Европын социалистууд шинэчлэл хийнэ


Европын социал демократ намуудын  их хурал Берлинд болж өндөрлөлөө.  Их ху­ралд Европын зүүний үзэл ба­римтлалтай 33 намын дарга нар, төлөөлөгч, Евро­комиссын зарим гишүүн, Германы канцлер Олаф Шульц, Испанийн Ерөнхий сайд Педро Санчес, Финландын Засгийн газрын тэргүүн Санна Марин, Португалын Ерөнхий сайд Антонио Коста нар оролцжээ. Германы Социал демократ намын зохион байгуулдаг уг хурлаар PES-ийн улс төрийн хөтөлбөрийг баталдаг. Украины дайны үеийн Европын эрчим хүчний аюулгүй байдал, ногоон шилжилт, цагаачлал хурлын  гол сэдэв байв. 

Зүүний улс төрийн хүчнүүдийг нэгтгэсэн Европын социалистуудын намын (PES) даргаар Шведийн Ерөнхий сайд асан Стефан Лёфвенийг сонгосон байна. Өдгөө 65 настай улстөрч цорын ганц нэр дэвшигч байсан бөгөөд 262 төлөөлөгчөөс 255 нь дэмжсэн. Стефан Лёфвен 2014-2021 онд Шведийн Засгийн газрыг тэргүүлсэн.  Тэрбээр Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа улс төрийн хуваагдал, туйлшралыг хазаарлаж чаджээ. Түүний өмнө PES-ийг Болгарын Ерөнхий сайд асан Сергей Станишев даргалж байв. PES Европын парламентад хамгийн олон төлөөлөлтэй хоёр дахь фракц юм. Социалист бүлгийн түүх  1952 оноос эхлэлтэй.  Социалист намуудын холбоог  1973 онд байгуулж, 1992 онд Европын социалистуудын нам болгосон.  Тус нам нь Социнтерний нэг хэсэг юм.

 Скандинавын нийгмийн ардчиллыг хүлээн зөвшөөрөв

 Стефан Лёфвен  “Бидний зорилго хэт туйлшрал биш, харин иргэдийн амьдралыг сайжруулах бодит арга хэмжээ авах. Манай богино хугацааны төлөвлөгөө бол 2024 оны Европын сонгуульд ялах. Хамтдаа тууштай байх ёстой. Бид үймээн самуунтай цаг үед амьдарч байна.  Аюулгүй байдал, уур амьсгалын өөрчлөлт, өсөн нэмэгдэж буй тэгш бус байдал, ардчилалд заналхийлж эхэлсэн нь тулгамдсан сорилт.  Энэ цаг үед Европын социал демократууд чухал үүрэг гүйцэтгэх ёстой. Хэт барууны үзэлтнүүд биднийг хагаралдуулахыг эрэлхийлдэг. Хэт барууны намууд Европод хөгжих хандлагатай байна. Италид төдийгүй Польш, Унгарт эдийн засгийн аюулгүй байдал, соёлын шилжилт, гэмт хэргийн улмаас цагаачдыг буруутгаж, авторитаризмыг санал болгосон. 

Европын улс төрийн энэ үймээн самуунтай эрин үед нийгэмд өрнөж буй өөрчлөлтийн хурдац сонгогчдыг хэт даврагч намуудын гарт аваачих уу гэдгийг цаг хугацаа л харуулна” гэжээ.  Түүний байр суурь барууны намуудтай хамтран ажиллах хэтийн төлөвийг үгүйсгэсэн юм.  Европын парламент дахь Социалист ардчилсан намын бүлгийн дарга Иратсе Гарсиа Перез илүү хатуу байр суурь баримтлахыг хүссэн.

Польшийн “Льюика” намын дарга, Европын парламентын гишүүн Роберт Бидроны хэт барууны намуудыг “бүтэхгүй амлалт өгдөг” хэмээн шүүмжилжээ. Тэрбээр Польшийн эрчим хүчний аюулгүй байдлыг жишээ болгосон байна. Германы социал демократ Габриэле Бишофф хэт барууны үзэл баримтлалыг "аюултай" гэж тодорхойлоод Виктор Ор­баны Засгийн газартай эвсэх эрсдэлтэйг онцолсон. Харин Германы канцлер Олаф Шульц “Европын холбоонд шинэчлэл хийх шаардлагатай. 

Дэлхийн хүн ам удахгүй 10 тэрбумд хүрнэ. Тэр цагт үнэт зүйлээ хамгаалахын тулд эрх тэгш улсыг багтаасан Европын нэгдсэн холбоо байгуулах хэрэгтэй. Хүн амын тоо хүчний тэнцвэрт нөлөөлнө. Тиймээс Европын холбоонд элсэх хүсэлт гаргасан орнуудыг дэмжинэ” гэжээ. 

Европын социалистууд Стефан Лёфвенийг олноороо дэмжсэн нь Скандинавын нийгмийн ардчиллын хүчтэй байр суурийг хүлээн зөвшөөрсөн хэрэг гэж ажиглагчид үзэж байна.  Социализмын хөгжил цэцэглэлтийн жишээ бол Скандинавын орнууд.  Социал демократ намууд энэ бүс нутагт сэргэн мандалтын үеэ туулж байна. Тэнд социал демократууд өдий хүртэл   оршин тогтносныг “Скандинав загвар”-аар тайлбарладаг. 

Скандинавын загвар  1970-аад онд нийгэмд улс төрийн томоохон өөрчлөлтүүд авчир­сан. Тухайлбал,  татвар нэ­мэгдэж, халамж, тэтгэмж илүү өгөөмөр болсон.  1870-1970 онд Шведийн нэг хүнд ногдох ДНБ арав дахин нэмэгдсэн нь тивдээ тэргүүлэх өсөлт юм.  Өнөөдөр Скандинавын социал демократууд цагаачлалын бодлого, халамжийн сис­темдээ хатуу шаардлага тавьдаг. Тэд бизнест ээлтэй бодлого, татварыг бууруулах санаачилгыг дэмжиж байна.

Хойд Европын социал демократууд чөлөөт худалдаа, чөлөөт аж ахуйн нэгжийн үзэл санааг суртал­чилдаг.  Эдийн засгийн эрх чө­лөөний индексээр Дани, Исланд улс дэлхийд 10, 11 дүгээрт, Финланд 17, Швед 21, Норвеги 28 дугаар байрт жагсдаг.

 Макрон, Шульцын тулаан

 Франц, Германы улс төрийн тэмцэл эртээс улбаатай. Тэдний маргаан Батлан хамгаалахаас эхлээд эрчим хүчний бодлого хүртэл Европын холбооны ахиц дэвшлийг саатуулаад байна.  Хоёр улсын Засгийн газрын уламжлалт зөвлөлдөх уулзалтын өмнө­хөн Эммануэль Макрон, Олаф Шульц нар хэлэлцээр хийсэн. Парисын уулзалтын дараа Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон хамтарсан хэвлэлийн бага хурал хийхээс татгалзсан. Үүнийг “Политико” тэргүүтэй хэвлэлд “Германы канцлерыг доромжиллоо” гэх зэргээр бичсэн.

Айлчлалаар ирсэн гадаадын төр, засгийн тэргүүнтэй хамт хэвлэлийн бага хурал зарлахаас татгалзах нь ихэвчлэн зэмлэх маягтай улс төрийн тактик юм. Тухайлбал, Унгарын Ерөнхий сайд Виктор Орбаныг Берлинд айлчлахад хэвлэлийн бага хурал зарлаагүй.  Энэ бол Шульц канцлерын албан тушаалаа авснаас хойших анхны зөвлөлдөх уулзалт юм. Хоёр улсын албаны хүмүүс бие биенээ хоёр нүүртэй, хувиа хичээсэн гэж буруутгаж байсан. Тухайлбал, Берлиний төлөөлөгч Францын Засгийн газрыг Украин руу зэвсэг тээвэрлэхдээ алгуурласан, эрчим хүчний татаасын бодлогыг шүүмжил­жээ. Харин францууд Герма­ны улс төрийн дотоод асуу­дал тэр дундаа засгийн эрхэнд гарсан социалистууд  түншүүдтэйгээ чухал алхмуудыг зохицуу­лахаас цааргалсан гэж мэдэгдсэн. 

Сүүлийн үед өрнөөд буй маргаан хамтарсан батлан хамгаалах төслүүдтэй холбоотой. Францын Засгийн газраас байлдааны агаарын систем (FCAS) сөнөөгч онгоц, газар дээрх байлдааны үндсэн систем (MGCS), танк зэрэг хамтарсан төслүүдийг ахиц дэвшил гараагүйг онцолсон. Берлин цэрэг армидаа нэмэлт 100 тэрбум евро зарцуулахаар шийдвэрлэсэн.  Шинжээчдийн  үзэж байгаагаар Парис, Берлин шийдэж чадаагүй чухал салбар бол эрчим хүч. Ерөнхийлөгч Макрон Францаар дамжин өнгөрөх “MidCat” хоолойг хаах шийдвэр гаргасанд Берлиний эрх баригчид бухимдсан юм.

Х.Эрдэнэзаяа

Монголын үнэн сонин №042/24523/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 6 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 9 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 9 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 9 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 10 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 11 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 11 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 11 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 11 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 11 цагийн өмнө
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 11 цагийн өмнө
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 11 цагийн өмнө
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 11 цагийн өмнө
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 11 цагийн өмнө
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 11 цагийн өмнө
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 11 цагийн өмнө
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 12 цагийн өмнө
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 12 цагийн өмнө
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 12 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 12 цагийн өмнө