“Хүүхэд бидний гэрэлт ирээдүй” гэдэг байсан цаг саяхан. Ирээдүйд эх орноо ямар байхаар бид төсөөлнө хүүхэд багачуудаа тийн хүмүүжүүлэх хэрэгтэй болов уу гэж бодно. Монголын гэрэлт ирээдүй болсон хүүхэд залуусыг гадаадын улс орнуудад зуучлан сургах үйл хэргийг эхлүүлсэн байгууллага “U Bright open door” юм. Энэхүү байгууллагын гүйцэтгэх захирал Ц.ОДХҮҮТЭЙ ярилцсанаа хүргэе.
-Ярилцлагаа танай байгууллагын үйл ажиллагаа болоод байгуулагдсан түүхээс эхэлье?
-Манай “U Bright open door” 2024 онд байгуулагдсан бөгөөд АНУ-ын Мэрилэнд муж улсад бүртгэлтэй ашгийн бус байгууллага юм. Бидний хамтрагч “Nacel open door” 1957 онд үндэс сууриа тавьж үйл ажиллагаа явуулж эхлээд 40 жилийн дараа буюу 1997 оны дөрөвдүгээр сарын 1-нд “Nacel Cultural Exchanges”, 1964 онд байгуулагдсан “Open Door Student Exchange” гэх сурагч, оюутан солилцооны хоёр байгууллага нэгдэж “Nacel Open Door” (NOD) үүссэн. Хэдийгээр “U Bright open door” жилийн өмнө байгуулагдсан ч манай хамтрагч “Nacel Open Door” нь 68 дахь жилдээ нийгэмд энэ төрлийн үйлчилгээг үзүүлж байгаа нэр хүндтэй, баялаг туршлагатай байгууллага. “Nacel Open Door” оюутан, сурагч солилцооны чиглэлээр олон жил ажилласан боловсон хүчинтэй, хүний нөөц сайтай ашгийн төлөө бус. Дэлхийн 40 гаруй улстай харилцаа, холбоотой ажиллаж жилд дунджаар хоёр мянга гаруй оюутан, сурагч болон эцэг эхийг АНУ болон бусад оронд солилцооны хөтөлбөрт хамруулж явуулдаг нь нэр хүндийн баталгаа болдог. Харин “U Bright open door” энэ байгууллагын Монгол дахь албан ёсны хамтрагч гэдэг статустайгаар 2025 оны нэгдүгээр сард анхны бүртгэлээ хийж үйл ажиллагаа явуулж эхлээд байна.
-Оюутан, сурагч солилцооны олон байгууллага байдаг. Танай байгууллагын гол чиглэл юу вэ?
-“U Bright open door” үндсэн дөрвөн хөтөлбөр явуулж эхлээд байгаа юм. Оюутан сурагч солилцооны чиглэлээр маш олон хөтөлбөр байдаг боловч бид дөрвөн хөтөлбөрийг гол болгон ажилладаг. Бид үйлчилгээнийхээ нэгдүгээрт “J-1 хөтөлбөр”-ийг онцолсон. Энэ хөтөлбөр АНУ-ын “Public school”-д сурагч солилцооны хөтөлбөрт хамруулдаг. “Public school”-ийг Монгол ойлголтоор улсын сургууль гэж болно. Хөтөлбөрт хамрагдсанаар америк айлд зургаан сараас нэг жилийн хооронд амьдарч, сургуульдаа суралцаж бүтэн жилийн хөтөлбөрөөр академик хичээлүүдээ заалгаад явдаг. Мөн тухайн улсынхаа соёл болоод боловсролын системийг ойлгож, суралцах боломж давхар нээгдэж байгаа юм.
-Хамрагдах хүсэлтэй хүүхэд залуусаас юу шаардагдах вэ?
-Хөтөлбөрт хамрагдах хүүхдүүдэд дунд болон дундаас дээш түвшний англи хэлний мэдлэгтэй байхыг шаардана. Учир нь, хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүд англи хэлээр академик хичээлүүдээ судалж, суралцах шаардлагатай тулгарна шүү дээ. Хүүхдүүд өөрийгөө англи хэлний дунд болон дундаас дээш түвшний мэдлэгтэй гэж үзвэл хөтөлбөрт хамрагдаж болно гэсэн үг. Тухайн улсдаа очоод хэлний түвшнээ шалгуулна. Түвшинг нь тогтоосны дараа академик хичээлд юм уу, хэлний сургалтад суух аль нь ч байсан хамтрагч байгууллагын тухайн сургуулийн гадаад оюутныг хамаардаг консулорууд шахуу программ гарган хичээлийн дараа тулж ажилладаг. Ингэж хэлний эрчимжүүлсэн сургалтад хамрагдсанаар тухайн хүүхэд англи хэлээр хичээлээ ойлгож суралцах боломжтой болно. Нэмээд нэг зүйл тодруулахад энэ хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй хүүхдүүд цаг хугацааны хувьд аль болох эрт бүртгүүлэх хэрэгтэй. Манай хамтрагч байгууллага тухайн хөтөлбөртөө квот тавьдаг. Мэдээж энэ квот нь дүүрчих юм бол нэмж авна гэсэн ойлголт байхгүй. Жишээ нь, 2025-2026 оны хичээлийн жилийн квот дуусчихсан. Тэгэхээр 2026-2027 оны хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй хүүхэд, эцэг эхчүүд нэг хоногийн өмнө ч болов бүртгүүлээд ирэх жилийнхээ төлөвлөгөөг боловсруулж, шаардлагатай бичиг баримтаа бүрдүүлэх хэрэгтэй. Удаах “F-1 хөтөлбөр” нь илүү уян хатан нөхцөлтэй. Энэ хөтөлбөрт хамрагдсан хүүхэд нэг жилээс эхлээд ахлах сургуулиа төгстөл суралцах боломжтойгоос гадна их, дээд сургууль коллежид элсэн суралцах боломжтой визний ангилалд ордог. Хөтөлбөрт 14-18 насны хүүхдүүд хамрагдах бөгөөд АНУ-ын хувийн ахлах сургуулиудад сурагч солилцоогоор очих юм. Мэдээж хувийн ахлах сургууль учраас байгаа муж, сургалтын хөтөлбөр чиглэл, ямар боловсролд түлхүү анхаардаг гэх мэтээс шалтгаалаад төлбөрийн хувьд харилцан адилгүй. Мөн ялгаагүй англи хэлний дунд, дундаас дээш түвшний мэдлэгтэй байх шаардлага тавина.
-Би ерөнхийд нь энэ хоёр хөтөлбөрийг суралцах хугацааны хувьд л ялгаатай юм байна гэж ойлголоо. Төлбөр бол дараагийн асуудал. Хүүхдээс англи хэлний дунд, дундаас дээш мэдлэгийн түвшинтэй байхыг шаардах юм байна. Одоо та бид хоёрт богино хугацааны хөтөлбөр үлдлээ?
-Богино хугацааны хөтөлбөрт 13-аас дээш буюу насны хязгаар байхгүй. Англи хэлний түвшин шаардахгүй. Гол зорилго нь хүүхдүүд АНУ-д аялаад, америк айлд амьдарч үзээд, суралцаад, эцэг эхчүүд мөн ялгаагүй аялж, амьдраад хүүхдийнхээ сурах орчин нөхцөлийг судалж үзээд ирэх юм. Хэрвээ эцэг, эх хэлнийхээ түвшнийг дээшлүүлэх хүсэлтэй бол хоёр болон дөрвөн долоо хоногийн сургалтад хамрагдаж болно. Энэ хөтөлбөрийг аль болох уян хатан байлгах зорилго тавьсан. Бид дэлхийд нэр хүндтэй томоохон байгууллагын Монголын салбарыг хариуцаж байгаагийн хувиар монголчууд Америкт сурч, ажиллаж, амьдрахдаа юу хүсээд байгаа юм бэ гэдгийг ойлгож уг шаардлагад нь нийцсэн хөтөлбөр хэрэгжүүлэхээр зорьж байна. Энэ бол хамгийн том зорилго. Үүнээс гадна “U Bright open door” байгууллага ашгийн бус гэдгийг би өмнө нь дурдсан. Тийм учраас аль болох олон хувь хүн, байгууллага хамрагдана төдий чинээ санхүүгийн дарамт багасах юм. Олон хүн хамрагдсанаар манай байгууллагаас шалтгаалах үйлчилгээний зардал багасна гэсэн үг шүү дээ.
-Та ямар мэргэжил эзэмшсэн бэ. Энэ салбарт хүч үзэхээсээ өмнө хаана ажиллаж байв?
-Миний үндсэн мэргэжил Олон улсын харилцаа. Би 2024 онд Жорж Вашингтоны их сургуульд мэргэжлийнхээ дагуу магистрын зэрэг хамгаалсан. Манайх АНУ-д 20 гаруй жил амьдарсан айл. Энэ хугацаанд би АНУ-ын бизнесийн байгууллагууд, Дэлхийн банк болон Олон улсын валютын сан гэх мэт дэлхийн нэр хүндтэй байгууллагуудад зөвлөхөөр ажилласан. Үүнээс гадна АНУ-д хувийн бизнестэй болж өөрийн хэмжээнд олон талын мэдлэг, туршлага хуримтлуулжээ.
-“Nacel Open Door” байгууллагатай ямар шижмээр холбогдсон бэ. Холбогдох болсон шалтгаан юу байв?
-Өмнө нь байгууллагын түүхийг өгүүлэхдээ адил үйл ажиллагаа явуулдаг хоёр байгууллага 1997 онд нэгдсэн тухай түүх өгүүлсэн дээ. Монгол Улс энэ байгуулагатай урьд өмнө нь холбогдож байсан түүхтэй. Анх 1998 онд энэ байгууллага Монголоос “J-1 хөтөлбөр”-өөр 60 хүүхэд аваачиж сургасны нэг нь миний хань байсан юм. Тухайн үед 16-хан настай охин энэ хөтөлбөрт хамрагдаж явсан нь манай гэр бүл, үр хүүхэд, амьдралд ямар эерэг үр дүн үзүүлэх үүд хаалга нээсний бодит жишээг бид харж болно.
Миний хань мөн Дэлхийн банканд 20 гаруй жил ажилласан бөгөөд сүүлийн таван жил Олон улсын валютын санд ажиллаж байна. Энэ шугамаараа “Nacel Open Door” биднийг онцолж өөрийнхөө цахим хуудсанд “Манай хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүд өөрсдөдөө ийм боломжуудыг нээж, сайхан амьдраад явж байна” гэж онцлон бичсэн. Үүгээр дамжаад “Nacel Open Door” байгууллагаас бидэнд “Та бүгд манай хөтөлбөрүүдийг бүрэн дүүрэн ойлгож, үр ашгийг нь мэддэг хүмүүсийн хувьд Монголд байгаа хүүхэд залууст энэ олон боломжийг нээх гүүр болж яагаад болохгүй гэж” гэдэг санал тавьсан юм. Мэдээж саналыг нь дуртайяа хүлээж авсан. Биднийг өдий зэрэгт хүрэхэд энэ байгууллагын тодорхой хувь нэмэр байгаа гэдгийг хүлээн зөвшөөрөөд “Одоо тэгвэл өөрсдөө бусдад боломж олгох зам гарцыг зааж, өргөн үүд, өөдлөх замынх нь гүүр болж хувь нэмрээ оруулах цаг болжээ” гэж ярилцаад хэрхэн ямар аргаар хөгжүүлэх үндсэн концепцоо тохирсон. Бид дэлхийд нэр хүндтэй, Монголдоо үнэ цэнтэй болохын тулд ашгийн бус, тогтвортой, найдвартай үйл ажиллагаатай байгууллагын үндэс суурийг зөв тавих нь чухал. Олон хүнд нээлттэй үнэн зөв мэдээллээр тогтмол хангах нь үүнд мөн нөлөөтэй.
-Америк автобусанд суугаад л яваад хүрчих улс биш. Хэдийгээр ашгийн бус байгууллага ч гэлээ тодорхой зардал гарч л таарна даа. Төлбөр мөнгө нь ямархуу байх юм бэ?
-Энэ хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүд ямар чиглэлээр суралцах болон сургууль, мужаасаа шалтгаалаад наймаас 10 мянга орчим ам.долларын зардал гарна гэж тооцох ёстой. “Public school” буюу олон нийтийн сургууль нь төлбөргүй байдаг. Гэхдээ зуучлагч байгууллага та бүхний төлөө ажиллаж байгаа бусад хүмүүсийн цалингаас эхлээд тухайн айлд амьдрах зардал мөнгө гэх мэт зардал гарах нь лавтай. Мэдээж энэ төрлийн үйл ажиллагаа явуулж байгаа бусад газартай харьцуулбал бид ашгийн бус болохоор хамаагүй бага төлбөртэй гэдэгт итгэлтэй байж болно. Танаас гарах зардал хүүхдийн тань тэнд байх хугацаандаа амьдрах зардал шүү дээ. Оюутан, сурагч солилцоогоор очсон хүүхдийн амьдрах айлыг манай хамтрагч байгууллага “Nacel Open Door” шалгаж авдаг. Хүүхдийн дур сонирхлын дагуу айлыг нь сонгон суулгана гэсэн үг. Жишээ нь, муурны үсэнд харшилдаг хүүхдийг мууртай айлд хүчээр амьдруулж болохгүй гэх мэт.
-Та АНУ-д амьдардаг гэсэн. Танилцуулга, элсэлтээ цахимаар хийж болох биш үү. Монголд ирсэн шалтгаан юу байв?
-Миний Монголд ирсэн шалтгаан их тодорхой. Монголчуудынхаа үндсэн хүсэлт шаардлагыг сайн мэдрэх хэрэгтэй гэж үзсэний улмаас би ирчихээд байж байна. Бид 2025 оны зуны хөтөлбөрийнхөө өргөдлийг тавдугаар сарын 19 хүртэл хүлээж аваад дууслаа. Энэ нь зургадугаар сарын 28-аас долдугаар сарын 26 хүртэл АНУ-д очиж хүүхдийн сурах орчин, нөхцөл байдалтай танилцах, айлд амьдрангаа хэлний мэдлэгээ дээшлүүлэх туршилт, мөн тандалт маягийн дөрвөн долоо хоногийн богино хугацааны хөтөлбөр. Монголчууд маш их сонирхож байна. Гэхдээ бидэнд болон манай хамтрагч байгууллагад холбоо сүлбээ их байдаг учраас гол асуудал нь монголчууд маань юу хүсэж байгаа вэ гэдгийг л мэдэх нь чухал байлаа. Үүнийг мэдсэний үндсэн дээр суурилсан нийлүүлэлтийг хийх нь бидний хувьд зөв юм байна гэдэг чиглэлтэй байгаа.
-Амьжиргааны түвшин доогуур хэрнээ сурлага сайтай, үнэхээр сурах чин эрмэлзэлтэй хүүхэд энэ хөтөлбөрт хамрагдахыг хүсэж байгаа даа?
-Манай байгууллага яг энэ асуудалд шинэ төсөл боловсруулаад явж байна. Миний Монголд ирсэн бас нэг шалтгаан нь энэ. Англи хэлний сургалтын төв, сургуулиудтай байнгын холбоо тогтоож хамтран ажиллах хүсэлтэй байгаа. Би эдгээр байгууллагаас хоёр зүйл хүссэн. Нэгдүгээрт, тухайн оршин байгаа тойрогт байгаа айл өрхийн хүүхдүүдээс сурлага сайтай хэрнээ төлбөрийн боломжгүй ч юм уу өнчин ядуу нэг хүүхдийг сонгоод англи хэлний сургалтад хамруулж манай хөтөлбөрт хамрагдаж болохуйц түвшинд хүргээд өг. Хоёрдугаарт, манай байгууллагын хамтрагч байгууллага болчих гэж байгаа юм. Ингэснээр тухайн хүүхдийг бид ямар ч төлбөргүйгээр “J-1” хөтөлбөр болон “F-1” хөтөлбөрийнхөө алинд нь ч хамруулаад цааш сурах нөхцөлийг нь бүрдүүлээд явах боломжтой. Нэг байгууллага нэг хүүхэдтэй ажилласнаар 100 байгууллага бидэнтэй хамтарснаар 100 хүүхэд ирээдүйнхээ гараас атгаад авлаа гэсэн үг. Бид өнөөдөр хэдий боломжгүй байгаа ч хамтдаа хичээх юм бол хэн нэгний амьдралд гэрэл асаах гарц шийдэл үргэлж байдаг юм байна гэдгийг нийгэмд харуулах өргөн хүрээний том төсөл яригдаад ажил болгохоор зүтгэж байна. Энэ төслийг хэрэгжүүлэхийн тулд тодорхой хэмжээний хөрөнгө зардал, санхүү мөнгө яригдах тул төслөө ойрын хугацаанд хэрэгжүүлнэ гэсэн зорилт тавиад явж байна. Төслөө хурдан хэрэгжүүлэхийн тулд бидэнд олон хамтрагч байгууллага хэрэгтэй. Байгууллагууд энэ төслийн ач холбогдлыг ойлгож бидэнтэй хамтран ажилласнаар өөрсдийн нэр хүндийг нийгэмд эергээр сурталчлах бас нэгэн боломжийг атгаад авлаа гэсэн үг.
-Бидний ярилцлага өндөрлөж байна. Таныг нийгэмд хандаад нэг өгүүлбэр хэлээч гэвэл?
-Хүн болгонд боломж байдаг. Бид тэр боломжийн үүд хаалгыг нээхэд танд туслах гүүр нь болохыг хүсэж байна.
Трамп Төмөрөө
Эх сурвалж: Монголын үнэн сонины №019/24646/ дахь дугаарыг ЭНД-ээс уншаарай.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна