Ерөнхий сайдын Ажлын албаны дэргэдэх Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд иргэд хандаж, санал хүсэлтээ ирүүлсээр байна. Өнгөрсөн өдрүүдэд нийслэлийн замын түгжрэл, эрүүл мэнд, боловсролын байгууллага, нийгмийн хамгаалал зэрэг асуудлаар олон нийт хандаж, санал, хүсэлтээ ирүүлжээ.
Тухайлбал, нийслэлийн замын түгжрэлтэй холбоотойгоор иргэн Д.Довдонбалжир “Замын түгжрэлийн талаар санал хэлье. Автомашинуудыг үдээс хойш болон үдээс өмнө тэгш, сондгойгоор явуулмаар байна. Үдээс хойш тэгш тоотой, үдээс өмнө болохоор сондгой тоогоор нь явуулмаар байна. Ингэвэл түгжрэл 50 хувь буурна. Машинуудын 60-70 хувь нь Приус байна. Энэ машинууд таксинд явж, түгжрэл үүсгээд байна. Үүнийг зохицуулах хэрэгтэй. Холбогдох газарт нь уламжилж өгнө үү” гэсэн саналыг нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хандан гаргажээ. Мөн тэрбээр “Сургуулийн орчинд буюу хичээлийн явцад сурагчдыг утасны хамаарлаас болиулмаар байна. Багш нар утсаар даалгавар өгдөг. Үүнийг болиулаад хичээлийн танхимд өгч болохгүй юм уу. Энэ бол хүүхдийн эрүүл мэндийн асуудал” гэсэн хүсэлтийг илгээжээ.
Иргэн С.Батжаргал “Орон нутгийн авто замыг хувьчлах саналтай байна. Зуу зуун километрээр нь ч юм уу хэд хэдэн километрээр нь тендер зарлаж, хувийн компаниудад өгчихвөл жолооч нар тухайн авто замынхаа татварыг төлөөд эвдрэл гэмтэлгүй, мал явахгүй замаар явдаг болох саналтай байна. Тухайн хэсгийн авто замыг хариуцсан компани нь замынхаа эвдрэл гэмтэл гээд бүх зүйлийг хариуцаад явж болно. Иргэдээсээ энэ талаар санал хүсэлтийг нь авч ажил хэрэг болгоно уу” гэсэн санал ирүүлсэн байна.
Тэгвэл иргэн М.Баяржаргал “Би Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын иргэн. Манай суманд нотариат байдаггүй. Нотариат орохын тулд заавал аймгийн төв, Чойр, Улаанбаатар руу явах хэрэгтэй болдог. Би сумандаа байр авсан юм. Байрны гэрчилгээгээ өөрийн нэр дээр шилжүүлэхийн тулд заавал нотариатаар батлуулах ёстой гэсэн. Байр зарсан хүмүүс Улаанбаатар хотод байдаг. Суманд хааяа нэг нотариат ирэх үед байрны хүмүүс байхгүй, Улаанбаатар хотод очихоор заавал орон нутагтаа баталгаажуул гээд байдаг. Тиймээс Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд байнгын нотариаттай болгож өгнө үү. Эрхийг нь ХЗДХЯ-наас өгдөг гэсэн учраас хандаж байна. Уламжилж, шийдвэрлэж өгнө үү” хэмээн хүсэлт тавьсан байна. Энэ мэтчилэн иргэд 11-11 төвд хандсаар байна. Ингээд иргэдээс ирүүлсэн саналыг хэрхэн шийдвэрлэсэн талаар хүргэе.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн санаачлан хэрэгжүүлж байгаа ажлыг дэмжиж байна
Төрийн ордонд Малчдын зөвлөгөөн боллоо. Энэ зөвлөгөөний үеэр Ерөнхийлөгч малчдын орлогыг нэмэгдүүлж, мал, махны экспортыг дэмжих талаар ярьсан. Мөн ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун малыг амьдаар нь экспортод гаргах бодлого барьж байгаагаа илэрхийлсэн билээ. Малыг амьдаар нь экспортод гаргах Засгийн газрын бодлого олон нийтийн, тэр дундаа малчдын талархлыг хүлээсэн байна. Тиймээс ч 11-11 төвд энэ асуудлаар санал, талархлаа иргэд ирүүлжээ. Тухайлбал, малчин Б.Бадрангуй “Хилээр амьд мал гаргах нь маш зөв зүйтэй шийдвэр байна. Тууштай дэмжинэ. Баруун аймагт энэ жил зуд болох нь байна. Зуднаар малаа алдаж байснаас амьдаар нь хил гаргаж, малчдаа мөнгөтэй болгох нь илүү зөв. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн санаачилж, хийж байгаа бүх ажлыг дэмждэг” хэмээн талархлаа илгээжээ. Мөн иргэн Ө.Мөнх-Эрдэнэ “ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулууны бодлого, чиглэлийг дэмжиж байна. Мал аж ахуй бол Монгол Улсын эдийн засгийн хөшүүрэг. Малчид, мал аж ахуйг дэмжиж байгаад баяртай байна. Зөв зүйтэй зүйл ярьж хийх гэж байгааг дэмжих хэрэгтэй” гэсэн байна. Түүнчлэн иргэн О.Оюун-Эрдэнэ “Төрийн ордонд Малчдын зөвлөгөөнөөр Ерөнхийлөгч малчдын орлогыг нэмэгдүүлж, мал, махны экспортыг дэмжих талаар ярьсан. Мөн ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун малыг амьдаар нь экспортод гаргана гэж байна. Засгийн газрын энэ бодлого, шийдвэрийг би хувьдаа дэмжиж байгаа. Энэ жил малын тоо толгой 24 саяар нэмэгдсэн. Газар шороогоо ухаж экспортод гаргаж байснаас тасралтгүй өсөн нэмэгдэж байгаа малаа экспортод гаргана гэдэг нь зөв зүйтэй арга гэж бодож байна. Энэ гаргасан шийдвэртээ бат зогсохыг хүсэж байна. Баярлалаа та бүхэндээ” хэмээн талархлаа илэрхийлжээ. Мөн малчин М.Энхмаа Дорнод аймгаас холбогдож “Махны экспортын асуудлыг малчид маш ихээр дэмжиж байна. Энэ ажлын үйл явцыг түргэвчилж, түргэн эхлүүлбэл малчдад маш их дэмжлэг болох юм. Тиймээс махны экспортыг зогсоолгүйгээр, ажлыг эрчимжүүлж өгөхийг хүсэж байна” гэжээ. Энэ мэтчилэн малыг амьдраар нь экспортлох Засгийн газрын хэрэгжүүлж байгаа ажлыг малчид дэмжиж байгаагаа илэрхийлж, саналаа ирүүлсээр байна.
Эрчим хүчний тарифын хөнгөлөлтийг зохицуулна
САНАЛ - 000301823
-Цахилгаан, эрчим хүчний төлбөрийн тарифыг нэмэгдүүлэх талаар ярьж байна. Шөнийн эрчим хүч хэрэглэдэггүй айл өрх хохирч байна. Тиймээс өдөр, шөнө хэрэглэсэн эрчим хүчний төлбөрийг гүйцэд төлдөг болох хэрэгтэй. Шөнийн эрчим хүчний хөнгөлөлтийг болиулъя. Энэ асуудлыг холбогдох газарт нь уламжилж, хариу өгнө үү.
*Эрчим хүчний зохицуулах хороо:
-Цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлт нь Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 199 дүгээр тогтоолоор Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор нийслэлийн болон аймгийн төв, зарим сум, суурин газрын “Гэр хорооллын өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх журам”-аар зохицуулагдаж байгаа болно.
Монголбанктай хамтран шийдвэрлэнэ
ГОМДОЛ - 000301090
Банкууд иргэний үнэмлэх шаардаад, “E-Mongolia”-аар гаргасан лавлагааг тооцохгүй байна. Банкуудын энэ хүнд суртлыг болиулж, “E-Mongolia” системээр үйлчилдэг болгож өгнө үү. “E-Mongolia”, иргэний үнэмлэх бид гурвын аль нь хүчинтэй юм бэ гэдгээ мэдэхээ байлаа.
*Цахим хөгжил, харилцаа холбооны яам:
-Гомдол гаргасан иргэнтэй утсаар холбогдон хариу мэдэгдсэн. Банкны үйлчилгээг “Е-Мongolia”-гаас олгож буй лавлагаагаар үйлчлэх боломжтой болгохын тулд Монголбанктай хамтран шийдвэрлэхээр ажиллаж байна.
ҮСХ-той хамтран тэтгэвэр тогтооход баримтлах итгэлцүүрийг шинэчилж байна
ХҮСЭЛТ - 000299707
Би 1991 онд тэтгэвэрт гарсан. 2000 оноос өмнөх тэтгэвэрт гарсан хүмүүс ерөөсөө тэтгэмж аваагүй, мөн цэвэр ажилласан жилээрээ л тэтгэвэр тогтоолгодог байсан. Одоо 500 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг. Тиймээс 2000 оноос өмнө тэтгэвэрт гарсан хүмүүсийн тэтгэврийг нэмэгдүүлэх талаар арга хэмжээ авч өгөөч гэж хүсэж байна. Холбогдох байгууллагад нь уламжилж өгнө үү.
*Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам:
-Монгол Улсын Засгийн газар нь улс орны эдийн засгийн байдал, тэтгэврийн даатгалын сангийн орлого, зарлагатай уялдуулан тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэхдээ тэтгэвэр бодох цалингийн итгэлцүүрийг шинэчлэн тогтоох, тодорхой хувиар болон ижил мөнгөн дүнгээр нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээг тус тус авч ирлээ. Тэтгэвэр бодох цалингийн итгэлцүүрийг 1997 оноос хойш зургаан удаа шинэчлэн тогтоож, тэтгэвэр нэмэгдүүлэх арга хэмжээг нийт 30 гаруй удаа авч хэрэгжүүлсэн.
Эдгээр арга хэмжээ нь тухайн үедээ иргэдийн тэтгэврийг авч байсан цалинтай нь уялдуулан нэмэгдүүлж, худалдан авах чадварыг зохих хэмжээгээр дээшлүүлсэн арга хэмжээ болсон юм. Тухайлбал, 1990 он ба түүнээс өмнөх цалингийн итгэлцүүр 200 байсныг 2012 оны Засгийн газрын 153 дугаар тогтоолоор 648, 2014 оны 15 дугаар тогтоолоор 715 болгон өсгөж тэтгэврийг нэмэгдүүлэх арга хэмжээ тус тус авсан. Мөн Засгийн газрын 2015 оны 52 дугаар тогтоолын дагуу нийгмийн даатгалын сангаас олгох болон цэргийн алба хаасны бүх тэтгэврийг 22 мянган төгрөгөөр, 2016 оны 292 дугаар тогтоолын дагуу 21 мянган төгрөгөөр, 2018 оны 16 дугаар тогтоолын дагуу 27 мянган төгрөгөөр, 2019 оны 26 дугаар тогтоолоор 24 мянган төгрөгөөр, 2020 оны 24 дүгээр тогтоолоор нийгмийн даатгалын сангаас олгох болон цэргийн алба хаасны 500 мянга хүртэлх төгрөгийн тэтгэврийг 30 мянган төгрөгөөр, 500 мянга болон түүнээс дээш төгрөгийн тэтгэврийг 25 мянган төгрөгөөр нэмэгдүүлсэн. Харин Засгийн газрын 2022 оны 63 дугаар тогтоолоор нийгмийн даатгалын сангаас олгох болон цэргийн тэтгэврийг 2022 оны хоёрдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн 15-аас багагүй хувиар нэмэгдүүлж, бүрэн тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөг, хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээг 400 мянган төгрөгт хүргэлээ. Энэхүү арга хэмжээний үр дүнд дундаж тэтгэврийн хэмжээ 549.5 мянган төгрөгт хүрсэн болно. Тус яам Үндэсний статистикийн хороотой хамтран тэтгэвэр тогтооход баримтлах итгэлцүүрийг шинэчлэх ажлыг зохион байгуулж байна
Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19.10 дугаар зүйлд “Банкнаас олгох зээлийн үйл ажиллагаатай холбогдсон журмыг Монголбанк, эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн үйл ажиллагаатай холбогдсон журмыг Санхүүгийн зохицуулах хороо баталж, хэрэгжилтэд нь хяналт тавина” гэж заасан. Дээрх хуульд заасны дагуу тэтгэврийн зээлийн асуудлыг чиг үүргийнхээ дагуу Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо шийдвэрлэдэг. Иймд тэтгэврийн зээлийн асуудлаар ирүүлсэн өргөдөл, гомдлыг Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороонд шилжүүлж байна уу.
Баталгаатай эх сурвалжаас мэдээлэл авах хэрэгтэй
ХҮСЭЛТ - 000297839
Засгийн газартай хамтран буцалтгүй болон эргэн төлөгдөх хүү багатай санхүүжилт олгоно гэсэн зар фэйсбүүкээр яваад байна. Энэ үнэн үү, худал юм уу. Холбогдох газарт нь уламжилж өгнө үү.
*Сангийн яам:
-Цахим орчинд Засгийн газар, Сангийн яам, Сангийн сайдын нэр зургийг ашиглан бусдыг залилах, цахим гэмт хэргийн шинжтэй үйлдэл олон гарч яамнаас Эрүүгийн цагдаагийн албанд тухайн бүр хандаж байгаа болно. Иймд та бүхэн баталгаатай эх сурвалжаас мэдээлэл авч, болгоомжтой хандах нь зүйтэй.
Н.Энхлэн
Эх сурвалж: Монголын үнэн сонин №042/24523/