Монгол Улсын маргаашийн зураглалыг бүсчилсэн хөгжил байхаар Засгийн газраас зарлалаа. Үүний хүрээнд 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан бөгөөд манай улс анх удаа УИХ-ын сонгуулиа бүсчилсэн хэлбэрээр, том тойргоор явуулахаар болсон. Улмаар эдийн засгийн чуулганыг бүсчилсэн хөгжлийн хүрээнд зохион байгуулснаар Засгийн газар бүс бүрийн эдийн засгийн тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлсон бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг шинэчлэн боловсруулахаар боллоо. Ингэж эдийн засгийн тэргүүлэх чиглэлүүдэд тулгуурлаж хөрөнгө оруулалтыг төлөвлөснөөр шинэ төвлөрлийн бүс, эдийн засгийн олон тулгуур, орон нутагт эдийн засаг тэлэх суурь бий болж, Улаанбаатар руу чиглэсэн шилжилт хөдөлгөөн, агаарын бохирдол, түгжрэл зэрэг бидний өмнө тулгамдсан олон асуудал шийдлээ олох гарц нээгдэнэ хэмээн үзэж буй. Энэ тухайд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Өнгөрсөн 30 жилийн хугацаанд УИХ, Засгийн газраас хөгжлийн 560 гаруй бодлогын баримт бичиг баталж, 2001 онд Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг дэвшүүлсэн ч сонгуулиас сонгуулийн хооронд хаягдал цаас болж байсны үндсэн шалтгаан нь тойргийн эрх ашигт уягдсан парламентын сонгуулийн тогтолцоо юм. Үндсэн хуулийн өөрчлөлтийн үр дүнд анх удаа парламентын сонгуулийг холимог тогтолцоогоор, бүсчилсэн тойргоор явуулах болсноор тойрогт шүтсэн төсвийн хөрөнгө оруулалтыг хязгаарлаж, үр ашиггүй хөрөнгө оруулалтыг цэгцэлж, улсын хөгжлийг тодорхойлох стратегийн ач холбогдолтой зорилгууддаа төвлөрч, тогтвортой хэрэгжүүлэх боломж бүрдэж, бүсчилсэн хөгжлийн бодлого бодитоор хэрэгжих болно” хэмээн дүгнэсэн. Монгол Улсыг зургаан бүсэд хуваан, тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлсон нь ямар ач холбогдолтой вэ. Энэ тухайд эдийн засагч, судлаачид ямар байр суурьтай байгааг тоймлон хүргэе.
Ч.Хашчулуун: Бүсчилсэн хөгжлийн бодлого биднийг шинэ түвшинд хүргэнэ
/Эдийн засагч, доктор/
-Манай улс 1960-1970 оны үед бүсчилсэн хөгжлийн судалгааг эхлүүлсэн байдаг. Тухайн үед 2-3 бүсэд хувааж, эдийн засгийг хөгжүүлэх санал санаачилга гарч байсан ч төдийлөн амжилтад хүрээгүй. Түүний дараа 1990-ээд оны дундуур бүсчилсэн хөгжлийг албажуулах ёстой гэсэн санал гарч, хилийн чөлөөт бүсүүдийг хөгжүүлж эхэлсэн. Үүний дараа энэхүү бодлогын ач холбогдлыг ойлгож, 2001 оноос бүсчилсэн хөгжлийн хууль эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Өнгөрсөн 20 жилийн бүсчилсэн хөгжлийн бодлогыг харахад ерөнхийдөө бүх зорилт нь биелсэн гэж үзэж болно. Тухайлбал, “Мянганы зам” төсөл бол бүсчилсэн хөгжлийн томоохон зорилт байсан. Маш амжилттай хэрэгжиж дууссан. Боомтуудын хөгжлийн бодлогыг мөн онцлох хэрэгтэй. Орон нутагт томоохон уул, уурхайн ордуудыг нээх асуудал тусгагдаж байлаа. Энэ бүхэн амжилттай хэрэгжээд явж байна. Харин одоо бүсчилсэн хөгжлийг шинэ нөхцөл байдалд хэрхэн хөгжүүлэх вэ гэдэг эргэлтийн цаг хугацаа ирсэн байна. Энэ удаагийн сонгуулийг бүсчилсэн тойргоор явуулахаар заасан нь олон нийтийн анхааралд орж ирлээ. Өнгөрсөн 5-6 жилийн хугацаанд бүсчилсэн хөгжлийн бодлого хаягдсан гэдгийг хэлэх нь зүйтэй. Одоо бид бүсчилсэн хөгжлийн 20 жилээ эргэн харж, шинэ зорилтуудыг хэрэгжүүлэх ёстой. Тэгээд бүсчилсэн хөгжлийг шинэ өнцгөөр харж, цааш явах нь зүйтэй. Сонгуулийн систем маань аймгийн түвшинд явж ирсэн. Аймгийн хэмжээнд хийж чадахгүй зүйлийг гурван аймаг нийлж хийнэ гэсэн үг. Энэ нь улс төрийн манлайлал, хүн хүчний хувьд ч давуу талтай. Аливааг аймгийн түвшинд биш бүсийн хэмжээнд харахаар иргэдийн маань хандлага ч өөрчлөгдөх болов уу. Ер нь энэ бодлого биднийг их шинэ түвшинд хүргэнэ. Бүсчилсэн бодлогоо бид өнгөрсөн жилүүдэд орхиж ирсэн нь үнэн. Уул уурхайн мега төслүүд хэрэгжиж эхлээд тухайн бүс нутгийн асуудлууд ч тодорхой хэмжээнд шийдэгдэж ирсэн нь бий. Дутуу зүйлүүд байсан учраас Боомтын сэргэлтийн бодлого хэрэгжүүлж байгаа нь сайн хэрэг. Цаашид хөрөнгө оруулалтаа оновчтой болгох хэрэгтэй. Бүсчилсэн хөгжил дээр зөвхөн орон нутаг биш нийслэлээ хөгжүүлэх бодлогыг ч тусгаж явах хэрэгтэй. Сүүлийн үед метроны талаар ярьж байна. Энэ төслийг урагшлуулж чадвал олон асуудал шийдэгдэх учиртай.
Т.Баярсайхан: Үйлдвэрлэлийн салбарыг бүсчлэн хөгжүүлэх боломжтой
/Монголын арьс ширний холбооны тэргүүн/
-Монгол Улсын арьс шир, хөнгөн үйлдвэрийн салбар үүсэж хөгжсөний 90 жилийн ой энэ жил тохиож байна. 1934 онд анхны машинт үйлдвэрлэл бий болж, аж үйлдвэрлэл үүссэн түүхтэй. Өнөөгийн арьс ширний салбарт залуучуудын шинэ үе, давлагаа бий болж байна. Үүний хажуугаар муу зүйлүүд ч бий. Тухайлбал, манай улсын арьс ширний түүхий эдийн чанар жил ирэх тусам муудаж байна. Гадаад зах зээлд арьс ширний эрэлт их байгаа боловч манай улс төдийлөн хангаж чадахгүй байгаа. Бид аль нэгэн орны түүхий эд бэлтгэхээс илүүтэй дотооддоо хагас, гүн боловсруулж эцсийн бүтээгдэхүүн хийх хэрэгтэй гэдгийг цар тахлын үе бидэнд ойлгуулсан. Дотооддоо бүх төрлийн бүтээгдэхүүнийг хийснээр улс орон хөгжинө. Нөгөөтэйгүүр аж үйлдвэрийг хөгжүүлж байж улс орон хөгжиж, ажлын байр нэмэгдэн, гадагшаа урсаж байгаа их валютыг дотооддоо үлдээх боломжтой гэдгийг ойлгосон байх. Ер нь бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал бодлого явж байгаа нь маш сайн хэрэг. Манай улс бүсчилсэн хөгжлийн хүрээнд салбаруудын үйл ажиллагаа илүү хөгжөөд явах боломж нээгдэнэ гэж хардаг. Бүсчилсэн хөгжил гэдэг бол улс орны газар зүйн байрлал, улс орны логистик зэрэг олон зүйлээс шалтгаалж үйлдвэрлэлийг хөгжүүлэх, үр өгөөж, бүтээмжийг сайжруулахад ач холбогдолтой гэж харж байна. Дэлхий аж үйлдвэрлэлийн дөрөвдүгээр хувьсгал руу шилжиж байна. Бүх л зүйл цахим болж байгаа учраас үүнийг мал аж ахуйн салбарт оруулах хэрэгтэй. Мөн био, нано, хими технологиор залуучуудыг бодлогоор сургах шаардлагатай. Монгол Улс бүсчилсэн хөгжлөөр аль аймагт юу хийх гэж байгаа гэдгээ тодорхойлох хэрэгтэй. Тухайлбал, Ховд, Дорнод аймагт аж үйлдвэрийн парк байгуулна гэж ярьж байгаа бол ажиллах хүнээ сургаж, баг бүрдүүлэх шаардлага байна. 5, 7, 10 жилийн дараа тийм нөхцөл байдалтай болно гээд төлөвлөх хэрэгтэй. Цаашлаад бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал хэрэгжээд явахад мал аж ахуйд суурилсан малын гаралтай бүх түүхий эдийг эцсийн бүтээгдэхүүн болгодог парк, хөгжилтэй болоосой гэж хүсэж байна.
Б.Чинбат: Бүс нутаг бүр улсын хөгжилд тодорхой үүрэг гүйцэтгэдэг
/МУИС-ийн доктор,профессор/
-Улс орны нутаг дэвсгэрийн байгаль газар зүй, нийгэм, түүх соёл, геополитик, суурьшил гээд олон зүйлийг харгалзан үзэж, бүс нутгуудад хуваадаг. Энэ бүсчилсэн хөгжлийн бодлого улс орны төсөв мөнгөний бодлого гэдэг шиг төрөөс улс орныхоо өнцөг булан бүрийн хөгжлийг дэмжиж, харгалзаж байх ёстой. Эдийн засаг, хөдөө аж ахуй, нийгэм, боловсрол, эрүүл мэнд зэрэг нийгмийн салбарын бодлогуудыг тухайн бүс нутаг түүний нутаг дэвсгэрт зангидаж, уялдуулж, тогтвортой хөгжлийн нөхцөлийг хангах арга хэрэгсэл юм. Салбарын бодлогууд хоорондоо сөргөлдөж байдаг учраас энэ байдлыг бүс нутагт багасгаж, нутаг дэвсгэрийн хөгжлийг тогтвортой чиглэлд хандуулах үүрэгтэй. Тэгэхээр энд хүссэн, хүсээгүй төр оролцоно. Тиймээс төрөөс бүсчилсэн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх шаардлагатай. Бүс нутаг бүр өөрийн гэсэн нөөцтэй, хүн амтай, газар зүйн байршилтай, тээвэр логистиктой учраас бүс нутаг болгон улсын хөгжилд тодорхой үүрэг гүйцэтгэж байдаг. Жишээлбэл, төвийн бүсэд хүн ам, нийгэм, эдийн засгийн ихэнх хувь нь төвлөрчихсөн байна. Нийслэл тойрсон энэ их төвлөрлийг сааруулах, бусад бүс нутгийн хөгжлийг дэмжих асуудал яригдаж байна. Үүний дагуу нийслэлийн баримжаатай шинэ хотыг байгуулах тухай ярьж байна. Бүс нутаг тус бүрийн улс орны өмнө гүйцэтгэх үүрэг, төрөлжилтийг маш ухаалаг зохицуулах хэрэгцээ гарч ирнэ. Баруун бүс ямар нөөцтэй, юу хөгжүүлж, улс орны хөгжилд хувь нэмрээ оруулах ёстой вэ. Жишээлбэл, говийн бүс нутагт стратегийн гол орд уурхайнууд төвлөрч байна. Үндэсний баялгийг бүрдүүлэх чухал үүрэг гүйцэтгэж байгаа бүс нутаг болж байна. Гэхдээ бүс нутаг болгон ямар тэргүүлэх зорилттой байх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой. Миний бодлоор Монголын аль ч бүс нутагт байгаль хамгаалал, хүрээлэн буй орчны асуудал тэргүүн зорилт байх ёстой. Монгол орны онгон байгалийг хойч үедээ үлдээж, бусад улс орноос ялгарч ногоон эдийн засгийг цогцлоох учиртай.
Г.Баттүвшин: Бүсчилсөн хөгжлийн бодлого хэрэгжүүлснээр олон төвтэй улс болж хөгжинө
/ШУТИС-ийн Бизнесийн ахисан түвшний сургуулийн захирал/
-Монгол Улс бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалтай байж, түүндээ тохирч нийцсэн төсөв, мөнгөний бодлого, нийгэм, эдийн засгийн бодлого явуулах нь зүйтэй. Монголчууд 1990-ээд оны төгсгөл үеэс бүсчилсэн хөгжлийн асуудлыг ярьж ирсэн. Гэсэн хэдий ч өнөөдрийг болтол салбар бүр боловсруулсан бодлогоороо, аймаг, орон нутгийн бодлогодоо тулгуурлаж ирсэн. Тиймээс улс төрийн бүсчилсэн хөгжлийн бодлогод суурилж улс орноо хөгжүүлэх бүсчилсэн хөгжлийн бодлогыг явуулбал Монгол Улсын хөгжлийн хурдасгуур болж, үр өгөөжөө богино хугацаанд өгнө. Монгол Улсын төсвийн хувьд өнгөрсөн хугацаанд аймаг, сум, дүүрэг, хороонд хуваарилах байдлаар явж ирсэн. Тиймээс бүсчилсэн хөгжлийн бодлого, үзэл баримтлалтай болсноор улсын төсвийг бүсчлэн хуваарилж, төлөвлөдөг болно. Монгол Улсын газар нутгийг эдийн засгийн зургаан бүсэд хуваасан. Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал 30 жил хэрэгжих учраас өмнө нь зөвхөн аймаг орон нутгийнхаа иргэдийн аж амьдралыг хэрхэн сайжруулах вэ гэдгийг ярьдаг байсан бол одоо эдийн засгийн хувьд бүсчилсэн аймгуудынхаа өмнө тулгамдаж байгаа асуудлыг том зургаар нь харж, түүнд тохирсон бодлого, шийдвэр гаргаж, зорилт, зорилго тавьж ажилладаг болно. Бүсчилсэн хөгжлийн гол амин сүнс нь иргэд сайн сайхан байх, иргэдийн орлогын түвшинг нэмэгдүүлэхэд л чиглэж байгаа юм. Бүсчилж хөгжлүүлэх бодлого хэрэгжүүлснээр хот хөдөөгийн ялгааг бууруулах, иргэдийн орлогын түвшинг харьцангуй жигдрүүлэх, өргөн уудам нутагт хөгжлийн жигд гарааг эхлүүлэхэд гол зорилт нь оршдог. Өмнө нь нэг аймгийн хүрээнд асуудлаа шийдвэрлэдэг байсан бол бүсчилсэн хөгжлийн бодлого явуулснаар байгалийн нөөц, хүний нөөц, технологийн нөөц, мэдлэгийн нөөцийн бөөгнөрөл бий болно. Энэ бөөгнөрлөөс илүү үр дүн, үр ашиг бий болно. Монгол Улсын хувьд нийслэл Улаанбаатар хотдоо хүн амынх нь талаас илүү хувь нь төвлөрчихсөн байна. Тэгвэл бүсчилсэн хөгжлийн бодлогоороо төрөлжсөн хотуудыг бий болгочихвол нэг төвтэй биш олон төвтэй улс болж хөгжинө.
Х.Цэвэлмаа: Цаашид манай улс бүсийн хөгжлөөр явбал асар их өөрчлөлт гарна
/МУИС-ийн Эдийн засгийн хүрээлэнгийн захирал, профессор/
-1990 оноос өмнө Монгол Улсын хөгжлийг баруун, зүүн, төвийн гэх гурван бүсээр авч үзэн төлөвлөж байсан. Харин 1990-2002 он хүртэл бүсчилж хөгжинө гэдэг зүйл бараг яригдаагүй. Учир нь, тэр он жилүүдэд тогтолцооны шилжилт явагдаж байсан. 1995 оноос бүсчилж хөгжих асуудлыг ярьж байгаад 2001 онд Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал гарсан. Дараа нь 2003 онд Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, удирдлага зохион байгуулалтын тухай хууль гарсан. Энэ бүхнээс харвал, эхлээд бодлогын ерөнхий чиглэл нь гарч, дараа нь түүнийг хэрэгжүүлэх хууль нь гарч байсан. Харамсалтай нь, энэ ажил хийгдээгүй, тодорхойгүй орхигдсон. Ер нь Засгийн газар ойр, ойрхон солигдож байсан учраас Монгол Улсад бүсийн хөгжлийн тухай асуудал бүрэн хэрэгжээгүй. Үзэл баримтлал байсан ч хэрэгжүүлээгүй. Үзэл баримтлал нь гарчихвал түүнийг дагаад хөрөнгө оруулалт, жижиг дунд үйлдвэрлэл, шинжлэх ухаан технологи, инновацын бодлого нэгэн зэрэг тодорхойлогдоно. Эдгээр бодлого цогцоороо байж л илүү зөв бодлого гарч ирнэ. Цаашид манай улс бүсийн хөгжлөөр явбал асар их өөрчлөлт гарна. Гол нь бүх түвшинд засаглалыг хөгжүүлэх хэрэгтэй. Сум өөрөө эдийн засгийн хувьд бие даах хэрэгтэй. Сумаа бие даах ажлыг сум, аймгийн Засаг даргын тамгын газар юм уу, томоохон хувийн хэвшилтэйгээ хамтарч хөгжүүлэх цаг ирсэн. 3-4 аймгийг нэгтгэж байгаа болохоор бүсийн зөвлөл ажиллах болно. Бүс бол хүрээлэн буй орчин, эдийн засаг, нийгмийн асуудлыг бүхлээр нь шийдэх засаглал, менежменттэй байгаа юм. Тогтвортой байгаль орчин болон хүрээмжтэй нийгмийн асуудалд хүрэх үр ашигтай эдийн засаг хэрэгтэй байна. Энэ гурвыг холбох асуудал ярьж байгаа бол бүсчилсэн хөгжлийг ярих нь зүйтэй. Бүх салбарыг бус бүтээмжтэй салбарыг дэмжвэл цалин өснө, бүтээгдэхүүний хэмжээ нэмэгдэнэ, Монгол Улсын эдийн засаг өснө.
М.Өнөржаргал
Эх сурвалж: Монголын үнэн сонин №005/24584/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна