Жавар тачигнасан арванхоёрдугаар сар дуусаж, 2024 оноо угтахад хэдхэн хоног үлдлээ. Өнгө өнгийн гэрлээр чимэглэсэн сүлд модод шинэ жил айсуйг сануулж, улаанбаатарчуудын сэтгэлийг хөглөнө. Дэлхийн хамгийн хүйтэн нийслэл хотод шинэ жилийн баярын чимэглэл илүү зохидог. Иргэд гэр бүл, найз нөхдийн хамт мөсөн хотхон, гэрлэн чимэглэлүүдийн дэргэд зургаа татуулж, шинэ жилийн уур амьсгалыг мэдрээд хорь гаруй жилийг үджээ. Оршин суугчдыг амарч зугаалах таатай орчин нөхцөлөөр хангах, өвлийн Улаанбаатарт өнгө нэмэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хоёр байршилд мөсөн хотхон байгуулж байна. Монгол урчууд мөсөн сийлбэрийн төрөлд байр сууриа нэгэнт олсон уран бүтээлчид. Тэдний дахин давтагдашгүй, уран сэтгэмжийн баялаг өгүүлэмжийг гаргасан мөсөн баримлууд удахгүй нийслэлчүүдийн мэлмийг баясгах нь. Мөсөн хотхонуудын ойр орчимд худалдааны цэг, түргэн хоол, халуун цай, кофены мухлаг ажиллаж жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид шинэ жилийн холбогдолтой бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдаалахаар төлөвлөжээ.
Дурсамж хөглөх шидэт ертөнц
Төв талбайд зассан сүрлэг сүлд модны дэргэд сүндэрлэх мөсөн хотхоныг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын захиалгаар сийлбэрч Д.Цэрэнбат тэргүүтэй Монголын шилдэг урчууд гүйцэтгэж эхэлжээ. Уран барималч Д.Цэрэнбат 2001 оноос Сүхбаатарын талбайн мөсөн хотхоныг урласан билээ. Цан хүүрэг савссан хүйтэн өдөр Сүхбаатарын талбайд мөсөн сийлбэрчид ажилласаар. Зорин очвол уран хөрөөн дуу хадаж, урчууд мөсөө хэлбэрт оруулж байлаа. Мэндлээд ирсэн зорилгоо хэлэв. Ажлын багажаа түр унтраан урлаж буй бүтээлийнхээ тухай ярьсан юм. Тэрбээр “Манай багийнхан бүгд мэргэжлийн зураач, сийлбэрч, уран бүтээлчид байдаг. Мөсөө нуураас авдаг. Хөвүүлсэн мөсөө кранаар татаж гаргаад 40-90 сантиметрийн зузаантайгаар зүснэ. Нэг блокийг нэг тонноос хэтрүүлэхгүй байхаар хөрөөдөж, аль болох сэв суулгахгүйгээр тээвэрлэж авчирдаг. Мөсөн хотхон байгуулах нь улирлын чанартай ажил. Шинэ жилийн өдрүүд хаяанд ирж, хүүхэд залуучуудыг баярлуулахаар яаран ажиллаж байна. Өглөө 08:00 цагт цуглаж, үдшийн 24:00 цаг хүртэл ажилладаг. Заримдаа үүрийн 04:00 цаг хүртэл ажиллана. Зөрөн өнгөрөх хүмүүс зургаа авахуулахдаа мөсөн дээр гарч зогсон хугалах явдал гардаг. Бид аль болох бат бөх сийлбэр хийхийг хичээдэг. Мэдээж үзэмж, зохиомж чухал. Тиймээс өвлийн үзэмжийг илүү сайхан болгосон уран бүтээл хийхийг зорьж байна. Нийслэлчүүд гэр бүлээрээ ирж бидний бүтээлийг үзэж сонирхоод, хүүхдүүдээ тоглуулаарай” гэсэн юм. Бүтээн байгуулалт өрнөхтэй зэрэгцэн шүүмжлэгч гарч ирэн “Голын мөс зүсэж авчирлаа”, “Үр ашиггүй хөрөнгө зарцуулсан ажил” гэх нь бий. Иймд урчууд мөсөө хиймэл нуураас авчирснаа онцлон хэлж байлаа. Байгалаасаа хөлдсөн учраас тунгалаг харагдана. Саванд ус хийж хөлдөөвөл гэрлийн хугарал явагдахгүй учир тунгалаг мөс хөлддөггүй аж. Гар, оюуны ур дүйгээс гадна хүн хүч, техник шаарддаг нүсэр ажил бололтой. Нэг блок мөс тонн гаруй жинтэй. Ямар баримал урлахаас хамаараад 1-5 хоногийн хугацаа зарцуулдаг гэнэ. Сайн иртэй багаж шаардлагатай. Тэгээд ч богино хугацаанд хийх хүнд даалгавар. Тиймээс мөсөн сийлбэрчид өдөр шөнөгүй ажиллана. Тэдний бүтээл бидэнд сайхан дурсамж болон үлддэг. Энэ бол үр өгөөжийг нь мөнгөөр хэмжиж болдоггүй бүтээн байгуулалтын үнэ цэн юм. Бас үлгэр домог, өвлийн өвгөн, цасан охинд итгэдэг хүүхэд багачуудад инээд, хайр бэлэглэдэг шидэт хотхон болдог. Хүүхэд насных нь дурсамжийг сэргээсэн мөсөн баримлуудыг хараад гулгаж тоглох томчууд ч олон. Талбай дээр байдаг л нэг үзүүлэн болголгүй утгаар нь бодит мэт болгон амилуулж байгааг хараад урласан сийлбэрчдийнх нь сэтгэл ч хайраар дүүрдэг аж.
Төв цэнгэлдэх мөсөн цогцолбортой болно
Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн баруун талын цэцэрлэгт тохижилтын ажил ид өрнөж байна. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас энэхүү хотхоныг жишиг болгон тохижуулж эхэлжээ. Агаарт алхах иргэд, чаргаар гулгахаар зорин ирсэн хүүхэд багачууддаа зориулан бүтээж буй мөсөн гулгуур, баримлууд, гэрэлт гудамж бүхий мөсөн хотхоныг ойрын өдрүүдэд хүлээлгэн өгөх юм. Гинжит хөрөө, точиль зэрэг багажийг чадварлаг эзэмшсэн сийлбэрчдээс гадна гэрлэн чимэглэл хариуцсан ажилтнууд шуурхайлан ажиллаж байв. Олон улсын мөсөн баримлын уралдаанд байр эзэлж байсан шилдэг өвлийн олимпын болон чөлөөт сэдэвт мөсөн баримлууд, төөрдөг байшингаас бүрдсэн мөсөн цогцолбор гэлтэй. Сийлбэр бүрдээ ураа шингээхийг зорино. Бас бүтээл бүрээ өөр өөр өнгөөр гэрэлтүүлэх техникчдэдээ заавар зөвлөгөө өгөөд тухтай ярилцах завгүй байлаа. Тэд “Мөс бол хамгийн гайхамшигтай түүхий эд. Бэлэн болсон баримал шил, болор шиг л гялалзаж, гялтганадаг. Гэрлийн хугарал үүсгэхэд илүү чамин харагдуулдаг. Зураг төслийн дагуу анхааралтай ажиллахгүй бол болохгүй. Хэцүү нь гэвэл хүйтэнд ажиллах. Гэхдээ дулаан хувцаслаж, зогсолтгүй хөдөлдөг учраас тэгтлээ их даарч, бээрдэггүй. Цахилгаан багажтайгаа сайтар харьцаж, мэдэрч хийдэг учраас ямар нэгэн эрсдэл үүсдэггүй” хэмээн ажил мэргэжлийнхээ онцлогоос товч бөгөөд тодорхой ярьсан юм. Гэрлэн чимэглэл хариуцсан техникчид мөсөн сийлбэрийг гэмтээлгүй болгоомжтой ажиллана. Уран сийлбэрчдийн бүтээл, долоон хоногийн уйгагүй шаргуу хөдөлмөр шингэсэн мөсөн хотхоныг ийнхүү байгуулж байна. Энд шинэ жилийн сүлд мод, амьтдын баримал, тэшүүрийн талбайгаас гадна хонхтой цэцэрлэг, Чингисийн талбай, модны чимэглэл, гэрлэн хөшиг хийх юм. Хотын гудамжинд шөнө болдоггүйг сануулах мэт зарим гэрлэн чимэглэл хэдийнэ асжээ. Мөн хүүхэд залуусыг чөлөөт цагаа өнгөрүүлэх мөсөн гулгуур, тэшүүрийн талбай байгуулж байна. Тэшүүрийн талбайг өвлийн спортыг хөгжүүлэх, сурталчлах, иргэдийн гэр бүлээрээ ая тухтай амарч, чөлөөт цагаа зөв зохистой өнгөрөөх боломжийг бүрдүүлэх зорилгоор бүтээжээ. Талбайд хувцас солих байр, гэрэлтүүлэг зэрэг иргэдийн тав тухыг бүрдүүлэх зүйлсийг хийх юм. Жилийн жилд мөсөн хотхоны хамгийн хөл хөдөлгөөнтэй нь мөсөн гулсуур байдаг. Тиймээс энэ удаад хос гулсуур хийж байна. Хүүхдүүд аюулгүй, эрсдэлгүй тоглохыг тооцоолж огцом биш, урт гулсуур хийж байлаа. Энэхүү мөсөн хотхоныг ирэх оны гуравдугаар сар хүртэл ашиглахаар иргэдэд нээлттэй байх юм. Өнгө өнгөөр гэрэлтэх эдгээр мөсөн баримлын өмнө хүмүүс гэр бүл, найз нөхдөөрөө зургаа даруулж дуурсамжаа мөнхлөх нь гарцаагүй. Байгалийнхаа аясаар хөлдсөн тунгалаг мөс сийлбэр бүрийг чамин, цаанаа л тансаг харагдуулна. Мөн цас мөсний орон гэдэг давуу талаа ашиглан мөсөн хотхонуудыг өвлийн аялал жуулчлалын нэгэн брэнд болговол яасан юм бэ гэсэн бодол төрнө. Аялал жуулчлалыг бид урин цагтай холбон ойлгоод тасхийм хүйтэн цагт өвлийг өнтэй давахыг л урьтал болгодог. Хүн төрөлхтний тал нь цас үзээгүй байхад олон сар үргэлжилдэг өвлийн улиралд тусгай сонирхлын аяллыг хөгжүүлж жуулчдыг татах нөөц бидэнд байна. Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлж буй орнуудын жишгийг харахад томоохон мөсөн хот, хотхоныг байгуулж байна. Тухайлбал, Харбины мөсөн хотхон, Саппорогийн цасны баярыг саяар тоологдох хэмжээний жуулчин зорин үздэг аж. Тэгвэл бид жуулчдыг татахын тулд мөсөн хотхоныхоо хэмжээг томруулах хэрэгтэй болов уу. Манай орны цаг агаар, уран бүтээлчдийн ур чадвар, туршлага гаднынхны хэнд ч гологдохгүй харин ч гайхшируулна.
Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж: Монголын үнэн сонин №048/24579/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна