Д.Цэнд-Аюуш: Олон нийтийг соён гэгээрүүлэхийн тулд бүх арга хэлбэр, сувгийг ашиглаж байна


АТГ байгуулагдсан цагаасаа хойш авлигаас урьдчилан сэргийлэх, олон нийтийг соён гэгээрүүлэх чиглэлээр чамгүй ажил зохион байгуулсаар ирсэн. Тус газраас сүүлийн үед хийж буй ажлын талаар Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ахлах ажилтан, ахлах комиссар Д.Цэнд-Аюуштай ярилцлаа.

 -АТГ-аас олон нийтийг соён гэгээрүүлэх чиглэлээр багагүй ажил хийдэг. Энэ талаар бүгдийг ярина гэвэл бид хоёрт цаг, цаас хоёр хүрэлцэхгүй биз. Тиймээс сүүлийн үед хийсэн онцлох ажлынхаа талаар товчхон мэдээлэл өгнө үү?

-АТГ байгуулагдсан цагаасаа л соён гэгээрүүлэх арга хэмжээг тасралтгүй зохион байгуулсаар ирсэн. Авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажил нь зөвхөн АТГ-ын ажил гэвэл өрөөсгөл хандлага болно. Авлигын эсрэг хуулиар төрийн байгууллагууд авлигаас урьдчилсан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх нийтлэг үүргийг хүлээсэн байдаг. Түүнчлэн хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагууд ч ёс зүйн дүрэм тогтоон мөрдүүлэх зэргээр зохих арга хэмжээг авах үүрэгтэй байдаг. Харин улсын хэмжээнд авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах, үйл ажиллагааг нь уялдуулан зохицуулах, нэгдсэн хөтөлбөр боловсруулах, арга зүйн удирдлагаар хангах, хэрэгжилтэд хяналт тавих нь АТГ-ын үүрэг юм.

Бид урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр олон ажлыг зэрэг хийж байна. Аль нэгийг нь онцлох аргагүй. Хамгийн сүүлд гэвэл, өнөөдөр тантай уулзахаас өмнө ЕБС-д “Шударга ёсны клуб”-ийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, сайн туршлагыг солилцуулах арга хэмжээ зохион байгууллаа. Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт туссан шударга ёсны үзэл санааг төлөвшүүлэн, олон нийтийг соён гэгээрүүлэх үйл ажиллагааг үе шаттай зохион байгуулж, авлигын эсрэг боловсролыг дээшлүүлэх зорилтын хүрээнд хийсэн олон ажлын нэг юм. Хүүхдийн Шударга байдлын судалгааны тайлангаас харвал сурагчдад чиглэгдсэн сургалт, мөн багш нарыг энэ чиглэлийн сургалт, үйл ажиллагаанд чадавхжуулах, шинэлэг бас тэдний онцлогт тохирсон аргачлал, хэрэглэгдэхүүнээр хангах хэрэгцээ байгаа нь харагдсан.

Одоогийн байдлаар сур­гуулиудаас гаргасан санаачилгад  тулгуурлан Шударга ёсны 10 гаруй клуб байгуулан ажиллаж байна. Эдгээр клубийг байгуулснаар ЕБС-ийн сурагчид шударга ёс, ёс суртахууны зөв төлөвшилтэй болох, сурагчид тохиолдлуудад дээр ажиллах, үнэлэлт, дүгнэлт, шийдвэр гаргахдаа зөв шударга байдлын үүднээс хандах чадварыг хөгжүүлэхэд дэмжлэг болох юм. Бид сургууль дээр очоод нэг удаагийн шинжтэй сургалт хийхээс илүүтэйгээр соён гэгээрүүлэх ажлыг оролцоонд тулгуурласан, тогтмол байдлаар зохион байгуулахад анхаарч байна.

