Ж.Янжмаа: Бид мэргэжлийн инженерүүдээр эгнээгээ тэлэн 60 жилийн ойгоо угтаж байна


“Барилга архитектур корпорац” ХХК-ийн Бүтээгдэхүүн баталгаажуулалтын албаны баталгаажуулалтын ахлах шинжээч, зөвлөх инженер Ж.Янжмаатай ярилцлаа.

-Та “Барилга архитектур кор­порац” хэмээх байгуулла­гатай хэрхэн холбогдон ажил­лаж эхэлсэн бэ?

-Би барилгын материалын үйлдвэрийн технологич инженер мэргэжилтэй. Энэ мэргэж­лээрээ 40 гаруй жил ажиллаж байгаа инженер хүн. 1998 онд барилгын салбарын баталгаажуулалтын  анхны албанд ажиллах технологич инженерийн шалгаруулалтад тэнцэж “Барилга архитектур корпорац”-д ажиллаж эхэлсэн юм. Байгууллагадаа бүтээгдэхүүн баталгаажуулах шинэ ажлыг анхнаас нь гардан ажиллаж байна. Энэ хугацаанд баталгаажуулалтын үйл ажилла­гаанд мөрдөх гарын авлага, дүрэм, 10 гаруй журам заавар, 20 гаруй схем бусад баримт бичгийг боловсруулсан.

-Танай корпорац ямар чиглэ­лээр үйл ажиллагаагаа явуулж байна вэ?

-”Барилга архитектур корпорац” нь архитектур хот байгуулалт, барилгын материал судлал, эр­дэм шинжилгээ, сорилт туршилт, барилгын материал, түүхий эд, бүтээц, бүтээгдэхүүний ба­тал­гаажуулалтын үйл ажиллагаа явуулдаг. Энэ байгууллагын үндэс суурь нь 1965 онд  “Барилгын эрдэм шинжилгээний хүрээлэн” нэртэй тавигдаж байлаа. Энэ онд үүсэж хөгжсөний 60 жилийн ойтойгоо золгох гэж байна. Эх орныхоо барилгын бүтээн байгуулалтад тасралтгүй үйлчилж ирсэн баялаг түүх бүтээсэн хамт олон доо, бид. Зах зээлийн шилжилтийн үед олон газар хувьчлагдаж үйл ажиллагаа нь хумигдаж, өөрч­лөгдсөн байдаг. Харин манай кор­порац мэргэжлийн чиглэлийн бай­гууллага болохоор ч тэр үү үйл ажиллагаагаа хэвээр нь үр­гэлж­лүүлэн явуулсаар байна. Манайх 1997 онд итгэмжлэгдсэн барилгын салбарын анхны тохирлын үнэлгээний байгууллага бөгөөд сорилтын лаборатори, баталгаажуулалтын алба нь ес дэх удаагаа итгэмжлэгдэн үйл ажиллагаа явуулж байна.

-Танай тохирлын үнэлгээ, баталгаажуулалтын ажлын зорилго юу юм. Үнэлгээ, батал­гаажуулалт хийснээр гарах өөрчлөлт, үр дүнгийн талаар мэдээлэл өгөөч? 

-Манай корпорацын үндсэн үйл ажиллагааны нэг нь бүтээг­дэхүүн баталгаажуулалтын ажил юм. Тохирлын үнэлгээ, батал­гаажуулалтын зорилго нь хүний эрүүл мэнд, аюулгүй байдал, хүрээлэн байгаа орчныг хамгаалах, бүтээгдэхүүн үйлчилгээний өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, эрчим хүч, ус, байгалийн нөөцийг хэмнэх, гадаад дотоодын зах зээлд бүтээгдэхүүнийг гаргах таатай нөхцөлийг бүрдүүлэх замаар олон улсын худалдаа, шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагааг өргөжүүлэх бөгөөд гол зарчим нь тохирлын үнэлгээг олон улсын болон бүс нутгийн тогтолцооны чиг хандлагад нийцүүлэх, тохирлын үнэлгээнд тавигдах хэм хэмжээ, шаардлагыг хангах, тохирлын үнэлгээний явцад олж авсан мэдээллийн нууцлалыг хадгалах явдал. Бид энэ зорилго, гол  зарчмыг баримтлан ажилладаг. Өнгөрсөн хугацаанд барилгын салбарын баталгаажуулалтын үйл ажиллагааны нэр хүнд өсөж  хэрэглэгчид бүтээгдэхүүний гарал үүсэл үйлдвэрлэгч, нийлүүлэгчийн чанарын гэрчилгээ, тохирлын баталгаатай эсэхийг хянан нягталж шалган хэвшиж худалдааны гэрээ хэлцэлд худалдан авах бүтээгдэхүүнийхээ чанарын үзүүлэлтийг тусгадаг болсон. Мөн чанарын үзүүлэлт тодорхойгүй бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй байх, баталгаатай бүтээгдэхүүнийг сонгож үндсэн эрх болох аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдэх ач холбогдолтойг ойлгосноос гадна  барилга байгууламжид хэрэглэж буй бүтээгдэхүүн норм дүрэм, стандарт, зураг төсөлд заасан шаардлагын дагуу хийгдсэн, тохирлын баталгаатай эсэхийг барилга байгууламжийг хүлээн авахад үндэслэдэг болсон. Үйлдвэрлэгчид Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 311 дүгээр тогтоолд заасан “Дотоодын чанарын хяналтын журам”-ыг бүрэн хэрэгжүүлэн, үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнийхээ чанарыг бүрэн хянаж сайжруулах, чанараа өөрсдөө хариуцдаг болж бүтээгдэхүүнийхээ нэр хүндийг өсгөх, зах зээлд өрсөлдөх чадвараа дээшлүүлэх замаар үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлэх улмаар үндэсний эдийн засгийн өсөлтийг хангах, дотоодын чанарын хяналтыг оновчтой, зөв хийж тогтворжуулах, чанараа хэрэглэгчийн сэтгэл ханамжид нийцүүлэх мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэж тогтвортой ажиллуулж ур чадвар эзэмшүүлэх талаар анхааран ажиллах болсон нь баталгаажуулалтын үйл ажил­ла­гааны томоохон үр дүн юм.

-Барилгын салбарт ажиллах хүчний хомсдол их байна. Танай байгууллагад мэргэжлийн боловсон хүчний хангалт хэр байдаг вэ?

-Манай байгууллагад дотоод болон гадаадад бэлтгэгдсэн мэргэжлийн инженерүүд ажил­ладаг. Ажиллагсдын 80 гаруй хувь нь мэргэжлээрээ 2-40 гаруй жил ажилласан архитектор, барилга бүтээцийн инженер,  технологич инженер, материал судлаач, химич, барилгын фикикч, мэргэжлийн инженер техникийн ажилтнаас бүрддэг. Монгол Улсын зөвлөх архитектор, шинжлэх ухааны доктор, боловсролын доктор, зөвлөх инженер, магистр, мэргэшсэн инженерүүд ажилладаг гэхээр манай байгууллагын чансаа ойгогдох байх. Мэргэшлийн зэрэг нь инженерийн мэдлэг, ур чадварын хөгжлийг тодорхойлох үнэлэмж учраас ажиллагсдыг мэргэшүүлэх, ур чадваржуулах талаар анхаарч ажилладаг. Манай ажилтнууд мэргэжлээрээ болон ажлын ур чадвар, туршлагаараа олон улсын төслийн шаардлагыг ханган “Оюутолгой” болон бусад төсөлд оролцон ажиллаж байна.

-Барилгын салбарын өнөөгийн байдлыг та хэрхэн харж байна вэ?

-Зах зээлийн шилжилтийн 1990-2000 оны хооронд барилга үйлдвэрлэл,  барилгын материалын салбар уналт зогсолтод орж 2000-аад оны эхэн үеэс сэргэж эхэлсэн. Өнөөгийн байдлаар барилгын салбар эрчимтэй хөгжиж байгаа гэж үздэг. Монгол орны эрс тэс уур амьсгалаас хамааран барилгын бүтээн байгуулалт жилд 5-6 сарын хугацаанд, цаг агаарын таатай нөхцөлд долоон сарын хугацаатай явагдаж байна. Тиймээс цаг уурын нөхцөл байдлаас үл хамааран цутгалтын ажлыг хийх, барилга угсралтад угсармал цутгамал хийцлэлийг хослуулах зэрэг ажлыг хийх шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Мөн ажиллах хүчний хомсдол тулгамдсан асуудал болж байна гэж хардаг.

