Нийслэлийн салбар бүрд мэдээлэл, технологийн шийдлийг ашиглан, иргэдийн ажиллаж, амьдрахад таатай ухаалаг хотыг бий болгохын тулд үндэсний гэх тодотголтой 70 гаруй аж ахуйн нэгж, 1000 гаруй IT инженер хамтран ажиллаж байна. Энэ хүрээнд 2022-2024 онд Улаанбаатар хотын цахим шилжилтийг хувийн хэвшилтэй хамтран хэрэгжүүлэх томоохон төслүүдийг Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар УИХ болон Засгийн газрын гишүүд, НИТХ-ын төлөөлөгч нар болон улаанбаатарчуудад танилцуулав. Цахим шилжилт нь авлига, хүнд суртлыг бууруулж, төрийн үйлчилгээг ил тод болгохоос гадна иргэдийн цаг, зардал мөнгийг хэмнэх зэрэг олон давуу талтайг хотын дарга онцоллоо. Улаанбаатар хотын “Дижитал шилжилт”-ийн төлөвлөгөөг олон улсын жишиг, өөрийн орны онцлог, иргэдийн соёл уламжлал, байгаль орчны эрс тэс уур амьсгал, төрийн байгууллагын онцлогт тулгуурлан Цахим засаглал, Зам, тээврийн нэгдсэн ухаалаг систем, Аюулгүй хот гэсэн гурван дэд бүлэгт хуваажээ.
UB ERP систем
Нийслэлийн бүх шатны 1322 байгууллагын 30 мянга гаруй төрийн албан хаагч хоорондоо орон зай, цаг хугацаанаас үл хамааран харилцан, албан бичиг шуурхай солилцох нэгдсэн платформтой болж, цаасан суурьт ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлжээ. Нэг албан тоотыг илгээхэд шаардагддаг байсан хугацаа, цаас, шуудангийн зардлуудыг халж, 2.4 сая албан бичгийг цахимаар солилцсоноор 2.5 сая цаас хэмнэсэн байна. Мөн иргэдээс нийслэлийн албан тушаалтан, байгууллагад хандан гаргасан өргөдөл, гомдлыг цахимаар, утсаар, биечлэн гэсэн гурван төрлийн 12 эх үүсвэрээр, өдөрт 500 гаруй өргөдөл хүлээн авч, нэгдсэн системд оруулан, хариуцсан албан тушаалтан руу шилжүүлэн, хяналтыг цахимаар тавих, шийдвэрлэлтийг иргэнд шуурхай хүргэх боломж бүрдүүлсэн нь том шинэчлэл гэдгийг хотын дарга Д.Сумъяабазар онцоллоо.
E-Service, E-Mongolia
2018 онд нийслэлийн цахим үйлчилгээний “E-SERVICE” системийг хэрэглээнд нэвтрүүлж, 13 байгууллагын 123 үйлчилгээг цахимжуулсан нь богино хугацаанд иргэдийн хэрэглээнд амжилттай нэвтэрсэн. Үүнээс гарч буй эерэг үр дүн, туршлага нь төрийн цахим үйлчилгээний нэгдсэн “E-Mongolia” системийн сайн туршлага болжээ. Өнөөдрийн байдлаар “E-Mongolia” систем нь төрийн 764 үйлчилгээг нэвтрүүлж, иргэдэд давхардсан тоогоор 10 сая гаруй удаагийн цахим үйлчилгээ үзүүлж, 167 тэрбум орчим төгрөг хэмнэжээ.
Онлайн бизнес төв
Нийслэлээс иргэн, аж ахуйн нэгж байгууллагад үзүүлдэг нийт 42 байгууллагын 589 төрлийн үйлчилгээ байдаг аж. Үүнээс 225 нь зөвшөөрөл болон зөвшөөрлийн шинжтэй үйлчилгээ юм. Тэдгээрийг авахад олон шат дамжлагатай, бүрдүүлэх бичиг баримт их, мэдээ, мэдээлэл хангалтгүй, зөвшөөрөл олгох хүсэлтийн хариу удаан, дараалал ихтэй зэрэг бэрхшээл гардаг байсан. Тэдгээр үйлчилгээг ажлын 7-30 хоногт авдаг байсныг шийдвэрлэхийн тулд бизнес эрхлэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, төрийн үйлчилгээг хүнд сурталгүйгээр хүргэх “Онлайн бизнес төв”-ийг 2022 оны нэгдүгээр сард байгуулжээ. Ингэснээр дүүргүүдээс олгодог 83 нэр төрлийн, зөвшөөрлийн шинжтэй эрх олгодог үйлчилгээнүүдийн бүрдэл бичиг баримт, шат дамжлагыг багасган, цахимжуулж, таван минутын дотор үйлчилгээг авах боломжтойгоор хэрэглээнд нэвтрүүлсэн байна. Цаашид НЗАА-ны 30 үйлчилгээ, барилгын үйл ажиллагаатай холбоотой 70 үйлчилгээг цахимжуулах гэнэ.
“Дижитал Сити” гар утасны аппликейшн
Нийслэлийн 204 хороонд 1832 хэсгийн ахлагч 420 мянга гаруй өрхийн 1.6 сая иргэнд төрийн анхан шатны үйлчилгээг үзүүлэн ажилладаг. Хэсгийн ахлагч нар иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч, нийслэл, дүүргээс хэрэгжүүлж байгаа бодлого, шийдвэр, үйл ажиллагааг иргэд, аж ахуйн нэгжид хүргэх, орчны хяналт тавих, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үндсэн үүрэгтэйгээр ажилладаг. Эдгээрийг хөнгөвчлөх “Дижитал Сити” гар утасны аппликейшн, хэсгийн ахлагчдын системийг нэвтрүүлэх аж. Ингэснээр анхан шатны нэгж болох хэсгийн ахлагчдын үйл ажиллагаа цахимжих юм. Түүнчлэн тус аппликейшнийг ашиглан Монгол Улсын болон Засгийн газрын бодлого, үйл ажиллагааг оновчтой хэрэгжүүлэх, УИХ болон НИТХ-ын гишүүд сонгогдсон тойрогтоо санал асуулга явуулах, судалгаа авах бүрэн боломжтой болно гэж хотын дарга ярилаа.
Боловсрол /E-school/
Улаанбаатар хотын хэмжээнд төр, хувийн хэвшлийн ерөнхий боловсролын нийт 285 сургуульд 712 мянган сурагч суралцаж, 35 мянган багш ажилладаг гэсэн албан тоо бий. Эдгээрийн оролцоог тэгш хангах, ил тод байдлыг нэмэгдүүлэх, тулгамдаж буй бэрхшээлийг шийдвэрлэх, багш болон сургуулийн механик, олон давтамжтай гүйцэтгэдэг ажлыг хөнгөвчлөх зорилгоор E-school боловсролын нэгдсэн платформыг эхний ээлжид Улаанбаатар хотын төвийн зургаан дүүргийн 40 ЕБС-д нэвтрүүлэхэд бэлэн болжээ. Тус системээр дамжуулан сургуулийн удирдлага, багш, эцэг эх, сурагчид мэдээллээ цаг алдалгүй авах, солилцох, сурагчдын мэдээллийг эцэг, эхчүүд цахимаар ил тод авах, хяналт тавихаас гадна сурагчдын үдийн хоол болон хүүхдийн автобус үйлчилгээнүүдэд хяналт тавьж, эрүүл, аюулгүй орчинд сурч боловсрох, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх боломж бүрдэх юм.
Зам, тээвэр
Хотын хамгийн тулгамдсан асуудал бол түгжрэл. Нийслэл 1.6 сая оршин суугч, 600 мянга гаруй автомашин, 1381 км хатуу хучилттай авто замтай. Богино хугацаанд авто замын хүртээмжийг нэмж, шинэ зам барих нь цаг хугацаа, төсөв санхүүгийн хувьд хүндрэлтэй. Тиймээс түгжрэлийн суурь шалтгаанд үндэслэн төрийн шат шатны 40 гаруй байгууллага хамтран ажиллаж байгаа ажээ. Энэ хүрээнд есөн дэд систем бүхий төсөл, арга хэмжээний шийдлийг боловсруулан хэрэгжүүлэхэд бэлэн болсноо дуулгалаа. Үүнд:
RFID систем
Газрын зургийн суурь систем
Тээврийн хэрэгслийн цахим үйлчилгээний нэгдсэн систем “Smartcar”
Шалган бүртгэх товчоодын төлбөрийн систем
Видео менежментийн систем
Нийслэлийн дата төв
Авто зогсоолын нэгдсэн систем
Нийтийн тээврийн систем
Мэдээлэл солилцооны дэд систем
Эхний ээлжид дотоодын нөөц бололцоонд тулгуурлан зөв менежментийн дагуу төслүүдээ хэрэгжүүлнэ. Замын хөдөлгөөний бодит эрчмийн мэдээлэлд тулгуурлан цаашдын төлөвлөлт, арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор нийслэлийн уулзвар, цэгүүдэд радио давтамж тодорхойлох RFID дэвшилтэт технологийг суурилуулан, хэрэглээнд нэвтрүүлэх гэнэ. Энэхүү төхөөрөмж нь нийслэлийн замын хөдөлгөөнд оролцогч бүх тээврийн хэрэгсэлд хяналтын цахим гэрчилгээг суурилуулж, тухайн тээврийн хэрэгслийн зорчилт, бүртгэл, эзэмшигчийн мэдээлэл, холбогдох татвар, хураамж, торгууль оношилгооны мэдээллийг төрийн чиг үүргийн байгууллагуудад шууд хүргэх технологи юм.
Камержуулалт
Улаанбаатар хотын хэмжээнд нэгдсэн камерын хяналтын систем байдаггүй бөгөөд 30 гаруй тусдаа систем ашигладаг юм байна. Нэгдсэн төлөвлөлтгүй байснаас болж чиг үүргийн байгууллага тус бүр камер суурилуулалт хийх дэд бүтэц, шилэн кабел татахад ихэнх төсвөө зарцуулж, мөн хямд гэх нэрийдлээр чанаргүй тоног төхөөрөмж суурилуулдаг. Үүнийг халж өөрийн орны онцлогт тохирсон нэгдсэн төлөвлөлт, стандартын дагуу зөрчил илрүүлэх аналитик систем бүхий камерыг суурилуулахаар эхний ээлжид Энхтайваны өргөн чөлөөний нэгдүгээр эгнээний нийт 44 цэгт 45 зөрчлийн камер, Баянгол дүүргийн Модны 2-ын уулзвар орчмын гурван цэгт зөрчил илрүүлэх камер суурилуулж байгаа аж. Харин камерын хяналтгүй бүсүүд дэх гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх зорилгоор эхний ээлжид хөдөлгөөнт эргүүлийн 16 авто машиныг орчин үеийн камераар тоноглож явуулах юм байна.
Smartcar систем
2016 оноос өмнө иргэд тээврийн хэрэгслийн татвар, даатгалаа төлөх гэж аль нэг банк, нэг цэгийн үйлчилгээний төвд дугаарлаж, цаг хугацаа алддаг байсан. Тэгвэл 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1-ний байдлаар нийт 147 мянган тээврийн хэрэгслийн 12.2 сая төгрөгийн татварын орлогыг, 153 мянган тээврийн хэрэгслээс 3.8 тэрбум төгрөгийн торгуулийн орлогыг тус тус улсын төсөвт төвлөрүүлжээ. Уг суурь системийг хөгжүүлэн, нийслэлийн нутаг дэвсгэрт ачаа тээвэрлэх эрх, ачааны автомашиныг цагийн хязгаарлалттай оролцуулах түр зөвшөөрлийг цахимаар олгох, ажилчдын автобусны зөвшөөрөл олгох үйлчилгээ, авто зогсоолтой холбоотой сул зогсоол болон дүүргэлтийн мэдээллийг харж онлайнаар захиалах, төлбөрөө төлөх зэрэг олон төрлийн үйлчилгээ, мэдээллийг нэгтгэн, хөгжүүлэлт хийж байгаа аж.
Хотын даргын хэлснээр, нийслэлийн түгжрэл, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах зэрэгтэй холбоотой 300 гаруй асуудлыг 36 болгож багцалжээ. Үүнээс 27-г нь үндэсний компаниудтай хамтран шийдэхээр ажиллаж буйгаас өнөөдрийн байдлаар 12 нь хэрэгжиж эхэлсэн байна. Хотын дарга Д.Сумъяабазар “Цаашид үе шаттайгаар төслүүдийг хэрэгжүүлснээр Улаанбаатар 2024 оны арванхоёрдугаар сар гэхэд цахим хот болно. Уг ажлын зардал 23 тэрбум төгрөг бөгөөд хэрэгжүүлснээр гарах шууд болон дам нөлөөг мөнгөөр хэмжишгүй, энэ бол хөгжлийн хурдасгуур” гэв.
Б.Мөнхзул
Эх сурвалж: Монголын үнэн сонин 042/24523/