(Хөрөг тэмдэглэл)
Арван зургаан нас, аяны анхны зам
Бат-Өлзий хүүг 16 нас хүрэхэд аав нь “Миний хүү эрийн цээнд хүрч байна. Бичиг үсгийн бүлгэмд суугаад уншиж бичиж сурлаа. Эр хүн аливаа хүнд хүчир ажлыг хийж сурах, алив ажилд чин сэтгээлээсээ хандаж хүнтэй танилцаж, газар үзэх нь чухал байдаг. Энэ жил Хатгал руу чамайг жинд явуулахаар хэд хэдэн хүнтэй яриад тарга тэвээрэг сайтай аяны зам даах хэдэн тэмээ айлуудаас авахаар тохирсон” гэжээ. Ийнхүү тэрбээр аавынхаа олон жил жинд хамт явсан хэдэн хүнтэй Хатгал руу жин тээхээр явжээ. Говийн бөглүү нутагт мал маллаж, адуу манаж өссөн хүү, анх удаа хорин хэдэн тэмээ ачаатайгаар алс холыг зориход өндөр уул даваа, өргөн тал, элсэн манхан, олон гол горхи дайралдаж, амьдралын өмнө нэгэн гайхамшигт цонх нээгдэх шиг болсон гэдэг. Ахмад хүмүүстэй аян жинд явж нүд тайлж газар үзсэнээр барахгүй, овоо олз ашигтай ирж аав, ээжийгээ баярлуулжээ.
Элсэн манхан, ээрэм талтай Хүнгүй голынхтой харьцуулахад Хөвсгөл нутаг тэнгэрт тулсан мөнх цаст өндөр уулс, ар өвөргүй ой тайга, ан амьтан араатан жигүүртэн шивээлсэн ёстой л үлгэрийн орон гэж залуу хүүд бодогдон, эх орон минь ямар гайхамшигтайг нүдээрээ үзэж гайхан биширч, олныг эргэцүүлэн бодож явжээ. Дөчөөд оны сүүлч тавиад оны эхээр тэмээн жин тээж, ард иргэдийн хэрэгцээт бараа, эд хэрэглэгдэхүүнийг Хөвсгөлийн Хатгалаас авчирдаг ажил нь халуунд халж, хүйтэнд хөрч, жинхэнэ эр хүн болох шандас шалгадаг ажил байж. Жинчдийн хамгийн залуу Бат-Өлзий тэмээгээ отоглосон газраа хариулж өвслөх, хурааж авчрах, барьж уях гээд бүх ажлыг амжуулна. Хөвсгөл далайн захаар тэмээн жингээ хөтлөөд явахад мөнгөн долгио нь цахран давлагаалж, мянга мянган шувууд сүрэглэн ганганалдаж, сүрлэг их уулсын замд буга согоо, бор гөрөөс үе үе дайралдахад дэлхий ертөндөд үүнээс том нуур, далай тэнгис үй олон ан амьтад байдаг гэж бодоход “Аавын бийд хүнтэй танилцах, агтны бийд газар үзэх” гэдэг ямар чухал үг болохыг санаж, залуу насандаа эрдэм ном сурах хэрэгтэйг яс махандаа тултал ойлгож, өөрийгөө хөгжүүлье гэж шийджээ. Жинд явахад хориод тэмээнд нэг бүр нь 50-70 кг гурил будаа, цай, тамхи ачихад эхлээд түүртэж байснаа дорхноо ачаад сурчихжээ. Бат-Өлзий ийнхүү 16-тайдаа жинд явсныхаа дараа Хатгал, Улиастай, Улаангом зэрэг 300-1000 гаруй км замд зургаан удаа жинд явж, хүнд хүчир ажилд нухлагдсаар бие нь чийрэгжиж алив ажлын дөртэй болжээ.
Адууны оторт явсан анхны жил
Намхан бэсрэг толгод уулстай Хүнгүй голын сав газар нь агь таана, ерхөг, хялгана, шаваг шарилж бүхий тачирхан өвстэй ч шим сайтайгаас жилийн жилд Ургамал сумынхан мал сүргээ онд мэнд оруулж олон он жилийг үджээ. 1949 оны зун хур тунадас багатай, өвсний гарц сайнгүйгээс адуун сүргээ Завхан голын Монгол элсэнд оторлон өвөлжүүлэхээр болж, бүх багийн хамтарсан хурлаар хэд хэдэн хашир, туршлагатай малчдыг явуулахаар болж, малд гярхай, морь сайн уургалдаг ажилсаг Бат-Өлзий хүүг оторт явуулахаар сонгосон байна. Малч ажилсгаараа нэрд гарсан, морь сайн уургалдаг түүний аав Ж.Ламжав нэг хуралд сууж байхдаа, “Манай тэр сагсуу олон адуу оторлож чадахгүй. Дөнгөж 17 нас хүрч байгаа түүний алдсан, үрэгдүүлсэн адууг хэдэн адуугаа өгөөд ч төлж дийлэхгүй” гэж дургүйцсэн ч хамт олны саналыг буцааж чадалгүй явуулсан гэдэг. Тэр үед нэг адуу оторлосны хөлсөнд гурван төгрөг авч, хэрэв алдаж үрэгдүүлбэл төлөх болзолтойгоор Бат-Өлзий 500 гаруй адуу хүлээн авчээ. Оторт гарах хэдэн мянган адууг нэг дор цуглуулж, сумын хэмжээний зартай уургач адуучид цугларч, “Тэнгэрийн салхинаас бусдыг дээрээ гаргаж үзээгүй багийн дарга Гунаажавын зээрд азаргыг хамгийн эртэй оторчинд эмээллэж өгье” гэцгээхэд Бат-Өлзий тэр гайхамшигт хүлгийг эмээллэж мордохсон хэмээн боджээ. Улмаар өөрийнхөө уургач номхон бор үрээгээ эмээллэж байтал отрыг үдэхээр ирсэн аав Ламжав, “Чи ийм жижиг юм унах гээд байхдаа ичихгүй байна уу” гэж загнаад ямар ч ороо морийг гаргадаггүй уургач хулаа бариад өгчээ. Уургачид хангал азаргыг олон талаас шахахад хэн ч уургалах зориг гаргахгүй болохоор нь Бат-Өлзий уургалаад авчээ. Олон залуу гүйлдэн очиж, азаргыг Бат-Өлзийд эмээллээд мордуулах үед тэвдэж адгаж байхад аав нь “Чи уургаа ав” гэж загнахад хангал азарган дээр уургатайгаа унаж, нүдний булай болно гэж айж байжээ. Нөгөө азарга ёстой л газар тэнгэрийн хооронд байдаг чадлаараа цамнан булгиж байсан ч Бат-Өлзий ороолгон урагшилж байж. Адуучид “Тэгнэ ээ тэр, Лааяагийн энэ ийм булгианд унахгүй ээ, яг л аавынхаа шийрийг хатаасан ган хадаас шиг амьтан” гэж магтацгааж байжээ. Хүүгээ огт магтдаггүй аав нь хүүгээрээ бахархаж байлаа. “Миний хүү ч овоо юм, оторт сайн явах байх аа” гэж аав гэртээ ирээд ээжид ярьж байсан гэнэ лээ гэж Бат-Өлзий ярьж билээ. Тэр жилийн адууны оторт багийн арваад дөч гарсан хашрууд явсны хамгийн залуу нь Бат-Өлзий байж. Гурван сар отор хийхдээ 18-20 азарга буюу 500 гаруй адуугаа өвсний сорыг дагуулан бэлчээж, үе үе хужирлан, салхи шуургатай шөнө, харгана шаваг соргог өвстэй газар байрлуулж байснаас бүх адуу нь тарга тэвээрэгтэй онд бүрэн оржээ. Харин ганц морийг Сонгино сумын нэг ядарсан хулгайч авсныг сүүлд нь олжээ. Тухайн үед Бат-Өлзий багагүй мөнгө олж аав, ээжийгээ баярлуулж билээ. “Адуу маллах мөн ч сайхан ажил шүү. Эр хүнд хийморь золбоо хайрладаг амьтан шүү дээ, адуу чинь. Би цэргийн алба хааж ирээд адуучин болно гэж боддог байж билээ” гэж Бат-Өлзий гуай ярьж байсан удаатай.