-Монгол Улсын барилгын материал үйлдвэрлэлийн салбарын хөгжил ямар байна вэ?

-Барилгын материалын салбарт сүүлийн үед олон арван үйлдвэрүүд хүч түрэн орж ирлээ. Тэдгээр үйлдвэр уламжлалт бүтээгдэхүүнээс гадна шинэ, дэвшилтэт технологи шингээсэн үр ашигтай, эрчим хүчний хэмнэлттэй, дуу дулаан тусгаарлах гэх мэт материал бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Үйлдвэрүүд олширсноор бетон зуурмаг, бетон, төмөр бетон хийц бүтээгдэхүүн, цемент, дүүргэгч материал, барилгын цонх, хашлага хийцийн дүүргэлтийн гулдмай, керамик тоосго зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэл дотоодын хэрэгцээг бүрэн хангадаг болсон.

Харин барилга байгууламж, төмөр бетон бүтээцийн үндсэн бүтээгдэхүүн болох ган туйван /арматур/ бусад төмөр хийц, өнгөлгөөний тоосго, засал чимэглэлийн зориулалтын өнгөлгөөний төрөл бүрийн хуурай хольц цавуу, замаска, будаг, эмульс, лак, шингэлэгч, шохой, хөөсөн полистирол хавтан,  ус тусгаарлах зориулалттай хуйлмал материал, цэвэр бохир усны хуванцар хоолой, олон үет сендвич хавтан, барилгын фасадны өнгөлгөөний үет хавтан /сайдинг/, шилэн фасад, паркетан шал, модон материалыг их хэмжээгээр импортлон оруулж ирж байна.

-Дотоодын үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал хангагдаж байгаа юу?

-Тохирлын үнэлгээ явуулж буй бодит байдлаас үзэхэд үйлдвэрлэгчийн чанарын хяналт жигд биш. Хэрэглэж буй түүхий эд, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний чанарын хяналтыг тогтмол, бүрэн, зөв хянахгүй байгаа тохиолдол байсаар байна. Баталгаажуулалтын хяналтын дээжид хийсэн сорилтын үр дүнгээс үзэхэд бетоны үндсэн дүүргэгч материал болох элсний тоос, шавар шороон хольц, элсэнд агуулагдах хайргалаг хэсгийн хэмжээ, хайрга, дайрганы ширхэглэл, хөөсөн болон хийжсэн бетон гулдмайн бат бэх, дундаж нягт, дулаан дамжуулалт, шохойн идэвх, керамик тоосгоны овор хэмжээ, хөөсөн полистирол хавтангийн дундаж нягт, дулаан  дамжуулалтын эсэргүүцэл, ачаалал даах чадвар, полистрол бетоны дундаж нягт, дулаан дамжуулалт, хуванцар хүрээтэй шилэн багцтай цонхны дулаан дамжуулалтын эсэргүүцэл, ялангуяа шилэн багцны үзүүлэлтүүд, бетоны бат бэх хэлбэлзэл ихтэй байгаа нь дулаан хамгаалалтын норм, стандартын шаардлага хангахгүй тохиолдол байсаар байна. Ялангуяа дүүргэгч материалыг үйлдвэрлэхдээ голын ай сав болон дурын газраас олборлосон холимгийг хагас дутуу технологиор бутлан шигшиж байгаа нь ширхэглэлийн хэмжээний үзүүлэлтийг хангахгүй байгаа юм. Бетоны үндсэн дүүргэгч элсний тоос шавар шороон хольцын үзүүлэлтийн чанар хангалт 28.5 хувь, элсэнд агуулагдах хайрганы хэмжээний чанарын үзүүлэлт 42.5 хувь байгаа нь бетоны бат бэх, эдэлгээний чанарт сөргөөр нөлөөлөх нөлөөлөл болдгийг анхаарч ажилламаар байна.

-Стандартын талаарх бодлоосоо хуваалцаач?

-Барилгын болон барилгын материал үйлдвэрлэлийн салбарт шинэ, дэвшилтэт, эдийн засгийн үр ашиг өндөртэй бүтээгдэхүүний үйлдвэрлэл нэмэгдэж буй өнөө үед одоогийн хэрэглэж буй стандартыг хянах, шинэчлэх шаардлага зүй ёсоор гарч байна. Одоо мөрдөгдөж буй стандартын ихэнх нь хуучирсан тухайлбал, инженерийн байгууламжийн бетон, төмөр бетон эдлэхүүний үйлдвэрлэлд 1980-аад онд гаргасан стандарт, ажлын зургийг мөрдөж байгаа нь шинэ төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлтэй нийцэхгүй байна. Мөн шинээр боловсруулж, орчуулж байгаа стандартын чанар хангалтгүй, үзүүлэлт тодорхойгүй дутагдал ч байсаар байна. Монгол Улс Олон улсын стандартчилал болон Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн болсноор стандартчиллыг олон улсын жишигт нийцүүлэх үүрэг хүлээсэн. Олон улсын жишгийн дагуу  бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд үндэсний стандартын чанар, үүрэг их юм. Стандарт нь тухайн орны үйлдвэрлэл худалдааг олон улсын зах зээлд нэвтрэх боломжийг хангадаг учир барилгын материал бүтээгдэхүүний стандартыг нэг бүрчлэн хянах, өөрчлөлт оруулах шинээр боловсруулах ажлыг эрчимжүүлэх, олон улс, евро стандартыг хэрэгжүүлэх шаардлага тавигдаж байна.

-Стандартыг шинэчлэхэд танай байгууллага оролцож ажиллах боломжтой юу гэдэг талаар таны хариултыг аваад ярилцлагаа өндөрлөе.

-Стандарт шинэчлэх, нэмэлт өөрчлөлт оруулахад мэргэжлийн байгууллагын хувьд бид оролцох бүрэн боломжтой. Манайд ирсэн стандартыг өөрчлөх, шинэчлэх саналд бид байнга ач холбогдол өгч мэргэжлийн түвшний саналаа өгч оролцсоор ирсэн.

-Ярилцсанд баярлалаа.

 Эх сурвалж: Монголын үнэн сонины №019/24646/ дахь дугаарыг ЭНД-ээс уншаарай.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Аж ахуйн нэгжүүдийг харилцан ашигтай хамтран ажиллахыг уриаллаа 10 цагийн өмнө
ФОТО: Монголын хүүхдийн спортын VIII наадам эхэллээ 12 цагийн өмнө
Барилгын материалын логистикийн үйл ажиллагаа явуулж буй ААНБ, холбоод… 13 цагийн өмнө
21 аймаг, есөн дүүргийн нутгийн захиргааны байгууллагууд харилцан турш… 13 цагийн өмнө
Ирэх сарын цаг агаарын ерөнхий төлөв 17 цагийн өмнө
БЗД-ийн 19 дүгээр хорооны цэцэрлэгийн барилгын ажил 85 хувьтай үргэлжи… 18 цагийн өмнө
“Хүүхдийн төлөө-миний сонголт” 30 хоногийн аян эхлүүллээ 18 цагийн өмнө
Улаанбаатарт 30 хэм дулаан байна 20 цагийн өмнө
Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай … Өчигдөр
​ Монгол, Австри Улс Хамтарсан тунхаглал гаргалаа Өчигдөр
Дэлхийн уран гулгалтын одод Монголд Өчигдөр
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “Дулааны V цахилгаан станц” барих төсл… Өчигдөр
ОХУ-ын алдарт уран нислэгийн "СТРИЖИ" баг үзүүлбэр Өчигдөр
Истанбулын тохиролцоо Өчигдөр
ДЭМБ түүхэн хэлэлцээрээ батлав Өчигдөр
Ирэх сард хэрэгжих шийдвэр, журам Өчигдөр
Мэдээлэгчийг хамгаалж, урамшуулах зохицуулалтгүй нь авлигыг улам даамж… Өчигдөр
Эв эвдэрч, итгэл задарсан долоо хоног Өчигдөр
Ц.Одхүү: Боломжийг алдахгүй хэрэгжүүлэхэд бид таны гүүр болж тусална Өчигдөр
Ж.Янжмаа: Бид мэргэжлийн инженерүүдээр эгнээгээ тэлэн 60 жилийн ойгоо… Өчигдөр