Ч.Цэцэгбаатар: Соёлын биет бус өвийн үзлэгийг ирэх онд ч үргэлжлүүлнэ


Монгол орны өнцөг булан бүрд аж төрөн суугаа соёлын биет бус өвийн өвлөн уламжлагчдыг тодруулах, бүсчилсэн судалгааг анх удаа орон даяар зохион байгуулж эхэллээ. Энэхүү арга хэмжээнд Соёлын яам, Соёл урлагийн газар, аймаг, нийслэлийн Соёл урлагийн газар, хээрийн судалгааны багтай хамтарч байгаа юм. Соёлын биет бус өвийн үзлэг, бүсчилсэн судалгааг баруун, зүүн, хангайн болон төв, говийн бүсээр хийх бөгөөд долоон ай савын 362 өвийг хамруулан зохион байгуулна. Үзлэг, бүсчилсэн судалгааны үр дүнд соёлын биет бус өвийг сурвалжлан олох, судалгаа шинжилгээ хийх, хадгалалт хамгаалалтын нөхцөл байдал, эерэг болон сөргөөр нөлөөлж буй хүчин зүйлсийг судлах, тархалтыг тогтоох, үзлэгийн мөрөөр авах арга хэмжээний санал боловсруулах, шаардлагатай хэрэглэгдэхүүн, мэдээлэл цуглуулах боломжтой ажээ. Энэ талаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газрын Соёл, соёлын өвийн хэлтсийн дарга Ч.Цэцэгбаатартай ярилцлаа.

-Соёлын биет бус өвийн анх­дугаар үзлэгийг орон даяар эхлүүллээ. Энэ талаар товч мэдээ­лэл өгөөд ярилцлагаа эхлүүлэх үү?

-Соёлын өвийг хамгаалах тухай хуулиар бол биет бус өвийн анхдугаар үзлэгийг гурван жил тутамд зохион байгуулахаар тусгасан. Соёлын биет бус өвийн үзлэг хийснээр өвлөн уламжлагчдын өнөөгийн нөхцөл байдал, хадгалалт хамгаалалт, газар зүйн тархалтыг тогтооно. Мөн соёлын биет бус өвд нөлөөлж буй эерэг болон сөрөг нөлөөг мэдэж, багц мэдээлэл цуглуулах зэрэг олон талын ач холбогдолтой. Соёлын биет бус өвийг хамгаалах тухай хуулийг өргөн барихаар бэлтгэж байгаа. Тэгэхээр анхдугаар үзлэгээр цуглуулсан цогц мэдээллийг энэ хуульд тусгахаараа онцлогтой юм.

-Үзлэгээ хаанаас эхлүүлсэн бэ?

-Зүүн бүсээс эхэлсэн. Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймагт үргэлжилж байна. Удахгүй Улаанбаатар хотынхныг хамруулна. Үлдсэн бүс, аймгуудыг 2023 онд эхлүүлж аравдугаар сарын 15-нд нь багтааж дуусгахаар төлөвлөсөн. Зүүн бүсийнхээс бусад аймгийн мэдээллийг эхний ээлжид цахимаар цуглуулж байна.

-Соёлын биет бус өвийн анхдугаар үзлэгийг гурван аймагт хийж байна. Үүнээс онцлог, хэв шинжээрээ олны анхаарал татах ямар биет бус өв байна вэ?

-Өмнө нь Шинжлэх ухааны академийн Хэл шинжлэлийн хүрээлэнгээс зүүн бүсийн хэл зохиол, уртын дууны судалгааг хийж байсан. Гэхдээ үндэсний хэмжээний судалгааг анх удаа хийж байна. Уг судалгаа, үзлэгээр бүх сурвалжийн мэдээлэл, анхан шатны бүртгэлд бүртгэсэн биет бус өвийн өвлөн уламжлагчдын бүхий л нарийвчилсан мэдээллийг гаргаж ирнэ. Ингэснээр тухайн аймаг, бүсэд ямар өв илүү их тархалттай байгааг олж мэдэх боломжтой.


-Аймаг, сум болгон өөрийн гэсэн биет бус өвтэй. Тухайлбал, зүүн аймгуудад ямар өв соёлыг илүү түгээн дэлгэрүүлсэн байдаг юм бол?

-Яг үүнийг өнөөдөр шууд эцэслэн тогтоох боломжгүй. Ил байгаагаас гадна далд, бидний мэдэхгүй хэчнээн өв соёл байдгийг таашгүй. Тэгвэл энэ үзлэгийн гол мөн чанарыг эндээс харж болно. Бидний мэддэггүй далд биет бус өвийг ч судалж гаргана.

Жишээлбэл, Увс аймагт баяд биелгээ, Хэнтийд уул овоо тахих зан заншил, Дорнодын “Ёохор”, Сүхбаатарын уран дархны өв соёл гэх мэт. Магадгүй баяд биелгээ зөвхөн Увсад байдаг гэж төсөөлж байтал Сүхбаатарт ч байхыг үгүйсгэхгүй. Ил байдгаас илүү өөр, байгаль сав шим ертөнцтэй холбоотой өв соёл ч байж мэднэ шүү дээ. Дээр дурдсан жишээнүүд бол одоогийн хэллэгээр брэнд болчихсон өв соёл юм. Үзлэг, судалгаа дууссаны дараа сонирхолтой олон өв соёлыг нээх болов уу.

-Анхдугаар үзлэг хийх санал, санаачилгыг яг хэзээ гаргасан бэ?

-Соёлын өвийг хамгаалах тухай хуулиар 2021 онд энэхүү үзлэгийг хийх ёстой байлаа. Харамсалтай нь тухайн онд дэлхий даяар тархсан коронавирусийн халдвар эрчимтэй байсан. Нийгэм хаалттай байснаас шалтгаалан хойшлуулсан юм. Үзлэг, судалгаа хийхийн тулд өвлөн уламжлагчидтай тулж ажиллах боломж бүрдээгүй. Харин 2022 оноос хойш бэлтгэл ажлаа эхлүүлж, 21 аймаг, есөн дүүрэгт зохион байгуулахын тулд удирдамжаа нарийн боловсрууллаа. Өвлөн уламжлагчаасаа ч асуух асуултаа хүртэл нягт боловсруулсан. Соёлын биет бус өвийн үзлэг, судалгааг хэрхэн хийдэг талаар бид судалсан. Олон улсын жишгээр үзлэгийг хамгийн багадаа нэгээс хоёр жилийн хугацаанд зохион байгуулдаг юм байна. Яагаад гэвэл өвлөн уламжлагч бүрдээ нэгбүрчлэн уулздаг учраас цаг хугацаа их орно. Монголд анхан шатны өвлөн уламжлагч л гэхэд 11 мянган хүн бүртгэлтэй байдаг. Энэ олон хүнтэй нэг жилийн дотор уулзаж амжихгүй учраас он дамнуулж байгаа юм. Үүнээс гадна улирлын шинж чанартай өв соёл их бий. Тэдгээрийг судлахын тулд заавал өвөл, хавар, намрыг хүлээх шаардлагатай. Өөрөөр хэлбэл, зуны гурван сард багтааж болохгүй гэсэн үг. Цагаан сарын баярын уламжлалуудыг бид зун хийх боломжгүй шүү дээ. Тиймээс улирлын онцлогт нь тааруулж үзлэг, судалгаагаа хийж чадвал илүү үр дүнтэй болно. Соёлын өвийг хамгаалахын тулд эхлээд бүртгэнэ. Бүртгэсний дараа үнэ цэн, ач холбогдол, түүх гэх мэт бүхий л талаас нь судална. Хадгалалт, хамгаалалтыг хариуцах болно. Улмаар сэргээн засварлах буюу амилуулна. Эцэст нь ашиглах. Дээр дурдсан таван процесс нийлээд “хамгаалах” гэсэн үгэнд багтаж байгаа юм.


-Гурван сарын өмнө Тэрэлжид соёлын биет бус өвийн наадам боллоо. Магадгүй энэ наадам та бүхэнд том сэдэл, түлхэц болсон байх, тийм үү?

-Тэгэлгүй яах вэ. Бид үзлэг эхлэхээс өмнө бүх үйл явдлыг ажилтайгаа уялдуулсан. Соёлын өвийн наадмыг зохион байгуулснаар хаана, ямар өвлөн уламжлагч байна вэ, тэд юу хийж байгаа вэ гэх мэт анхан шатны бүх мэдээллийг бүртгэсэн. Үүн дээр үндэслээд холбогдох өвлөн уламжлагчдаа “Нүүдэлчин” фестивальд хамруулсан юм. 21 аймаг, есөн дүүргийн 1283 өвлөн уламжлагч оролцсон. “Нүүдэлчин” наадмын үеэр биет бус өв соёлыг олон нийтэд сурталчлахаас гадна бүтэн баримтжуулалт хийсэн. Өв бүрийг контент болгох ажил сүүлийн шатандаа явж байна. Анхан шатны 11 мянган өвлөн уламжлагчийн тоонд багтаагүй хүн ч бий. Энэ нь бидний үзлэг, судалгаа өргөжиж байна гэсэн үг.

-Үзлэг, судалгаа хийсний үр дүн хэрхэн гарах бол?

-Бүтэн жилийн хугацаанд цуглуулсан мэдээлэл, дата баазад тулгуурлан дүн шинжилгээ хийсний үндсэн дээр аль өвийг нэн тэргүүнд, хэрхэн хадгалж хамгаалах вэ гэдгээ нэгдсэн бодлогоор шийдвэрлэнэ. Соёлын биет бус өвийн үзлэг, фестиваль бол Монгол Улсын соёлын аюулгүй байдал юм. Аюулгүй байдлын суурь мэдээллийг баримтжуулах судалгааг явуулж байна гэсэн үг.

-Үзлэг, судалгаа дөнгөж эхэлж  байна. Бэрхшээл тулгарч байна уу?

-Мэдээж бэрхшээл тулгаралгүй яах вэ. Наад зах нь аюулгүй байдал, зам, байгаль орчны нөлөө, судлаачид маань өвлөн уламжлагчтайгаа хэрхэн харилцахаас эхлээд бэрхшээл бий. Гэхдээ ажил дөнгөж эхэлж байгаа учраас цаашид улам сайжруулна. Үзлэг, судалгааны удир­дамжийг олон улсын жишигт хүргэхийг хичээсэн. Энэ жишигт судлаачдын баримтлах зарчим бий. Үүнд, аливаа өвд шүүмжлэлтэй хандахгүй, нэгийг нөгөө өвтэй харьцуулахгүй гэх мэт хэд хэдэн зарчмыг баримтална. ЮНЕСКО-гийн 2003 онд баталсан конвенцтой   удирдамжаа уялдуулсан. Үүнээс гадна аюулгүйн байдал, эрүүл ахуйн бүхий л зааварчилгааг гаргасан.

Б.МӨНХЗУЛ

Эх сурвалж: Монголын  үнэн сонин №042/523/



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 5 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 8 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 8 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 8 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 8 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 9 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 9 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 9 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 9 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 9 цагийн өмнө
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 9 цагийн өмнө
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 9 цагийн өмнө
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 10 цагийн өмнө
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 10 цагийн өмнө
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 10 цагийн өмнө
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 10 цагийн өмнө
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 10 цагийн өмнө
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 10 цагийн өмнө
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 10 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 11 цагийн өмнө