Тав, арван жилийн дараа Монгол Улс авлигагүй байхын тулд ирээдүйн эзэд маань энэ талын мэдлэг, мэдээлэл, зөв дадал, хандлагатай иргэн болж төлөвших нь чухал. Тэр утгаараа өсвөр насныхан, оюутан залуус руу чиглэсэн арга хэмжээ явуулдаг. Шударга ёсны боловсрол олгох сургалтын хөтөлбөр боловсруулах, уралдаанд оролцогчдын энэ талаарх ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх, сургалтын хөтөлбөрт шударга ёсны агуулгыг хэрхэн тусгах боломж, арга замыг тайлбарласан арга зүйн сургалт зохион байгуулж, багш ажилтнуудыг чадавхжуулж, оролцоог нэмэгдүүлэхэд анхаарч байгаа юм.

Энэ үйл ажиллагаанд төрийн байгууллагуудаас гадна иргэний нийгмийн байгууллагууд мэргэжлийн холбоодыг татан оролцуулж хамтран ажиллаж байна. Бид өмнө нь Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэг, Азийн сан зэрэг байгууллагатай хамтран ажиллаж нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 800 гаруй багшийг шударга ёсны агуулгаар сургалт хийх сургагч багшаар бэлтгэж, тухайн онд төгссөн ахлах ангийн 30 гаруй мянган сурагчийг сургаж чадавхжуулж чадсан. Эдгээр нь Шударга ёсны клубүүдийг байгуулах, үйл ажиллагааг нь эрчимжүүлж, зохион байгуулахад суурь нөхцөл болж байгаа юм.

-Цаг үе, нийгмийн өөрчлөлтөө дагаад сурагчдын авлигын тухай мэдлэг, мэдээлэл харьцангуй өөр болсон юм шиг байна. Ядаж л интернэт орчинд ажиллаад мэдэхийг хүссэнээ мэддэг болж. АТГ-аас авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр сургалт, арга хэмжээ зохион байгуулахаар очиход сурагчид хэрхэн хүлээн авч байна вэ?

-Хүүхдийн Шударга байдлын судалгааны дүнгээс харвал шударга ёсны талаар сургалт, хөтөлбөрт хамрагдаж, энэ сэдвээр эцэг эх, багш, ангийнхантайгаа ярилцаж байсан сурагчид шударга байдлын асуудлаар сургалт хөтөлбөрт хамрагдаж байгаагүй хүүхдүүдийнхээс илүү өндөр байгаа нь харагдаж байгаа юм. Сурагчдын нас, сэтгэл зүйн болон үе хоорондын онцлогт нь тохирсон, сонирхолтой, шинэлэг байдлаар сургалтыг зохион байгуулахад анхаарснаар сурагчид өндөр сэтгэгдэлтэй байдаг. Харин шударга, шударга бус байдлын талаарх ойлголтыг хэвлэл мэдээлэл, нийгмийн сүлжээнд түлхүү нийтлэгддэг авлига, гэмт хэрэг, ял шийтгэл гэдэг өнцгөөс бус тэдний амьдралд илүү ойр жишээгээр тайлбарлаж, аливаа асуудалд шударга ёсны, хүний эрхийн өнцгөөс хандах чадавхыг дэмжихэд чиглүүлж байгаа юм. Сурагчдын идэвх, оролцоо маш сайн байдаг. Хүлээн авч байгаа мэдээллээ маш сайн дүгнэж, боловсруулж байна. Ер нь багш, сурагчдын сэтгэгдэл өндөр байхаас гадна их зүйлд суралцаж, тодорхой үр дүнд хүрснийг хөтөлбөрт хамрагдсан багш, сурагчид бас эцэг эхийн төлөөлөл онцолж байсан. Хэдийгээр өнөөдөр үр дүнг нүдэнд шууд харахад төвөгтэй боловч эдгээр үйл ажиллагаа зохих үр дүнгээ өгч байна гэхэд болно. 

Нэг сайн жишээ дурдъя. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар сургуулийн жишээ байна. Сурагчдын шударга байдлыг нэмэгдүүлэхэд зөвхөн багш, сурагчдаар хязгаарлалгүй эцэг, эхийн оролцоог нэмэгдүүлсэн Бангладешийн сайн туршлагыг нэвтрүүлэхээр тус сургуультай хамтран ажилласан юм. Дээрх сургуульд туршилтаар хэрэгжүүлсэн үйл ажиллагааны үр дүнд эцэг, эхчүүдийн идэвх, оролцоо эрс нэмэгджээ. Ингэснээр сургуулийн үйл ажиллагаанд ил тод байдал сайжирч, тус сургуулийн сурагчдын шударга байдлын үнэлгээ өссөн. Ингээд тус сургуулийн сайн туршлагыг бусад сургуулийн багш, эцэг эхийн төлөөлөлд танилцуулж, туршлага солилцох арга хэмжээ зохион байгууллаа.

-Соён гэгээрүүлэх чиглэлийн ажлыг орон нутаг руу, ялангуяа алслагдсан сумд, баг руу хэрхэн хүргэж ажилладаг вэ?

-Манай байгууллага орон нутагт салбар нэгжгүй учраас орон нутгийн иргэдэд хүрч ажиллахад хүндрэлтэй байх нь бий. Тийм учраас төрийн болон боловсролын байгууллагаар дамжуулан хүрч ажиллахыг зорьж байна. Мөн 21 аймагт, тус бүр хоёроос гурван албан хаагчийг сургагч багшаар бэлтгэн, үйл ажиллагааг нь уялдуулан ажиллаж байна. Сургагч багш нар, сурсан мэдлэгээ тухайн аймагтаа, ялангуяа бидний очиж чадахгүй байгаа сум, дүүрэгт түгээж соён гэгээрүүлнэ. Өнгөрсөн жилээс энэ сургалтыг зохион байгуулж, боломжийнхоо хэрээр сургалт, сурталчилгааны материалаар хангаж ажилласан, мөн орон нутаг, салбар нэгжүүдийн хүрээнд соён гэгээрүүлэх аян, арга хэмжээг өрнүүлэн ажилласан нь онцлог байсан. Үүнээс гадна 21 аймгийн цагдаа, хууль зүйн туслалцааны төвүүдтэй хамтран мэргэжилтнүүдийг энэ хүрээнд бэлтгэж, соён гэгээрүүлэх ажлын хүртээмжийг нэмэгдүүлж байна. Бидний хувьд энэ онд зургаан аймаг, нийслэлийн алслагдсан гурван дүүрэгт хүрч соён гэгээрүүлэх өдөрлөгийг зохион байгууллаа.

-Иргэд, олон нийтийг соён гэгээрүүлж, сурталчлах арга хэрэгсэл яг нэг хэлбэрт орж, уламжлал болсон байна. Контент бэлтгэх, шторк цацах, зурагт хуудас тараах гэх мэт. Танай байгууллага энэ уламжлалыг эвдсэн шинэ, шинэлэг арга барил ашиглаж чадаж байгаа юу?

-Олон нийтэд мэдээлэл хүргэх боломжтой, шинэлэг  арга, хэлбэрийг туршиж, үйл ажиллагаандаа ашиглаж байна. Сошиал, хэвлэл мэдээлэл, тараах материал, комикс, контент, подкаст гэх мэт боломжтой бүхий л хэлбэрээр ажиллаж байна. Соён гэгээрүүлэх ажлыг бодит тохиолдол, жишээ, баримтад тулгуурлан хор хөнөөл, хууль тогтоомжийг тайлбарласан байдлаар харуулбал иргэдийн оролцоо илүү сайжирч байгаа нь харагддаг. Нэг ёсондоо нөхцөл байдлыг илүү бодитойгоор хүлээж байна гэсэн үг. Эндээс харахад бид орон нутаг руу, иргэд рүү улам ойртох хэрэгтэй юм.

  Б.МӨНХЗУЛ

Эх сурвалж: Монголын үнэн сонин №042/24523/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 5 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 8 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 8 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 8 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 8 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 9 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 9 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 9 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 9 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 9 цагийн өмнө
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 10 цагийн өмнө
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 10 цагийн өмнө
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 10 цагийн өмнө
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 10 цагийн өмнө
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 10 цагийн өмнө
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 10 цагийн өмнө
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 10 цагийн өмнө
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 10 цагийн өмнө
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 11 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 11 цагийн өмнө