Ардын цэргийн онц сурлагатан
1952 онд Бат-Өлзий цэргийн албанд татагдаж сумаасаа гуч гаруй эрчүүдийн хамт, долоон өртөө 240-өөд км Улиастай хот руу гурав хоног мориор ирээд,Улаанбаатар хүртэл задгай машин дээр мөн л гурав хоног явж, ...дугаар ангид цэргийн алба хаах болжээ. Цэргийн сургуулилалтын ажилд оролцож хол, ойрын гүйлт, хариалт гээд биеийн тамирын бүх төрөлд, цэргийн хээрийн сургуульд түүртэхгүйгээр барахгүй дандаа түрүүлдэг байжээ. Олон удаа аян жинд явж, адуу маллаж, эмнэг хангалтай ноцолдож өссөн нь үндсэндээ биеийн тамирын нэг дамжаа төгссөн мэт байсан гэнэ. Цэргийн эрдмийг биеийн тамиртай хослуулахын зэрэгцээгээр ангийнхаа номын санд зав л гарвал сууж, ерөнхий боловсрол, улс төр, онолын мэдлэгээ байнга дээшлүүлж эхний жилд онц сурлагатнаар шалгарч, ангийнхаа хүндэт самбарт тавигджээ. Тэр жагсаалын цэргээс түгээгч нярав, эвлэлийн үүрийн дарга, ангийн эвлэлийн хорооны товчооны гишүүн, тасгийн дарга зэрэг олон сонгуульт ажлыг хийсээр цэргийн гурван жилд их зүйлийг сурч амжсан байна. “Манай ардын цэрэг мөн ч гайхамшигтай шүү. Би гурван жилд улс төр, эдийн засаг, ерөнхий боловсролын талаар сураад зогсоогүй, хүнтэй ажиллах хүн удирдах арга барилд хүртэл суралцаж, биеэ бүрэн чийрэгжүүлж чадсандаа бахархаж явдаг юм” гэж Бат-Өлзий гуай ярьдаг байлаа.
Олны хайрыг булаасан онцгой сайн дарга
Цэргийн албанаас ирээд шилдэг морьдоосоо сонгож унаад ахан дүүсдээ золгож, нэгдлийн адуучин болно гэж аавтайгаа зөвлөж байтал “Сумын залуучуудын хуралд ир” гэж дуудаж. Ургамал сумын залуучуудын хурал Бат-Өлзийг сумын эвлэлийн хорооны даргаар сонгожээ. Сумын хэмжээний залуусыг эвлэлд элсүүлж, сумд доголдож байгаа ажил бүрийг залуучуудын хүчээр хийж, сумынхаа ажлыг илэрхий өөд нь татсаар улс, аймгийн тэргүүний залуучуудын байгууллагаар шалгарчээ. Удалгүй түүнийг дэвшүүлэн, аймгийн эвлэлийн хороонд ажиллуулж, “Залуучуудын үнэн” сонины орон нутгийн сурвалжлагчаар хавсран ажиллуулсан юм. Дараа нь залуучуудын байгууллагын ажлыг сайжруулахаар Алдархаан, Тосонцэнгэлд томилон ажиллуулахад очсон газар бүрийнхээ ажлыг өөд нь татаж чадсан байна. Улсын хэмжээнд зарласан уралдаанд хэдэн удаа байгууллагаа байр эзлүүлж, мотоциклиэр шагнуулжээ. Гэтэл аймгийн нөлөө бүхий нэг дарга мотоциклийг нь авчихаад өгөхгүй болохоор хөөцөлдсөөр арай гэж автал нөгөө дарга Бат-Өлзийг намд элсүүлэхээс татгалзуулж ажилд нь элдвээр саад хийжээ.Энэ хугацаандаа тэр бие дааж улс төр, эдийн засаг, онолын мэдлэгээ байнга дээшлүүлж дээд сургуульд орохоор тасралтгүй бэлддэг байжээ. Тухайн үед удирдах ажил хийж байгаа хүн намд элсэхгүйгээр дэвших, сургуульд ороход саадтай байсан байна. Тэр ажлаараа шалгарч улсын хэмжээний олон арга хэмжээнд оролцож, залуучуудын байгууллагын XIII, XV Их хуралд төлөөлөгчөөр сонгогдож, ЗХУ-д Комсомолын сургуульд нэг жил сурч байхдаа олон орны залуучуудын байгууллагын туршлагыг судалж, монголчуудаас анх удаа сансрын нисгэгч Ю.А.Гагаринтай уулзсан гэдэг.
Онц сурлагатан, Сүхбаатарын цалинт оюутан
Аз таарч нэг удаа төв байгууллагаас ирсэн томхон албан тушаалтантай хамтарч хяналт шалгалтын ажилд оролцоход, түүний ажлын чадвар, хүнтэй ажиллах арга барилыг дээд байгууллагын хуралд оролцохдоо магтаж, Бат-Өлзийг яагаад дээд сургууль төгсөөгүйг асуухад, “Тохиолдсон учир зовлонгоо ярьтал тэр ухаант хүн, түүнийг намд элсүүлэхийг түргэтгэж тусалжээ. Бат-Өлзий ч оройгоор аравдугаар ангиа төгсөөд, НДС-д шалгалт өгөөд шууд тэнцжээ. Өмнөх тогтолцооны үед Намын дээд сургууль (Одоо Улс төрийн академи) нь удирдах ажилтныг бэлддэг, тэндээс ч улс орноо удирдсан шилдгүүд олон арваараа төрснийг хүмүүс мэднэ. Бат-Өлзий уг сургуулийн шалгалтад тэнцэж, 1972 онд тус сургуулийн сэтгүүлчийн ангид орж суралцжээ. Тэр сурч мэдэхийн тулд бүхий л хүч бололцоогоо дайчлан хичээллэсээр эхний улирлаас эхлээд онц суралцсаар Сүхбаатарын цалинт оюутан болж сургуулиа төгсжээ. Түүнийг сурч байсан ангиудад Сүхбаатарын цалинт оюутан хоёрхон хүн байсны нэг нь Дөнгөтийн Цоодол гэж оюутан байсан гэнэ. (Д.Цоодол Төрийн шагналт, Ардын уран зохиолч) Бат-Өлзийн НДС-д сурч байхдаа ангиасаа хамгийн ахмад нь буюу дөч гаруй настай байсан ч номын санд тогтмол сууж, эрдэм шинжилгээний ажилд оролцож, олон нийтийн сонгуульт ажлыг хийсээр төгссөн байна.
“Үнэн”-ий тогоонд чанагдсан он жилүүд
Өнөөгийн Монгол орны хөгжил дэвшлийн толь, төр засгийн бодлого, түмэн олныхоо амьдрал тэмцлийг сурталчлан соён гэгээрүүлдэг эрдэм соёлын гэрэлт бамбар болсон “Үнэн” сонинд ажиллахад өндөр мэдлэг туршлага, идэвх зүтгэл хэрэгтэй нь мэдээж. Монголын ууган хэвлэл болсон энэ гайхамшигт сонинд өнөөгийн эрдэм соёл, урлагийн цуутнууд Ц.Дамдинсүрэн, Б.Ринчен, С.Удвал, Л.Түдэв, Ц.Намсрай, Ч.Чимэд, Ц.Гайтав, Д.Пүрэвдорж, Х.Цэвлээ, Ц.Дамдинсүрэн (Өвгөөдэй), Жа.Пүрэв, Г.Жамц, Ш.Дулмаа, Ж.Лхагва, Даг.Жамъян, С.Жамбалдорж, Г.Гонгоржав, Б.Цэнддоо... гээд Төрийн шагналт, Ардын болон Гавьяатууд олон арваараа ажиллаж байжээ. Бат-Өлзий энэ сонинд сурвалжлагч, утга зохиолын ажилтан, хэлтсийн эрхлэгч, орон нутгийн сурвалжлагч зэрэг ажлыг цөөнгүй жил хийхдээ олон арван шилдэг найруулал сурвалжилга мэдээ, гэрэл зургууд нийтэлж,улс оронд тулгамдсан чухал асуудлаар шинэ санаа дэвшүүлсэн шилдэг нийтлэлүүд нь уншигч олны талархлыг хүлээж, шилдэг сэтгүүлч, шилдэг нийтлэлч болохоо харуулжээ.
“Монголын үнэн” сониноос төрсөн анхны Улсын аварга малчин
Түүнтэй цуг ажиллаж байсан Н.Бөхдамбий, Г.Жамц, Ш.Цэен-Ойдов, Жа.Пүрэв нарын гавьяатууд “Бат-Өлзий Улсын аварга малчин болсон манай сонины хамт олны баяр бахдалыг төрүүлдэг” гэж ярьж байсан билээ. Бат-Өлзий насныхаа тэтгэвэрт гараад нутгаасаа 200-аад бог, хоёр үнээ, хоёр уналгын морь авчирч, Сэлэнгэ аймгийн Баруунхараад суурьшин аав ээжийн дуурайл, өөрийн багадаа сурсан аргаараа мал маллаж эхэлжээ. “Үнэн” сониныхон ч олон жил малаас төсөөрхөн тэр нөхөр яадаг бол доо хэмээн түгшиж байсан гэдэг. Гэтэл гуравхан жилийн дараа хатуухан өвөл болоход сониныхон түгшиж байтал нэгдүгээр сарын хүйтэн өдөр, Бат-Өлзий “Мянгат малчин болсон. Н.Бөхдамбий та хоёр ирж сурвалжил” гэж Жа.Пүрэв рүү утсаджээ. Сэлэнгийн хулгайч нарт малаа алдаад талыг зуданд үхүүлснээс гарахгүй, ямар юмаа мянгат малчин байх вэ, цаадахь чинь хотынхоо орон сууцанд ирсэн байна, Бөхдамбий минь хоёулаа ганц шил юм аваад очиж сэтгэлийг нь засъя” гэжээ. Тэднийд очтол эхнэр Цэенпилтэйгээ хоёулаа мах чанаад тавьчихсан инээд алдаад сууж байж. Мөн ч арилсан дотортой, уужуу хүн шүү хамаг малаа... гэж бодоод сууж, бид идлээ, уулаа, хоёулаа ер нь өндөр сэтгэгдэлтэй байна. Тэгснээ та хоёр ирдэг сайн боллоо. Хөгшин чинь 1036 толгой мал тоолуулаад Баруунхараагийн анхны мянгат малчин болчихлоо. Ажил тун өөдрөг, малын тарга тэвээрэг ч сайн байгаа гээд малаа тоолуулсан тамгатай бичгээ үзүүлдэг юм байна гэж Пүрэв надад сонин болгож ярьж билээ. Тэр зүгээр ч нэг малчин байсангүй, сумдаа анхны малчдын бүлэг байгуулан хэд хэдэн хүнийг малжуулж, малчин Г.Сэнгэдоржийг мянгат малчин болгож, малын тэжээл бэлтгэх, худаг гаргах, бэлчээрийг хуваарьтай ашиглах, хүнс тэжээлийн ургамал тарих зэрэг олон талт ажлыг санаачлан, сумынхаа иргэдийн хурлын төлөөлөгчөөр сонгогдож малчдын бүлгийн ахлагчаар ажиллахдаа сумын хэмжээний олон хүнд арга туршлагаасаа заажээ. Нүүдлийн мал аж ахуйг хагас суурин маягаар эрхлэх асуудал сэдэж, Хятад, Дани зэрэг оронд явж туршлага судлан, Сэлэнгэ аймгийн олон арван малчдад үлгэр дуурайл үзүүлснээр Улсын аварга малчин цол, төрийн том одонгуудаар энгэрээ мялаажээ. Түүний нөр их хөдөлмөрийг төрөөс үнэлж, Монгол Улсын Гавьяат малчин болгохоор ХХААЯ-ны сайд Д.Насанжаргал, Сэлэнгэ аймгийн төр захиргааны байгууллага тодорхойлсон байна. Бат-Өлзий сэтгүүлчийн үзгээ малын шилбүүрээр сольсон ч шилдэг нийтлэлүүдээ бичсээр, фото зургаа авсаар байсан байна.
Үнэнч хайраар гагнагдаж, үрээр үргэлжлэх хүний орчлон
Бат-Өлзий сумынхаа наадамд соёолон морины наадам үзчихээд голынхоо хөвөөгөөр наадамчин олны дундуур явж байтал давхраат алаг нүдтэй, хосоор сүлжсэн урт салаа гэзэгтэй улаа бутарсан царайтай зүс таних охинтой халз тулахдаа нутгийн Гарамжав гуайн охин гэдгийг мэджээ. Хорь гартлаа эмэгтэй хүнтэй ойртож найзалж яваагүй Бат-Өлзий тэр охинтой уулзаад хэдэн үг солимоор санагдахдаа ихэд сандарч, биеэр ер бусын баяр баясгалан урсах мэт болжээ. Олигтой ярьж чадалгүй явснаа орой нь хайраа илчилсэн захидал атгуулчихаад том олз олж, тэнгэрийн од шүүрсэн юм шиг баяртайгаар аймгийн төв рүүгээ буцсан гэдэг.
Намар нь Ургамал суманд болсон бүсийн хурал уулзалтыг зохион байгуулахаар ирэхдээ ирээдүйн ханьтайгаа дотно танилцаж, тэр өвөл хуримаа хийж, гал голомтоо бадраан, айл өрх болсноор арван сайхан хүүхэд төрүүлж өсгөн хүүхдийн инээд баясал цалгисан аз жаргалаар дүүрэн гэр бүл болж, тавь гаруй жил амьдрахдаа хориод ач зээтэй болсон гэдэг. Түүнийг олон газар, олон жил ажиллахад анхны хайр, амьдралын түшиг болсон хань Г.Цэенпил нь үр хүүхдүүдээ өсгөн бойжуулж, хожуу хоёулаа малаа зуу зуугаар нь өсгөж, нэгэн насныхаа амьдралыг хөдөлмөр бүтээлээрээ бялхуулан, ямар ч гэсэн төр түмнээсээ гавьяат гэсэн алдар нэр хүртэнэ гэж явтал гэнэтийн золгүй ослоор насаа сэлгэсэн харамсал харуусал тохиолджээ.
Хүсэл хяслын амьдралын жамыг яалтай билээ дээ. Гэвч түүний олон сайхан хүүхдүүд ач зээ нар нь аавынхаа дутууг гүйцээж, дундыг дүүргэсээр үрээр үргэлжлэх хүний хорвоод Бат-Өлзий гэсэн нэрийг алдаршуулсаар явна. “Үнэн”-ээс төрсөн, үнэн амьдралын төлөө зүтгэж явсан Завхан нутгийн Бат-Өлзий ийм нэгэн байсан билээ.
Х.Отгонбилэг
/Биологийн ухааны доктор (PhD), ХМТА, “Ган үзэг” шагналт/
Эх сурвалж: Монголын үнэн сонин №247/24578/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна