​ Өгөөжийг нь бүгд хүртэх “Шинэ хоршоо хөдөлгөөн"



Шинэ чулуун зэвсгийн үе буюу одоогоос найман мянган жилийн өмнө Төв Азид амьтдыг эрчимтэй гаршуулж эхэлжээ.  Дорнодын Тамсагбулагт малтсан бууцнуудаас гол төлөв хонь, адууны яс гарсан бөгөөд МЭӨ 4-3 мянган жилийн үеэс мал аж ахуй эрхэлж,  малчин аймгууд бүрэлдсэн гэж судлаачид үзжээ. Монголын малчин аймгууд хоорондоо ялгарах эрс тэс шинж бүхий уур амьсгалтай дөрвөн улирлын турш нутаг бэлчээр сэлгэн нүүдэллэж ирсэн онцлогтой. Өвөлдөө 30-40 хэм хүртэл хүйтрэх, зундаа 30-40 хэм хүртэл халуун болоход ч, бороо хур ховордож ган болох, цас их орж өвс тэжээл хомсдон зуд нүүрлэх тохиолдолд ч бэлчээрээр мал сүргээ хариулсаар ирсэн билээ. Энэ бол бидний үүх түүх өв соёлын хамгийн том бахархал юм. Төв Азийн хойморт  туурга тусгаар бүрэн эрхт улсаа байгуулсан монголчууд бид гурван сая гаруй хүн амтай.  Гэвч нийт хүн амын 50 гаруй хувь нь Улаанбаатар хотод амьдарч, үлдсэн нь 330 суманд хуваагдан амьдарч байна.

Малын тоо нэмэгдэж, малчны тоо буурч байна

Өнгөрсөн оны жилийн эцсийн тооллогоор улсын хэмжээнд 64.7 сая толгой мал тоологджээ. Харин Монгол Улсын дөрвөн хүн тутмын нэг нь малчин, мал бүхий иргэд байдаг. Тодруулбал, 298.3 мянган малчин мал аж ахуйн салбарт ажиллаж байна. Гэхдээ өнгөрсөн оны тооллогын дүнгээс харахад малчин өрхийн тоо ганцхан жилийн дотор  6.7 мянгаар буурчээ. Эдгээр малчид мал аж ахуйн салбарт ажиллах боломжгүй болж хот суурин газар бараадсан хэрэг.


Зуданд зутарч,  ганд гачигдсан монгол малчин

Туулай жилийн төгсгөл, луу жилийн эхэнд өвөлжилт, хаваржилт хүндэрч Монгол орон даяар зуд нүүрлэж шаггүй хүнд хаврыг туулж байна.  Өнөөдрийн байдлаар ганцхан өвлийн зуданд 4,816 өрх нийт малынхаа 70-аас дээш хувийг алдаж, 509 өрх 100 хувь малгүй болсон байна.  Статистик тоо баримтаас харахад сүүлийн 70 жилийн хугацаанд 13 удаагийн зуд болж нийтдээ 45 сая гаруй толгой мал хорогдсон гэдэг үзүүлэлт гарчээ. Зундаа гантай, өвөлдөө зудтай, байгаль цаг уурын хүнд нөхцөлийг малчид дангаараа туулж барах нь жилээс жилд хүнд болж байгааг дээрх тоо баримтууд гэрчилнэ. 


Монгол Улс мал аж ахуйн орон мөн үү?

Ийм асуултыг эдийн засагчдаас асууж үзлээ. Гурван сая гаруйхан хүнтэй хэрнээ 70-аад сая малтай. Мал маллах эртний түүхтэй, ажиллах хүчний дөрвөн хүн тутмын нэг нь мал аж ахуйн салбарт ажилладаг ийм улсыг “Мал аж ахуйн орон гэлгүй яахав” хэмээн зарим нь ам бардам хариулж байна. Харин зарим хүн эргэлзэж байна. Учир нь мал аж ахуйн салбар нийт нутгийн 72 хувийг эзэмшдэг. Нийт ажиллах хүчний 24 хувь нь малчин хэрнээ ДНБ-ний 10-хан хувийг үйлдвэрлэдэг.  Одоогоос 14 жилийн өмнө нэг мал ДНБ-ий 22 ам.долларыг бүрдүүлдэг байжээ. Тэгвэл 2024 онд малын тоо толгой 97 хувиар өссөн ч нөгөө ДНБ-д эзлэх жин дөнгөж 31 ам.доллар болж нэмэгдсэн. Тиймээс  “ Монгол Улс мал аж ахуйн орон” гэж хэлэх боломжгүй гэж тэд хариулж байна. 


Малтай хэрнээ махгүй, үхэртэй атлаа сүүгүй монголчууд 

Монголчууд бид 70-аад сая толгой малтай хэрнээ махны үнэ нь жилээс жилд өсдөг, сүүгээ бид гаднаас худалдан авч уудаг. Төв суурин газрынхан, ялангуяа улаанбаатарчууд хавар бүр махны хэрүүл хийж, махны үнийн өсөлтөд малчдыг буруутгадаг. Тэгвэл эндээс малчид мал махаа асар өндөр үнээр зараад их хэмжээний ашиг олоод байна уу гэсэн асуулт гарч ирнэ. Харамсалтай нь малчдын амьдрал тийм ч хүрэлцээтэй биш байна. Нэг малчин сард 1.5 сая төгрөгийн орлого олж хоёр сая төгрөгийн зардал гаргадаг гэсэн тооцоог ч Засгийн газраас гаргажээ. Малчдын дунд хийсэн судалгаанаас үзэхэд тэдний 71 хувь нь ченжүүдэд бүтээгдэхүүнээ борлуулж, малчны хотонд долоон мянгаар зарагдсан мах Улаанбаатарт 20 мянгаар лангуун дээр тавигдаж байна.  Үүнээс харахад малын ашиг шим малчиндаа  бага, хотынхонд хорлонтой, харин ченжүүдэд л ашигтай байдаг аж. 

Бэрхшээлийг давах гарц

Малчдын зовлон бол дан ганц малчдын асуудал биш. Монгол төрийн асуудал болж хувирлаа. Малчдын амьжиргаа сул, бэлчээрийн даац хэтэрсэн, ган зуданд өртөмтгий мал сүрэгтэй хөдөө аж ахуйн салбараа энэ чигээр нь орхивол  хөдөөгөөс хот руу чиглэсэн нүүдэл нэмэгдэж, төвлөрөл улам өсөж, монголчуудын гол хүнсний хэрэглээ болсон мах, махан бүтээгдэхүүн, сүү тарагны  үнэ галзуурах нь  тодорхой. Том зургаар харвал Монгол Улсын түүх, өв уламжлал алдагдаж, хүнсний аюулгүй байдал хөндөгдөнө. Ийм учраас л Монгол Улсын сайд,  ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж байгаа уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай" хуулийн төслийг батлуулж таван их наяд төгрөгийн санхүүжилт бүхий “Шинэ хоршоо хөдөлгөөн"-ийг санаачлаад байна. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлснээр
‣    Нүүдэлчин өв соёлыг хадгалах,
‣    Мал аж ахуйг үе шаттай хөгжүүлэх,
‣    Мал аж ахуй  болон хөдөөгийн эдийн засаг дахь үр нөлөөг нэмэгдүүлэх,
‣     Малын гаралтай бүтээгдэхүүний үр ашиг, нэмүү үнэ цэнийг нэмэгдүүлэх замаар малчдын орлого, нийгмийн баталгааг хангах, амьдрах орчин ба гэр бүл төлөвлөлтийг сайжруулах,
‣     Мах сүүний чанарыг сайжруулж, өртгийг бууруулах боломж бүрдэх юм.


Хоршиж нэгдэх цаг

Монгол Улс хоршооллын тухай хуультай, хоршоод байгуулагдаж эхнээсээ үр дүнгээ үзээд эхэлчихсэн улс. Харин өнөөдөр хоршиж нэгдэх ажлаа эрчимжүүлэх нь чухал юм. Учир нь Засгийн газраас хоршооллыг дэмжих, санхүүгийн эх үүсвэрийг нь шийдэх тун таатай санал тавьж байна.


Нэг малчин 50 сая хүртэл төгрөгийн зээл авах боломжтой
Өнөөдөр малчин өрх 5-10 сая төгрөгийн зээл л авдаг. Энэ зээл хүүхдийн сургалтын төлбөр, эсвэл эм тариа, хадлан тэжээл, Цагаан сард зарцуулагддаг. Нэг малчин зээл аваад нэг машин л авч чадна. Гэхдээ бүх мал нь барьцаанд...Хэрвээ ган зуд  болбол малчин өрх дааж дашгүй төлбөрт орж үлдэнэ. Тэгвэл “Шинэ хоршоо хөдөлгөөн"-д нэгдсэнээр нэг малчин 50 хүртэл сая төгрөгийн зээл авах боломж бүрдэнэ.


Зээлийн хүүний 12-13 хувийг Засгийн газар төлнө
Өнөөдөр арилжааны банк­уудын зээлийн хүү 19 орчим хувьтай байгаа. Хүүгээс хүү бодогдож, малчид зээлийн эргэн төлөлт, хүүндээ дарлуулж нэмж өр зээл тавьж явсаар ноолуурын үе, эсвэл мал мах бэлтгэлийн үеэр өр ширнээсээ дутуу хагас салдаг. Тэгвэл “Шинэ хоршоо хөдөлгөөн"-ий хүрээнд зээл авбал  малчны авсан зээлийн 13 орчим хувийг Засгийн газар хариуцна. 


Зээлийг Зээлийн батлан даалтын сан хариуцна
“Шинэ хоршоо хөдөлгөөн"-ий хүрээнд авсан 20-оос дээш сая төгрөгийн зээлийг Засгийн газрын дэргэдэх Зээлийн батлан даалтын сан хариуцна.

Би чадах уу...

Энэ мэдээллийг уншсан олон малчин  “Би чадах уу, бид чадах уу” гэж эргэлзэж байж магадгүй л юм. Зарим хүн “Дааж давшгүй өрөнд орно” гэж болгоомжилж байж ч магадгүй. Гэхдээ хоршоонд нэгдэх, 50 хүртэл сая төгрөгийн зээл авах эсэх нь зөвхөн малчин таны л шийдэх асуудал. Хэн ч таныг албадан хоршоонд оруулж, зээл ав гэж шахахгүй гэдгийг сануулах нь илүүц биз. Харин нэгдэж нийлж хоршоо байгуулахаар зорьж байгаа хүмүүст дуулгах сайхан мэдээ байна.Төрөөс бие даасан мал аж ахуйг хөгжүүлэхийн тулд зөвхөн зээл олгоод зогсохгүй МЕНЕЖМЕНТ ИННОВАЦ ТЕХНОЛОГИ дээр туслах бүтцийг бий болгох юм байна. 
Эдгээр  институц нь :
Бодлого, эрх зүйн орчинд малчдын дуу хоолойг хүргэх, зөвлөгөө, өмгөөллөөр хангах, 
Хоршооны үйл ажиллагааг дэмжих, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний чанар, эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулж, гарал үүслийг тодорхой болгон нэмүү өртөг бүхий бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг бий болгох сургалт зохион байгуулах, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх,
‣ Судалгаа, шинжилгээний байгууллагууд, үйлдвэрлэгч талын мэргэжлийн институт, ААН, санхүүгийн байгууллага болон гадаад зах зээлтэй хамтран ажиллахад туслах.
Малын чанараа сайжруулах болон өндөр ашиг шимтэй малыг бойжуулах арга зам, зах зээлийн мэдээлэл, бизнес төлөвлөгөөг бүс нутгийн онцлогт нийцүүлэн тодорхойлох,
Малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний бэлтгэл, чанарын стандарт, түүний заавар, журмыг боловсруулах,
Малчдыг мэдээллээр хангах,
Малын хашаа, дулаан байрны зураг төсөл гаргаж материалын нэр төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэх, энэ чиглэлээр шинэ технологи нэвтрүүлэх, шинжлэх ухаан, технологийн төсөл хэрэгжүүлэх,
Мал аж ахуйн хүнд хүчир хөдөлмөрийг хөнгөвчилж хөдөлмөр зохион байгуулалтыг сайжруулах, дэвшилтэт технологи нэвтрүүлэх, 
Бусад технологийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх,
Боловсон хүчин бэлтгэхэд дэмжлэг үзүүлнэ. 

Хонь бүрэн, чоно цатгалан үлдэх боломж...
 “Шинэ хоршоо хөдөлгөөн"-ий хүрээнд олгох зээл бол хэн нэгэнд зүгээр тарааж байгаа мөнгө биш, ямар нэг тусламж биш. Харин Монголын төр хөдөөний хөгжлөө, малчин өрхүүдээ дэмжих, мал аж ахуйн салбараас орж ирэх үр өгөөжийг дээшлүүлэх том төсөл, хөтөлбөр юм. Малчид хоршоолол байгуулж, эсвэл хоршоололд нэгдэн 50 сая хүртэл төгрөгийн зээл аваад энэ мөнгөөрөө нэгдэж худаг ус гаргаж, ногоон тэжээл бэлтгэж, мах сүүгээ үндэсний үйлдвэрлэгчдэдээ нийлүүлнэ. Мал нядалгааны төв байгуулж, эрүүл ахуйн шаардлага хангасан мах, махан бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлд нийлүүлж ашиг орлогоо арвижуулах боломж бүрдэнэ.
Мал аж ахуй, хөдөө аж ахуйн  үйлдвэрлэлээс олох орлого өсөж, холбогдох зардал буурна.
Хөнгөлөлттэй зээл авснаар хүүний зардал буурна.
Мөнгөн урсгал төрөлжиж нэмэгдэнэ, тогтворжино, тогтмолжино.
Малчдын амьжиргаа дээшилнэ. 
Малчдын мэдлэг, технологийн дэвшил нэмэгдэнэ.
Эрсдэл даах чадвар нэмэгдэнэ.
Эцсийн дүнд малчид орлоготой, үндэсний үйлдвэрүүд түүхий эдтэй, хотынхон хямд мах, сүүтэй болох гарц нээгдэнэ. Өөрөөр хэлбэл, “Шинэ хоршоо хөдөлгөөн"-ий өгөөжийг бүгд хүртэнэ гэсэн үг.

Эх сурвалж: Монголын үнэн сонин №016/24595/


0
angry
2
care
0
haha
4
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 7 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 10 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 11 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 11 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 11 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 12 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 12 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 12 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 12 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 12 цагийн өмнө
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 12 цагийн өмнө
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 12 цагийн өмнө
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 12 цагийн өмнө
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 12 цагийн өмнө
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 12 цагийн өмнө
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 13 цагийн өмнө
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 13 цагийн өмнө
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 13 цагийн өмнө
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 13 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 13 цагийн өмнө