Хүйтний эрч чангарсан энэ өдрүүдэд улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний дэгдэлт нэмэгдэж байна. Тэр дундаа хүүхдүүдийн дунд уушгины хатгалгаагаар өвчлөх нь олширч, эмнэлгүүд ачаалалтай ажиллаж байна. Үүнтэй холбогдуулан ЭХЭМҮТ-ийн дэд захирал Т.БолормааГААС цөөн асуултад хариулт авлаа.
-ЭХЭМҮТ-д өнөөдөр нөхцөл байдал ямар байна вэ. Уушгины хатгалгаагаар хэдэн насны хүүхдүүд түгээмэл оношлогдож байна вэ?
-ЭХЭМҮТ-ийн Амьсгалын эрхтний эмгэг судлалын тасаг, Нярайн эмгэг судлалын тасагт уушгины хатгалгаагаар өвдсөн, томуу, томуу төст өвчний шинж тэмдэгтэй нийт хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдийн 24 орчим хувийг эзэлж байна. Нярай үедээ хатгалгаагаар өвчлөх эрсдэл эмнэл зүйд ажиглагдаж байна. Амьсгалын эрхтэн, эмгэг судлалын тасагт хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдийн суурь, хавсарсан эмгэгтэй буюу тухайлбал, тархины саажилттай, зүрхний гажигтай, цус багадалттай хүүхдүүдийн биеийн байдал хүндрэх эрсдэлтэй байна. ХӨСҮТ-ийн тандалтын албаны мэдээллээр А томуу, SARS-CoV2, иж томуу, аденовирус, метапневмовирус зэрэг олон төрлийн вирус идэвхтэй байна. Тийм учраас хүүхдүүдэд эмнэлзүйн шинж тэмдэг харилцан адилгүй илэрч байгаа юм. Зарим хүүхдэд ханиад, шуухинаагаар, заримд нь бөөлжих, унтаарч халуурах, толгойн өвдөх гэх мэт шинж тэмдгээр ажиглагдаж байна. Тиймээс эцэг, эхчүүд хүүхдээ олон нийтийн газар дагуулж явахгүй байхыг зөвлөж байна. Ялангуяа тав хүртэлх насны хүүхэд томуугаар хүнд өвдөх эрсдэлтэй байдаг. Хүүхдүүд эмнэлэг, сургууль, худалдаа үйлчилгээний газраар зорчихдоо амны хаалт тогтмол зүүж хэвших хэрэгтэй. Ханиадны шинж тэмдэгтэй хүнээс аль болох зай барих, гаднаас орж ирээд гараа угааж, ариутгаарай. Эдгээр ахуйн зөвлөмжүүд бага насны хүүхдийг томуугаас сэргийлэхэд маш чухал.
-Хүүхдийнхээ дархлааг хэрхэн сайжруулах вэ?
-Суурь эмгэггүй хүүхдийн дархлааг яаж дэмжих талаар эцэг, эхчүүд түгээмэл асуудаг. Хүүхдийн дархлааг сайжруулдаг тусгай эм, бэлдмэл байхгүй. Харин хүүхдээ хэт дааруулахгүй, хэт халууцуулахгүй байлгаж, насанд нь тохирсон хоол унд өгч, сайн унтуулах нь дархлаанд сайн нөлөөтэй.
-Ханиад хүрээд 2-3 хоноод хатгалгаа болж байна гэдэг. Антибиотикийн төрлийн эмд энэ ханиад дарагдаж байгаа нь үнэн үү?
-Томуу бол маш хүнд өвчин. Бага насны хүүхдэд хатгалгаа нь хүндрэх, бусад эрсдэл дагуулах магадлал өндөр. Тийм учраас нярай болон архаг суурь өвчтэй хүүхдүүд хүндрэх эрсдэлтэй байна. Эцэг эхчүүд ам дамжсан яриагаар хүүхдийг эмчилж болохгүй. Томуу өөрөө вирусийн халдвар. Тиймээс антибиотик эмчилгээг яаран хийхгүй, эмчийн зөвлөгөөний дагуу эмчлэх хэрэгтэй. Вируст антибиотик нөлөөлөхгүй. Антибиотик бол нянгийн эсрэг бэлдмэл.
-ЭХЭМҮТ-ийн тухайд ачаалал хэр байна вэ. Ор хүрэлцээтэй юү?
-Яаралтай тусламжийн төвийн хандалтыг харахад сүүлийн долоо хоногт нэг түвшинд байна. Өнгөрсөн долоо, наймдугаар сартай харьцуулахад ханиадны шинж тэмдэгтэй хүүхдийн хандалт 20 орчим хувиар нэмэгдсэн. Манай ЭХЭМҮТ-ийн тухайд лавлагаа шатны тусламж үйлчилгээ үзүүлдэг эмнэлэг. Тийм учраас томуугийн вирус дэгдэлтийн үед нэг, хоёрдугаар шатны төлөвлөлтөө хийгээд ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар нэгдүгээр шатны төлөвлөлтөд шилжсэн. Одоогийн байдлаар манай төв Нярайн эмгэг судлалын тасагт 20 ор, Амьсгалын эрхтний эмгэг судлалын тасагт 16 ор нэмэлтээр дэлгэсэн байгаа.
Манай эмнэлэгт хүндэрсэн, хавсарсан өвчтэй, төрөлжсөн мэргэжлийн эмч нарын хяналтад байдаг хүүхдүүд хэвтэн эмчлүүлдэг.
-Хоногтоо хэдэн хүүхэд хандаж байна, тэдгээрээс хэд нь хэвтэн эмчлүүлэх шаардлагатай байна вэ?
-Хоногтоо 270 орчим хүүхэд ханиадны шинж тэмдэгтэй хандаж байна. Тэдгээрээс 10 орчим хувь нь хэвтэн эмчлүүлж байна.
Эх сурвалж: Монголын үнэн сонин №047/24578/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна