МАН-ын Олон нийттэй харилцах хэлтсийн дарга, СДМЭХ-ны дэд ерөнхийлөгч АДЪЯАЖАВЫН АДИЛБИШТЭЙ ярилцлаа.
-Монгол Улсын улс төрийн ууган намтай хэрхэн холбогдсоныг тань асууж ярилцлагаа эхэлье?
-Би Дархан-Уул аймагт төрж, “Оюуны ирээдүй” цогцолбор сургуулийг төгссөн. Багаасаа МАН-ын тухай сонсож өссөн нь гэр бүлийн хүмүүжил, төлөвшилтэй холбоотой. Тэднээсээ л МАН-ын тухай анхны ойлголтыг авсан юм. Тухайн үед нийгэм тайван уур амьсгалтай, хүмүүс мэдсэн сурсан бүхнээ бие биетэйгээ үргэлж хуваалцдаг, хөршийн харилцаа сайтай байсан юм уу даа.
Би их тод санаж байна. Есдүгээр ангид байхдаа “Монгол Ардын Намыг хэн сайн мэдэх вэ?” эссэ бичлэг, илтгэлийн уралдаанд оролцсон юм. Нам байгуулагдсан буюу гуравдугаар сарын 1-ний өдрийг тохиолдуулан зарласан уг уралдаанд оролцохын тулд өөрийнхөө л хувьд уншиж судлаад оролцож байж билээ. Улмаар энэ уралдааны тэргүүн байрыг эзлээд Дархан-Уул аймгийн Засаг дарга, аймгийн намын хорооны дарга Л.Амарсанаагаас шагналаа гардан авч байлаа. Тухайн үед Л.Амарсанаа дарга “Энэ хүүхэд бараг биднээс илүү намын үүх түүхийг судалсан байна, маш сайн байна” гэж урмын үгээр мялаасан. Хүүхэд байсан болохоор маш их урам авч бараг л тэр үеэс улс төрийн шийдвэрээ гаргасан байх аа. (Инээв)Мэдээж идэвхтэй сурагч чинь бас л идэвхтэй оюутан болсон. Дунд сургуулиа төгсөөд МУИС-ийн НШУС-ийн Сэтгүүл зүйн тэнхимд харьяалагдаж суралцахдаа МАН-ын дэргэдэх МАСЗХ, МАСОХ-нд гишүүнээр элсэж орсон. Энэ шийдвэрийг улс төрд алхан орсон анхны алхам маань гэж хэлж болох юм. Тэр үед МАСОХ-ны ерөнхийлөгчөөр Д.Загджав дарга ажиллаж байлаа. Сэтгүүлчийн ангийн оюутан учраас МАСОХ-ноос зохион байгуулж байгаа арга хэмжээний хэвлэл мэдээлэл болон хөтлөгчийн ажлыг хариуцаж ажилладаг байлаа.
Түүний дараа Монголын Ардчилсан социалист залуучуудын холбооны Удирдах зөвлөлд орж ажиллалаа. Тэр үед Г.Занданшатар дарга манай холбооны ерөнхийлөгч байв. Түүний дараа одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ даргатай нэг баг болж Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбооны шинэчлэлийн үйл явцад оролцож, бүхий л ажлыг хамтран хийсэн. Ингээд НАМЗХ-ндоо тасралтгүй 12 жил Удирдах зөвлөлийн гишүүнээр ажилласан. Мөн Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдож Д.Сарангэрэл ерөнхийлөгчтэйгөө ажиллах завшаан тохиосон юм.
-Гайхалтай, тууштай түүх байна. Ямар үзэл баримтлал үнэт зүйл таныг ийм тууштай замналаар явуулсан бэ?
-Сайхан асуулт байна. Нийгмийн ардчилал гэдэг утга холбоодын нэрэнд байгаа биз. Энэ бол миний хувь хүний алсын хараа, үнэт зүйлстэй яв цав тохирч байсан гэсэн үг. Амьдарч буй нийгмээ ардчилалтай, эрх чөлөөтэй, хүний эрхийг хангасан байх, намынхаа дэвшилтэт шинэчлэлийн цаг үеүдэд ажиллаж явсан гэдэг түүх миний амьдралд бичигдэн үлдэнэ гэхээр сайхан.
-Харин та одоо Социал демократ Монголын эмэгтэйчүүдийн холбооны дэд ерөнхийлөгч. Намын дэргэдэх ТББ-уудаар яг л зүй ёсныхоо дагуу өсөн дэвшиж ажиллаж байна гэж ойлголоо.
-Тэгэлгүй яах вэ. Уулын оройд гаръя гэж бодож байгаа хүн хормойноос нь эхлэн бэл өөд нь өгсөх дарааллаар явдаг шүү дээ. Миний адил мянга мянган хүн тэр уулын бэл өөд хүч хөдөлмөр, сэтгэл зүрхээ зориулан өгсөж явахад би түрүүлээд онгоцоор орой дээр нь буучихаж болохгүй. Намын дэргэдэх байгууллагуудад нэгбүрчлэн ажиллаж бодлого, шийдвэр, үйл ажиллагаанд нь оролцож байж өөрийгөө хөгжүүлж, боловсорч төлөвшинө гэж боддог. Энэ л замналаар замнасаар өнөөдөр би МАН-ын Удирдах зөвлөлийн ажлын албаны Олон нийттэй харилцах хэлтсийн даргаар ажиллаж байна. НАМЭХ маань Социал демократ Монголын эмэгтэйчүүдийн холбоо болж нэр, бэлгэ тэмдгээ сольж шинэчлэн байгуулагдсанаас хойш дэд ерөнхийлөгчийн сонгуульт албыг мөн хашиж байна.
-МАН-ын Удирдах зөвлөлийн ажлын албаны Олон нийттэй харилцах хэлтсийн ажлынхаа талаар тодруулна уу?
-Манай хэлтэс таван хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулдаг. Бид намын угтах үйл ажиллагаа, брэнд шопыг ажиллуулах, колл центр буюу гишүүд, дэмжигч, иргэдтэйгээ шууд харилцах, тэдний санаа бодлыг сонсох, судалгаа явуулах зэрэг олон нийттэй харилцах гол гол үйл ажиллагааг хариуцан ажилладаг. Мөн хүмүүс мэддэг болсон доо, намын байрны нэгдүгээр давхарт байрладаг Иргэд, олон нийттэй уулзах өрөөнд намын удирдлагуудтай иргэдийг уулзуулах ажлыг хариуцан зохион байгуулж байна. Энэ албыг би 2023 оны хоёрдугаар сарын 15-ны өдөр хүлээн авсан. Ажлаа авсантай давхцаад социал демократ үзэл баримтлалыг иргэд, олон нийтэд таниулах, мөн намын 30 дугаар Их хурлаас дэвшүүлсэн Хүний эрхийг дээдлэгч нам болох зорилтыг хэрэгжүүлэх бодлого, шийдвэрт гол анхаарлаа хандуулан ажиллаж байна. МАН-ын төв байранд иргэд орж ирэхэд хүний эрхийг хангах, олон нийтэд ил тод, нээлттэй, ээлтэй байхад үйл ажиллагаагаа чиглүүлэн ажилладаг. Үүний дагуу Тусгаар тогтнолын ордны хүртээмжтэй байдалд анхаарлаа хандуулж хөгжлийн бэрхшээлтэй иргэд орж гарах орц гарц, ариун цэврийн өрөөний асуудлыг боломжоороо шийдвэрлэсэн. Энэ ажлыг Хүний эрх, дэвшилтэт бодлогын хүрээлэн, СДМЭХ-ны ажлын албатай хамтран гүйцэтгэлээ. Мөн гадаа талбайд суухад тухтай сандалтай байх, үнэгүй wi fi-тай байх зэргээр тохижилтын ажлыг нийслэлийн МАН-ын хороотой хамтран хийж хэрэгжүүлээд байна.
Намын дэргэдэх ТББ-ууд болон бодлогын судалгааны байгууллагуудтайгаа хамтран олон нийтэд чиглэсэн үйл ажиллагаануудыг хэрэгжүүлсэн. Үйл ажиллагаануудаа илүү өгөөжтэй, бүх насны иргэдэд хүртээмжтэй олон хувилбартай, олон түвшинд байхаар чиглүүлсэн. Жишээ нь, ТББ-ууд маань өглөөний сонирхолтой уулзалтууд, тогтмол сургалтуудтай болж хэвшсэн. Дараагийн бидний үйл ажиллагаа гэвэл Тусгаар тогтнолын ордныг хүүхдийн өрөөтэй болгох төсөл дээр ажиллаж байна. Бага насны хүүхэдтэй эцэг эх, асран хамгаалагч хэн ч бай тав тухтай өрөөнд хүүхдээ үлдээж, мэргэжлийн багшаар хамгаалуулаад улс төрийн аливаа үйл ажиллагаанд оролцох бололцоог бид энэ төслөөрөө дамжуулан нээж өгөхийг зорьж байгаа юм. Хэвлэл мэдээллийн газартайгаа хамтран Тусгаар тогтнолын ордны гурван давхрын танхимыг универсаль зориулалтаар ашигладаг болгохоор ажиллаж байна. Зөвхөн намын төв байр төдийгүй нийслэлийн дүүргүүд болон 21 аймаг, 330 сумын намын байруудыг хүний хөгжлийн жишиг төв болоход чиглүүлэн ажиллаж байна. Эдгээр ажлаа дараа жил ч гэсэн үргэлжлэн хэрэгжүүлээд явах юм.
-МАН-ын дэргэд сонирхлын клубүүдийг байгуулж, идэвхтэй ажиллаж эхэлсэн. Энд бас таны идэвх оролцоо өндөр байгаа гэж ойлголоо. Энэ талаараа ярьж болох уу?
-МАН-ын 30 дугаар Их хурлын дараа тухайн үед намын Хууль эрх зүйн хэлтсийн даргаар ажиллаж байсан Ү.Амарбат даргын санаачилгаар Дэвшилтэт социал демократ клубийг байгуулсан. Энэ нэгдэлд маань эхэндээ бизнес эрхлэгч залуучууд байсан бол улам өргөжөөд нийгмийн бүхий л салбарын залуус оролцоод явж байна. Дэвшилтэт социал демократ клуб байгуулагдаад хоёр дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Энэ клубийн үйл ажиллагаанд миний бие жил гаруйн өмнөөс идэвхтэй оролцож ирлээ. Социал демократ клубийн үзэл баримтлал бол товчхондоо эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгаалал гэсэн чухал тулгуур салбарын хөгжилд чиглэсэн эрх чөлөө, шударга ёс, эв нэгдэл гэсэн зарчимд тулгуурлаж хөгжих юм. Онцлог нь гэвэл социал демократ үзэл баримтлалыг дэмждэг нам бус залуучуудын нэгдэл гэж ойлгож болно. Энэ клуб маань нам бус залуусыг улс төрийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцуулах зорилготой. Өнөөдөр бид “Бодлогын шийдэл” төсөл дотроо “Бодлогын зочин”, “Бодлогын хэлэлцүүлэг”, “Бодлогын мэтгэлцээн” гэсэн салбар төслийг хэрэгжүүлж байна. Миний хувьд “Бодлогын зочин” төслийг хариуцан ажиллаж байна. Энэ төслөө намын дэргэдэх Дэвшилтэт бодлогын хүрээлэнтэй хамтран хийж байгаа юм. Эдгээр төслөөрөө дамжуулан залуус бид бие биеэсээ болон туршлагатай улстөрчдөөс маш их зүйлийг суралцдаг. Дэвшилтэт социал демократ клуб маань 2024 оны босгон дээр “Хүслийн хайрцаг” төслийг улс орон даяар хэрэгжүүлж байна. Энэ төслөөрөө Монголын бүх хүүхдийн хүслийг захидал хэлбэрээр хүлээн авч бодлогод суулгуулах ажлыг хийхээр зориглосон.
-Улс төрийн намд ажилладаг, сэтгүүлч мэргэжилтэй хүн. Харин саяхан эрхзүйч мэргэжлээр суралцсаныг нь мэдлээ. Яагаад эрхзүйч мэргэжлээр суралцах болсон талаараа бидэнтэй хуваалцана уу?
-Миний хувьд 2000-2004 онд МУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. UBS телевизэд хөгжмийн сувгийн редактор, Ийгл телевизэд мэдээний хөтлөгчөөр, MNC телевизэд гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Сэтгүүлчийн хөдөлмөр бол асар их цаггүй ажил учраас давхар намын ажил хийж явахад хүндрэлтэй байдаг. Тиймээс сүүлийн жилүүдэд улс төр, намын ажилдаа илүү төвлөрсөн. Мөн улс төрийн ажил бол иргэд, олон нийттэй нягт харилцаж тэдний эрх ашгийг хамгаалах үйл явцад оролцдог учраас хууль эрхзүйн мэдлэг хэрэгтэй гэж үзээд эрхзүйчээр суралцаж магистрын зэрэг хамгааллаа.
Өнөөдөр нийгэмд болж буй үйл явцад анхаарал хандуулж, хүний эрхийг хангах чиглэлд ямар хууль тогтоомж нь зөрчигдөж, ямар нь биелэгдэж байгаад шинэ мэргэжлийнхээ зүгээс харж дүгнэлт хийдэг болсон.
-Намын удирдах түвшний ажилтнууд хөдөө, орон нутгаар маш их явж ажилладаг. Эмэгтэй хүний хувьд ар гэрээ орхиод аян замд явж ард иргэдтэй уулзаж явахад ямар бодол санаа төрдөг вэ?
-Ер нь намын ажлаар байнга явдаг л даа. Зөвхөн өнгөрч буй 2023 оны ажлыг ярья гэж бодож байна. МАН-ын Удирдах зөвлөлийн Ажлын алба бүрэн бүрэлдэхүүнээрээ Монгол Улсынхаа 21 аймаг, 330 суманд хүрч ажиллалаа. Миний хувьд Говь-Алтай, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Архангай аймгийн нэлээд олон суманд очиж томилолтоор ажилласан. Хөдөө, орон нутагт ажиллахад иргэдтэй уулзаж санаа бодлыг нь сонсохоос гадна сум орон нутгийн намын анхан шатны хороо, үүрүүдийн нөхцөл байдалтай танилцах боломж олддог. Монгол Улсын Засгийн газраас барьж буй бодлого Шинэ сэргэлтийн бодлогыг танилцуулж явсан. Орон нутагт ажиллаж байхдаа хүний хувьд хэд хэдэн зүйлийг анзаарч ажигласан. Хамгийн түрүүнд хот, хөдөөгийн ялгаа маш их байна. Ялангуяа хөдөөгийн иргэд тэр дундаа хүүхдүүдийн эрүүл мэндийн үйлчилгээ асар их ялгаатай байна. Энэ ялгааг арилгахгүйгээр бид ижил тэгш гараа боломжийн тухай ярихад хүндрэлтэй болжээ. Үүнээс шалтгаалаад шилжилт хөдөлгөөн асар их байна. Мэдээж ямар ч хүн ирээдүйнхээ төлөө илүү цалин, хөлс, илүү үйлчилгээтэй орчин нөхцөл рүү нүүнэ. Энэ асуудал нэг талаараа сэтгэл эмзэглүүлсэн ч нөгөө талаараа ажлын шугамаараа хөдөө явж нүдээрээ харж үзэж мөн яг ийм цаг үед Хөдөөгийн сэргэлтийн бодлогыг танилцуулж, хүргээд явж байгаадаа баяртай байлаа.
Б.Сэлэнгэ
Эх сурвалж: Монголын үнэн сонин №048/24579/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна