Хариуцлага нэхэж, шийдэлд хүрсэн 2023 он


Хүн төрөлхтөн хөгжил дэвшил, амжилт ялалт,  ололт  бүтээлийн нэгэн оныг ардаа үлдээж шинэ оны босгонд хуучин оныхоо алдаа оноог дүгнэн хэлэлцэж байна. Улиран одож буй 2023 онд Монгол Улсын эрүүл мэнд, боловсролын салбарт гарсан онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Боловсролын хуулийг анх удаа багцаар нь өөрчлөн баталлаа

 

Боловсролын багц хууль болон бусад 30 гаруй хуулийн заалтыг УИХ 2023 оны долдугаар сарын 7-ны өдөр шинэчлэн батлав. Үүнийг дагаад холбогдох 170 гаруй дүрэм журмыг шинэчлэн боловсруулж байна. Боловсролын ерөнхий хууль болон хамт өргөн мэдүүлсэн сургуулийн өмнөх боловсрол, дээд боловсрол, мэргэжлийн болон техникийн боловсрол сургалтын тухай хуулийн төслийг баталлаа. Ийнхүү боловсролын байгууллагууд 2023-2024 оны хичээлийн жилд  шинэч­лэгдсэн эрх зүйн орчинд үйл ажиллагаа явуулах боломжтой болж байгаагаараа онцлог юм.

 

Багшаар ажиллах оюутнуудын төлбөрийг төр даана

 

"Боловсролын шинэ сэргэлт" чуулганы үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ багш мэргэжлээр сурах оюутнууд болон багш магистрын зэргээр суралцах бол төр төлбөрийг бүрэн даана гэж мэдээлсэн. Энэ нь БШУЯ-наас хэрэгжүүлж буй багш боловсролын шинэчлэл гэх гурван тулгуурт бодлогын хүрээнд хийхээр төлөвлөж буй ажил юм. Гурван тулгуурт бодлого нь багшийн мэргэжлийн тасралтгүй хөгжлийг хангах, нийгмийн баталгаа, цалин хөлс, нэр хүнд үнэлэмжийн асуудал зэргийг шийдвэрлэх зорилготой.

 

Боловсролын зээлийн сангийн ажилтан “шүгэл үлээв”

 

Боловсролын зээлийн сангийн албаны дарга асан О.Сий­лэгмаа хууль бус үйл ажиллагаа, зөрчлийн талаар олон нийтэд мэ­дээлэл хүргэв. Дуулиан, шуу­гианы мөрөөр явуулсан шал­галтын үр дүнд 421 суралцагч 167 тэрбумыг ба­калавр, 1947 суралцагч 196 тэрбум төгрөгийн боловсролын сангаас зээл авснаас 99-100 хувь эргэн төлөгдөөгүй гэдэг зөрчил илэрчээ.

Монгол ур чадвар” тэмцээнийг анх удаа зохион байгуулав

 

 “Монгол ур чадвар” тэмцээнийг 2023 онд гурван үе шаттайгаар анх удаа зохион байгууллаа. Мужаан, сантехник, цахилгаан, график дизайнч, гагнуур, CNC токарь, өрөг угсрагч, тогооч зэрэг найман мэргэжлийн хүрээнд зохион байгуулахаар тэмцээний удирдамж, даалгавар батлагдсан. Тэмцээний эхний шат тавдугаар сарын 29-31-нд  Улаанбаатар хотод төрөлжсөн мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад болсон юм.

Авлигаас хураасан хөрөнгийг эх хүүхдийн эрүүл мэндэд зарцуулна

Засгийн газрын 2023 оны гуравдугаар сарын 7-ны өдрийн шийдвэрээр, авлигаас хураасан хөрөнгийг эх хүүхдийн эмчилгээ үйлчилгээ авах, эрүүл мэндэд зарцуулах тухай хуралдааны тэмдэглэл гаргасан ба хуулийн төсөл боловсруулж Засгийн газарт танилцуулав. Авлига, албан тушаалын хэргийн улмаас улсад учруулсан хохирлыг барагдуулсан орлого, төрд хураагдсан хөрөнгийг эх хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулахад зарцуулах хууль эрх зүйн орчин бүрдүүлэхийг Эрүүл мэндийн болон Хууль зүйн сайдад даалгав.

 

Богдын аравдугаар дүр тодорлоо

Монголоос X Богд тодорсон тухай мэдээлэл оны онцлох сэдэв болсон. Дээрхийн гэгээн 14 дүгээр Далай лам X Богд Монголоос тодорсныг албан ёсоор зарлалаа. Бурхны шашны маш нарийн дэг жаягаар үе үеийн Богдуудыг Далай лам тодруулдаг уламжлалтай. Энэ уламжлалын дагуу Дээрхийн гэгээн тодруулсан. Монгол оронд төрсөн 100 мянга орчим хүүхдээс хэд хэдэн удаагийн давтамжтай шалгаруулж X Богдыг тодруулжээ. 

 

Дөчин жилийн дараах их үер

Монголчууд тэр дундаа Нийслэлийн иргэд сүүлийн 40 жилд тохиогоогүй үерийн аюултай тулгарсан. Байгалийн гамшиг нийгмийг сэрээж. төр хийгээд иргэд хаа хаанаа нэгийг бодож, нөгөөг тунгаан үлдсэн сургамж, харамсал төрүүлсэн үйл явдал боллоо. Энэ нь 40 орчим жилийн дараа Улаанбаатар хотод нүүрлэсэн байгалийн гамшиг төдийгүй хот төлөвлөлт, газар олголт, жорлон зэрэг нийгмийн бугшсан олон асуудлыг хөрсөн дээр гаргасан хариуцлагын үер болсон гэхэд буруудахгүй болов уу.


 

Түлэнхийн Шинэ төвийн барилга бүрэн ашиглалтад оров

ГССҮТ-иин харьяа Түлэнхийн төвийн барилга бүрэн ашиглалтад орж, үйл ажиллагаагаа эхлүүллээ. Улсын хэмжээнд төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлэх тус төв нь түлэнхий, гэмтэл согогийн яаралтай болон хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээний есөн тасаг бүхий нийт 250 ортой, үндсэн А, Б блокоос бүрдсэн долоон давхар эмнэлэг юм. Түлэнхийн төвийн шинэ эмнэлгийн барилга бүрэн ашиглалтад орсноор гэмтэл согогийн яаралтай тусламж үйлчилгээг 24 цагийн турш харьяалал харгалзахгүй үзүүлж, гэмтлийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг 25-30 хувиар нэмэгдүүлэх, үйлчлүүлэгчдийн хүлээгдэл, чирэгдэл ч энэ хэмжээгээр буурах нэн чухал ач холбогдолтой юм

Нийгмийн эрүүл мэндийн тухай анхдагч хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлж байна

 

Монгол Улсын засгийн газраас УИХ-д  Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хууль өргөн мэдүүлэв. Хүн амыг өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх тогтолцоог бэхжүүлэх, нийгмийн эрүүл мэндийн үйл ажиллагаанд байгууллага, иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн Нийгмийн эрүүл мэндийн тухай анхдагч хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлж байна. Уг хуульд нийгмийн эрүүл мэндийн ажилтны эрх, үүрэг, нийгмийн баталгааг сайжруулах талаар тусгажээ. Засгийн газрын хуралдаанаар иргэний эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх асуудлыг тусгайлан хэлэлцүүлж иргэний эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх таван жилийн төлөвлөгөөг эрүүл мэнд, нийтийн биеийн тамир, спорт, боловсрол, шинжлэх ухаан болон хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран баталж хэрэгжүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Эмийн үнэ чанартай холбоотой асуудлыг шийдвэрлэв

 

 

Иргэдэд ихээхэн бухимдал үүсгэдэг эмийн үнэ, чанартай холбоотой асуудлыг шийдвэрлэх зорилгоор төрийн болон орон нутгийн өмчөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд төр зарим эмийг гадаадын үйлдвэр болон олон улсын байгууллагаас шууд худалдан авалт хийх эрх зүйн орчныг бүрдүүллээ. Түүнчлэн эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах зорилгоор эмч, сувилагч, эх баригч, багийн эмч нарыг гадаадад сургалтад хамруулжээ.

Эх сурвалж: Монголын үнэн сонин №048/24579/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2024/11/22
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 2024/11/22
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 2024/11/22
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 2024/11/22
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 2024/11/22
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 2024/11/22
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 2024/11/22
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 2024/11/22
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 2024/11/22
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 2024/11/22
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 2024/11/22