Хэн юу хэлэв?

unen
7 цагийн өмнө

Төв аймгийн Мөнгөнморьт суманд өрнүүлж буй бүтээн байгуулалт, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн талаар болон аймгийн ИТХ-ын төлөөлөгчийг нутаг орных нь иргэд ийнхүү дүгнэж байна. 

Мөнгөнморьт сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал Н.Рэнцэндорж: 
 
-Боловсролын салбарт оруулж буй хөрөнгө оруулалт жил бүр нэмэгдэж байна. Өнгөрсөн 2020-2023 онд 363.8 сая төгрөгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг хийсэн байна. Тухайлбал, сургуулийн бүх анги, танхимыг хичээлд ашиглах орчин үеийн тоног төхөөрөмж, багаж хэрэгслээр хангасан. Ингэснээр сурагчдад дэвшилтэт байдлаар хичээл заах боломж нөхцөл бүрдсэн. Төв аймгийн хэмжээнд зөвхөн манай сургууль гадаад хэлний ленгафоны танхимтай. Мөн мэдээлэл технологийн кабинет байгуулж, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангасан. Сумыг төлөөлж, аймгийн ИТХ-д сонгогдсон Т.Баатармөнхийн санаачилгаар 75 хүүхдийн дотуур байрыг барьж, өнгөрсөн оны есдүгээр сард ашиглалтад оруулсан. Мөн дотуур байрны нэг өрөөг тав тухтай, тохилог байдлаар тохижуулж, хүүхэд хөгжлийн төвтэй болгож өгсөн. Ингэснээр дотуур байрны сурагчид тухайн өрөөнд бие даан суралцах, ном унших зэргээр чөлөөт цагаа зөв боловсон, үр дүнтэй өнгөрүүлэх боломжтой болсон. Түүнчлэн 2020 оноос хойш сумын ерөнхий боловсролын сургуулийг түшиглэсэн, нэг ээлждээ 120 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай “Хөдөлмөр” зусланг байгуулах зорилго тавин ажиллаж, сумын ИТХ-аар хэлэлцүүлж, хоёр га газарт бүтээн байгуулалт хийх шийдвэрийг гаргасан. Тухайн газарт хүүхэд амрах жижиг 30 байшин, мөн гал тогооны барилга, биеийн тамир спортын талбай зэргийг барьж байгуулахаар төлөвлөсөн. Одоогоор 30 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлыг хийгээд байна. Ашиглалтад оруулах хугацаа цар тахлын улмаас хойшлогдож, ирэх оны зургадугаар сард үүд хаалгаа нээх төлөвлөгөөтэй байгаа. Бид Т.Баатармөнх төлөөлөгчид хандаж, шинэ дотуур байрыг 380 кВт-ын цахилгаанд холбуулах хүсэлтээ илэрхийлж, улмаар үүнд шаардагдах 100 сая төгрөгийг аймгийн төсөвт суулгуулж, шийдвэрлэсэн. Ингэснээр дотуур байр маань тоног төхөөрөмжөө бүрэн ашиглах боломжтой болсон. Энэ мэтчилэн ерөнхий боловсролын сургууль, дотуур байр маань өнгө зүсээ өөрчилж, сурагчид эрүүл, аюулгүй орчинд сурч боловсрох боломж нөхцөлийг бүрдүүлэхэд Т.Баатармөнх төлөөлөгч санаачилга, идэвх зүтгэлтэй байж, бүх талаараа өөрийн хувь нэмрээ оруулсан. 


Мөнгөнморьт сумын хоёрдугаар багийн малчин З.Алимаа: 

-Манай сумын малчин айл өрхүүд Хэрлэн голыг дагаж нутагладаг. Гэтэл зун үерлэж, хавар цөн түрэх гэх мэт асуудал гардаг. Тиймээс  перевоз ажиллуулж байгаа. Гэхдээ үүнийг бороотой, усны түвшин ихсэж, багассан үед ашиглах боломжгүй байдаг. Баяр наадмын үеэр перевозын ачаалал нэмэгдэж,  дараалал үүсэж тэр хэрээр байгаль орчин бохирдуулах гэх мэт асуудал үүсдэг. Тиймээс Т.Баатармөнх төлөөлөгч Хэрлэн гол дээгүүр гүүр тавих ажлыг эхлүүлж, одоогоор зураг төсвийг нь батлуулчихсан явж байна. Гүүр барьж ашиглалтад оруулснаар айл өрхүүд улирал харгалзахгүй, хүссэн үедээ нүүдэл суудал хийх, хүүхдээ сургууль руу нь хүргэх, хоол хүнс, түлш шатахуун, эм тариандаа ямар ч саадгүй явах боломжтой болно. Мөн жуулчид чөлөөтэй зорчих, Хэрлэн гол дагасан уулын аманд байрладаг амралтын газарт амрах боломж бүрдэнэ. Гүүр гэхээр зарим хүнд жижиг асуудал мэт санагдаж магад. Харин малчин бидний аж амьдралд, бас сум, аймаг цаашлаад улсын эдийн засагт хувь нэмэр оруулах хэмжээний маш чухал, том бүтээн байгуулалт юм шүү. Зам дагаж хөгжил гэдэг шиг Хэрлэн гол дээгүүр гүүр тавьчихвал түүнийг дагаад маш олон асуудал шийдэгдэнэ. Би “Их гутайн залуус” хоршоог хариуцдаг. Манай хоршооныхон сүү цагаан идээ, мах махан бүтээгдэхүүний фермийн аж ахуй эрхлэх зорилго тавьж, суурийг нь тавьж эхэлсэн. Энэ хүрээнд цахилгаан, дэд бүтэц, утас, интернэтийн шугам сүлжээ татах асуудлыг хөөцөлдөхөд эцэст нь зорчих хөдөлгөөн саадтай буюу гүүргүй гээд гацдаг. Тиймээс гүүртэй болсноор зөвхөн малчид гэлтгүй аж ахуйн нэгж, хоршоо, амралт зуслан гэх мэт олон газрын үйл ажиллагаа өргөжин тэлж, тэр хэрээр сум орон нутагт хөгжил дэвшил бий болно. 


Мөнгөнморьт сумын гуравдугаар багийн иргэн А.Баасандулам: 

-Би оюутан байх үеэсээ л Т.Баатармөнх төлөөлөгчийг сайн мэднэ. Намайг сумын оюутны холбооны даргаар ажиллах байх үед идэвх санаачилгатай, оюутнуудыг манлайлж, тэдэнд үлгэр дуурайл үзүүлдэг байсан. Залуу хүн болоод ч тэр үү оюутан залуучуудыг их дэмжиж, урам зориг өгдөг.  Сумын залуучууд улс, аймаг, бүсийн томоохон тэмцээн уралдаан, уулзалт форум, спортын арга хэмжээнд оролцох болоход Т.Баатармөнх төлөөлөгч тодорхой хэмжээнд дэмжлэг туслалцаа үзүүлдэг. Ямар нэгэн асуудлаар хандахад эхлээд өөрийн эрх үүргийн хэмжээнд гарц шийдэл хайдаг. Харин боломжгүй байвал дараагийн шат шатны холбогдох байгууллагад нь уламжилж, шийдвэрлэдэг. Иргэдэд тулгамдаж буй асуудал, тэдний хэлсэн санал хүсэлтийг “болохгүй, бүтэхгүй” гээд орхидоггүй. Заавал гарц шийдлийг нь олдог. Би сумандаа ирж ажиллаад хоёр жил болж байна. Багануур дүүрэгтэй засмалаар холбогдох ажил бага зэрэг удаашралтай байгаа юм. Хэрэв энэ замыг ашиглалтад оруулчихвал залуучууд орон нутагт ажиллаж, амьдрахад ямар ч асуудалгүй. Ер нь орон нутагт ажиллаж, амьдрахад цэвэр агаартай, түгжрэлгүй гээд олон давуу талтай. Цаашид их, дээд сургуулиа төгсөөд орон нутагтаа ажиллахаар ирж буй залуучуудыг хөнгөлөлт урамшуулалтай орон сууцад хамруулах талд төлөөлөгчид маань анхаарч ажиллаасай гэж бодож байна. 


Мөнгөнморьт сумын багийн эмч Э.Жадамбаа: 

-Гаднын улс орон эрүүл мэнд болон боловсролын салбараа бодлогынхоо цөм болгож, эдгээр салбартаа хамгийн их хөрөнгө оруулалт хийдэг. Манай улс ч гэсэн сүүлийн жилүүдэд тэгш хүртээмжтэй байдлыг бий болгохын төлөө л хоёр салбартаа анхаарал хандуулж, ихээхэн хөрөнгө оруулалт хийж, их бүтээн байгуулалтыг өрнүүлж байгаа билээ. Манай суманд 2007 онд хоёр давхар эмнэлэг барьж, ашиглалтад оруулж, улмаар 2019 онд их засвар хийсэн. Гэсэн ч тухайн хоёр давхар барилгад эмийн сан байрладаг, мөн нийгмийн эрүүл мэндийн үйл ажиллагаа явуулдаг тул зай талбай бага, хүрэлцээ хангамж муутай, эмнэлгийн тусламж үйлчигээ явуулах боломжгүй байдаг. Сумын хуучин эмнэлгийн барилга ашиглалтын шаардлага хангахгүй хэмжээнд хүрсэн. Яг одоогийн нөхцөл байдал бол мөөгөнцөртсөн, чийгтэй, хүйтэн байна. Ийм орчин нөхцөлд иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд хүндрэлтэй. Бас дотор нь ажиллаж буй 20 гаруй  эмч, ажилтан албан хаагчдын тухайд ч эрсдэлтэй. Манай сум нийтдээ 2000 орчим хүн амтай. Үүнээс жилд дунджаар 400-500 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлдэг. Тиймээс шинээр өргөтгөл барих зайлшгүй шаардлага үүссэн. Манай  Т.Баатармөнх төлөөлөгч идэвх зүтгэл гаргаж, асуудлыг шат шатны байгууллагад нь тавьж, улмаар ирэх оны төсөвт 100 сая төгрөг суулгасанд манай эмнэлгийн төдийгүй нутгийн иргэд маань баяртай байгаа. 
 

Мөнгөнморьт сумын Ахмадын хорооны дарга Ч.Ганчимэг:

-Иргэдийн төлөөлөгч гэж хэн бэ. Ямар эрх, үүрэгтэй байх ёстой вэ гэдгийг өөрийн үг, үйлдлээрээ үлгэрлэж харуулж яваа хүн бол Н.Баатармөнх төлөөлөгч. Аймгийн хамгийн залуу төлөөлөгч гэхэд  сүрхий шүү. Үргэлж асуудал хөндөж, шийдэл ярьж байдаг. Холбогдох шат шатны байгууллага, албан тушаалтанд хандаж, “Суманд ийм, тийм асуудал байна. Ингээд шийдчихмээр байна” гэх зэргээр санал хүсэлтээ илэрхийлж, тууштай хөөцөлдөж яваа харагддаг. Би залуу хүн учраас залуучуудын дуу хоолой болох ёстой гэж туйлширдаггүй. Ахмадууд бидэнтэй ч хамтарч ажилладаг. Ахмадын хороог дартсын булантай болгож өгсөн. Ирэх онд дартсын тэмцээн зохион байгуулахаар төлөвлөж байна. Цаашид энэ эрч хүч, идэвх санаачилгаараа тууштай ажиллаж, сумынхаа гэр хорооллыг орон сууцжуулах, авто замын бүтээн байгуулалтын ажлыг үргэлжлүүлж дуусгах, хамгийн гол нь Хэрлэн голд гүүр барих ажлынхаа үр дүнг үзээсэй гэж бодож байна. 


Мөнгөнморьт сумын Жаргалант багийн иргэн Ш.Балдандорж: 

-Төв аймгийн болон Мөнгөнморьт сумын ИТХ-ын төлөөлөгч Т.Баатармөнх сум орон нутгийнхаа нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх, ард иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлэхэд идэвх санаачилгатай ажилладаг. Ард иргэдийнхээ санал хүсэлтэд үндэслэн аймаг болон сумын ИТХ-д хэд хэдэн асуудал танилцуулж, тодорхой байдлаар шийдвэрлэсэн. Тухайлбал, сумын төвийнхөө гудамж талбайд гэрэлтүүлгийн ажил хийсэн. Мөн иргэдийн санал хүсэлт, хэрэгцээ шаардлагын дагуу Хэрлэн голын төмөр бетон гүүрийн зураг төслийг гаргуулж, батлуулсан. Цаашид санхүүжилтийнх нь асуудлыг шийдээд, гүүрээ бариад ашиглалтад оруулчихвал  нутгийн иргэд ялангуяа малчдын хувьд том хөрөнгө оруулалт болно. Мөн хүн бүрийг эх дэлхийгээ хайрладаг, зөв дадал хэвшил суулгах үүднээс ахуйн хогийг ангилан ялгах зориулалт бүхий савыг айл бүрд хүлээлгэж өгсөн. Түүнчлэн “Гэр” төслийг хэрэгжүүлж, жилд хоёроос доошгүй айл өрхийг өргөө цагаан гэртэй болгох ажлыг уламжлал болгон зохион байгуулдаг. Төсөлд орлого багатай, амьжиргааны түвшин доогуур, байгалийн гамшиг болон бусад хүчин зүйлээс үүдэлтэй эрсдэлийн улмаас гэр оронгүй болсон айл өрхийг хамруулдаг. Мөн олон жил яригдаж, бодит ажил хэрэг болохгүй өдийг хүрсэн төрийн албан хаагчдыг орон сууцжуулах төслийн асуудлыг аймгийн ИТХ-д оруулж, шаардагдах төсөв хөрөнгийг батлуулж чадсан. Эдгээрээс гадна цэцэрлэг, соёлын төвийн удирдлага, иргэдийн санал хүсэлтийг холбогдох хүмүүст нь уламжилж, тэднийг холбох ажлыг зохион байгуулсны үр дүнд тус газрууд иж бүрэн тоглоом, хөгжмийн зэмсэгтэй болсон. Ер нь бол Т.Баатармөнх төлөөлөгч иргэдийн эрүүл мэнд, соёл, боловсролыг дээшлүүлэхэд нэлээд идэвх санаачилга, сэтгэл зүтгэлтэй ажиллаж байгаа.  


“Төв” телевизийн сэтгүүлч Ж.Хонгорбаатар: 

-Миний хувьд аймгийн ИТХ-ын хуралдаануудыг орон нутгийн “Төв” телевизээр шууд дамжуулж ажилладаг учир төлөөлөгчдийн талаар тодорхой хэмжээний мэдээлэлтэй байдаг гэж боддог. Тухайлбал, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Т.Баатармөнх хуралдаандаа идэвхтэй оролцож, хэлэлцэж буй асуудлын хүрээнд байр сууриа нээлттэй илэрхийлж, гарц шийдэл дэвшүүлж, өөрийн сонгогдсон тойрог болох Мөнгөнморьт сумынхаа иргэдийн дуу хоолой болж чадаж байгаа харагддаг. Түүний хуралдаанд оролцож буй байдлыг нь харахад, асуудалд хандаж буй байр суурийг нь сонсоход анх удаа сонгогдсон, залуу төлөөлөгч гэж хэлмээргүй санагддаг. Иргэдийн төлөөлөгч гэж ямар хүн байх ёстой, ямар үүрэгтэй байдаг гэдгийг ухамсарлаж, аливаа асуудлыг өөрийн хувийн байр сууринаас бус иргэд, олон нийтийн өмнөөс харж, ярьж байгаа нь авууштай. Би төрж өссөн нутагтаа ажиллаж, амьдардаг хүний хувьд Т.Баатармөнх төлөөлөгчийг залуучуудын дуу хоолой болж чадаж байгаа чадварлаг боловсон хүчин гэж үнэлдэг. Өөрийн төрж өссөн сумандаа ажиллаж, амьдарч байсан учраас нутагтаа болон иргэддээ тулгамдаж буй асуудлыг хамгийн сайн мэдэж, мэдэрдэг. Тиймээс иргэдийнхээ өмнө тулгамдаж буй асуудлын  гарц шийдлийг сайн олж хардаг, залуучууд бидний санал хүсэлтийг шийдвэр гаргах түвшинд хүргэж чадаж байгаа.  


Мөнгөнморьт сумын ерөнхий боловсролын сургуулийн наймдугаар ангийн сурагч Г.Бүжинлхам: 

-Бид маш гоё тохилог, тав тухтай “Хүүхэд хөгжлийн өрөө”-тэй болсон. Бүх насны сурагчид унших адал явдалтай, үлгэр, тууж, роман, шүлэг гэх мэт олон төрлийн ном, гарын авлага байгаа. Нэгдүгээр ангийн дүү нар маань цагаан толгойн үсгээ сонсож, тогтоох боломжтой видео, бас эвлүүлж нүдлэх, унших боломжтой зурагт ном хүртэл байдаг. Мөн шатар, даам, шагай, гурвалжин, дөрвөлжин гэх мэт хэлбэр дүрстэй эвлүүлдэг шоо гээд сэтгэхүй, оюун ухаан хөгжүүлэх тоглоомтой. Тиймээс хичээлийн бус цагаар хүссэн үедээ энэ өрөөнд орж, хичээлээ хийх, ном унших, тоглох боломжтой. Би хамгийн сүүлд Харри Поттер гэдэг ном уншсан. Их сонирхолтой байсан. Бас өрөө маань сандал, ширээтэй, буйдантай болохоор удаан сууж уншихад тухтай байдаг. Дунд болон ахлах ангийнханд зориулсан хичээлтэй холбоотой дасгал ажлын номуудтай болбол илүү зүгээр санагдаж байна. Биднийг чөлөөт цагаа тав тухтай орчинд, зөв боловсон өнгөрүүлэх боломжийг олгосон ах, эгч нартаа баярлалаа. 

Эх сурвалж: Монголын үнэн сонин №048/24579/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2024/11/22
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 2024/11/22
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 2024/11/22
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 2024/11/22
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 2024/11/22
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 2024/11/22
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 2024/11/22
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 2024/11/22
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 2024/11/22
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 2024/11/22
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 2024/11/22