Владимир Мединский, Рустем Умеров тэргүүтэй ОХУ, Украины төлөөлөгчид шууд хэлэлцээр хийлээ. Истанбулд болсон уулзалт харьцангуй богино буюу хоёр цаг үргэлжилсэн юм.
Талууд олзны иргэдийг солилцох, харилцаагаа үргэлжлүүлэх тохиролцоонд хүрсэн байна. Хэлэлцээр хэрхэн өрнөсөн, дууссан, цаашид хүлээлттэй байгаа сэдвүүд олон улсын ажиглагчдын анхааралд үлдлээ. Энэ удаагийн уулзалтын үр дүн урьдчилан таамагласнаар болсон. Одоо талуудын байр суурь туйлын зөрчилтэй байна. Техникийн уулзалтаас дүгнэвэл Ерөнхийлөгч Владимир Путин, Владимир Зеленский нар ойрын хугацаанд хэлэлцээрийн ширээний ард суухгүй нь бололтой. Урсула фон дер Лейен, Эммануэль Макрон, Фридрих Мерц зэрэг Европын холбооны ихэнх удирдагч хэлэлцээрийг ажиглаж байсан.
Ромын пап XIV Лео анхны илтгэлдээ Москва, Киевийн энхийн хэлэлцээрийг Ватиканд зохион байгуулах том амбицаа илэрхийлсэн. Тэгвэл эх сурвалжууд ОХУ, Украины шинэ хэлэлцээр Ватиканд ирэх сард болно гэж бичиж байна. Уулзалтад АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио, АНУ-ын Ерөнхийлөгчийн тусгай элч Кит Келлог нар оролцож магадгүй. Ватиканы Төрийн нарийн бичгийн дарга, Кардинал Пьетро Паролин “Пап XIV Лео Москва, Киевийн энхийн хэлэлцээр хийх боломжит газраар Ватиканыг санал болгосон. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио Украины асуудлыг зохицуулах уулзалтыг Ватиканд зохион байгуулах нь мөргөлдөөнтэй талуудад харилцан ашигтай гэж хэлсэн” хэмээжээ. Ромын пап олон улсад өрнөж буй цэргийн мөргөлдөөнүүдийг зохицуулахад зуучлагчийн үүрэг гүйцэтгэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн юм.
Түүнчлэн Украины Ерөнхийлөгч В.Зеленский Ерөнхийлөгч Д.Трампт захидал илгээж, батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа, худалдааны шинэ боломжуудыг судлахын зэрэгцээ чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах санал тавьжээ. АНУ Украины худалдааны хамгийн том түнш биш ч Киев ийм тохиролцоонд хүрэхэд нааштай байр суурьтай байна. Энэ нь Украины эрх баригчид “Их 7”-ийн орнуудтай чөлөөт худалдааны гэрээ байгуулах сонирхолтойг харууллаа. Одоогоор Украин Их Британи, Канад, Европын холбоотой тохиролцоонд хүрсэн бөгөөд АНУ, Японтой шийдвэрт хүрэхийг эрмэлзэж эхэлсэн. Мөн АНУ-Украины Сэргээн босголтын сан байгуулсан нь хоёр улсын чөлөөт худалдааны хэлэлцээрт эергээр нөлөөлнө.
В.Путин, Д.Трамп нар утсаар ярьжээ
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Цагаан ордны тэргүүн Дональд Трамп нар дахин утсаар ярьжээ. В.Путин Орос, Украины хооронд шууд хэлэлцээр хийхэд тус дөхөм үзүүлсэн хэмээн Ерөнхийлөгч Д.Трампт талархал илэрхийлсэн. Энэ үеэр тэд гал зогсоох боломж болон энхийн хэлэлцээр байгуулах талаар санал солилцсон бөгөөд В.Путиний хэлснээр ОХУ, Украин харилцан тохирсон буулт хийх ёстой. Хамгийн гол нь Украины хямралын үндсэн шалтгааныг арилгах явдал юм. Тэгвэл Ерөнхийлөгч Трамп Орос, Украины тал нэн даруй гал зогсоох хэлэлцээр эхлүүлэх, цэргийн тусгай ажиллагааг зогсоосны дараа Москва, Вашингтоны хооронд худалдааны харилцааг сэргээх шаардлагатайг мэдэгдлээ.
Түүнчлэн В.Путин, Д.Трамп нарын яриаг хувийн харилцаа холбоогоо бэхжүүлэхэд тус дөхөм болсон гэж хэвлэлүүдэд тэмдэглэжээ. АНУ-ын Ерөнхийлөгчийн тусгай төлөөлөгч Стив Уиткофф Дональд Трампын засаг захиргааны хамгийн нэр хүндтэй хүмүүсийн нэг болсон. Ойрхи Дорнодод зуучлагчаар ажилладаг тэрбээр Украины мөргөлдөөнийг зохицуулахаас эхлээд Москватай харилцаагаа хэвийн болгох хүртэл гадаад бодлогын гол салбаруудыг гартаа авсан. CNN-ийн мэдээлснээр, Вашингтоны гадаад бодлогын де-факто удирдагч нь Уиткофф юм. Мөн эх сурвалжууд түүнийг дипломат харилцааны туршлагагүй нэгэн гэдгийг онцолсон байна. Стив Уиткофф үл хөдлөх салбарын хөрөнгө оруулалтаар карьераа эхлүүлсэн, Д.Трампын олон жилийн бизнесийн түнш.
Гэхдээ АНУ-ын оролцоотой бүх чухал хэлэлцээрт оролцож байна. Үндэсний аюулгүй байдлын дараагийн зөвлөхөөр Уиткоффыг томилох цуурхал Вашингтонд өрнөж эхэллээ. Украины хэлэлцээр сунжирч, энхийн үйл явц гацсан, Газын зурваст мөргөлдөөн дахин эхэлсэн, Ираны хэлэлцээрийн хувь заяа тодорхойгүй байгаа гэсэн шалтгаанаар түүнд Бүгд найрамдах намынхан сэтгэл дундуур байгаа юм. Ялангуяа хандлагыг дагаж мөрдөөгүй, Москва, Тегераны үзэл бодлыг хэт их анхаарсан гэж буруутгадаг. Уиткофф ч үүнийг хүлээн зөвшөөрч, дипломат ажиллагаа системчилсэн байдлаар хязгаарлагдмал байгааг онцолжээ. Үүнтэй зэрэгцэн Дональд Трамп тангараг өргөснөөсөө хойш анхны гадаад айлчлалаа Саудын Араб, Катар, АНЭУ гэсэн Ойрхи Дорнодын орнуудад хийсэн. Айлчлалын хүрээнд Арабын түншүүдээ эдийн засгийн хандивлагчаар татаж, Ойрхи Дорнодод шинэ бодлого боловсруулахад ашигласан гэж ажиглагчид дүгнэж байна.
Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж: Монголын үнэн сонины №019/24646/ дахь дугаарыг ЭНД-ээс уншаарай.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна