Өвлийн дунд хугас, шинэ сарын эхэнд томилолт авч Өмнөд нутгийг зорилоо. БНХАУ-ын Гуандун мужийн Гуанжоу хотод хүрэхээр хөр цаснаар мөнгөн цагаан хөлөг хөлөглөн эх газрын зүг жолоо залав. Өнгө нэмж үйл ажиллагаа нь шинэчлэгдэн буй Хятадын агаарын тээврийн компаниар үйлчлүүлснээр хэдэн цагийн дотор зорьсон газраа саадгүй хүрлээ. Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний чуулга уулзалтад оролцохоор Гуанжоу хотын Нанша дүүргийг зорьсон нь энэ юм. Энэхүү дээд хэмжээний уулзалт нь дэлхийн хэвлэл мэдээллийн байгууллагуудын хамтын ажиллагааны чухал платформ. Синьхуа агентлагаас зохион байгуулдаг уг чуулга уулзалтад оролцохоор дэлхийн олон орноос зочин, төлөөлөгч хүрэлцэн ирсэн байв. Чуулга уулзалтыг зохион байгуулагч Хятадын төрийн мэдээллийн Синьхуа агентлагийн хувьд дэлхийн өнцөг булан бүрд 220 гаруй салбар оффистой. Төв оффистоо 12 мянга гаруй ажилтантайгаас өдөр бүр 15 хэлээр мэдээллээ түгээдэг тэргүүлэх агентлаг. Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний уулзалтыг БНХАУ-д гурав дахь удаагаа хүлээн авч, өндөр дээд түвшинд зохион байгуулж байлаа.
Манай сонины хувьд тус агентлагтай хамтран ажиллаж ирсэн бөгөөд өнгөрсөн аравдугаар сард БНХАУ-ын нийслэл Бээжинд болсон “Бүс ба зам” олон улсын дээд хэмжээний чуулга уулзалтын үеэр хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан юм. Ийн Монгол Улсын ууган хэвлэл “Монголын үнэн” сонин, 1931 онд байгуулагдсан, дэлхийд нэр хүндтэй Синьхуа агентлагтай цаашид хамтран ажиллах бөгөөд өдгөө зарим төсөл хөтөлбөрөө хэрэгжүүлэхээр болоод байгаа билээ.
Газар зүйн хувьд ихээхэн онцлогтой Нанша дүүрэгт хүлээн авсан Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний чуулга уулзалт тав дахь удаагийнх. Анхдугаар чуулга уулзалтыг 2009 онд БНХАУ-ын нийслэл Бээжинд санаачлан зохион байгуулж, хамтарсан мэдэгдлийг гаргаж байжээ. Түүнээс хойш 2012 онд Москва, 2016 онд Доха хотод зохион байгуулж цар тахлын дараа буюу 2021 онд Бээжинд Дэлхийн хэвлэл мэдээллийн дөрөв дэх удаагийн чуулга уулзалтыг “Цар тахлын нөлөөн доорх хэвлэл мэдээллийн төлөвшлийн стратеги” сэдвийн хүрээнд өрнүүлж байв. Тав дахь удаагийн чуулга уулзалт БНХАУ-ын Гуанжоу хотоос гадна Юннань мужийн Кунмин хотод зэрэг болсноороо онцлогтой. Эдгээр өдрүүдэд буюу арванхоёрдугаар сарын 2-6-нд дэлхийн хэвлэл мэдээллийн агентлаг, байгууллагууд нэгэн зүгт хараа чилээж, асуудлаа ярилцан шийдэл хайлаа.
Дэлхийн хэвлэл мэдээллийн дөрөв дэх удаагийн чуулга уулзалт БНХАУ-ын Бээжин хотод болоход 100 гаруй улс орон болон бүс нутгийн мэдээллийн агентлаг, телевиз, сонин, цахим хэвлэл, олон улсын байгууллага, НҮБ зэрэг дэлхийн 200 гаруй байгууллагын төлөөлөгч биечлэн болон цахим хэлбэрээр оролцож байв. Энэ удаагийн чуулга уулзалтад ч мөн л 100 гаруй улс орны 450 гаруй төлөөлөгч, 200 орчим хэвлэл мэдээллийн хэрэгслээс зочин, төлөөлөгч хүрэлцэн иржээ. Ер нь чуулга уулзалт болгон тодорхой сэдвийн хүрээ, уриан дор өрнөдөг. Нанша дүүрэгт болсон Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний чуулга уулзалт “Дэлхий нийтийн итгэлцлийг бэхжүүлж, хэвлэл мэдээллийн хөгжлийг хөхиүлэн дэмжинэ” уриатайгаар үргэлжиллээ.
Синьхуа агентлагийн ерөнхийлөгч Фү Хуа Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний уулзалтыг нээн үг хэлж, хүрэлцэн ирсэн зочин, төлөөлөгчдөд талархал илэрхийлэв. Түүний дараа дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн агентлаг, байгууллагын удирдлага, төлөөлөгч энэ удаагийн уулзалтын онцлогийг тодорхойлон, ач холбогдлыг дурдсан юм. Газар зүйн онцлог, улс орны хөгжил, нийгмийн байдлаас шалтгаалсан онцлог хэвлэл мэдээллийн агентлаг, байгууллага, салбар бүрд бий. Хэдийгээр харилцан адилгүй энэ байдал бидний хувьд хөгжлийн ялгаатай байдлыг бий болгож байгаа ч бүгд нэгэн зүг харж зорилгоо тодорхойлж чадвал бусдаасаа хоцрох шалтгаан үгүй. Энэхүү дээд хэмжээний чуулганы зорилго ч хэвлэл мэдээллийн байгууллагын хамтын ажиллагаа, хамтдаа хөгжихийг дэмжих билээ.
Түүнчлэн энэ жилийн чуулга уулзалт хэд хэдэн сэдвийн хүрээнд өрнөв. Чуулга уулзалтын хоёр дахь өдөр “Хүний хөгжил, аюулгүй байдлыг дэмжихэд хэвлэл мэдээллийн үүрэг, оролцоо”, “Шинэ технологийн сорилтод хэвлэл мэдээллийн хариу үйлдэл”, “Дижитал эринд хэвлэл мэдээллийн шинэ зах зээл”, “Сайн сайхан ирээдүйн төлөөх хэвлэл мэдээллийн хамтын ажиллагаа” зэрэг сэдвийн хүрээнд боллоо. Олон улсын хэвлэл мэдээллийн төлөөлөгчид эдгээр сэдвээс сонгон оролцсон юм. Уулзалт ярилцлагын эхэнд дэлхийн хэвлэл мэдээллийн төлөөлөл өөрсдийн өнөө цагийн байдал, үйл ажиллагаагаа танилцуулав. Улмаар хэвлэл мэдээллийн байгууллагын төрлөөс үл хамааран шийдвэрлэх асуудлууд тулгараад байгааг онцолсон.
Тэдгээр шийдвэрлэвэл зохилтой асуудлаас хамгийн олон удаа дурдагдсан нь хуурамч мэдээлэл бөгөөд үүнтэй хэрхэн тэмцэх талаар арга туршлагаасаа хуваалцахыг Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний чуулга уулзалтад оролцсон зарим оролцогч хүсэж байсан юм. Тухайлбал, Малайзын төлөөлөгч ярихаас илүү хэрхэн үйл ажиллагаа явуулж буйгаасаа хуваалцахыг бусад оролцогчоос хүсэж явуулж байгаа арга хэмжээ нь үр дүнтэй бол чуулга уулзалтын дараа эргэн холбогдож туршлагаасаа хуваалцахыг хүслээ. Түүнчлэн үүсээд байгаа асуудлыг шийдвэрлэхэд хамтын ажиллагаа нэн чухал болохыг онцолсон. Хүн төрөлхтөн олон сорилттой тулгарч байгаа тул харилцаа холбоогоо гүнзгийрүүлж, хамтын ажиллагаагаа бэхжүүлж байж л итгэлцлээ нэмэгдүүлж, ирээдүйг цогцлоох боломжтой гэдэгт тэд санал нэгдсэн юм.
Аргентин улсын үндэсний мэдээллийн агентлаг Теламын ерөнхийлөгч Бернарда Льоренте "Энэхүү дээд хэмжээний уулзалт нь дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн хамтын ажиллагаа, харилцан итгэлцлийг бий болгох үндсэн платформ болно. Тиймээс бүх зүйл тодорхой байх шаардлагатай” гэв. Өмнөд Африкийн хэвлэл мэдээллийн байгууллагын дарга Икбал Сурве энэхүү дээд хэмжээний уулзалтыг “Хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээрүүдийг хэрэгжүүлэх талбар” хэмээн тодотголоо.
Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний тав дахь удаагийн чуулга уулзалтын үеэр хамтарсан мэдэгдэл гаргав. Дэлхий ертөнц хурдацтай өөрчлөгдөж байгаа энэ үед тодорхойгүй байдал, урьдчилан таамаглаагүй хүчин зүйлс нэмэгдсээр байна. Үүнд олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагууд оновчтой хариулахын тулд хамтын харилцаатай байхыг уриалав. Түүнчлэн дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ядуурлыг бууруулах, хүнсний аюулгүй байдал, үйлдвэржилт зэрэг хөгжиж буй орнуудын тулгамдсан асуудалд илүү анхаарч, хөгжлийн тэнцвэргүй байдлыг арилгахад тус дөхөм үзүүлнэ гэдэгт найдаж буйгаа мэдэгджээ. Дэлхийн хэвлэл мэдээллийн байгууллагууд үзэгч олонд бодитой, өргөн хүрээтэй мэдээллийг хүргэж, худал хуурмаг мэдээллийг эсэргүүцэж хэвлэл мэдээллийн хэрэгслийн нэр хүнд, итгэл үнэмшлийг хамгаалах ёстойг мэдэгдэлд дурдсан байлаа.
Ийнхүү Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний тав дахь удаагийн чуулга уулзалт өндөрлөв. Зохион байгуулагч Синьхуа агентлагаас “The Humanomics in the New Era” судалгааны тайлан нийтэлснээ танилцуулснаар нэгэн шинэ судлагдахууныг эхлүүллээ.
Б.Сэлэнгэ
Эх сурвалж: Монголын үнэн сонин №047/24578/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна