Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо буюу Таван шарын хоёрдугаар байрны хойд талд байсан 25 гараашийг буулган газрыг нь чөлөөлснөөр 1320 ам метр талбайд 37 автомашины зогсоол, явган зам, гэрэлтүүлэгтэй тохижилтын ажлыг дүүргийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр “Дэд бүтцийн хөгжлийн алба” ОНӨААТҮГ гүйцэтгэлээ. Тус дүүргийн иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, амьдрах орчныг сайжруулах арга хэмжээний хүрээн дэх тохижилтын ажлууд үргэлжилж байна.
Аюулгүй, амар тайван орчныг бүрдүүлсэн бүтээн байгуулалт
Нийслэлийн хамгийн олон хүн амтай, мөн гэр хороолол давамгайлсан Сонгинохайрхан дүүрэгт өнгөрсөн хугацаанд ямар бүтээн байгуулалт өрнөв. Иргэдийн эрүүл, аюулгүй, амар тайван орчинд ажиллаж, амьдрах эрхийг хэрхэн хангав. Тус дүүргийн 8, 19, 20, 23, 27, 29, 37, 38, 39 дүгээр хорооноос сонгогдсон нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Н.Баярчимэгийн шийдвэрлүүлсэн, хийж хэрэгжүүлсэн бүтээн байгуулалтын ажлаас заримыг нь онцлон танилцуулж байна.
Автозам, авто зогсоол, гадна талбайн тохижилт:
-18 дугаар хорооны 13 дугаар байрны гаднах авто зогсоол, мөн 37 дугаар хорооны төв замыг 48А, 48Б байртай холбох автозам болон зогсоолын ажлыг бүрэн гүйцэтгэлээ.
-23 дугаар хорооны автозам, авто зогсоолын ажлыг хийж гүйцэтгэснээр хорооноос төрийнүйлчилгээ авах иргэд, хүүхдээ сургуульд хүргэх эцэг эхчүүд тойруу замаар явж хугацаа алдах шаардлагагүй болохоос гадна тухайн хэсгийн түгжрэл багасаж, хүүхдүүд зам тээврийн осолд өртөхөөс сэргийлэх боломж бүрдлээ.
-Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 37 дугаар хорооны 41 дүгээр байрны дэргэд автозам, зогсоол барилаа.
-Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 27 дугаар хорооны гурван байршилд зам талбайн эвдрэлийг засаж, зөвшөөрөлгүй гарааш, чингэлгийг чөлөөлсөн талбайд буюу 3А байрны хажуу тал, 36 дугаар байрны чанх ард тал, 50 дугаар байр руу орох автозам болон авто зогсоолын асуудлыг тус тус шийдлээ.
-19 дүгээр хорооны нутаг дэвсгэр, 62 дугаар сургуулийн ойр орчим дахь зөвшөөрөлгүй гараашуудыг буулган газар чөлөөлж, нөхөн сэргээлт хийж, тус газарт Цэвэр агаар сангийн санхүүжилтээр явган зам, авто машины зогсоол, сагсан бөмбөгийн талбай, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан автомашины зогсоол, гэрэлтүүлэг, ногоон байгууламж, зэрэг иргэд чөлөөт цагаа өнгөрүүлэх талбай байгуулахаар зураг төслийг нь бэлэн болголоо.
-19, 27,39 дугаар хороонд хийх явган хүний замын бүтээн байгуулалтын ажил цар тахлын улмаас он дамжин хийгдэхээр болсон. Үүссэн нөхцөл байдалтай уялдуулан ажлын даалгаврыг холбогдох байгууллагаар дахин боловсруулж, төсөвт өртгийг нэмэгдүүлэн сонгон шалгаруулалтыг дахин зарлав.
-18 дугаар хорооны 12 дугаар байрны гаднах талбай дахь зөвшөөрөлгүй авто гараашуудыг чөлөөлж, тус талбайд ус зайлуулах шугам, авто зогсоол, явган хүний зам тавилаа.
-“Сод Монгол” шатахуун түгээх газраас “Алтан тариа” ХХК хүртэлх нэг км автозамыг ашиглалтад оруулсан бол 38 болон 20 дугаар хороог холбох Хайгуулчдын гудамжны 1.4 км авто замын ажлыг эхлүүлээд байна. Мөн “Апп таун” хорооллын дээврийн засвар, явган хүний замын ажил дууссан бөгөөд одоо хүүхдийн тоглоомын талбайн ажил үргэлжилж байна.
3X3 сагсан бөмбөгийн талбай:
-Нийслэлийн Засаг даргын А/986 дугаар захирамжийн хүрээнд 2022 онд нийслэлийн есөн дүүргийн 118 байршилд 3х3 сагсан бөмбөгийн стандартын шаардлага хангасан талбай шинээр байгуулахаар болсон. Үүний хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 13 байршилд 3х3 сагсан бөмбөгийн талбай байгуулах төлөвлөгөө, байршлыг тогтоож, гүйцэтгэлийн ажлыг эхэллээ. Тодруулбал, 19 дүгээр хорооны 92 дугаар цэцэрлэгийн зүүн урд, 20 дугаар хорооны Цэргийн хотхоны баруун хойно, 29 дүгээр хорооны “Драгон” төвийн хойно байрлах хуучин сагсны талбайг тус тус шинэчлэхээр боллоо.
Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд хийсэн авто зогсоол:
-Дүүргийн хэмжээнд 2020 онд 92 байршилд 47.354 ам метр талбайд авто зогсоолтой байсан бол энэ оны байдлаар 28 байршилд 20.261 ам метр талбайд нэмэлтээр авто зогсоол шинээр хийгээд байна. Эдгээр авто зогсоолыг нийтийн эзэмшлийн талбайд байсан зөвшөөрөлгүй гарааш, чингэлгүүдийг буулгаж, тохижилтын ажил хийсэн юм. 2023 онд нийт 120 байршилд 67.615 ам метр талбайд авто зогсоолтой болсон байна.
Бусад ажил:
-Холбогдох тогтоолын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-тай хамтран дүүргийн нутаг дэвсгэрт хохирогчийг түр хамгаалан үйлчлэх байр шинээр барих, шаардагдах санхүүжилт, урсгал зардлыг төсөвт тусгах мөн насанд хүрээгүй гэрч хохирогчоос мэдүүлэг авах өрөөг дүүргийн ГБХЗХ хэлтсийн дэргэд байгуулан дэмжлэг үзүүлж хамтран ажиллахаар шийдвэрлэсэн. Үүнд шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх талаарх хүсэлтийг нийслэлийн ИТХ-ын даргад уламжилж, 17.3 сая төгрөгийг төсөвт тусгуулсан. Мөн тус дүүргийн ЗДТГ-аас өрөө гаргуулж, олон улсын жишгээр тохижуулж, ашиглалтад оруулав.
-39 дүгээр хорооны Хамбын овоо орчмын нийтийн эзэмшлийн газрыг иргэд тодорхой бус шалтгаанаар ухаж, нүх үүсгэн хог хураагддаг газар болсон. Иймд нүхийг булж тэгшлэн иргэдийн чөлөөт цагаа өнгөрөөх Соёл амралтын хүрээлэн байгуулахаар шаардлагатай санхүүжилтийг төсөвт тусгасан.
-40 дүгээр хорооны Хилчин хотхон орчмын 144 өрх нэгдэн гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөлд хамрагдах хүсэлт ирүүлснийг нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчид хэлэлцэн, төсөл хэрэгжүүлэх байршлаар батлав. Нийт 12.7 га, 180 нэгжталбарт гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлснээр яндангийн тоо цөөрч, 168 өрхийн 600 гаруй хүн эрүүл, аюулгүй, таатай орчинд амьдрах нөхцөл бүрдэнэ.
-Улаанбаатар хотын дөрвөн байршилд төмөр зам доогуур авто зам, нүхэн гарц шинээр барих төсөл”-ийн ажлын зураг төсөл боловсруулах, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр гэрээ байгуулж, БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлнэ. Нүхэн гарцуудыг Таван шарын төмөр замын гармын баруун тал, Геологийн төв лабораторийн уулзвар Баянгол дүүрэг, Хермес төвийн урд, төмөр замын зоорины урд, Нарны зам болон Их хүрээний гудамжны уулзварт барих юм.
-Геодези усны барилга байгууламжийн газарт төлөөлөгчийн хувиар хүсэлт гаргасны дагуу Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 12 дугаар байр орчмын борооны ус зайлуулах шугам, кольцо угсралтын ажлыг хийж гүйцэтгэв.
-20, 29, 38 дугаар хорооны орон сууцны дээврийг засварлах санхүүжилтийг он дамжуулах хүсэлтийг холбогдох байгууллагад хүргүүлэв.
-20 дугаар хорооны 13А байрны цахилгаан шатыг засварлаж, хүлээлгэн өгөхөд бэлэн болоод байна.
-18 дугаар хорооны гэрэлтүүлгийн ажлыг цар тахлын улмаас он дамжин хийхээр болсон.
-19 дүгээр хорооны дахин төлөвлөлтөд орсон зарим орон сууцны барилгыг буулгаж шинээр барих тендер шалгаруулалтыг зарлаад байна.
Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд хийсэн авто зам:
Дүүргийн хэмжээнд 2020 онд 214.09 км автозамтай байсан бол энэ оны байдлаар +49.31 км авто замаар нэмэгдсэн байна. Дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар энэ онд сургууль, цэцэрлэгийн орчмын таван байршилд 1.7 км автозам тавьсан байна. Түүнчлэн дүүргийн 7, 8, 11 дүгээр хороог холбосон Баянхошууны автозамаас Гүнжийн нуур, 105 дугаар сургууль, 127 дугаар цэцэрлэг, Хувьсгалчдын гудамжны авто зам хүртэлх 2.5 км автозам он дамжуулан шинээр ашиглалтад оруулсан.Анх удаа гэр хороолол дунд зургаан эгнээтэй 3.6 км автозам 23, 30, 31, 37, 43 дугаар хорооны нутаг дэвсгэрт барьж байна. Тус автозамТолгойтын болон ГССҮТ-ийн автозам руу холбогдох юм. Мөн V, VIхорооны нутаг буюу Ханын материалын “Дүүхээ 2” төвөөс 126 айлын түр орон сууц хүртэлх автозамыг асфальт бетоноор хучиж засварлав. Нийт нэг км үргэлжилсэн тус автозам 14 метр өргөнтэй, дөрвөн эгнээтэй.
Эх сурвалж: Монголын үнэн сонин №047/24578/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна