Улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй 12 мянган хүүхэд байгаагийн найман мянга нь сургуульд хамрагдаж, үлдсэн нь гэрээр сурч, боловсорч байна. Манай улсад зургаан тусгай сургууль, хоёр тусгай цэцэрлэг байдаг нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан тусгай сургалттай ЕБС-ийн тогтолцоог төр дэмжих ёстой юу гэсэн асуулт дагуулдаг. МАН-ын дэргэдэх Хүний эрх, дэвшилтэт бодлогын хүрээлэн, Социал демократ клуб хамтран зохион байгуулсан “Дэвшилтэт шийдэл” бодлогын ээлжит мэтгэлцээн дээрх сэдвийн хүрээнд өрнөлөө.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан тусгай сургалттай ЕБС-ийн тогтолцоог төр дэмжих эсэх асуудлаар Нийгмийн ажилтан, судлаач О.Саранчулуун, Хүний эрхийн хорооны гишүүн С.Сэлэнгэ нарын хооронд мэтгэлцээн өрнөсөн юм.
Нийгмийн ажилтан судлаач О.Саранчулуун хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан тусгай сургалттай ЕБС-ийн тогтолцоог төр дэмжих ёстой гэсэн байр сууринаас илтгэл тавьсан бол Хүний эрхийн хорооны гишүүн С.Сэлэнгэ эсрэг байр суурь илэрхийлэн, няцаасан өнцгөөс асуудлыг тайлбарлав.
“Тусгай сургалттай ЕБС-ийн тогтолцоог төр дэмжих үндсэн үүрэгтэй. Учир нь, хүүхэд сурах эрхтэй. Хүний үндсэн эрхээр хангах нь төрийн үүрэг. Боловсролын багц хууль болон олон улсын бодлогын бусад баримт бичигт тэгш хамран сургах, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг сургах, оролцоог нэмэгдүүлэхэд анхаарах талаар тусгасан байдаг” гэдгийг судлаач О.Саранчулуун илтгэлдээ дурдлаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн нас насны хэрэгцээнд нь сургах багш нарыг бэлтгэх, сурах орчныг нь бүрдүүлэх нь төрийн зайлшгүй хийх ёстой үүрэг гэдгийг судлаач онцлов. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд ямар нэг байдлаар сургуульд хамрагдаж чадахгүй байгаа нь сургуулийн орчин, боловсон хүчний дутагдалтай байдлаас үүдэлтэй гэж дүгнэж байв.
Дараагаар нь Хүний эрхийн хорооны гишүүн С.Сэлэнгэ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд боловсрол эзэмшүүлэхэд тусгай сургууль байх нь зөв үү гэдэгт байр сууриа илэрхийлэв. “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг халамж хүртэгч, өвчтөн гэсэн хандлагаар өмнө нь ханддаг байсан. 2006 он Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн конвенц батлагдлаа. Монгол Улс энэ конвенцод 2009 онд элсэн орсон. Хүүхдийн бэрхшээлтэй хүүхэд ч гэсэн сурах, хөгжих, оролцох хамгаалуулах бүх эрхээ эдлэх ёстой. Тэгвэл энэ хүүхдүүд гэртэйгээ ойрхон сурч, хөгжих эрхээ хамгаалуулах ёстой. Боловсрол бол хүний насан туршдаа амьдрах мэдлэгийн суурийг тавьж өгдөг. Мөн эрсдэл хүлээх, амьдрах чадварыг олгодог. Тиймээс энэ бүх сурах эрхийг хангах, тэгш хамруулах зарчим байгаа. Тэгш хамруулах зарчим нь шударга ёс, ардчиллын суурь юм. Энэ нь зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй иргэнд хамаарахгүй, хүн бүрд хамаарна. Үүн дотроо амьдралдаа эзэмших, сурах, хөгжих эрхээ эдлэх эрх. Хамгийн гол нь нийгэмшүүлэх явдал. Тиймээс тусгаарлагдсан, зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд хамтдаа сурсан орчинд дээрх чадварыг эзэмшиж чадахгүй” гэдгийг илтгэлдээ дурдлаа.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсролд олон нийтийн дэмжлэг, оролцоо, эцэг, эхийн ойлголт учир дутагдалтай байдаг байна. 2010 оноос хойш ЕБС-д тусгай хэрэгцээт тохируулгатай заах арга зүйгээр 100 гаруй багшийг төгсгөжээ. Энэ нь хүний нөөц дутагдалтай байгааг харуулж байгаа юм. Төр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг хамгаалах үүрэгтэй, тусгай сургалттай ЕБС-ийг тогтолцооны хувьд дэмжих ёстой гэдгийг илтгэгч О.Саранчулуун бататган тайлбарлаж байлаа.
Нөгөө талаас илтгэгч С.Сэлэнгэ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зааж сургах аргачлал бус бүх сурагчдад заах аргад суралцах нь багшийн үүрэг гэдгийг тодотголоо. Тэгш хамруулах боловсролын орчин бүрдэхийг хүлээх бус өнөөдрөөс эхлэн хэрэгжүүлэх хэрэгтэй гэдгийг тэрбээр онцолж байв. Цаашид бүх багш ялгаатай зааварчилгааны аргад суралцах хэрэгтэй гэдэгт оролцогчид санал нэгдэж байлаа. Учир нь, тусгай сургууль гэдэг нь тэгш хамруулахаа дэмжих зөвхөн нэг хэсэг гэж тэд үзэж байна.
Хэлэлцүүлэгт оролцогчдын зүгээс Аутизмтай хүүхэд ЕБС-д суралцах боломжтой юу гэсэн асуултад илтгэгчид “Ямар ч хүүхэд сурах, хөгжих процесс явагдана” хэмээн хариулсан юм. Зарим эцэг, эх хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэйгээ олон нийтэд мэдэгдэхийг хүсдэггүйгээс тухайн хүүхдийн сурах эрх хаагддаг харамсалтай тохиолдол гардаг байна. Үүнээс гадна ЕБС-д хүүхдээ сургахад хөгжлийн бэрхшээлтэй гэж ялгаварлахгүй байж, өнөөдрийн хандлагыг өөрчлөх хэрэгтэй гэдэгт оролцогчид санал нэгдэж байлаа.
Н.Энх
Эх сурвалж: Монголын үнэн сонин №047/24578/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна