөрүүлдэг газар болох зорилттой ажиллаж байна


Чингэлтэй дүүргийн “Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтыг дэмжих төв” ОНӨТҮГ-ын дарга Ц.СОДХҮҮТЭЙ ярилцлаа. 

-Шинэ тутам байгуулагдсан төв учраас та бүхний явуулж буй үйл ажиллагааны талаар мэдээлэл сонсъё. Оны төгсгөлд ярилцаж байгаагийнх энэ жилийн үр дүнгээсээ бидэнтэй хуваалцана уу? 
-Манай төвийн хувьд үүсгэн байгуулагдаад жил гаруйн хугацаа өнгөрч байна. Бид анх дүүргийн ИТХ-ын тогтоол, шийдвэр буюу ганц хуудас бичгийн цааснаас л ажлаа эхлүүлж байлаа. Түүнээс хойш чиг үүргийнхээ дагуу үйл ажиллагаа явуулж байна. Манай байгууллага дүүрэг, дүүргийн өмчит байгууллагын барилга, байгууламжийг шинээр барих, өргөтгөх, зам, тоглоомын талбай, ногоон байгууламж, бохир ус соруулж, зайлуулах зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Бидний хувьд төсөвт үйлчилгээний газар учраас ажиллах цар хүрээ улс, нийслэлийг бодвол арай хязгаарлагдмал байдаг. Бид энэ томоохон хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтыг дагасан тохижилтыг хийхээс гадна зөвлөн туслах үйлчилгээг мөн үзүүлж ажилладаг. 
Түүнчлэн улс, нийслэлийн хөрөнгө оруулалтаар хийж чадалгүй үлдсэн дунд болон жижиг төрлийн бүтээн байгуулалтыг хийдэг. Мөн Орон нутгийн хөгжлийн сан буюу дүүргийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэж буй бүтээн байгуулалтад захиалагчийн хяналтын ажлыг хийдэг. 

Ингэхдээ бид тухайн бүтээн байгуулалтын ажлыг нойл цэг буюу газар ухахаас авахуулаад бүрэн дуусгаад хүлээлгэж өгөх хүртэлх бүх явцыг хянадаг. Бидний хувьд эдгээр ажлыг тогтсон цаг хугацаанд нь тааруулж, маш хурдан шуурхай бөгөөд чанартай, хямд өртгөөр хийж гүйцэтгэдэг.  Бидний давуу тал бол 30-40 хувийн бага зардлаар бүтээн байгуулалтын ажлыг хийж гүйцэтгэдгээрээ онцлогтой. 2023 оны хувьд нийтдээ 2.4 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг хийж гүйцэтгээд байна. Энэ жилийн хувьд орон нутгийн хөрөнгөөр 1800 мКв 60 авто машины багтаамжтай авто баазын барилга болон шинэ хорооны барилгын ажилд захиалагчийн хяналт хийгээд явж байна. 

Үүнд захиалагчийн хяналт тавин ажиллаж байна. Ингэхдээ 1-24 дүгээр хороонд тоглоомын талбай засварлахаас авахуулаад сагсан бөмбөгийн 3х3 талбайг шинээр барьж байгуулах зэргээр олон төрлийн бүтээн байгуулалтын ажлыг Нийслэлийн Захирагчийн ажлын албатай хамтран хийлээ. Өнгөрсөн жил гэхэд дүүргийн гэр хорооллын бүсэд 3х3 сагсан бөмбөгийн талбай 12-ыг барьж байгуулсан. Цаашид байшин болон гэр хороололд  барихаар дахин нэмж төлөвлөөд судалж байна. Мөн дунд болон ахмад насныханд зориулсан чийрэгжүүлэлтийн төхөөрөмжийг гэр хороолол дахь нийтийн гудамж талбайд нэлээд олныг суурилуулж байна. 
Хүүхдүүд усаа авахдаа, хөгшчүүд гудамж талбайд нарлахдаа биеийн тамирын дасгал сургуулилалт хийх боломжтой байлгах үүднээс энэ ажлыг хийж байна. Мөн цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор үүссэн буюу тулгамдсан асуудлыг шийдвэрлээд явдаг. Тухайлбал, дүүргийн I хорооны нэг чигийн урсгалыг зохицуулж, тэмдэг тэмдэглэгээ тавьж, тухайн орчмын оршин суугчдад автомашины зогсоол гаргаж өгөх ажлыг шуурхай хийж гүйцэтгэсэн. 
Энэ ажлыг хийснээр тухайн хэсэгт зохиомол түгжрэл үүсэхгүй байх нөхцөлийг бүрдүүлсэн. Энэ нь эргээд оршин суугчдын тав тухыг хангахаас гадна хотын төвөөр зорчиж буй явган болон автомашинтай иргэдэд учирч болох чирэгдлийг багасгасан ажил болсон. Энэ төрлийн ажлын бас нэг жишээ нь дүүргийн XIII хороонд сургууль, цэцэрлэг орчмын бүсийг зөв зохион байгуулалтад оруулах ажлыг хийсэн. Манайхан сургуулийн орчимд нэгдүгээр эгнээнд авто машинаа байрлуулчихдаг. Үүнээс үүдсэн олон асуудал үүсдэг шүү дээ. Тиймээс бид энэ мэт асуудлыг тухай бүрд шийдвэрлээд явдаг гэсэн үг.


-Захиалагчийн хяналтыг давхар хийж гүйцэтгэхийн ач холбогдлыг та хэрхэн дүгнэх вэ. Улсын хийж байгаа ажил чанаргүй, цаг хугацаа хоцордог зэрэг нийтлэг шүүмжлэл их байдаг. Энэ тухайд шийдэл болж чаддаг уу?
-Чадалгүй яах вэ. Улс, нийслэлийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэж буй ажилд мэдээж захиалагчийн хяналт заавал байна. Нэмээд бид давхар хянах нь байна шүү дээ. Ингээд ажил гүйцэтгэж байгаа компаниудтай яг газар дээр нь тулж ажиллана гэсэн үг л дээ. Тухайн захиалагч буюу яам, агентлагийн захиалагчидтай бид хамтраад ажилладаг. Тиймээс яг тухайн нэгжид тулгарч буй асуудлыг цаг тухай бүрд нь шийдвэрлээд засварлаад явчихдаг. 
Энэ нь үндсэндээ жижиг алдаа дутагдал гарах зэргээс бүрэн сэргийлж байгаа буюу тухайн бүтээн байгуулалтыг чанарын өндөр түвшинд гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлчихэж байгаа юм. Зөвхөн эндээс л дүүргийн Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын газар ямар чухал ач холбогдолтой болох нь харагдах болов уу. 


-Өнгөрсөн зун нийслэлийн хэмжээнд их хэмжээний бороо орж, үерийн нөхцөл байдал үүссэн. Хаа сайгүй бохир хальж, гамшгийн байдалд хүрлээ шүү дээ. Энэ үед та бүхэн нэлээд ачаалалтай ажилласан байх. Чингэлтэй дүүргийнхэн тухайн үед үерийн нөхцөл байдлыг хэрхэн даван туулсан бэ? 
-Ер нь аливаа үер ус, гамшгийн үед манай байгууллагынхан голлох үүрэгтэйгээр, маш түргэн шуурхай ажилладаг гэж ойлгож болно. Үерийн нөхцөл байдлын үед манай байгууллага их ачаалал авч ажилласан. Энэ хэрээр дүүргийн иргэд, аж ахуйн нэгжид учирч болох байсан эрсдэлээс урьдчилан сэргийлж чадсан. Хороодын болон орон сууцны хорооллуудын хонгил руу ус нэвчиж, халих асуудал их гарсан. Тухайн үед манай ажилчид бохир соруулах хоёр машинтайгаар өдөр шөнөгүй ажилласан. Дуудлага бүрийг цаг тухай бүрд нь авч түргэн шуурхай ажилласан. Ингэснээр бид маш их хохирол гарахаас урьдчилан сэргийлж ажилласандаа сэтгэл хангалуун байна. Манай төвийн хувьд 6, 8 тоннын бохир соруулах хоёр машинтай. Ер нь гамшгийн үед орон нутгийн өмчит газрууд өөрийн гэсэн өмчтэй байх нь ямар чухал юм бэ гэдэг нь энэ зуны үерийн үед тод харагдсан. Цаг тулсан үед хувийн компаниуд ажилладаггүй, эсвэл маш өндөр үнэ нэхдэг. Хэрэгцээ, шаардлага үүссэн үед өндөр төлбөр төлөхөөс аргагүй нөхцөл байдал үүсдэг. 
Улсын төсөвт үйлдвэрийн газар буюу төрийн үйлчилгээний албан хаагчид бол маш хариуцлагатайгаар цаг наргүй бөгөөд маш өндөр бүтээмжтэй ажилладаг. 
Дүүргийн хэмжээний бүх сургууль, цэцэрлэгийн бохирыг соруулах боломжгүй учраас хувийн аж ахуйн нэгжүүдтэйгээ гэрээлдэг. Нөгөө талаас бид зарим газарт зохиомлоор үнийн хөөрөгдөл үүсгэх гээд байгаа хувийн компаниудад хяналтын соролт хийдэг. Нэг цэцэрлэгээс сард хэчнээн тонн бохир гардаг, хэдэн удаа соруулдаг зэргийг тогтоох зорилгоор хяналтын соролт хийж ажилладаг гэсэн үг. 


-Танай дүүргийн хувьд зуслангийн бүс ихтэй. Гамшиг ослын үед техник хэрэгслийн хүрэлцээ хангамж хэр байдаг юм бэ?
-Зуслангийн бүстэйгээс гадна манай дүүргийн хувьд гэр хорооллын сургууль, цэцэрлэгүүд рүү уулын амны ус их орж ирдэг. Ингээд бохирын цооногийг нь дүүргэдэг учраас халиа тошоо их үүсдэг. Ялангуяа сургууль, цэцэрлэг орчмын бохирыг хурдан хугацаанд соруулах шаардлагатай байдаг. Бохир халих нь маш хортой буюу янз бүрийн вирус бактер үрждэг учраас ийм нөхцөл байдалтай удаан байлгаж болдоггүй. Тийм учраас бид тухайн үед цаг алдалгүй бохирыг нь соруулах ажлыг хийж байсан. Манайх замын болон барилгын инженерийн албатай. Хэдийгээр бид машин техникгүй ч түрээсэлж аваад инженерүүд маань Сэлбэ голын хэсэгт 1.5 км үерийн даланг маш шуурхай босгож ажилласан.
Ингэснээр маш олон айл өрхийг үерт автахаас сэргийлж, аюулгүй байдлыг нь хангаж ажилласан. Дүүрэг бүрд Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтыг дэмжих газар гэж бий. Манай дүүргийн хувьд энэ газрыг байгуулаад жил гаруйн хугацаа өнгөрч байна. Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн хувьд хамгийн удсан буюу гурван жил гаруйн хугацаа өнгөрч байгаа учраас бид байнга туршлага судалдаг. Амьдрал баян учраас үерийн аюулаас авахуулаад гэнэтийн аливаа эрсдэл учрахыг үгүйсгэхгүй. Тиймээс бусад дүүргийн хувьд Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын газартай болох зайлшгүй шаардлагатай гэж би хувьдаа боддог. 


-Улс, нийслэлийн хөрөнгө үнэгүйдэхгүй байхын үндэс суурь нь дүүргийн Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын газар юм байна гэж ойлголоо. Тэгвэл цаашид энэ байгууллагын үйл ажиллагааг ямар байдлаар өргөтгөх боломжтой вэ. Энэ талаарх таны байр суурийг сонсъё? 
-Цаашдаа бидний хувьд хийх ажлынхаа хүрээг олон чиглэлээр тэлэх боломжтой. Тухайлбал, одоогийн эрхэлдэг ажлаас гадна зам засвар, арчилгаа, ногоон байгууламж байгуулах ажилд анхаарах ёстой гэдэг нь олон зүйлээс анзаарагдаж байна. Тиймээс бид цаашид үйл ажиллагааныхаа чиглэлийг илүү өргөтгөх шаардлага байна гэж хардаг. Манай байгууллага ногдсон ажлаа чанарын өндөр түвшинд, өндөр бүтээмжтэйгээр хийж гүйцэтгэх бүрэн боломжтой. Дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтыг үргүй зарах, бүтээн байгуулалтын ажлыг чанаргүйдүүлэх зэрэг учирч болох олон эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилладаг байгууллага учраас үйл ажиллагааг нь улам өргөтгөх шаардлагатай. 
Тийм ч учраас цаг тулсан үед хувийн компаниас техник хэрэгсэл түрээсэлдэг байдлаас гарах зорилгоор эхний ээлжид Нийслэлийн Захирагчийн ажлын албанд шаардлагатай авто машинуудын захиалга өгчихөөд байна. Бид байгууллагадаа машинтай болчихвол ажлын бүтээмж улам л нэмэгдэнэ. Ерөөсөө ирээдүйд энэ байгууллагын цар хүрээг улам өргөтгөж, хөгжүүлэх ёстой гэж хардаг. Манайхтай ижил төстэй статустай байгууллага нь Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот газар гэж явдаг. Энэ тохиолдолд тухайн зах зээл дээр хувийн хэвшлийнхэнтэйгээ хамтраад мөр зэрэгцэн ажиллаад явчих бүрэн боломжтой. 
Цаашдаа бидний хувьд татаас авдаг биш дүүрэгтээ төсөв төвлөрүүлдэг газар болох зорилт тавиад ажиллаж байна. Энэ тухайд бид одоогоор аж ахуйн тооцоот газар болохоор дүрмээ боловсруулсан. Ингэснээр бид чөлөөт зах зээлд өрсөлдөөний зарчмаар ажиллах боломжтой болох юм. Энэ бол маш олон талын ач холбогдолтой. Дүүргийн ачааллыг бууруулахаас гадна бид төсөв төвлөрүүлдэг газрын тоог нэгээр нэмэх нь байна шүү дээ. Аж ахуйн тооцоот газар болоход бидэнд бүрэн боломжтой гэж харж байгаа. 
Тухайлбал, бид ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудтай харьцуулахад бохир соруулахаас авахуулаад аливаа бүтээн байгуулалтын ажил хийж гүйцэтгэхэд харьцангуй бага өртгөөр их ажил амжуулдаг. Мэдээж чанарын өндөр түвшинд тухайн ажлыг гүйцэтгэнэ. Хамгийн том давуу тал нь буух эзэн, буцах хаягтай байх юм. 
Цаашдын арчлалт, хамгаалалтыг нь хүртэл хариуцааад цогц үйлчилгээ үзүүлээд явчихдаг учраас олон талын ач холбогдолтой. Нөгөө талаас хөрөнгө оруулалтыг биет, бодит байдлаар ойлгоод байдаг. Гэтэл бидэнд энэ цаг үед оюуны хөрөнгө оруулалт хийх шаардлага зүй ёсоор тулгарч эхлээд байна. Энэ нь мэдээж хүүхэд залуучуудад чиглэсэн оюуны ажил гэсэн үг. Сошиалын хэрэглээ ихэсчихсэн, түүнийгээ дагаж савлах болсон энэ цаг үед бидэнд оюуны хөрөнгө оруулалт дутагдаж байгаа нь алхам бүрд харагдаж байна шүү дээ. Тийм ч учраас бид байгууллагын цаашдын хөгжлийн чиг хандлага, зорилго зорилтод энэ тухайд манлайлж ажиллахаар зорьж байна. 
Үндсэндээ хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтыг бид тогтсон нэг талаас нь харах бус өргөн утгаар нь харах ёстой гэж бодож явдаг. Тухайлбал, манай дүүргийн хувьд бүх цэцэрлэгтээ олон улсын хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэ нь хүүхдийг багаасаа бие даах чадвартай, инженер сэтгэлтэй болгох зорилготой хөтөлбөр байгаа юм. Ингэж хүүхэд сургуулийн өмнөх насанд нь зөв төлөвшил суулгахаас гадна сургуулийн насанд нь орчинтойгоо зөв харьцах буюу зөв хандлага, зөв дадалтай болгох чиглэлд ажиллах шаардлагатай байгаа юм. 
Жишээлбэл, хэчнээн гоё сайхан тоглоомын талбай барьж байгууллаа гэхэд хүүхдүүд эвдэж сүйтгээд байвал үр ашиггүй л ажил болж хувирна. Тиймээс бид хүүхдүүддээ зөв хандлага суулгах шаардлагатай болсон байна. Ерөөсөө зөв төлөвшилтэй хүн бэлтгэхийн тулд багаас нь буюу цэцэрлэг, сургуулийн наснаас нь хичээл заах, нэвтрүүлэг бэлтгэх зэргээр оюунд нь хөрөнгө оруулах цаг болсон. Нас насны түвшинд нь тааруулаад олон талт ажлыг зохион байгуулах хэрэгтэй гэж үздэг.

 М.Өнөржаргал

Эх сурвалж: Монголын үнэн сонин №047/24578/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хөгжлийг чөдөрлөх санаачилга 6 минутын өмнө
“Хөх чононууд” Хятадын шигшээ багийг эх орондоо хүлээн авна 11 минутын өмнө
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2024/11/22
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 2024/11/22
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 2024/11/22
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 2024/11/22
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 2024/11/22
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 2024/11/22
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 2024/11/22
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 2024/11/22
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 2024/11/22