Нийгэм даяар уур бухимдалтай, намын дарга нарт халгаатай, жагсаал цуглаан, хурал олонтой, улс төрийн түүхэнд тодоор бичигдэж үлдэх өдрүүд өнгөрсөн долоо хоногт тохиов. “Огцрох амархан жагсаал”, огцруулахыг үл хүсэгчдийн жагсаал урд урдаасаа тулж, Сүхбаатарын талбай дээр халз мэтгэлцэж хүртэл үзлээ. Гэхдээ Монголын улс төрд иргэдээ хүндлэх шинэ соёл төлөвшиж эхэлж байгааг олон нийт харлаа. Монгол Ардын Намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ намын Бага хурлынхаа зургадугаар хуралдааныг яаралтайгаар хуралдуулж, гишүүдийнхээ үгийг хүндэтгэлтэйгээр сонсон, санал бодлоо хуваалцаж, хамтарсан Засгийн газарт нэгдсэн намууд гэрээгээ биелүүлж байгаа эсэхийг тэдний саналаар дүгнүүлэв. “Хамтарсан Засгийн газар” гэдэг нэг малгай дор нэгдсэн хэрнээ үргэлж Засгийн газрыг шүүмжилж, огцрохыг шаардаж, гарын үсэг цуглуулж, байн байн хэвлэлийн хурал зарлаж, өөрсдийгөө товойлгохыг хүсдэг АН-ын залуу гишүүдийн үйлдэл ийнхүү тус намыг хоймроос чирж хатавчинд суулгах замыг засаж өгөв. “Засгаа авч үлдэхийн тулд хоёр триллион төгрөг зарцуулж байгаа” гэдэг худал мэдээлэл хүртэл тарааж байсан Ч.Лодойсамбуу тэргүүтэй гишүүд энэ шийдвэр гарсны дараа “Бид зүгээр л шүүмжилсэн шүү дээ” гэсэн агуулгатай зүйл ярьж явна. Гэхдээ нэг намын эрх ашиг бус нийт монголчуудын эрх ашиг, эв нэгдлийг тэд доош чирсэн гэдгийг цаг хугацаа гэрчлэх биз. Хамтарсан Засгийн газар байгуулахаар нэгдэж байсан АН-ын дарга Л.Гантөмөр намын даргын ажлаа өгнө гэдгээ мэдэгдлээ. Сүүлийн найман жил дараалан тамга тэмдгээ булаацалдаж, эв нэгдлээ алдаж, эрх мэдлийн тухай ярих нь хүртэл утгагүй болчихоод байсан АН-ыг маш богино хугацаанд засаж, засаглалд хүртэл оруулж ирсэн Л.Гантөмөр үгэнд орохгүй, нүд рүүгээ хайч зоочих гээд байдаг дүрсгүй хэдэн хүүхэд шиг гишүүдийнхээ ааш аягийг хүлээн зөвшөөрч, хүлцэж суухад хэцүү байгаагаа ийнхүү мэдэгдлээ. Монгол Ардын Намын Бага хурлын зургадугаар хуралдаанаас гаргасан шийдвэр унтаа байсан улс төрийн намуудыг сэргээж, цахим орчноор дүүрэн “мэргэч”, “төлөгч” гарч ирж улс төрийн зургийг хүн бүр л өөрсдийнхөөрөө зурах гэж оролдож байна.
УИХ-ын чуулганаар Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Донор, тэр тусмаа нас барсан хүний эд эрхтнийг шилжүүлэх асуудал монгол хүний хувьд тун ч адармаатай, ээдрээтэй хэрэг. Нас барсан хүнээ “бурхан болооч” гэж хүндэлдэг монголчуудын сэтгэл зүй хийгээд эрүүл мэндийн байгууллагын өнөөгийн тогтолцоо, эмч нарын аюулгүй байдалд тохирсон хууль батлах гэж УИХ-ын эрхэм гишүүд үнэндээ л толгойгоо гашилгаж, “Батчулуун эмч” гэсэн ганцхан жишээтэй, тэр жишээгээ тойрон маргалдаж сууна. Хамгийн гол нь амьгүй донорын ар гэрт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг өгөх тухай асуудал олон хүнийг айлгаж, бас болгоомжлоход хүргээд байна. Мөнгөтэй холбоотой асуудал гарч ирж байгаа учраас донорыг хамгаалах асуудал ч мөн урган гарах нь тэр.
Үүнээс гадна Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг Засгийн газраас УИХ-д өргөн барьсан. Гэхдээ энд тоо баримт зөрүүтэй, маргаан тарьсан багагүй асуудал дэгдэв. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан “Казахстанд Монгол Улсын 8000 хүн оршин сууж байгаагаас, 3115 нь хөдөлмөр эрхэлж байна гэсэн албан ёсны тоо бий. Хэлэлцээрт гарын үсэг зурснаар тэнд үлдсэн, буцаж ирсэн иргэдэд хоёр боломж нээгдэнэ. Нэгд, 1998 оноос өмнө Казахстан улсад шимтгэл төлж байсан хүн ажилласан жилээ тооцуулаад Монгол Улсаас тэтгэвэр тогтоолгож авах боломж бүрдэнэ” гэж мэдэгдэж байгаа. Гэвч УИХ-ын гишүүн Б.Бейсэн “ Анх ерээд онд хөдөлмөрийн гэрээгээр монголчууд Казахстан руу явсан. Үүнээс 61,000 хүн Казахстаны иргэншил авсан, 1.7 мянган хүн буцаж иржээ” гэсэн тоо баримт дэлгэлээ. 50 гаруй мянган монголчууд Казахстанд суурьшсан гэдэг энэ тоо баримт олон хүнийг гайхшируулсан гэдэг нь тодорхой.
Өнгөрсөн долоо хоногийн хамгийн таагүй зүйл Ухаа худагийг 350 сая ам. долларын барьцаанд тавьсан гэх мэдээлэл байлаа. Үүнийг Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл үгүйсгэсэнгүй. Тэрбээр “Тавантолгойн Ухаа худаг ордтой холбоотой санал дүгнэлт гаргах ажлын хэсгийг өнгөрсөн хоёрдугаар сарын 17-нд Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэж байгуулсан. Бид санал дүгнэлтээ гаргаад УИХ-д хүргүүлсэн. Хэлэлцэхгүй байсан. Тавдугаар сарын 8-нд УИХ дээр ажлын хэсэг байгуулагдсан. Гэтэл энэ хугацаанд буюу гуравдугаар сарын 26-ны өдөр Ухаа худагийн орд газрын эзэмшиж үйл ажиллагаа явуулж байгаа "Энержи Ресурс" ХХК 350 сая ам.долларын өрийн бичиг босгосон байна” хэмээн мэдэгдсэн юм. Монголын тэргүүн баячуудын нэг Ж.Оджаргал Баялгийн сангийн тухай хуулийн дагуу Ухаа худагийн 34 хувийг төрд өгөхөөс өмнө яарч сандран зээл авч, орд газрыг барьцаанд тавьжээ. Энэ асуудлыг дагаад MCS компаниас хандив авсан УИХ-ын гишүүд, Тавантолгойн Ухаа худаг ордтой холбоотой санал дүгнэлт гаргах ажлын хэсгийнхэн хардлага сэрдлэгт өртөж байна.
Хоёрхон жилийн өмнө дампуурлаа зарлахад бэлэн болоод байсан Хөгжлийн банк өр авлагаа цэгцэлж, 1.2 их наяд төгрөгийн авлага барагдуулсан гэдэг сайхан мэдээг эдийн засагчид дуулгалаа. Тус банкийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн харьяа хуулийн этгээдэд эзэмшүүлэх замаар дүрмийн санг 1.5 их наяд төгрөгөөр нэмэгдүүлэх шийдвэр гарсан байна. Үүнээс гадна Хөгжлийн банкны хувь нийлүүлсэн хөрөнгийг нэг бүр нь 100 мянган төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий зургаан сая ширхэг энгийн, нэг бүр нь 100 мянган төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий есөн сая ширхэг давуу эрхийн хувьцааг нэмж гаргахаар болжээ.
Жил бүрийн хавар монголчууд мод тарих ажилд оролцож Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөрдөлгөөнд нэгддэг. Урьд өмнө албан газруудын хашаанд мод тарьдаг байсан бол энэ жилээс айлуудын хашаанд мод тарих ажил эхэлжээ. Гэхдээ бүр үнэ төлбөргүйгээр айлуудад мод тарьж өгөх юм байна. “Хашаандаа таван мод тарья” нэртэй аяныг нийслэлийн долоон дүүрэг ,108 хороо, 16 аймгийн 32 суманд хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Нийслэлийн хэмжээнд 8000 гаруй өрхийн хашаанд өрөл, голт бор, монос, гүйлс, буйлс зэрэг навчит модны 3-4 настай 40 мянган суулгацыг тарина. Айл өрхүүдэд мод тарих төслийг хэрэгжүүлэхэд ААН, ТББ, нөхөрлөлүүд стандартын дагуу услах, өвчин хөнөөлт шавжаас хамгаалах, хөрс сийрүүлэх, мэргэжил арга зүйн зөвлөгөөгөөр хангаж ажиллах бөгөөд мод тариулах хүсэлтэй иргэдийг E-Mongolia аппликэйшнээр бүртгэж эхэлжээ.
Долоо хоногийн эхэнд жагсаал цуглаан, уур бухимдал, хөөрөл, хийрхэлд дарагдаж байсан Сүхбаатарын талбай долоо хоногийн төгсгөлөөр цэцэг, инээд, хайр хүндлэл бахархлаар бялхаж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс “Алдарт эхийн одон”-оо гардаж авч байгаа ээжүүд, мөнгөн хонхны баяраа тэмдэглэн хөөрч дэрвэх залуус, Монгол Улсад иргэний агаарын тээвэр үүсэж хөгжсөний 100 жилийн ойгоор төрийн дээд одон медалиар шагнуулсан нисгэгч нарын бахархлаар дүүрэв. Амьдрал баян гэж юутай үнэн...
Б.Нүүдэл
Эх сурвалж: Монголын үнэн сонины №019/24646/ дахь дугаарыг ЭНД-ээс уншаарай.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна